Геологийн шинжлэх ухааны магистр, тэргүүний геологич, мэргэшсэн инженер Г.Ёндон: Кондицийн зураглалаа түлхүү хийснээр улс дэд бүтцээ түүндээ тохируулан барьж байгуулах боломжтой болдог

Геологийн салбарт 40 жил хүчин зүтгэж буй ахмад геологич Г.Ёндонтой ярилцлаа. Өөрийн зөн совиндоо хөтлөгдөн геологич мэргэжлийг сонгосон тэрээр мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон нэгэн билээ. 1:200 000, 1:50 000-ны машстабтай геологийн зураглалын олон ажилд гар бие оролцсон түүнээс залууст сургамж болох үүднээс өнгөрсөн хугацаанд хийж бүтээсэн зүйлийнх нь талаар асууж тодрууллаа.

-Сайхан зусч байна уу. Та аль нутгийн хүн бэ, бага нас, нутаг усныхаа юугаар нь илүүтэй бахархдаг вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?
-Сайхан зусч байна. Би Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт төрсөн. 1968 онд дунд сургуулиа төгсөөд нутгаасаа гарснаас хойш гурван жил тутамд нутагтаа очиж, буурин дээрээ хөрвөөдөг хүн дээ. Миний бага нас хөдөөний хүүхдүүдийн адил мал дээр өнгөрсөн. Би голдуу хонь хариулдаг байлаа. Жижигхэн биетэй хүүхэд байсан учраас 7 дугаар анги хүртлээ хурдан морь унасан. Монголчууд дууч ард түмэн. Тэр дундаа миний төрсөн нутаг дуу хуурын орон. Түүний дээр тунгалаг гол горхи, сүрлэг уулстай их сайхан нутаг шүү. Нутгийнхаа хайрхануудын орой дээр гараад сэрүүн агаар цээж дүүрэн амьсгалж байхад тэнгэр ойрхон мэт санагддаг юм. Одоо дүү нар маань нутагтаа бий. Зуны дэлгэр цагт хөдөөгүүр ажилтай байдаг учраас нутагтаа очиж амждаггүй. Энэ зун нутагтаа очиж буурин дээрээ хөрвөөгөөд хэдэн чулуу өвөртлөөд ирэх юмсан гэсэн бодолтой байгаа.

-Та ямар хувь тохиолоор геологитой холбогдсон бэ?
-Би хүүхэд байхаасаа газарзүйд их сонирхолтой байсан. Намайг бага байхад манай нутагт хөрс шинжилгээнийхэн их ирдэг байлаа. Тэднийг холоос харж, ямар ажил хийдэг хүмүүс юм бол доо гэж боддог байж билээ. Тэгэхээр зөн совиндоо хөтлөгдөж геологичийн мэргэжлийг эзэмшиж дээ гэж одоо боддог. Намайг дунд сургууль төгсөхөд геологич мэргэжлийн хуваарь гэж байсангүй. Хуулийн ангийн хуваарь өвөртлөөд, сургуульд орохоор юугаа ч мэдэхгүй хүүхэд бэр эгчээрээ хөтлүүлэн 1968 онд анх удаа Улаанбаатар хотод ирж байлаа. Тэр үед одоогийнх шиг зар сурталчилгаа хөгжөөгүй байсан ч хүүхдүүд хоорондоо сургуулийнхаа хуваарийг солилцдог байсан юм. Тэгэхэд нэг нөхөр намайг айхтар шалж байгаад геологийн ангийн хуваариар хуулийн ангийн эрхийг маань сольж авч байсан. Миний хувьд хуульч болох дургүй байсан учраас тэр нөхөртэй хамт Доктор, профессор Ж.Лхамсүрэн багш дээр хуваариа солиулахаар очтол тэрээр намайг баахан сонжиж байгаад геологийн ангид бүртгэж авч байсан юм. Надтай хуваариа сольдог нөхөр чинь одоо Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Пунцаг шүү дээ.

