Томоос том улаан нар тэнгэрийн хаяаг ухаа улаанаар будан талд  ургахад эмээ маань  хашааны хэдэн айлын хүн,  малыг аль хэдийнэ сэрээчихсэн байдагсан.  Уран цэцэн үгтэй  эмээг минь айлынхан  Амаа гэж авгайлан дуудна. Эмээг байхгүй бол тэр хавийн хэдэн гэр эзгүй юм шиг л оргиод явчихна.  Харин өвөө минь дөлгөөхөн, хэр барагтайд үг дуугараад байхгүй ч  бид жигтэйхэн их эмээдэг байж билээ.

Аав, ээж хоёр маань  Наран суманд  гал голомтоо бадраасан боловч арав хоноод л аймгийн төв буюу Баруун-Урт суманд нүүж ирсэн юм. Ингээд би гэдэг хүн  Баруун-Урт суманд дараа жил нь мэндэлсэн юм.   Өвөөгийнхтэй  манайх  айлсан  нэг хашаанд амьдардаг байлаа. Мөн садангийн хоёр ч гэр айлсана. Манайх намайг найман нас хүртэл Баруун-Уртад байсан бөгөөд дараа нь аав минь Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийг дүүргэж ирээд манайхан хот руу нүүсэн юм. Баруун-Уртад өнгөрүүлсэн найман жилийг  Баруун голын зүүн эрэгт өнгөрөөсөн дөө.

Хар өглөөгүүр  нойроо харамлан сэрсэн бидэнд  тугал хариулах ажил оногдоно. Хариулах ч гэж дээ үдээс өмнө баахан ноолж, сүүлдэж  тоглоод уйдахаараа зөнгөөр нь орхичихдог юм. Эхтэй нь нийлүүлчихгүй байх нь л бидний гол үүрэг. Бусад үед нь Баруун голын гоё чулууг түүх, хөөцөлдөж тоглохоос эхлээд бидний “ажил” барагдахгүй. Баруун гол манай  хоёрын хооронд зөрөг жим гартал нүцгэн хөлийнхөө мөрийг гаргасан даа. Голын хөвөөгөөр бидний эрж хайдаг тэр чулуунууд өнгө өнгөөр солонгорон ид шидийн юм шиг санагддаг байв. Яагаад ч юм  жигтэйхэн уралдаж цуглуулдагсан. Одоо бол ховор болсон байна лээ. Тэр нэгэн удаа чулуу түүж яваад их л гоё цагаан чулуу олж билээ. Гэтэл нөгөөх маань гэнэт хагараад  шар өнгөтэй юм гоождог юм байна. Үнхэлцэг хагарах дөхлөө. Хажуу айлын Алтаа эгчээс сэмхэн асуутал даарин дээр нь давс нэмнэ гэгч болж, “Шувууны өндөг байна. Одоо чамайг ээж нь хараана даа. Заавал өшөөгөө авдаг” гэж ирээд л сүрдүүллээ. Үүнээс болоод  хэдэн шөнө нойргүй хонож билээ. Хөрш айлын хүүхдүүд ч шувууны ээжийн өшөө авалт ямар байх бол гэж айж хамтдаа хэд хоног шаналж билээ. Шувууны ээж ирээгүй л дээ. Бид энэ явдлыг “Зориуд хагалаагүй болохоор шувууны ээж  өршөөж” гэж ярилцаад л тэр хэрэг мартагдсан.

Баруун гол гантай зун бол бараг үзэгдэхгүй болоод тасарчихдаг, бороотой үед бол айхтар сүрхий үерлэдэг юм. Намайг бага байхад бороо орсон үед гол руу явуулдаггүй байлаа. УАЗ 469-тэй хүмүүс живлээ гэж сонсогддог байсан.  Баруун гол гэж нэрийддэг Баруун-Уртын голын нэрээр энэ сумыг нэрлэсэн юм. Хуучнаар бол аймгийн төв л дөө.  Баруун-Урт, Дунд-Урт, Бага –Урт гэж гурван голын барууных нь нэрээр манай сумыг нэрлэсэн юм билээ.  Бид бол  Баруун гол гэдэг юм. Баруун голын зүүн эрэгт миний бага насны алтан өдрүүд сэтгэлд зураг болон үлдэж дээ.  Манайхан Баруун голынхоо  хойд шандаас ус авна. Тэрэг түрсэн хүүхдүүд л унднынхаа усаа залгуулдаг байсан байх. Усанд дандаа л хүүхдүүд явна.   Баруун голын хажууд нэг их том хад асга байдаг байсан юм. Одоо харахнээ жижигхэн л санагддаг.

