ТАНИН МЭДЭХҮЙН ЭХ СУРВАЛЖ


Зэв жинх. Зургаадай (Jebe; Chepe) Их Монгол Улсын алдарт жанжин. 1202 оны өвөл Онон мөрний газар Чингис хаан тайчууд-тай байлдахад Зургаадай Чингис хааны хүзүүг харваж хүнд шархдуулсан байна. Тулалдаанд тайчууд ялагдаж, олзлогдсон Зургаадай үнэнээ хүлээсэн тул Чингис хаан Зэв хэмээн нэрийг нь солин жанжнаа болгожээ. Зэв жанжин олон удаагийн дайнд тэргүүлэн оролцож, Чингис хааны “дөрвөн нохос”-ын нэг хэмээн өргөмжлөгдсөн. 1206 онд Монголын нэгдсэн улс байгуулагдахад Зэв мянганы ноён болжээ. Зэв жанжин 1211 онд Алтан улс-ыг дайлахад Цавчаал боомтыг эзлэн авч байв. 1218 онд Зэвийн удирдсан цэрэг Монголын баруун талд орших Хар Хятан улсыг эзлэн Найман-ы Хүчүлүгийг устгажээ. 1219 онд Чингис хаан Хорезм улсыг байлдахад Зэв, Сүбээдэй-н цэрэг тэргүүлэн явжээ. Тэд шаг Мухаммед-ийг нэхэн байлдаж хойд зүг явахдаа Каспийн тэнгис хүрч Азербайжаныг дагаар оруулав. Мөн Зэв, Сүбээдэйн цэрэг 1222 онд Гүржийн Лашей (IV Георгий) вангийн цэргийг бутцохив. Дараа нь Кавказын нурууг давж Каспийн тэнгисийн хойд бие дэх хибчагийн талд нутаглах Команы ван Котяны цэргийг цохив. 1223 оны тавдугаар сард Калка голын хөвөөнд 80 мянган хүнтэй Орос-Команы вангуудын цэргийг хиар цохижээ. Хорезмыг эзэлсэн Монголын их цэрэг буцах замд Зэв өвчний улмаас нас баржээ.

пуужин (missile) Пуужин (rocket)-ийн хүчээр хөдөлдөг, тэсрэх цэнэгт хошууг өндөр хурд, нарийвчилсан тусгалтай зөөвөрлөх зориулалттай зэвсэг. Тактикийн зориулалт бүхий хэдхэн зуун метрын тусгалтай, стратегийн зориулалттай хэдэн мянган км-ын тусгалтай гэх мэт олон янзын пуужин байдаг. Дэлхийн II дайн дуустал пуужин бүтээхэд төдийлөн анхаарал хандуулж байгаагүй юм.  Ихэнх пуужинд чиглүүлэх, залуурдах төхөөрөмж суурилуулсан байдаг тул ийм төрлийн пуужинг залуурт пуужин гэж нэрлэдэг. Цэргийн залуургүй пуужин болон агаар мандлын дээд давхаргыг нэвтлэх, хиймэл дагуулын сансарт зөөвөрлөж хүргэх зориулалттай пуужинг англи хэлэнд rocket (пуужин) гэж нэрлэдэг. Сэнсний хүчээр усан доогуур хөдөлдөг пуужин буюу тийрэлтэт сумыг торпед, нам доогуур нисэх зориулалттай тийрэлтэт хөдөлгүүртэй пуужинг далавчит пуужин гэж нэрлэдэг. Тив алгасагч баллистик пуужин бий болсноор Хүйтэн дайн-ы үеийн стратегийн үндсэн хэсэг болсон юм. Үз: баллистик пуужингаас хамгаалах систем, Минутмэн пуужин, Фау-1 пуужин.

ДНХ буюу деоксирибонуклейн хүчил (DNA; deoxyribonucleic acid) Хоёр төрөл нуклейн хүчил-ийн нэг (нөгөө нь РНХ); амьд бүх эс-үүд мөн олонх вирус-т байдаг комплекс органик нэгдэл, ген-ийн химийн бодис. Түүний бүтэц байгууламжийг анх (1953) Фрэнсис Крик, Жэймс Д.Ватсон нарын тайлбарласнаар ДНХ нь бие биеэ ороож мушгиралдсан хос гинжэн шат бүхий хэлбэртэй мушгиа ороомог ажээ. Гинж тус бүр аденин (А), гуанин (Г), цитосин (Ц), тимин (Т) гэсэн дөрвөн нуклеотид-ийн давталтаар (полимер) үүснэ. Хоёр гинжийн мэдээлэл нь бие биеэ нөхдөг: А нь зөвхөн Т-тэй, харин С нь зөвхөн Г-тэй тус тус устөрөгчийн холбоос (үз: устөрөгчийн холбоос) үүсгэдэг. Эсийн доторх ДНХ хувилагдахад гинжүүд салж, тус бүрдээ эсрэг гинжин хосоо шинээр үүсгэн нөхнө. Энэ чадвар нь тогтвортой удамших шинжийн түлхүүр болдог. Эсийн доторх ДНХ нь хромосом гэгдэх уураг–ДНХ-ийн нягт комплекс (үз: нуклеопротейн) хэлбэртэй байна. ДНХ нь эукариот-ын бөөм дотор, эсвэл митохондр, ногоон нөсөөвч (хэрэв байгаа бол) дотор тааралддаг. Прокариот цитоплазм-даа ганц цагирган хромосомтой юм. Зарим прокариотууд мөн цөөн эукариотууд плазмид доторх хромосомынхаа гадна талд ДНХ-тэй байдаг. Үз: Родалинд Франклин, генийн инженерчлэл, мутаци, Морис Вилкинс.

