СССР-ийн нам, засгийн хоёр удирдагч Никита Хрущев, Николай Булганин нар 1955 оны 12 дугаар сард Энэтхэг, Индонез, Афганистанаар айлчлах үеэрээ Кабулд очоод буй зураг. Яг тэр үед Афганистаны Вант Улс нь зөвлөлтийн үнэлэмжээр “энх тайвны бүс” хэмээн тооцогдож хамтын ажиллагаа нь гэнэт цэцэглэжээ.

Кабулд хэн ч засагласан Зөвлөлтөд ээлтэй, харин Их Британи, Пакистан, улмаар АНУ-д ээлгүй байх юм байна хэмээн тэр үед Кремлийн эрх баригчид тооцоолжээ. Ойрхи болон Дундад Дорнодод нөлөөгөө тогтоохын төлөө их гүрнүүдийн тэмцэлд Афганистан ийнхүү татагдан орсон түүхтэй.



Хрущевын баруун гар талд яваа өндөр афган эрийг энд онцлох гэж байна. Тэрээр ХХ зууны түүхийг бичилцсэн эрхэм яах аргагүй мөн юм. ХХ зууны Афганистаны түүх тэр чигээрээ энэ хүний амьдралын баялаг намтраар тодорхойлогдох мэт. Мухаммед Дауд Хан гэх энэ эрхэм бол бүгд найрамдах улсынхаа анхны Ерөнхийлөгч, 5 дахь ба 11 дэх Ерөнхий сайд, 1909 онд төрсөн, 1978 онд эмгэнэлтэйгээр алуулсан,  Афганистаны хөгжил цэцэглэл гэж түүхнээ бичигдсэн зурвасхан хэсэг нь энэ хүний нэртэй холбоотой. 1953 онд түүний үеэл дүү Афганистаны хаан Захир-шах түүнийг Ерөнхий сайдаар томилсноор тус орны эдийн засгийн бодлого, гадаад улс төрийн чиг баримжаанд огцом эргэлт авчирчээ. Төрийн удирдлагат эдийн засаг гэгчийг лалын шашинт хуучинсаг нийгэмдээ байгуулж, нийгэм-эдийн засгийн төлөвлөлтөө төрөөс зохицуулан, аж үйлдвэрийн гайгүй бааз буй болгожээ. Кабул, Желалабад, Гульбахар дахь барилга, замын үйлдвэр, хөнгөн үйлдвэрүүд, Суруби дахь усан цахилгаан станц, Кабул, Кандагарын олон улсын аэропорт гээд түүний нэртэй холбогдох бүтээн байгуулалтаас нэрлэж болно. Ер нь л 1978 онд коммунист хувьсгал дэгдэж, 1979 онд Зөвлөлтийн цэрэг интервэнцээр явж орохоос өмнөх үе хүртэл 20 гаран жил энэ улс жигд хөгжиж, өөрийгөө болгож байсан бол Мухаммед Даудын эхлүүлсэн үйлсийн үр дүн гэж үзэх хэрэгтэй.

Энд бүтээн байгулалтыг бус энэ хүний хувийн намтрыг өгүүлбэл илүү сонирхолтой. Цэргийн дээд боловсролтой энэ эрхэм 23-хан настайдаа 1932 онд хошууч генерал болж Пакти муж дахь өмнөд гарнизоны командлагч, 1935 оноос дэслэгч  генерал, Кандагар, Фарах мужийн цэргийн командлагч, 1938 оноос өмнөд мужуудын амбан захирагч бөгөөд бүс нутгийн цэргийн командлагч, 1939 оноос Афганистаны цэргийн төв корпусын командлагч, Цэргийн академийн дарга гэхчлэн арав хүрэхгүй жилийн дотор цэл залуугаараа (бараг хүүхдээрээ) цэргийн дээд албан тушаалын шатаар өгссөн байх аж.

