УИХ-ын 2012 оны сонгуулиас хойш өөртэй нь биш УИХ дахь эрээвэр хураавруудтай эвсэн засаг байгуулсан Н.Алтанхуягийг унагах МАН-ын эн тэргүүний зорилтыг АН-ын гишүүд бахтай гүйцэлдүүлж өглөө. Уул уурхайгаа дагаад нэгэнт доройтчихсон эдийн засгаас аваад хувь, хувьсгалын шалтаг мундсангүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө хэдэн жилийн өмнө бодож олон, М.Энхсайханаас засгийг нь булааж авахдаа нөмөрсөн давхар дээлээ энэ удаа “тайл” гэв. Ийнхүү хүний өөрийн гэлтгүй нийлж бүүрэлхээд Н.Алтанхуягийг ямартай ч унагаад авлаа. Эвлэбэл бүтдэг гэдэг хэлц үнэн болж таарав. 

Эвийн хүчийг нэгэнт “нотолсон” улстөрчид дунд “Их эвслийн засгийн газар” гэх яриа гарч МАН-ынхан засагт орох бодитой нөхцөл бүрдээд ирлээ. Тэд өрсөлдөгчөө нэгэнт унагаад авсан тул одоо барьцаа ахиулж, хүслээ гүйцэлдүүлэх нь гарцаагүй. Өөрсдөө боломжийн гэж үзэх хэмжээний эрх мэдэл олж автлаа МАН-ынхан АН-ыг өндийлгөхгүй дараад “хэвтээгээс оноо түүхээ” хэнээр ч заалгахгүй. Яг ийм байрлалаас тэд 1996-2000 онд тун гайхалтай “барилдаж” удаах сонгуулиар “цэвэр ялсан” билээ. Түүх давтагддаг гэдэг нь үнэн болж таарав.

Хусмаа чамлан хошуугаа унжуулж суусан Р.Амаржаргалыг АН лам олдохгүй болохоор нь буцахдаа дахиад залахаар боллоо. Хэрвээ АН-ын ҮЗХ-ны хурлаар олонхын санал авч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн таалалд нийцэх аваас тэрбээр хоёр дахиа Монгол Улсын Ерөнхий сайдын сэнтийд сууна. Л.Бямбажаргалын хэлснээр ардчилалд ч, намдаа ч онцын гавьяагүй 25 жил явж ирсэн “сайн багш” яагаад ч юм АН-ын хамгийн муу сонголт болох хувьтай мэт. Тэрбээр албан тушаал өгсөнгүй гэж өнгөрсөн хоёр жил УИХ дахь бүлгийнхээ хуралд ганц ч суугаагүй гэнэ. Ноднин яг өдийд шаралхсандаа З.Энхболдод УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдөл өгч намынхаа нөхдийн санааг чамгүй чилээсэн. 2012 онд Сүхбаатар дүүргээс сонгогдсон Р.Амаржаргалыг хүссэнээр нь тавиад явуулчихвал тойрогт нь нөхөн сонгууль болж, МАН ялах магадлал туйлын өндөр байлаа. УИХ-д үнэмлэхүй олон суудал авч чадаагүй намынхаа шархан дээр давс үрж хувийн эрх ашгаа тодорхойлсон Р.Амаржаргалтай өнөөдөр ёс суртахуун ярих хэрэггүй. Харин түүнийг энэ удаа улстөрчдөөс ёс суртахуун шаардсан улстөрч дэмжиж байгаа гэнэ. Бусдаас ёс суртахуун шаардах нь ёс зүйгүй хэрэг гэдэг хэлц үнэн болж таарав.

Р.Амаржаргал УИХ дахь ардчилсан намын бүлгийн хурлаас 100 хувийн санал авсан аж. Гэхдээ мөнөөх хуралд нь “Алтангадас” фракцийнхан оролцоогүй аж. Дараагийн үр дагаврыг нь бодолцохын оронд олонхын саналыг дагадаг нь ардчиллын зарчим хойно одоо яая гэхэв. Уул нь ашдын бэлгээ бодолцвол Н.Алтанхуяг АН-ын дараалсан таван ялалтын менежер байсан, харин Р.Амаржаргал гутамшигт ялагдлынх нь түрүүч байсан билээ. Ёр бэлгэ яригдаж дуусаагүй байтал УИХ-ын дарга З.Энхболд 12 дугаар сарын 8-нд болох АН-ын их хурлаар намын даргад нэрээ дэвшүүлэхээ мэдэгдлээ. Ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жаягаа дагавал саях ҮЗХ-ны хурал дээр Ерөнхий сайдад 33 хүний нэр дэвшүүлэн “дүрсгүйтсэн” З.Энхболд санасандаа хүрэх биз. Тэгэхээр нам дотроо тодорхой дэмжлэггүйн эрхээр өмнөх Ерөнхий сайдынхаа хуучин танхимтай ажиллаж байсан түүхтэй Р.Амаржаргал энэ удаа Ерөнхий сайд боллоо ч онд орохгүй.

Дээрх намын бүлгийн хурал дээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэрэв Р.Амаржаргал Ерөнхий сайд болбол танхимд нь орж ажиллахгүй гэдгээ хэлээд гарчээ. Өнгөрсөн нэг жил ажлыг нь хийлгээгүй тийм нэг “хүч” Р.Амаржаргалын ард байгаа бололтой. Мөн ажлаасаа халагдсан Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт хууль бус байж мэдэх шүүх хурлын шийдвэрээр эргээд эрх мэдлээ авахаар болжээ. АТГ-ын ажил жилээс жилд “сайжирч”  2012, 2013 онд нийт 351 хэрэг шалган, мөрдөн байцаалт явуулжээ. Хуулиар УИХ-ынхаа гарт орчихсон Засгийн газрын оёг дээр Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүний дарангуйлал тогтоох хий үзэгдэл Монголын тал нутгаар тэнүүчилж эхэллээ. Хууль хүчний байгууллагын эрх мэдэл нэг дор хуралдсаар л... Бид Волдеморттой болж байгаа юм биш биз? Тэгвэл хэдүүлээ ч онд орохгүй дээ...