-Тэгвэл та Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн хуульч болох замыг нь нээж өгсөн хүн байх нь. Та ажлынхаа гарааг хаанаас хэрхэн эхэлж байв?
-Би 1976 онд МУИС-ийг Ашигт малтмалын эрэл, зураглалын геологич инженер мэргэжлээр төгссөн. 1968 онд сургуульд ороод 1976 онд төгссөний учир нь дундуур нь цэрэгт явсантай холбоотой л доо. Тухайн үед нэгдүгээр курсээ төгсөөд нутаг буцаж чадалгүй байж байтал Геологийн салбарын нэг том хүний хүүхдийн оронд намайг цэрэгт явуулсан юмдаг. Одоо энэ тухай нуугаад ч яах юм билээ. Тэгээд Дорнодын 030, Сэлэнгийн 144 дүгээр цэргийн ангиудад гурван жил алба хаасан. Ингээд 1972 онд цэргээс халагдаж ирээд сургуульдаа буцаж ороод 1976 онд төгссөн түүхтэй. МУИС-ийг төгсөөд багшлах боломж тохиосон ч миний хувьд багшлах сонирхолгүй байсан. Тухайн үеийн яамнаас хувиарласны дагуу дөрвөн нөхрийнхөө хамт Мөрөн дэх геологийн зураглалын экспедицэд очсон юм. Мөрөнд очоод хоёр хонож байтал Ерөнхий геологич Х.Далилхан гуай намайг Завхан, Увс аймгийн нутгийг дамнасан Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Баянхайрхан, Отгон сумын нутгийг хамарсан Нөмрөгийн 8 дугаар ангийн 1:200 000-ны машстабтай геологийн зураглалын ажилд явуулсан юм. Намайг үйлдвэрлэл дээр хүлээн авч, дөртэй болгосон хүн бол Аж үйлдвэрийн гавьяат ажилтан талийгаач Д.Тогтох гуай болон Зөвлөлтийн зөвлөх геологич Виктор Михайлович Решетников нар юм шүү дээ. Тэр мундаг хүмүүсийн заавар зөвлөгөөний дагуу ажиллаж, тайлан бичихэд оролцож геологичийн ажлынхаа гарааг эхэлж байлаа. Тэр жил геологийн зураглалын экспедицийн бүтцийг томруулж анги тус бүрт 5-7 инженертэй, 14 анги болгож байсан юм. Түүний дараа намайг ахлах геологич болгон тушаал дэвшүүлээд Увс аймгийн Цагаанхайрхан, Хяргас, Баруунтуруун сумын нутгийг хамарсан Борц уулын 13 дугаар ангид 1:50 000-ны машстабтай кондицийн зураглал, эрлийн ажилд томилж билээ. Тэнд хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж тайлангаа бичиж Оюутын зэсийн болон Барзан уулын зэсийн томоохон илэрлүүдийг нээсэн дээ.

Энэ ажлыг дуусгасны дараа тухайн яамны сайдын тушаалаар Дорноговь аймгийн Чойрын экспедицэд манай ангийг бүрэлдэхүүнээр нь томилсон юм. Бид Дорноговь, Хэнтий аймгууд, Дундговь аймгийн баруун талаар хайлуур жоншны ирээдүйтэй томхон орд байж болох талбай ялгах зорилгоор 1:50 000-ны машстабтай кондицийн зураглал хийх даалгавартай байсан. Тухайн үед Оросуудад жоншны хэрэгцээ их байсан учраас дээрээс бодлогоор тийм даалгавар өгсөн хэрэг. Ингээд манай экспедицийнхэн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт Майхант, Их нарт, Цагаан тахилч, Буянтын ангиудад 1:50 000-ны машстабтай кондицийн зураглалын ажлыг хоёр жил, Хэнтий аймгийн нутаг дахь Буянт, Галшар, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Их хэтийн талбайд эрэл-зураглалын ажлыг мөн хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Бид тэр дөрвөн жилийн хугацаанд ажилласныхаа үр дүнд Майхант, Хөх дэл /Хөтөл-Улааны/ жоншны орд, Дэлгэрэхийн ховор металл Хэтийн шандын жоншны илрэлийг нээлцэж тоймчилсон ба нарийвчилсан эрэл хийж, хайлуур жоншны нөөцийг 50.1 мян.тн-оор тогтоосон.

Дорноговь аймгийн Хар айрагт РЕП буюу хайгуул ашиглалтын үйлдвэр гэж байсан юм. Тэнд очиж Өргөн суман дахь Өргөний жоншны ордын нарийвчилсан хайгуулын ажлын Ерөнхий геологичоор ажилла гэсэн даалгавар өгсөний дагуу 1983-1985 оны хооронд тус ордын IX хүдрийн биетийн хайлуур жоншны 10.8 сая.тн хүдэртэй гэж тооцон тайлан бичиж, ГУУҮ-ийн яамны ШУТЗ-ийн хурлаар батлуулан, Улсын нөөцийн комисст хүлээлгэн өгсөн юм. Олон хүн оролцсон, том тайлан болж билээ.

Улмаар би яамны сайдын тушаалаар эрэл-геофизикийн цогцолбор экспедицид шилжин ажиллаж Төв, Дундговь, Өмнөговь аймгийн хойд тал, Баянхонгор аймгийн ар тал, Өвөрхангай аймгийн нутгуудад ревизийн ажил хийсэн. Ревизийн ажил гэдэг нь ирсэн мэдээллийн дагуу газар дээр нь очиж шалгаад тэр дагуу тайлангаа бичдэг юм. Миний хувьд ажлынхаа гарааг эхэлснээс хойш дандаа хөдөө ажилласан учраас ар гэр үндсэндээ орхигдсон. Тиймээс ар гэрийн шалтгаанаар Улаанбаатарт буцаж ирсэн.

