Төгс баясгах туурь
Тун саяхан 375 жилийн ойг нь сүр бараатай тэмдэглэсэн нийслэлийн маань хамгийн анхны барилга 1778 онд боссон гэдэг. Яг бодож үзвэл 236 жилийн түүх. Харин эртний нийслэл Хархорум хотын суурийг 1220 оны орчим тавьсан гэж түүхчид ярьдаг. Энэ нь бардаагаар найман зууны өмнөх явдал.
Түүх бол өнгөрсний гэрч, үнэний гэрэл, амьд дурсгал,
амьдралын багш, диван галбын элч юм.
Марк Туллий Цицерон
амьдралын багш, диван галбын элч юм.
Марк Туллий Цицерон
Түүхийн цагаан зурвас
Үндэсний экспедиц
Өдгөөгийн зарим нэг сурвалж Анхдугаар Богд Занабазар Сарьдгийн хийдийг Монголын шашны төв болгохоор босгосон гэдэг ч газрын бартаа байцыг тооцож үзвэл их хөлийн газар байх ямар ч боломжгүй юм. Түүхэн сурвалжид 1654 онд уг хийдийн суурийг тавьсан гэх ба төвдөөр “Рибогэжайганданшадублин” буюу “Төгс баясгалант номын их хүрээ” хэмээн нэрийджээ. Хэнтийн нурууны өвөр, бидний олонхын мэдэхээр Хагийн хар нуураас 10-15 км зайтай, битүү ширэнгэ, мөнх цэвдэгтэй бүсэд тусгайлан дагтаршуулсан суурин дээр хийдийг босгосон байна. Хийдийг анх 1915-1916 онд П.А.Виттегээр удирдуулсан Оросын шинжилгээний ангийнхан шинжин үзжээ. Хожим, 1920-иод оны эхээр Монголын судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн Бат-Очир, Оросын эрдэмтэн В.И.Лисовский нарын хүмүүс ерөнхий төрхийг нь судласан гэдэг. Бүр сүүлд, 1995 онд Түүхийн хүрээлэнгийн археологич У.Эрдэнэбат Төв аймгийн орон нутгийн музейн ажилчидтай хамтран багахан хэмжээний малтлага хийжээ.
Харин Түүхийн хүрээлэнгийн эрдэмтэд 2011 онд XVII зууны, Чин улсад дагаар орохоос өмнөх үеийн Монголын хотуудыг судалъя гэдэг дээр санал нэгджээ. Өмнөтгөлд дурьдсан тууриудын ганц хоёроос бусад нь археологийн хувьд судлагдаагүй юм. Тэдгээр нь уран барилгын хувьд нэг үеийнх бөгөөд бүгд сурвалжийн болон аман түүхийн мэдээтэй, хөшөө дурсгалын бичээстэй. Өөрөөр хэлбэл угсаатны зүй, археологи, түүх сурвалж судлалын цогц судалгаа хийж болохуйц аж. Урьд гадныхантай хамтран ажиллаж ирсэн манай эрдэмтэд энэ удаа зөвхөн өөрийн эрдэмтдээс бүрдсэн экспедицийн хүчээр малтлага хийхээр шийдэж ноднин хориод хоног ажиллажээ. Харин энэ жил наймдугаар сарын хориноос аравдугаар сарын нэгэн хүртэл дөчөөд өдөр малтаж гэмээн нь сая хамгийн том сүмийн дөрөвний нэгийг нь л гаргаж дөнгөсөн байна. Энэ ажилд нийт 30 сая төгрөг гарсан гэнэ. Харин ССАЖЯ зохих хэмжээний мөнгө өгнө гэсэн ч экспедицийнхэн хараахан аваагүй гэж байлаа. Энэ удаагийн малтлагын олзыг ярихаас урьтаж үндэсний экспедиц бие даан үүнийг эхлүүлсэн бөгөөд дуусгах урам зориг дүүрэн байгааг заавал дуулгамаар санагдлаа.
Өндөр гэгээний шавар урлан
Сарьдгийн хийд гурван том, түүнийг дагасан гурван жижиг обьект бүхий зургаан бүстэй. “Энэ зуны малтлагаар хотын ерөнхий зохион байгуулалтыг харах, ямар олдвор гарахыг нь тандах зорилготой байсан” гээд С.Чулуун “Үнэндээ бидэнд үүнээс илүү хүч байгаагүй” гэж нэмсэн юм. Наймдугаар сард л цэвдэг нь гэсдэг; Хийдийн эрээн зүрх, Бух ян, Хийдийн гэдэг гурван сарьдгаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс 2 665 метрийн өндөрт ажиллах амар биш. Гэвч үндэсний экспедицийнхэн олз омгоо хараад алжаахыг умартаа л болов уу. Малтлагаар 300 гаран шавар бурхан гарчээ. Мөн таван метр гаран өндөртэй байж мэдэх, шавраар урласан бойв буюу бурхны хөл ч олсон байна. Хамгийн гол нь Өндөр гэгээний “шинэ урлан”-аас шавар бүтээл олноор гарсан нь Занабазарын уран бүтээл судлалын салбарт цоо шинэ судлагдахуун юм. Гагц үүнийг л үндэсний экспедицийн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр хэмээн дөвийлгөхөд ер гэмгүй. Хамгийн чухал нь тэдгээр зүйлсийг хийсэн шаврыг боловсруулсан тусгай хэсэг малтлагаар тодорхой болжээ. Энэ малтлага бүрэн дууссан хойно зөвхөн алт, зэсэн бүтээлээрээ дэлхийн танил болсон Занабазарын шавар урлалын судалгаа бие даасан салбар болох юм.