Баруун урт маань бас баруунаасаа зүүн тийш сунасан тогтоцтой. Холоос цайрч харагддаг болоод ч тэрүү сумынхаа тухай бодохоор цав цагаан өнгө л аяндаа буугаад ирдэг юм. Бага байхад цагаан өнгийн намхан байшингууд их байж дээ. Эмээ байнга л радио сонсч, өөрийнхөө үзэл бодлыг нэмэрлэнэ. Манай аймгийн тухай байнга л тааруухан мэдээлэл  явдаг байсан бололтой. Эмээ их ундууцангуй “Бас л муугаараа дуудуулж байна” гэнэ. Одоо бол Сүхбаатар аймаг жишиг аймаг болсон.  Ардын намыг сонгодог байсан аймаг одоо ардчиллын буяныг хамгийн их амсч байгаа. Саяхан Сүхбаатар аймаг улсдаа хамгийн их мал тоолуулж гэнэ, жишиг аймаг болж гэнэ гээд л сайн сайхнаар л дуудуулаад эхэлсэн. Улсаас татаас авахаа больж  гэнэ гээд л сайн мэдээ дуулдах болсон нь бахдмаар. Тэр дундаа Баруун-Урт сум гайхалтай хөгжиж байгаа. Ер нь хүмүүсийнх нь аж амьдрал ч сайжирсан байна лээ. Энд тэндгүй  бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Сумын төвд засаг захиргааны байгууллагууд нь тойроод л байна. Сумын төв талбайд мэдээж жанжин Сүхбаатарын хөшөө сүндэрлэнэ. Төв талбай нь ерөнхийдөө нийслэлийн төв талбайн жижигрүүлсэн хувилбар.

Хамгийн түрүүнд тамхигүй сум болсон. Олон нийтийн газар тамхи татуулна гэж гонж.  Энэ нь Тамхины хууль гарахаас хэдэн жилийн өмнө хэрэгжиж эхэлсэн. Аймгийн төвд нь гутал тоос болохооргүй цэвэрхэн  болсон байна лээ. УИХ-ын сонгуулиар дандаа л МАН ялдаг байлаа. Юунд нь болдог юм Ч.Улааныг байнга л гаргаж байдаг юм. “Ч.Улаанаасаа уйдахгүй ээ” гэдэг байсан. Одоо арай өөр болсон байна лээ. Энэ удаа  ганц мандаттай болсон байхад Ардчилсан намаас дэвшсэн М.Зоригт ялалт байгуулсан. Харин Ч.Улаан гишүүн МАХН-д орсон болоод ч тэр үү нутагтаа ирж дэвшээгүй.  Орон нутгийн сонгуулиар  гурван  ч удаа Ардчилсан нам ялалт байгууллаа. Энэ ялалт  Аймгийн засаг дарга Ж.Батсуурьтай их холбоотой.  Аймагтаа бол ардчиллын алтан хараацай.  Аймаг, сумаа өөдлүүлж байгаа болохоор нь тэр үү, нутгийнхан нь ам сайтай, дахин, дахин сонгоод байдаг. Айлууд хувийн байшингууд барьжээ. Хотын чинээлэг айлуудаас ялгаа байхгүй.   Жижигхэн ТҮЦ-нээс эхэлсэн айлууд өөрийн гэсэн жижиг үйлдвэртэй, хоолны газартай болчихсон тов хийтэл амьдралаа аваад явж байна.

Аймгийн төвд Мөнхчулууны нэрэмжит кино театр баригсдан нь Тэнгис кино театраас дутахгүй. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр баригдсан. За тэгээд сургууль цэцэрлэг, зам талбай гээд бүтээхгүй юм алга даа.