-Хээрийн геологич хүн хотод ирээд ямар ажил хийсэн бэ?      
-Тухайн үед өнөөгийнх шиг ажлын зар элбэг байсангүй. Он жав /хамт цэргийн алба хаасан найз/ маань тухайн үед Улаанбаатар дахь Зөвлөлтийн барилгын 2 дугаар трест /хуучнаар СОТ-2/-д ажилладаг байсан юм. Найз маань намайг СОТ-2-т орчуулагчаар ажиллах санал тавьсан нь 1986 он. Тэгээд би удирдах албан тушаалын хүнтэй нь уулзаж ярилцахад намайг геологич хүн учраас Сонсголонгийн чулуу бутлан ангилах элс хайрганы том үйлдвэрт нэг сар хэлмэрч хий гэсэн. Би тэдэнд овоо таалагдсан юм байлгүй намайг ээлжийн мастер болгож дэвшүүлсэн. Тус үйлдвэр нь голоос авсан элс, хайргаа ангилаад барилгын үйлдвэрт нийлүүлэхдээ гурван ээлжээр ажилладаг байлаа. Би нэг ээлжийг нь ахалж, нөгөө хоёр ээлжийг Орос мэргэжилтнүүд удирддаг байсан юм. 1991 оныг хүртэл тус үйлдвэрт ажиллаж орчуулагчаас бригадын ахлагч, чулуу бутлан ангилах механикжсан карьерийн ээлжийн мастер, механизмыг удирдах газарт хүнд машин механизмын механикч зэрэг ажил хийж, одоогийн I, III-IV хороолол, хотын цэвэр усны хангамжийн усан санг барилцахад гар бие оролцож явлаа.

-Та нэг үе өөр салбарт ажиллаж байгаад геологитойгоо дахин хэрхэн холбогдсон бэ?
-1990-ээд оны эхээр Зөвлөлтийн мэргэжилтнүүд нутаг буцаж хөл хөдөлгөөн ихсээд, манай улс зах зээлийн нийгэмд шилжиж байна гээд бүх зүйл өөрчлөгдсөн ороо бусгаа цаг байлаа. Тэр үед Оросын "Витивгеопром" нэгдлийн Монгол дахь салбар хариуцсан даргатай тааралдлаа. Тэднийх Төв аймгийн Мөнгөнморьт суманд хайгуул хийж байгааг нь би мэдэж байсан учраас ажиллах хүсэлт тавьсан юм. Ингээд Мөнгөнморьтод очиж Цагаан голын уурхайд гурван сар ажилласан. Тус уурхайн хажууханд ирээдүйтэй талбай байсан. Уг нь шулуун замаар явахад уурхайгаас 7.5 км зайтай ч шууд очих боломжгүй, битүү ширэнгэтэй тул уулын трактортой 25 км замыг таван цаг туулж байж гурван Орос мэргэжилтэн, өрмийн мастер, туслах ажилтны хамт очиж хайгуул хийсэн. Тухайн газар нь битүү ширэнгэтэйгээс гадна цэвдэг ихтэй учир шурф ухах боломжгүй. Хэдий хүнд талбай байсан ч бид тэнд судалгаа хийж Дагналтайн алтны шороон ордын нарийвчилсан хайгуулын ажлыг дуусгаж нөөцийг С1+С2 зэргээр 186кг-аар тооцсон.

1996 онд Н.Шийтэр багшийн зөвлөгөөгөөр Солонгос Улсын 100 хувийн хөрөнгө оруулалттай Чонг-Ин-Монгол ХХК-д ажиллаж Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Өлзийтийн алтны үндсэн ордын хайгуулыг хийж, ордын I хэсгийн үнэт металлын нөөцийг 0.5тн-оор тогтоож, тайланг нь бичиж, нөөцийг нь ЭБМЗ-д хамгаалж батлуулсан. Түүний дараа буюу 1996-1998 онд Ховд аймгийн Үенч, Булган, Алтай суманд Бодончийн ангийн даргаар ажиллаж, 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг удирдаж, 1980 км2 талбайд зураглал хийж Бодончийн голын эхэн хэсгийн алтны шороон ордыг илрүүлсэн юм. Ингээд 1998 оны эхээр АМХЭГ-ын Геологи мэдээллийн төвд Монголын геологийн алба, Британы геологийн албатай хамтран хэрэгжүүлж байгаа “R-7198” төслийн инженерээр оролцож, Цагаан-Үүр, Алтайн  11672 км2 талбайд тархсан геологийн тогтцын мэдээллийг боловсруулж, 1:50 000-ны масштабтай 40 хуудас зургийг хоёр хувиар /бүгд 80 лист/ зурж, гараар будаж, холбогдох бусад материалын хамт хүлээлгэн өгсөн. Уг төсөл нь Монгол орны газарзүйн ландшафтын гурван өөр нөхцөл буюу Алтайн Өвөр говь, Монгол Алтайн нуруу, Хөвсгөлийн Чандмань Өндөрийн битүү тайгад хоёр жилийн хугацаанд хамгийн бага зардлаар геологи хайгуулын ажлыг 1:50 000-ны масштабтайгаар гүйцэтгэх аргачлал шинээр боловсруулах ажил байсан.   