далайн морь (walrus) (Odobenus rosmarus) Сэлүүртэн дэд багийн мооржийнхон (Odobenidae) овгийн одоо амьдарч байгаа ганц зүйл. Төрлийн холбоотой далайн хав-аас том биетэй эр далайн морийн биеийн урт 3,7 м, жин 1.270 кг хүртэл өсдөг. Эр эмийн аль аль нь доошоо чиглэсэн урт соёотой. Соёо нь уртаараа 1 м, жингээрээ 5,4 кг хүрнэ. Гадна чихний дэлбэ байхгүй. Арьс нь сааралдуу өнгөтэй, дал мөрнийхөө хавьд гүнзгий хуниралдсан байдаг. Еврази, Хойд Америкийн эрэг хавьд арктикийн далай тэнгисийн харьцангуй гүехэн хэсэгт мөсөн талбай дээр нутагладаг. 100 хүртэл толгойгоор сүрэглэнэ. Идэш тэжээлээ хайн, ялангуяа дун хясаа хайж асар гүн шумбадаг. Газраар болон мөсөн дээгүүр бүх дөрвөн мөчөөрөө явдаг. Ерөнхийдөө мөсний хил даган өвөл өмнө зүгт, зун хойшоо нутагладаг. Эрт үеэс нутгийн хүмүүсийн хоол хүнс, хувцасны чухал эх үүсвэр болж ирсэн. Олон зууны турш олзворлон агнаснаас тоо толгой ихэд цөөржээ. Арилжааны зориулалтаар агнахыг одоо ерөнхийдөө хориглосон.

Зүчи (Jцchi; Juchi) (1179/80 оны үед төрж, 1226 оны үед нас барсан) Чингис хаан-ы ууган хөвүүн. Бөртэ хатан Мэргид-д булаагдан ирсний дараа төрсөн тул зарим судлаач Зүчийг Тэмүжиний хүү биш гэж үздэг. Багаасаа хаан эцгээ дагалдан Монголын нэгдсэн төрийг байгуулах хэрэгт зүтгэсэн. Их Монгол Улс байгуулсны дараа Чингис хаан хүү Зүчидээ есөн мянган өрх шагнажээ. 1207 онд хааны зарлигаар Енисей мөрний дээд урсгал хавийн ойн иргэдийг буулган авчээ. 1211 онд Чингис хааныг дагаж Алтан улсыг, 1219 оноос Хорезмыг дайлсан их дайнд мордож баруун гарын цэргийг дүү Цагадай, Өгэдэй нарын хамтаар захирч Хорезмын нийслэл Ургенчийг булаан эзэлж, төв Азийг эрхшээлдээ оруулжээ. 1225 онд Чингис хаан түүнд хувь болгож Эрчис мөрнөөс Уралын нуруу хүртэл, түүнээс баруун тийш орших уудам нутгийг өгсөн бөгөөд Зүчи Каспи болон Арал тэнгисийн хоорондох нутагт өргөөлөн суужээ. Рашид ад Дин-ий бичсэнээр амьдралынхаа сүүлийн жилүүдэд эцэгтэйгээ таарамж муутай байжээ. Энэ нь Дешт хибчагийг эзлэхийг тушаасан хаан эцгийнхээ зарлигийг биелүүлэхээс татгалзсан, Цагадайтай зөрчилддөг зэргээс үүдсэн бололтой. 1225 онд өвчтэй байсан Чингис хаан түүнийг их хуралдайд дуудсан боловч ирсэнгүй, өвчтэй гэж хэлүүлсэн боловч туршуулууд Зүчийг эрүүл, ан авлаж явсан гэж дуулгаснаар Чингис хаан цэрэг илгээхэд хүрчээ. Гэвч Зүчи нэгэнт өөд болсон байв. Зүчийн төрсөн ба нас барсан оныг их зөрүүтэй тэмдэглэсэн байдаг. 1225 оны эцсээр эсвэл 1226 оны эхээр нас барсан гэдэг ч зарим сурвалжид 1227 онд нас барсан гэж дурддаг. Ямартай ч дөч орчим насандаа нас барсан бололтой. Түүнийг одоогийн Казахстаны Жезказганд бунхалжээ. Түүний эзэмшил газарт хөвүүн Бат нь улсаа байгуулсныг Оросын түүх бичлэгт Алтан Ордны Улс гэж нэрлэж, тэр нь түүх бичлэгт хэвшин үлджээ.