Сум орноо ярих дээрээ тулвал Баруун-Уртынх гэж хэлэх хүн сүхбаатарынханд бараг байхгүй дээ. Баруун-Уртад амьдардаг хэрнээ би Халзангийнх, Дарьгангынх, Нарангийнх, Эрдэнэцагааных  гэнэ.  Аав, ээжийнхээ төрсөн сумаар тэгэж нэрлэдэг юм.  Тэгэхээр манай сумын алдартнууд гээд тухайлан нэрлэхээсээ илүүтэй аймгийн бүх алдартай нэртэй хүмүүс манай суманд бас хамаарчихаж байгаа юм.  Нэг ёсондоо  Баруун-Уртад суурьшсан бусад сумынхан маань өөрсдийнхөө сумаар овоглоод, сумандаа төрсөн мань мэтийн залуус ч төрсөн сумаараа овоглохгүй аавынхаа сумаар овоглоод явчихдаг юм. Ингэхээр нийтлэг утгаар нь Сүхбаатарын ихэнх алдар нэртнүүд манай сумынх гээд хэлчихэд бас хол зөрөхгүй байх. Манайх яруу найрагч, эрдэмтэн мэргэд, хурдан шандаст хүлэг, сайхан байгаль, шилийн сайн эрс, уран дархцуулаараа хэдийнээс алдартай.   Үүнийг манай сумын музейгээс үзэж болно л доо. Уран дархны бурхан ухаанаар бүтсэн гайхалтай бүтээлүүд тэнд зөндөө бий.

Тал нутагт нар мандах хичнээн үзэсгэлэнтэй. Жавхлант шарга уулаа манайхан тахидаг юм. Сүхбаатар аймаг 1942 онд Жавхлант уул, Шарга уул  хоёрынхоо нийлсэн нэрээр   Жавхлант шарга аймаг нэртэй байлаа. 1943 онд Сүхбаатар жанжныхаа нэрээр нэрлэгдэх болсон юм.  Баруун-Уртын     урд талд   энэ хоёр уул маань байх бөгөөд   жил бүр нутгийнхан  тахиж шүтсээр ирсэн юм. Харин сумын зүүн хойд талд Дөрвөлж толгой бий. Эндээс сумыг тэр чигээр харж болно. Хуучин бол Баруун голын эргийн зүлэг ногоон дээр хүүхэд тоглож, яруу найрагчид нь шүлэг тэрлэн, бүсгүйчүүд нь голын эрэгт угаасан хувцсаа хатаан дэлгэж, залуус шалгалтандаа бэлдэн ном  шагайж, хайрын үг шивнэн  суудаг байсан. Одоо Дөрвөлж толгойг засч тохижуулсан болохоор хөгшин залуугүй тийшээ очдог болсон байна лээ. Мөн аяны хүмүүсийн заавал очдог газрын нэг болсон шүү. 

Зундаа хөлийн ул шаттал төөнөх хэрнээ, өвөл хацар хөлдөөм тэсгим хүйтэн,  хавар, намартаа улаан шороогоор шуурах  мөртлөө бүсгүйчүүдийнх нь царай    энэ бүхнийг ажрахгүй сайхнаараа байдаг нь хачин шүү. Намайг багад идэр насны гялалзаж явсан хүмүүс одоо бол  хижээл насныхан болж, хижээл настнууд нь өтөлжээ.  Зарим нь  дурсамж болон хаашаа ч юм одож дээ. Үр хүүхдүүд нь тэднийг энд байсныг гэрчлэн,  үргэлжлэл нь болон амьдарч байгаа нь сайхан юм даа.

Манай нутгийнхны бүгдээрээ хүндэлж, биширдэг өвгөн лам байсан юм. Бид Инлай гэж авгайлдаг. “Сэндэр охин” хэмээх ардын дуунд Инлайгийн аавын тухай гардаг юм. “Цэ вангийн хошууны Цэцэн залангийн охин сон доо хө..” гээд л эхэлдэг. Тэр Цэ вангийн отгон хүү нь Инлай лам байсан юм. Хэлмэгдүүлэлтийн үед шоронд хоригдоод гарч  ирэхэд нь хүмүүс хамаг мал, эд хөрөнгийг  нь хураасан тухай хэлэхэд “Энд байгааг бол авч чадахгүй шүү дээ” гэж толгой руугаа зааж байсан гэдэг.  Инлай намайг арван хэдтэй байхад өөд болсон юм. Одоо ч Инлайгийн зураг олон айлын хойморт бурхны гүнгэрваан дотор нь байдаг. Миний мэдэхийн өвөө, эмээгийн маань үеийнхэн бүгд бурхан болсон доо.