-Та Монголын хамгийн сүүлийн 1:200 000-ны масштабтай Алтайн цаад говь болох Аж богд, Эдрэн, Суман хад зэрэг “АЖ-200” төсөл дээр ажиллаж байсан. Тухайн төслийнхөө талаар танилцуулна уу?        
-“R-7198” төсөл дээр ажиллаж байсан манай багийнхан үргэлжлүүлэн “АЖ-200” төсөл дээр ажиллах болсон юм. Бид гурван аймгийн есөн сумын нутгийг хамарсан 36 мянган км2 талбайтай нүсэр ажлыг 2004 оныг дуустал хийсэн. Бид ийм том хэмжээний талбайд 298 сая төгрөгийн төсөвтэй ажиллаж байхад бидний урд талд манай талбайн дайны ажлыг Чехийн мэргэжилтнүүд 1 сая ам.долларын хөрөнгөөр гүйцэтгэж байсан юм. Тэгэхээр бид том ажлыг бага хөрөнгөөр амжилттай хийсэн байгаа биз. Ө.Даваа, Ө.Энхтөгс, Т.Чулуунцэцэг,  Д.Гансүх, Ж.Золжаргал, Ж.Өлзийхутаг, Ш.Өлзийбаяр, Б.Цацралт нарын бидний хэдэн геологич “АЖ-200” төслийг ёстой эрийн сайндаа л гүйцэтгэсэн гэж хэлж болно. Бид тухайн талбайд сансрын зураглалын тайллыг нь хийж 2004 оны 4 дүгээр сард тайлангаа хамгаалсан. Энэ бол Монголын геологийн зураглалын хамгийн том төсөл байсан. Нэвтрэлтийн зэрэг нь маш хүнд, геологийн тогтоц нь нийлмэл байсан учраас тэнд ажилласан геологичид их зүйл сурсан. Тухайн үед геологич бидэнд амралт гэж байсангүй. Амралтын тухай бодох ч эрхгүй байлаа.

Уг ажлаа дуусгаад байж байтал Шинжлэх ухааны академийн геологийн хүрээлэнд ажиллаж байсан, геологич Бадамгарав надад Хятадуудтай ажиллах санал тавьсан юм. Анхандаа би энэ хятадууд юу хийх гээд байна гэж болгоомжлоод зөвшөөрөөгүй. Гэтэл тэд намайг сар шалж хоргосоор ажиллуулж дөнгөсөн юм. Би 2012 оныг хүртэл Сэлэнгийн Бугант, Ерөө, Дархан, Шарын гол, Өмнөговь аймгийн Гурвантэс аймгийн нутагт орших тэдний талбайнуудад Ерөнхий геологичоор ажилласан. Тэд миний үгээр л ажилладаг байлаа. Заримдаа тоног төхөөрөмж нь эвдрэхээр “Одоо яах уу, Ёоноо ах аа” гээд хүрээд ирнэ. Тэгэхээр “Наад машиныг чинь made in china гэж танай хятадууд үйлдвэрлэсэн биз дээ, тиймээс өөрсдөө зас” гээд явуулдаг байлаа.

Дараа нь Японы МегаТех корпорацийн Монгол дахь салбарынхны хүсэлтээр Сүхбаатар, Хэнтий, Дорноговь аймгийн нутагт хэдэн талбай зааж өгсөн. Харин тэд намайг та энэ талбайнууд дээрээ ажиллаж өгнө үү гэж хүссэний дагуу ажиллаж байтал “Танайд хууль эрхзүйн орчин тогтворгүй боллоо” гээд япончууд 2013 оны дунд үед хөрөнгөө татчихсан. Одоо хэр нь хууль эрхзүйн таатай орчин бүрдэхгүй байгаа учраас ажлаа үргэлжлүүлэхгүй, хүлээсэн маягтай байгаа. Уг нь манай хууль тогтвортой болвол тэд шууд хөрөнгө оруулахаар хүлээж байгаа. Миний хувьд тэдэнтэй гэрээ байгуулсан учраас өөр компанид ажиллах эрхгүй байна. Гэхдээ хүмүүс бас зүгээр суулгахгүй юм аа.

-Хууль эрхзүйн орчин найдваргүй байгаа учраас гадны хөрөнгө оруулалт царцанги байгаа нь харамсалтай юм аа?
-Одоо хэр нь дорвитой ажил хийгдэхгүй байгаа учраас гадаадын олон хөрөнгө оруулагчид манайхаас хөрөнгөө татлаа шүү дээ. Бас нэг айхтар зүйл нь “Гэнэтийн ашгийн 68 хувийн татварын тухай хууль” тухайн үедээ их нөлөөлсөн байх аа.



-Та ашигт малтмалын ямар төрлүүдийн судалгаа хийж байв, таны ажигласнаар тэдгээр ашигт малтмалууд хайгуулын ажлын ямар онцлогтой байдаг вэ?
-Миний хувьд алтны үндсэн болон шороон орд, хайлуур жонш, зэс, давс, барилгын материал дээр түлхүү ажилласан. Ашигт малтмал бүр өөрийн онцлогтой байдаг учир тухайн ашигт малтмалд яг тохирсон аргачлалаа сонгох нь хамгийн чухал асуудал байдаг. Түүнээс хичнээн хэмжээний хөрөнгөөр ямар техник ашиглан тухайн ажлыг гүйцэтгэх гэж байгаа нь төдийлөн чухал бус юм. Хятадуудтай ажиллаж байх үедээ би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт Дунд голын хүнсний давс-мөсөн шүүний ордод нарийвчилсан хайгуул хийсэн.

