Тэр “власть”-ийг авсан шиг аваасай
Намын дарга боллоо гэж З.Энхболдод баяр хүргэх юм. Би бол Н.Алтанхуягт баяр хүргэнэ. Намаа олон сонгуульд ялуулж, АН-ын түүхэнд хамгийн олон жил намын дарга, Ерөнхий сайд байж чадсанд нь, бас албан тушаалын хүлээснээс гарсанд нь. Хүн болгон л шинэ Ерөнхий сайдад баяр хүргэх юм.
Намын дарга боллоо гэж З.Энхболдод баяр хүргэх юм. Би бол Н.Алтанхуягт баяр хүргэнэ. Намаа олон сонгуульд ялуулж, АН-ын түүхэнд хамгийн олон жил намын дарга, Ерөнхий сайд байж чадсанд нь, бас албан тушаалын хүлээснээс гарсанд нь. Хүн болгон л шинэ Ерөнхий сайдад баяр хүргэх юм. Харин би түүнийг Ерөнхий сайд болгох “Сайханбилэг” ажиллагааг амжилттай удирдсан С.Баярцогтод илүү баяр хүргэнэ. Хэрвээ офшор дансны “хэрэг”-т холбогдоогүй бол хэзээнээсээ хүний өөрийн намын дунд зөвшилцлийн зууч хийж ирсэн энэ эрхэм өөрөө Ерөнхий сайдад өрсөлдөх байлаа. Тэрэндээ тулсан бол Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёроос илүү хувилбар байж ч магадгүй байв. Гэхдээ хувь хүний зохиол, улстөрчийн тохиолоор энэ удаа түүний шадар найз нь хөлгийн ахмад болж залуур дээр суулаа.
Зарчим, улстөрийн соёл талаас нь харвал Р.Амаржаргал хоёр жилийн турш сөрсөн Засгийн газрынхаа бодлогыг үргэлжлүүлнэ гэж зүтгэсэн шиг танхимын зарчимтай засгаас огцорч багаараа хаалгаар хөөгдөж гарчихаад нэг нь буцаж тооноор орж ирээд Ерөнхий сайд боллоо гэдгээс өөрөөр өөлөх, муулах юм Ч.Сайханбилэгт ховорхон. Цахим хэвлэлийг цензурдэх гэсэн, сөрөг хүчин байхдаа бүлгийн ахлагч байсан зангаараа хэтэрхий улстөрийн өнцгөөс ханддаг гэх шүүмжлэл гарч л байна. Их улстөрд явсан 20 гаруй жилтэй нь харьцуулахад энэ зэргийн сэвтэй байна гэдэг манайдаа харин ч танагтай хэрэг.
Тэр мэдээж АН-ын төгс сонголт байгаагүй. Харин ҮЗХ-ны олонхийн санал авснаас хойш АН-ын аргагүй сонголт болсон юм. Хэрвээ АН-ынхан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зүтгүүлсэн замын дундаасаа буцсан, эсвэл УИХ дээр унагасан бол улстөрийн хямрал илүү хүндрэх байлаа. Энэ тохиолдолд хамгийн олон суудалтай нь бусадтайгаа зөвшилцөөд Ерөнхий сайдаа томилж чадаагүй учраас Үндсэн хуулийн дагуу УИХ-д суудалтай бүх нам дундаасаа Ерөнхий сайд томилох дараагийн хувилбарт шилжих байв. Өөрөөр хэлбэл, АН-ынхан Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхээ алдах, зөвшилцлөөр УИХ-д суудалтай өөр намаас Ерөнхий сайд тодорч ч болзошгүй байлаа. Тийм учраас л АН-ынхан олон суудалтай хэрнээ олонхи шиг бярддаг алдаагаа энэ удаа ч давтаж, Н.Алтанхуяг шиг сөрөг хүчний оролцоо, дэмжлэггүйгээр бас нэгэн Ерөнхий сайд төрүүллээ.