Одоохондоо нэг мөр тодорхой болоогүй ч тунчиг сонирхолтой олдвор гарсныг малтлагын багийнхан аван саван дэлгээгүй ажээ. Хоёр давхар байгаад дээрээсээ нуран, доод давхраа дарж нурсан гол сүмээс баатар эрийн нэг хөө хуяг, хоёрын зэрэг сэлэм гарсан байна. Өмнө нь олдсон, Үндэсний түүхийн музейд байгаа хөө хуягтай адил хийцтэй, гэхдээ дөрвөн зууны дараах олдвор учир бас нэгэн шинэ судлагдахуун юм. Хамгийн сонирхолтой олдвор нь Монгол нутгаас гарсан анхны буу гэж доктор С.Чулуун онцолж байлаа. Бууны зургийг хэдийн Оросын зэвсгийн музей руу явуулсан бөгөөд бууны уг гарвалыг тогтоох гэнэ. Гэхдээ энд нэг асуулт үлдээд байна. Энэрэл нигүүслийг номлодог бурхан шашны анхны монгол эзний орон хийдэд яагаад хөө хуяг, тухайн цагтаа шинэ технологийн халуун зэвсэг байв? Хэрвээ тэр бүхнийг хүн хэрэглэж байсан бол хөө хуягийг дагалдаад гутал хувцас олдох учиртай. Үүнээс гадна эзнийх нь “үлдэгдэл” яс байх нь ч зүйн хэрэг. Одоогоор манай эрдэмтэд үүнийг тахилгын зорилготой гэж үзэж байгаа бөгөөд түүнийг мөн нэг дороос гарч ирсэн тахилгын идээ бүхий гоёмсог хийцтэй зэс тогоо улам лавшруулжээ. Энэ бүгд өдийхөндөө баахан асуулт мэт харагдавч учрыг нь тайлаад эхлэбэл бөөн бөөн олз юм.
Нэг дайрахад нэлээн хөрөнгө
Үндэсний экспедицийнхэн “шунал”-даа хөтлөгдөөд ганц дайралтаар Сарьдгийн хийдийг “ухаж” дуусгах хүсэлтэй байгаа хэмээн С.Чулуун ярилаа. Гэхдээ үүнд мөнгө хэрэгтэй. Ирэх жил 300 сая төгрөг олдвол хийдийн туурийг бүр мөсөн малтаж дуусахаар төлөвлөсөн, энэ ажил Монголын түүхийн балархай үеийг тодорхой болгоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулна. Малтлагаар гарсан модон эд зүйлсийг МУИС-ийн лабораторид өгч шинжлүүлэхэд 1680-аад оны үес их галд өртөн шатсан нь тодорхой болжээ. Үүгээр хийд Галдан бошигтын дайралтад өртсөн гэдэг аман сурвалж нотлогдлоо. Гэнэтийн сүйрэлд өртсөн газар орон олдвор ихтэй байдаг тул эрдэмтдийн сэтгэлийг баясгаж байгаа юм билээ. Хүслэн байхад хяслан гардаг хорвоогийн ёсыг шинжлэх ухаан ч тойрдоггүй аж.
Энэ ажилд оролцсон хүмүүсээс Эртний түүхийн хүрээлэнгийн доктор С.Өлзийбаяр, судлаач Н.Уртнасан, магистр Д.Энхтуул нарыг заавал онцлох ёстой хэмээн С.Чулуун албаар нэр цохоод “Германд археологиор төгсөж ирсэн Д.Энхтуулыг эртний хотуудаар мэргэжшүүлэх бодолтой байгаа” гэв. Түүхийн хүрээлэнгийн алсын зорилго нь Бага хаадын үеийн цагаан толбыг битүүлж түүхийн судалгааны “Монголын эртний хотууд” ном гаргах. Ингэснээр Монголын түүх “бүрэн бүтэн” болох учиртай юм. Тэр цагт Сарьдгийн хийдийн туурийг “Төгс баясгах туурь” гэж нэрлэхэд ч болохгүй зүйл огтоос алга. Ум сайн төгс баясгах болтугай.
Зочин
Зочин
Зочин
Зочин