-Тухайлбал алтан дээр ажиллахад ямар аргачлал нь илүү тохиромжтой байдаг вэ?
-Алтны шороон ордын хувьд хамгийн түрүүнд тухайн газраа маш сайн судлах хэрэгтэй байдаг. Эртний хятадууд уулын орой дээр гарч суугаад тухайн газар нутгаа өдөржин ажигладаг туршлагатай юм билээ. Энэ нь тухайн алтны шороон ордыг үүсгэсэн нөхцөл палеогеографи буюу хэдэн сая жилийн өмнөх үеийг ажиглаж байгаа хэрэг юм. Үүнээс алт хуримтлагдсан байж болох талбайг тогтоогоод хайгуулынхаа торыг сонгож болдог. Түүний дараа ул суурийнх нь чулууг гартал уулын малталт, өрөмдлөг хийгээд зүсэлтээ гаргаад ирэхэд учир нь аяндаа олдоно. Түүнээс алтны шороон ордын хайгуул хийхэд ашигладаг тогтсон тор гэж байхгүй, тухайн газар нутагт тохируулан сонгодог юм. Сүүлийн үед зарим компаниуд алтыг сорчилж авдаг практиктай болж. Уг нь энэ чинь хамгийн аюултай зүйл юм шүү дээ. Захын агуулгаас нь дотогш бэлдээд өгч байхад эдийн засгийгн ашгаа бодоод 400мг-ийн агуулгатайг нь сорчлоод авах юм. Өндөр агуулгатай алтыг нь авсаны дараа үлдсэн бага агуулгатай талбай нь хаягдаж, ухсан шороотой холилддог. Тухайн газарт нөхөн сэргээлт хийх гэхээр бага агуулгатай ч гэсэн алт үлдсэн учраас их төвөгтэй болдог юм. Харин алтны судлын хувьд судлын сунал, уналыг зөв тогтоох нь хамгийн чухал. Судлаа зөв тогтоосны дараа түүнийхээ дагуу дээж авч тогтоож болдог. Сэлэнгийн Бугантын үндсэн алтны ордын нарийвчилсан хайгуулын ажлыг өрмөөр хийж байсан. Ер нь алтны үндсэн ордын хайгуулыг өрөмдлөгийн ажил хийхээс өөр аргагүй байдаг. Заамарын Баржин уул, Нарийн гол гэсэн дунд зэргийн хоёр ордын нөөц, аргачлал дээр би зөвлөхөөр ажиллаж байсан. Үүнээс харж байхад судлаа зөв тогтоохын тулд мөн л ажиглалт сайн хийх хэрэгтэй байдаг. Ер нь геологич хүн алхам тутамдаа суралцаж байх ёстой. Тиймээс би өөрийн туршлагаа залуустаа харамгүй хэлэх дуртай.

Хайлуур жоншны тухайд судал нь гүн рүүгээ ороод алга болдог тохиолдол гарсныг өрөмдөж тогтоож байсан. Тэгэхээр өрмийн геологич үргэлж ажиглалт хийж байх ёстой байдаг.      

-Та алтны шороон ямар ордууд дээр ажиллаж байсан бэ, орд бүр өөрийн онцлогтой байдаг. Тэдгээрээс хамгийн сонирхол татаж, тайллыг нь олоход төвөгтэй байсан нь аль нь байв?
-Миний ажиллаж байсан алтны шороон ордуудаас хамгийн сонирхол татсан нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт байрлах Дагналтайн алтны шороон орд байсан. Тухайн газар цэвдэгтэйн дээр хүн далд орох хэмжээний битүү ширэнгэтэй. Харин Баянхонгорт бол дэнж нь харагдаад сайхан байдаг юм. Алтны шороон ордын тухайд миний хувийн ажиглалтаар олж нээсэн нэг зүйл бол алтны хуримтлал одоогийн голынхоо голдрилын зүүн талд хуримтлагдсан байдаг юм билээ. Хэд хэдэн шороон орд дээр ийм зүйл ажиглагдсан. Эрдэмтэд үүнийг өөрөөр тайлбарлах байх. Миний хувьд энэ нь мөнхийн таталцал буюу дэлхийн эргэлттэй холбоотой болов уу гэж боддог.

-Та алтнаас гадна жоншин дээр ажилласан хүн. Жонш бусад ашигт малтмалаас ямар онцлогтой вэ, түүний хэрэглээний талаар сонирхуулна уу?
-Жонш бол судал болон үүр хэлбэрийн тогтоцтой оршдог их сонин ашигт малтмал. Хайгуулын ажлын онцлог нь өрмөөр ажиллаж, каротажийн судалгаа сайн хийх ёстой байдаг. Жоншийг металлураг, хими, радио электроник, сансрын холбоо, цэргийн зориулалттай аж үйлдвэрийн гол түүхий эд болгон ашигладаг учраас хэрэгцээ нь сүүлийн жилүүдэд асар их өсч байгаа.

1960 оны эцсээс 1970-аад оныг хүртэл Оросын цэргийн техник хүчирхэг байсны учир нь Монголын жоншны ач гэж би наргиж хэлдэг юм. Төмрийн хүдэр 1100 градуст хайлдаг бол жоншийг нунтаглаж хүдэртэй холиход 900 градуст хайлах жишээтэй. Улмаар фтор, кальци хоёр задраад кальци нь гангын найрлагад ордог. Мөн химийн эмийн бүх найрлагад фторт нэгдэл ордог. Жоншны хамгийн энгийн хэрэглээ бол шүдний ооны фтор. Түүний зэрэгцээ сансрын хөлөг, тийрэлтэт онгоцны цонхны бүрхүүлд хэт ягаан туяанаас хамгаалахад ашигладаг.     