Вэрсалын гэрээ (Versailles, Treaty of) Дэлхийн I дайн-ыг дуусгавар болгон 1919 онд Вэрсалын ордон-д батлагдсан олон улсын гэрээ. Дэлхийн I дайны ялагч Холбоотон гүрнүүд болох АНУ, Их Британи, Франц улсууд ялагдсан орнуудыг оролцуулалгүйгээр энэхүү гэрээг байгуулсан. Холбоотнуудын зүгээс Германыг ихээхэн буруутай гэж үзсэн бөгөөд их хэмжээний дайны нөхөн төлбөрийг төлүүлэхээр болсон байна. Мөн Вэрсалын гэрээгээр Германы Европ дахь газар нутгийг 10 хувиар багасгаж, далайн чанад дахь газар нутгийг нь хураан, ахин зэвсэглэхийг хориглосон билээ. Хэдийгээр гэрээний зарим заалт 1920-иод он гэхэд хэрэгжиж дууссан ч хамгийн харамсалтай нь энэхүү гэрээ Италид фашизм, Германд Нацист Нам үүсэх эх үндсийг тавьсан явдал юм. Вэрсалын гэрээгээр Үндэстнүүдийн лиг, Олон улсын Хөдөлмөрийн Байгууллага, Олон улсын байнгын Шүүх (сүүлд Олон улсын Шүүх болсон) үүссэн. Үз: Арван дөрвөн зүйлт санал.

дэлхий (Earth) Нарны аймаг-ийн гурав дахь гариг. 4,6 тэрбум орчим жилийн настай гэж үздэг. Нар-наас 149.600.000 км орчим зайтай. Нарыг секундэд 29,8 км хурдтай тойрч эргэдэг ба 365,25 хоногт нэг бүтэн тойрдог. Ийнхүү нарыг тойрохдоо 23 цаг 56 минут 4 секунд тутамд нэг удаа тэнхлэгээрээ бүтэн эргэдэг. Нарны аймгийн тав дахь том гариг, экваторын тойргоороо 40.076 км урт. Гадаргуугийн нийт талбай барагцаалбал 509.600.000 ам км, үүнээс 29% орчим нь хуурай газар. Дэлхийн агаар мандал хийн холимгоос (үндсэндээ азот, хүчилтөрөгч) бүрдэнэ. Цорын ганц дагуул нь болох сар дэлхийг 384.400 км зайтай тойрдог. Дэлхийн гадаргууг уламжлал ёсоор Австрали, Ази, Антарктид, Африк, Европ, Өмнөд Америк, Хойд Америк гэсэн долоон тивд хуваадаг. Эдгээр тивийг Атлантын далай, Номхон далай, Хойд мөсөн далай, Энэтхэгийн далай гэсэн дөрвөн том ус хүрээлдэг. Өргөн утгаараа дэлхийн дотоод хэсэг дараах хоёр бүсээс тогтоно: үндсэндээ хайлмаг, төмрөөр баялаг металл хайлшаас бүрдсэн цөм; манти, царцдас-ыг хоёуланг нь бүрдүүлэгч силикат эрдсийн чулуулаг бүрхүүл (үз: Мохын үе; чулуун мандал). Цахилгаан дамжуулах чадвартай гадаад цөм дэх шингэний хөдөлгөөн дэлхийг тойрсон соронзон орон үүсэж, Ван-Аллэны цацрагийн бүс-ийг үүсгэдэг. Плит тектоник-ийн онолын дагуу царцдас, дээд манти нь доод мантигаас хамааралгүй дээр нь хөвж байдаг олон жижиг хавтангуудад хуваагддаг. Тив хөвөх үзэгдэл, далайн ёроолын тэлэлт-ээс гадна дэлхий дээрх галт уулын болон газар хөдлөлтийн ихэнх үйл ажиллагаа хавтангийн хөдөлгөөнтэй холбоотой.


НЭПКО хэвлэлийн газар

BRITANNICA ШИРЭЭНИЙ НЭВТЭРХИЙ ТОЛЬ хаягаар хүргэлт үнэгүй.
Утас: 99023933, 91163095, 88001044