УИХ-ын дарга алхаа цохисноос хойш буюу одоо улстөрч Ч.Сайханбилэгийн яаж томилогдсон нь бус, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэрхэн ажиллах нь хамгаас чухал боллоо. Түүнээс Монголын улстөрийн нэгдүгээр эгнээнд орж ирсэн залуу хүн, шинэ өнгө төрхийнхөө хувьд эрч хүчтэй, илүү мэдрэмжтэй ажиллахыг олон нийт хүсч байна. Тэр тусмаа шинэ жишиг тогтоож власть буюу эрх мэдлийг авсан шиг авсан Ерөнхий сайд байхыг хүсье. Тэгж байж хүлээх хариуцлагатайгаа дүйх эрх мэдэлтэй болно, тэгж байж ажил хийнэ. Эрх мэдэл бол бусдад нөлөөлөх боломж. Удирдлага хэнд байна, түүнд эрх мэдэл ирдэг. Тэгвэл Ерөнхий сайдын албыг дагаж Ч.Сайханбилэгт эрх мэдэл бүрэн ирэх үү гэдэг асуулт заавал гарна. Яагаад гэвэл тэрээр өмнөх Ерөнхий сайд нартай харьцуулахад намын даргын албан тушаалгүй. Иймд Засгийн газрын тэргүүний эрх мэдэл урьд өмнөх Ерөнхий сайд нарын үеийнхээс илүүтэй хуваагдах магадлал Ч.Сайханбилэгийн танхимд бодитой байна. Улстөрд ой санамж гэж чухал фактор бий. Загасны ой санамжтай бол удаан засаглаж чадахгүй. Өмнө нь, 2000-2004 онд намын дарга-Ерөнхий сайд нь УИХ-ын даргаа захиалж сонгуулаад парламентаар хүссэн шийдвэрээ гаргуулж байсан удаа бий. Одоо энэ түүх арай өөрөөр эргэж Ерөнхий сайдыг томилуулсан намынх нь даргын эрх мэдэл Ерөнхий сайдыг томилдог УИХ-ын даргын гарт ирлээ. Ингэснээр засаглах эрх мэдэл Ерөнхий сайдаас З.Энхболдод буюу УИХ-ын даргад урьд өмнөхөөс илүүтэй шилжив. Гэтэл Засгийн газрын тэргүүн бол намын даргын албан тушаалтай ч хажуудаа хүчтэй генсектэй, намдаа хүчтэй олон бүлэглэлтэй байхад л Ерөнхий сайдын эрх мэдэл хуваагддаг юм. Жишээ нь, Сү.Батболдыг муу Ерөнхий сайд байсан гэж олон хүн хэлдэггүй. Харин генсек У.Хүрэлсүхийн болон хотын бүлэг нь түүний эрх мэдлээс үргэлж хуваалцаж, Ерөнхий сайдын “власть”-ийг нь сульдааж байсныг олон хүн хэлдэг. Үе үеийн Ерөнхий сайд Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нарт ч эрх мэдлээ хуваалцахын ийм зовлон байсан. Тэд ядаж л намын дарга байхад шүү дээ. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарт нам талдаа нөлөөлөх модон тамга ч алга. Өнөөдөр эрх барьж буй АН-ын эрх мэдэл УИХ-ын даргад, Засгийн газрын улстөрийн чигтэй гүйцэтгэх эрх мэдэл Ерөнхий сайдад болон УИХ-ын даргад, яамдын төвшний эрх мэдэл фракцуудад нь хуваагдав. Энэ бол оновчтой хувилбар яагаад ч биш. Бизнест компанийг задалж засагладаг бол улстөрд эрх мэдлийг төвлөрүүлж удирддаг байна. Тийм ч учраас ардчиллын замаар 200 гаруй жил явж, парламентын засаглалыг бараг эцэст нь тултал хөгжүүлсэн улс орнууд “намын дарга нь Ерөнхий сайд байна” гэдгийг санаанаасаа зохиогоогүй хэрэг. Гэтэл монголчууд бид шинээр дугуй зохиохгүй гэчихээд үргэлж “шинэ дугуй” зохиох юм.
Ер нь телевизийн удирдлага хэнд буйгаар тухайн айлын эрх мэдэл хэний гарт төвлөрч буйг төвөггүй мэдэж болдог ажээ. Судлаачид энэ тухай “хэрвээ гэр бүлээрээ нэг телевизийн ард эвтэй суугаад үзэж чадахгүй бол хүн бүр нэг нэг телевизор аваад өрөө өрөөндөө үзэх болно. Ийм эдийн засгийн боломж айл бүрт байхгүй. Байлаа гэхэд өрхийн эдийн засаг нь сульдахын зэрэгцээ гэр бүлд эрх мэдлийн хуваагдал бий болж нэг нэгээсээ үл хамаарсан хүйтэн хөндий харилцаа бий болно” гэж дүгнэжээ. Улс орны амьдрал айл өрхийнхтэй адилхан. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын гол удирдлага Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гарт л байх учиртай. Яагаад гэвэл парламентын засаглал гэдэг яг нарийндаа Ерөнхий сайдын л засаглал. Удирдлага Ерөнхийлөгчийн засаглалтай улсад төрийн тэргүүнд байдаг бол, парламентын засаглалтай улсад Ерөнхий сайдын гарт л байдаг. Гэтэл манайх бодлогоо батлуулж, санаснаа хийхийн тулд танхимаа өөрийн дураар бүрдүүлэх, парламентаа тараах эрхгүй сул Ерөнхий сайдтай учраас удирдлага хэн дуртайн гарт хэд хэд хуваагдах, шилжих юм. Ерөнхийлөгч, сөрөг хүчин, парламентад ганцхан суудалтай нам, заримдаа бүр ганц бие даагч хүртэл “телевизийн удирдлага” атгачихсан сууж харагдах юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ бүгдийг л цэгцэлж “власть”-ийг авсан шиг аваасай. Эс чадвал дараагийн Ерөнхий сайдтай удирдлага булаацалдахгүй байх тийм эрхзүйн орчныг бүрдүүлэхэд улстөрчийн карьераа золиослоод ч хамаагүй улстөрийн эр зориг гаргахыг хүсье. Ийм өөрчлөлт хийх, эхлүүлэх нь магадгүй улстөрийн шинэ үеийнхэнд үүрэг болон ирж байгаа түүхийн даалгавар байх.