-Жоншны ямар сортууд байдаг вэ, манайд жоншны хэтийн төлөв хэр хэмжээнд байдаг вэ, аль нутгаар түгээмэл тархсан юм бол?
-Жоншийг тухайн хүдэрт агуулагдаж буй фторт кальцийн эрдсийн агууламжаар нь ФК 70, 75, 80, 95 гэж сорьцолдог. Манайд Даланжаргалан, Дундговь аймгийн Гурвансайхан, Баянжаргалан, Хэнтийн Бор-Өндөрт ашиглаж байгаа хайлуур жоншны уурхайнууд баяжигдахад арай хялбараар нь ФК 75. 80. 95 сортуудыг ашигладаг. Гэхдээ ингэж ангилж ашиглах нь дэмий байхгүй юу. Хэдэн жилийн дараа дахиад л бага сорттойг нь ялгаж авах болно шүү дээ.

-Манайхан жоншны үндсэн ордуудыг ашиглаад бараг дууссан одоо баяжуулан ашиглаж байгаа гэсэн. Тэгэхээр нөөц нь бараг дуусч байгаа гэсэн үг үү?
-Манай улс жоншны нөөцөөр дэлхийд долоод эрэмблэгддэг. Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрт жоншийг гурван давхаргаас буюу гүний тайлбай ашиглаж авдаг. Ингэснээр нөөцийн хаягдалгүй, сайн авч болдог юм. Уг нь ингэж олборлох нь хамгийн зөв шийдэл.

-Ер нь жоншны шороон орд гэж байдаг уу?
-Жонш нь хатуулаг багатай, амархан элэгддэг, уусамтгай шинж чанартай учир жижиг хэмжээний хуримтлал гэж байхаас шороон орд болдоггүй.

-Та зураглалын олон ажилд оролцож, тайлан бичсэн. Ер нь хичнээн тайлан бичихэд гар бие оролцож байв?
-Би 1:200 000-ны масштабтай гурван тайлан, 1:50 000-ны масштабтай таван тайлан, алтны шороон ордын нөөцийн есөн тайлан, алтны үндсэн ордын нөөцийн дөрвөн тайлан, хайлуур жоншны долоо, давс /мөсөн шүү/-ны нэг, ховор металлын хоёр тайлан бичихэд гар бие оролцсон. Мөн ТЭЗҮ, нөхөн сэргээлтийн гурван тайлан бичжээ.

-Зураглалын ажлуудаас хамгийн их сонирхол татсан, мөн хүнд хэцүү байсан нь ямар төсөл байв?
-Миний хувьд хамгийн сонирхол татсан 1:200 000-ны масштабтай геологийн зураглалын ажил нь “АЖ-200” төсөл байсан. Тэр дундаа Аж Богд, Эдрэнгийн нурууд нь нүд баясгаж, сэтгэл хөдөлгөм үнэхээр сайхан тогтоцтой газар. Хавцал дундуур явж байхад сурах бичиг уншиж байгаа мэт бүх зүйл нь ил харагддаг. Тэр хавцал дундуур явж байхад хэрэв өмнөөс автомашин гараад ирвэл буцах аргагүй, тийм л газар байсан.

-Та геологийн салбарт 40 орчим ажил ажиллахдаа чамгүй олон эрэл зураглал нарийвчилсан хайгуулын ажил хийсэн байна. Гэхдээ таны хувьд энэ салбарт хийсэн ямар зүйлээрээ илүү бахархдаг вэ?
-Би Монгол оронд төрснөөрөө бахархдаг шигээ геологич мэргэжил эзэмшсэнээрээ бахардаг. Геологич бол үнэхээр сайхан мэргэжил. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн нэгдүгээрт хатуужилтай болдог онцлогтой. Геологич хүн хөдөө хээр явж судалгаа шинжилгээ хийдэг учраас байгалийн эрс тэс уур амьсгалд дасан зохицдог. Мөн өлсөж цангах, хорхой шавжинд хатгуулах, хазуулах гээд ямар ч гэнэтийн зүйлд ажрахгүй болдог. Түүнчлэн юу тааралдсанаа идэж, хаана ч хамаагүй унтаж сурдаг. Ахуй байдалдаа дасаад ирэхээр хүн аливаа зүйлд шантрахаа больдог юм.

Миний хувьд мэргэжлийнхээ буянаар Монгол орноо бүтэн тойрсон. Тэгж явахдаа асар баян нутаг юм аа гэдгийг үнэхээр мэдэрсэн шүү. Баянхонгор, Говь-Алтайн зарим айлууд малын хороогоо чулуугаар барьсан байдаг даа. Тэр хороог нураахад гайгүйхан алттай чулуу гарах магадлалтай гэж манай геологичид наргиж хэлдэг юм. Тиймээс Монгол орон үнэхээр баялаг ихтэй.