Гайхалтай гэмээр мөрүүд намтарт нь байна: Дэлхийн II дайн үед нацистуудын талд баттай зогсчээ. Учир нь Афганистан, Пакистан дахь пуштун омог аймгуудыг нэгтгэхэд нацистын Германаас тусална гэсэн аж. Германаас зэвсгийн тусламж ч гайгүй авсан ба энэ зураг дээрхи хүндэт харуулын өмссөн төмөр дуулга гэхэд л нийтэд танил содон төмөр малгай харагдаж байна. Сталинград руу фронт ойртон ирж, энэ хотод түүхэн тулалдаан өрнөж байх үед Афганистаны Засгийн газар Германы талд баттай зогсон, дайн явсаар Баку хүрнэ, Баку-Вазиристаны хооронд тэд өөрсдөө баттай зогсоно хэмээн тооцоолж хөөрцөглөж байсан тухай Ю.Н.Тихонов. Афганская война третьего рейха. НКВД против абвера, М., ОЛМА-ПРЕСС, 2003 гэх номд тодорхой өгүүлсэн байдаг. Тэр ч бүү хэл хаа байсан Зүүн өмнөд Азиас японы цэргийн онгоцууд Афганистан руу хөөрч, Гималайн уулсыг давуулан агаараас зэвсэг техникээр хангаж байсан баримт байх аж. Гээд афганы пуштунчуудад III Рейх, милитарист Японы алин нь ч  туслаж чадаагүй. Даудын мөрөөдөл мөрөөдөл хэвээрээ үлдсэн. Тэрээр 1946 онд өөрийн өөр нэг үеэл Шах Махмудын Засгийн газарт Дотоод хэргийн сайд болж ганц жил ажиллаад үеэлтэйгээ муудалцан улс төрөөс хөөгдөж, Францад суух Элчин төлөөлөгчөөр цөлөгджээ. Тэгснээ ганц жил тэндээ болов уу, үгүй юү үеэлтэйгээ эргэж эвлэрээд буцаж ирснээ Батлан хамгаалахын сайдаар тавигджээ. 1948-1951 онд Шах Махмудын Засгийн газарт ийнхүү сайд хийж байснаа дахин муудалцаж засгаас хөөгдөж энэ улсын түүхнээ анхны сөрөг хүчнийг үндэслэжээ. Тэр нь улс төрийн нам бус, клуб маягтай, “Үндэсний пуштуны клуб” гэсэн нэртэй, энэ орны аль олигтой элит сэхээтэн, түшмэл, ордны аристократууд, Шах Махмудад дургүй офицерууд, зүүний үзэлтнүүд, лам нар тэр хөдөлгөөнд нь нэгджээ.

Тэрээр 1953-1963 онд 10 жил засаг толгойлоод олон реформ хийгээд нэр төртэйгөөр улс төрийн тавцанг орхижээ. Яг 10 жил гэртээ бүгээд байсангүй, Хаан үеэлийнхээ эсрэг төрийн эргэлт, офицеруудын нууц хуйвалдаанд бэлтгэж байв. 1973 оны зун үеэл дүү Хаан нь Италид айлчилж явах хойгуур тэрээр цэргийн эргэлтийг толгойлов. Олон зууны уламжлалтай хаант засгийг халж, өөрийгөө Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайдад өргөмжлөв. Мөн Батлан хамгаалахын ба Гадаад хэргийн сайдын тушаалыг өөртөө авав. Авторитари дэглэмийн толгойлогч Мухаммед Дауд “Хувьсгалын ардын ба үндэсний онол” гэдгийг тунхаглав. Энэ нь үндсэрхэг үзэл–афганчлал–түүхэн пуштунчлал–ислам–ардчилал–патернализм–эх оронч үзэл–антиколониализм–антикоммунизмын холимог хувилбар, дэлхийд огт байхгүй үзэл суртал болж таарав. Төрийн онолдоо социализмаас авна, тэр нь эдийн засагт үйлчилнэ гэв. Эдийн засагтаа дирижизм гэгч онолыг гаргаж ирэв. Энэ нь томхон компани, хувийн банкуудыг улсын болгох, газрын реформ хийхийг нь хэлж байв.

Мухаммед Даудын амьдралын хамгийн эмгэнэлт үеийг эргэж сануулах нь зөв бөгөөд сургамжтай мэт. 1975 онд тэрээр Ерөнхийлөгч байхдаа лалын баруун радикалуудын томхон бослогыг цус урсган дарав. Улс орон дотроо бужигнасан үед “1978.04.27”-ны ардын ардчилсан хувьсгал нэртэй зүүн радикалуудын коммунист төрийн эргэлт дэгдэж, босогчдын гарт Дауд эрсэджээ. Төрийн эргэлтийн яг маргааш өглөө нь Ерөнхийлөгчийн ордон руу босогчид халдаж, түүнийг бууж өгөхийг шаарджээ. Шаардлагыг тэрээр хүлээн аваагүй тул босогчид гал нээж Дауд болон түүний гэр бүлийн 18 гишүүнийг (эхнэр, 5 хүүхэд нь, түүний дүү Шадар сайд Мухаммед Наим) нэг дор цааш нь харуулах нь тэр. Зарим мэдээллээр гэр бүлийнх нь гишүүд болох 30 орчим хүнийг алсан гэдэг. Ерөөсөө л улс төрийн дээд элитийг удам судраар нь хүйс тэмтэрчээ. Энд Засгийн газрын гишүүд, цэргийн том дарга нар гээд алагдсан хүний нэрс цаашаа хөвөрч өгнө. Даудыг өөрийн гараар буудаж алсан Имамуддин гэх офицер 1980-аад онд цэргийн карьер амжилттай хийж генерал болтлоо дэвшиж явсан түүх бас буй. Гэр бүлээр нь хүйс тэмтрэн байж засгийн эрхийг шилжүүлэн авдаг дараа дараагийн практикийг Даудын гэр бүл дээр ийнхүү анх удаа туршжээ.