Яг үнэндээ үүнээс өөр бодитой эерэг өөрчлөлт, өсөлт Ч.Сайханбилэгийн танимаас хүлээхэд хэцүү. Учир нь тэрээр эрх мэдлийн хуваагдал, эрх ашгийн зөрчил дундаас гадна эдийн засгийн их хүнд орчинд засгийн тамга атгасан онцлог Ерөнхий сайд юм.
Хямралыг давахын тулд Хятадын даргын амласан нэг тэрбум долларыг зээлийг яаралтай авах ёстой гэж Ерөнхий сайд болсны дараахь үгэндээ онцолж байна лээ. Үр хүүхдүүддээ өвлүүлэх өрөөр өнөөдрийн хүндрэлийг давж байгаа мэтээр аргацаах нь сайн хувилбар биш гэж зарим нь хэлдэг. Зээл өгч буй улс хөнгөлөлттэй зээлээ дагуулж ямар нэгэн бонус, шаардлага илгээдэг гэж нөгөө хэсэг нь болгоомжилдог. Харин бодит байдал дээр энэ зээлийг авахын тулд ДНБ-нд эзлэх өрийн таазыг нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Парламентын гуравны хоёрын саналаар ийм өөрчлөт хийхийн тулд МАН-тай ойлголцох, засагт урих шаардлагатай. МАН-ынхан дэмжээгүй Ерөнхий сайдынхаа бодлогыг ч дэмжихгүй байх магадлалтай. Ер нь тус намынхан дэмжээгүй Ерөнхий сайдынхаа засагт хамтарна гэвэл улстөрийн их л том наймаа хийж, дотроо их л зөрчилдөж байж эвсэх шийдвэр гаргах байх. Одоо МАН-ынханд хуваагаад байх эрх мэдэл байхгүй учраас л нэг удирдлагаар, нэг зурагтын ард бөөнөөрөө сууцгааж чадаад байгаа юм шүү дээ. Хэрвээ жаахан ч гэсэн эрх мэдэлтэй болгочихвол засагт хамтарч яваад 2016 оны сонгуулийн өмнө хоёр намын нэр хүндийг хамтад нь унагаах АН-ын “дараагийн Ерөнхий сайд”-ын улстөрийн уран тоглолт биелэх боломжтойг МАН-ынхан тооцож л байгаа байх. Үүнээс гадна Тавантолгой, Оюутолгойг шийдэхгүй бол Ч.Сайханбилэгийн Засгийн газар өмнөх танхимаасаа ялгарахгүй, илүү ажиллаж, илүү үнэлэгдэж чадахгүй. Гэтэл энэ хоёр ордыг Монголдоо ашигтайгаар шийдсэн ч, МАН хийгээд олон нийтийн эерэг дэмжлэггүй л бол Оюутолгой дээр энэ ордын гэрээг гардсан найзынхаа, Тавантолгой дээр гэхэд эдийн засгийн нэг бүлэглэл гэгддэг “MCS”-ийн захиалгыг биелүүлсэн мэт хардагдаж мэдэх хувь улстөрчийн зовлон түүнд бас бий нь үнэн юм. Ийм л хувь, хувьсалын олон хүндрэл, хүнд сорилт шинэ Ерөнхий сайдыг угтлаа. Чухамдаа энэ бүхнийг давахын тулд, зоригоо үл мохоож зорьсноо хийхийн тулд “власть”-ийг авсан шиг авахыг, авдаг болгохын төлөө ажиллахыг Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас хүсээд байгаа юм. Мөн тэрээр өөрийгөө хуульч, хуульч хүн Ерөнхий сайдаар томилогдож байгааг ихэд онцолсон. Үнэхээр ч 1990 оноос хойшхи анхны хуульч Ерөнхий сайд байх. Хуульч, эдийн засагч хоёрын аль нь Ерөнхий сайдад илүү сайн тохирохыг мэдэхгүй. Гэхдээ л одоогийн Ерөнхий сайдын “гал тогоо”-г нь барьж байсан өмнөх Засгийн газрын тэргүүн Үндсэн хуулийн зөрчлөөр Цэцэд их л олон удаа дуудагдсаныг мэдэх юм. Бас тэрээр “би багийн тоглогч” гэж өөрийгөө тодотгосон. Одоо бол Монгол Улс гэж том багийн гол тоглогч болсон.