-Та бол жинхэнэ хээрийн геологич хүн. Хээрийн геологийн онцлог нь юу байдаг вэ?
-Би олон сайхан залуустай хамт ажиллаж байсан. Ус, зам, барилгын салбарынхантай ажиллаж байлаа. Тэр дундаас манай геологичид шиг хамт олон болж, бие биенээ мэдэрч байсан нь үгүй. Геологич хүн байгаль дэлхийтэй ойр байдаг, чулуутай харьцдаг ажилтай хүмүүс. Тиймээс чулууг хагалахад хүртэл хайран санагддаг болдог юм билээ. Хээрийн геологич хүн газар нутгийнхаа геологийн тогтцоос гадна газарзүйн байрлалыг нь байнга ажиглаж явдаг учраас аяндаа тал бүрийн мэдлэгтэй болдог. Энд нэг чулуу үзэж байгаад цаана нь бас сонирхол татсан чулуу харагдахад түүнийг үзэхээр явдаг, их сониуч болдог. Түүний дээр тухайн чулуу өөрийнхөө үүсэл, үүх түүхийг хэлээд өгөхгүй учраас маш их сэтгэхийг шаарддаг.  

Би 40 орчим жил геологийн салбарт ажиллахдаа конторт суусан нь тун ховор доо. Мэдээж надад өрөө гаргаж өгч байсан ч, миний хувьд хөдөө хээр явахад илүү сайхан байдаг. Байнга л алхаж байсан учраас ах нь одоо өвчин хуучгүй хүн. Алхах чинь эрүүл мэндэд үнэхээр сайн юм байна лээ шүү.

-Геологичид цаг агаарын нөхцөл байдлыг үл харгалзан хөдөө ажиллаж, таны хэлснээр олдсоноо иддэг нэг ёсондоо ажлынхаа төлөө өөрсдийгөө гаргуунд нь гаргадаг хүмүүс учраас харин ч бие муутай байдаг болов уу гэж бодож байлаа.
-Явган явах хүний биед тустай юм байна. Түүний дээр байнга чулуу ажиглаж тонголзож явдаг нь дасгал болдог бололтой.

-Таны бодлоор манайхан ямар төрлийн ашигт малтмалын судалгааг ямар учир шалтгаанаар орхигдуулдаг юм шиг санагддаг вэ?
-Манайхан зэс, жонш хоёрын судалгааг гайгүй сайн хийсэн. Харин газрын ховор элементийн судалгаа орхигдсон гэж би хувьдаа боддог. Менделеевийн үелэх системийн газрын ховор хэмээн нэрлэгдэж буй 17 элемент байгаль дээр нэг дор байрладаггүй, хэд хэдээрээ бөөгнөрч байж орд үүсгэдэг. Тухайн орд нь 1 сая.тн-ноос дээш нөөцтэй бол томоохон ордод хамаардаг. Япончууд түүхий эдгүй болж байгаа учраас энэ төрлийн судалгааг их сонирхдог болсон байна. Орчин цагт газрын ховор элемент оролцдоггүй зүйл гэж байхгүй болсон учраас үнэ цэнэ нь өсч байна. Тиймээс манайхан энэ төрлийн судалгааг түлхүү хийх шаардлагатай болов уу гэж боддог.

-Хэрэв та өдгөө дөнгөж төгсөж буй шинэ залуу геологич байсан бол ямар зүйлийг сурч хэрхэн ажиллах байсан бэ?
-Би залууст эхэлсэн ажлаа заавал дуусгаж бай гэж үргэлж хэлдэг. Хэрэв хайгуул хийж эхэлсэн бол түүнийхээ эцсийг үзэж тайлангаа бичиж дуусгах хэрэгтэй. Тэгвэл тухайн ордынхоо талаар бүрэн мэдлэгтэй болж туршлага сууна. Мөн тайлан бичиж, түүнийгээ хамгаалж сурна. Түүний дараа өөрийнхөө хийсэн зүйлийг хараад бахархана шүү дээ. Ер нь геологич хүн маш ажигламтгай байх ёстой. Геологичдийг харж байхад аливаа зүйлийг байнга сонжиж ажиглаж явдаг нь мэргэжлийнх нь онцлог бололтой. Нуулгүй хэлэхэд одоогийн залуус компьютер дээр шивсээр байгаад гараар бичих чадваргүй болсон нь харагдах юм. Хүн ер нь сайхан бичдэг байх хэрэгтэй шүү дээ. Юу гэж бичсэн нь танигдахгүй жирийлгээд л байх юм. Социализмын үед компьютер хөгжөөгүй байх үед бидний үеийнхэн хийсэн ажлаа байнга гараар бичиж, зурдаг байсан юм шүү.

-Таны хувьд зураглалын олон тайлан бичсэн хүн. Кондицийн зураглалын ажил, судалгаа хийж буй залууст ямар зөвлөгөө өгөх вэ?
-1:50 000-ны масштабтай геологийн зураглал хийж буй залууст зөвлөхөд юуны өмнө тухайн газартайгаа маш сайн танилцах хэрэгтэй. Түүний дараа тухайн газар өөрийн юм шиг санаанд буугаад ирдэг. Мөн сансрын зургийн тайллыг зөв хийж сурах хэрэгтэй байдаг. Одоо google гэж сайхан юм гараад ирж. Сансрын зурагнаас хамгийн баримттай нь НАСА-гийн зураг байдаг юм.