Мөн манай нутгийнхны айлын хойморт адуутай холбоотой зураг хөрөг, медаль баярын бичиг бол зоолттой байна. Улсын наадмын түрүү, айргийн морьд нь ихэнх нь манай аймгийн угшилтай байдаг юм. Хурдан морьдоо үнэд хүргэж зарсаар саятан болсон хүмүүс цөөнгүй бий. Бас нэг сонин юм дуулгахад улсдаа хамгийн их хадгаламжтай нь манайхан байна лээ. Тэгэхээр бас хоосонгүй хүмүүс байгаа биз.

О.Мангал гэж дүрэмт хувцастай тэвхийсэн хурандаа ах  маань аль хэдийнээ үсэнд нь мөнгө сор суусан өвгөн болсон байна лээ. Аавын талынхнаас ахмад нь тэр хүн. Аавын ангийнхан гэж байнга дуу хуур, найраг шүлэг болсон ах, эгч нар ч талын наранд онгож борлон өтөлсөн харагдана лээ. Харин залуугийн цог золбоо нь  хэвээрээ байна лээ.  Сүрэн эгч, Шашмаа эгч хоёр ангийнхан дундаа хамгийн адтай, хэл үг ч гэж гүйцэгдэхгүй. Ангийнх нь хөвгүүд тэднийг гоо охид байсан талаар шагшаад л, тэд ч  тэр л хэвээрээ мэт тас тас инээж суудагсан. Харин манай нутагт жендерийн асуудал бол эвгүй л дээ. Сүхбаатарын бүсгүйчүүд маш их халамжтай. Эр хүнийг бол дээдэлж хүндлэх ёстой л гэнэ. 

Баруун-Уртад очиход хэдэн яруу найрагчид заавал угтана. Ай.Төмөр-Очир, Амартайван, Түмээ эгч, Сүхээ ах гээд л. Даруухан мөртлөө омголон хүмүүс. Ярих нь хүртэл шүлэг унших шиг. Тэдэнтэйгээ уулзахад аавтайгаа уулзсан шиг сайхан мэдрэмж төрдөг.

Нээрээ манайхан их хэлэмгий хүмүүс. Шүлэг уншдаггүй хүн гэж бараг байхгүй дээ. Тэр гайхалтай авьяасаа тал нутагтайгаа холбон тайлбарладаг юм. Бас шооч гэж жигтэйхэн. Хүн болгоныг л оноод нэрлэчихсэн байдаг юм. Нэрээр нь дуудахаасаа хочоор нь л тодотгож асууна шүү дээ.

Аавыгаа өвөл, зуны амралтаар ирэхийг тэсэн ядан хүлээдэгсэн. Орост сурч байсан болохоор ирэхгүй их удна. Бид жигтэйхэн их санадаг байж билээ. Ирэх бүрийд нь уртаас урт санаа алдан энгэрт нь эрхэлдэгсэн.

Хөдөөний хүүхдэд хотоос хүн ирэх хичнээн соньхон. Хаалганы завраар бултас,  бултас хийн хотын хүний бүх зүйлийг шинжин гайхаж, чихэр горьдон хардагсан. Аавын ирэхэд айлын хүүхдүүдэд чихэр, бохь тараан додигор амьтан явна.      

Наадам дөхөөд ирэхээр манай нутгийн залуус жигтэйхэн өнгөлөг, бас аархуу болчихдог шиг санагддаг. Ганган дээлтэй залуус морин дээрээ хөдлөн суучихсан, ташуур гялалзуулаад л. Тэр бүр ингэж таахалзах боломж олддоггүй биз.

Сүхбаатарт сайн эрийн хөл тасардаггүй газар байсан учраас Сайн эрийн хөлт гэдэг байж. Муулах үг олдоогүй юм байлгүй Сайран хөлтийнхөн л гэцгээх болж. Харин би “Шивэртэй хөлтэй байснаас сайран хөлтэй нь дээрээ” гэж хэлдэг юм. Манай нутгийнхан гэж сайхан сэтгэлтэй, уулга алдахдаа “Алтан овоо минь” гэцгээдэг талын салхинд онгож борлосон тийм л нэг хүмүүс бий. 

Баруун голын зүүнтээх Баруун-Уртдаа     буцах шувуудыг даллаж олон ч удаа үдсэн  дээ.  Холыг зорьсон шувуу шиг жилдээ нэг нутгаа зорьдог болж дээ.  Жижигхэн бор толгод нь цэнхэртэн, тааны үнэртэй талын  хөх  салхи нь хацар илбэсээр, танихгүй нь ч  таньдаг хүн  шиг угтдаг нутаг минь Баруун-Урт билээ.