-Таны хүүхдүүдээс мэргэжлийг тань өвлөж авсан хүн бий юу?
-Геологич хүн амжилттай ажиллахад бат найдвартай сайн гэр бүл чухал байдаг. Миний хувьд үнэхээр сайн ханьтай, азтай хүн. Би гэдэг хүн социализмын шүд дөрөвдүгээр сарын дундуур ажилдаа гараад арваннэгдүгээр сарын дундуур ажлаасаа бууж гэртээ ирдэг байсан. Тухайн үед одоогийнх шиг гар утас гэж байсангүй. Сумын төвийн холбоон дээр очиж хашгирч байгаад арай гэж утсаар ярьсан болдог байлаа. Байнга л хөдөө ажилтай, гэртээ өнжих нь тун ховор учраас хүүхдүүдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэж байсан үе тун цөөхөндөө. Хань минь л ар гэр, үр хүүхдүүдээ өдий зэрэгт хүргэсэн. Миний хань Дашцэрэнгийн Өлзий Өмнөговь аймгийн Хүрмэн сум буюу Түшээт хан аймгийн Ёст бээс Чүлтэмийн хошууны, удам угсаа сайтай хүн. Нийтийн хоолны мэргэжилтэй, юмханаар юм хийдэг хүн бий.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе
-Геологи хайгуулын ажлаас 1:50 000-ны машстабтай геологийн зураглал, ялангуяа Кондицийн зураглал хамгийн түрүүнд явах ёстой юм. Үүний тулд залуу геологичдоо дадлагажуулах хэрэгтэй байна. Оросууд дайны дараа эдийн засгаа босгохдоо кондицийн зураглалдаа түшиглэн том ордуудаа нээж, дагуул хотуудаа байгуулсан түүхтэй. Манайхан яг энэ жишгийн дагуу явах хэрэгтэй. Кондицийн зураглалаа түлхүү хийснээр улс дэд бүтцээ түүндээ тохируулан барьж байгуулах боломжтой болдог. Өнөөдөр геологийн судалгааг хувийн хэвшлийнхэн өөрсдийн боломжийнхоо хэрээр хөрөнгө оруулан хийж байна. Би кондицийн тендерийн шалгаруулалтын материалтай танилцсан, их л хэцүү санагдсаныг нуугаад яахав. Уг материалд 2014-2016 оныг хүртэл 3 жилийн хугацаанд хийх ажлын зааврыг тавдугаар сараас эхлэн өгөөд, зургадугаар сарын 18-ны өдрийг хүртэл оролцох хүсэлтэй аж ахуй нэгжийн материалыг авна гэж заасан байсан. Шалгаруулалтын тусгай комиссынхон ирүүлсэн материалуудтай танилцаад наймдугаар сарын 1-д хариугаа өгнө гэж байгаа юм. Ингэж их хугацаа алдсаар байтал ажил хийх цаггүй болж байгаа биз дээ. Хоёрхон сарын хугацаанд ямар ажил хийж амжуулах юм бэ. Жинхэнэ чанаргүй ажил хийгдэнэ биз дээ. Тиймээс үүнийг эргэж харах хэрэгтэй юм гэж бодогдсон.

-Тэгвэл кондицийн судалгааг чанаржуулахын тулд хэрхэх ёстой вэ?
-Миний сэтгэл зовниж явдаг нэг зүйл гэвэл “Ашигт малтмалын тухай хууль”-ийн зарим зүйл заалтууд. Тухайлбал, хэн нэгэн хайгуулын лиценз авахдаа заавал тэгш өнцөгт хэлбэртэй талбай авна гэж хуульд заасан байдаг. Тэгээд жил бүр тухайн талбайд хийсэн ажлынхаа талаар завсрын тайлан бичиж өгөх ёстой болдог. Гэтэл тус талбайн багахан хэсэгт ашигт малтмалын илэрц байгаа учир тэр хэсэгт л ажил хийнэ шүү дээ. Жилд гурван сая төгрөг ашигт малтмалын илэрцтэй талбайд хийснээ АМГ, МГХ хоёрт тайлагнахдаа тухайн тэгш өнцөгт талбайд тэр чигт нь хийсэн мэт бичих ёстой болдог юм. Тиймээс тухайн гурван сая төгрөгөө талбайд тэр чигт нь хамруулан тооцоход тухайн мөнгөн дүн нь нэгж га талбайд байх ёстой үнэлгээнд яасан ч хүрдэггүй. Тэгэхээр л хуулинд заасан хэмжээнд хүрэхийн тулд заавал худал тайлан бичихээс өөр аргагүй болдгийг бүгд мэдэж байгаа. Ингэж бие биенээ хуурах хэрэг байхгүй биз дээ. Тиймээс энэ мэт амьдралд нийцээгүй хуулийн заалтуудыг өөрчлөх шаардлагатай байна гэдэгтээ мэргэжил нэгт нөхдүүд минь санал нийлэх болов уу. 

Д.ОЮУНЖАРГАЛ