Хүн инээдэг мал инээдэггүй. Хүн ичдэг мал ичдэггүй. Тэнэгрэл ичихгүй болгодог. Адгуус шиг ичдэггүй хүн инээдмийн бай-амьтны адаг адсаганы шороо болсон ч нүүр нь улайдаггүй. Ширэн нүүртэй тийм гудиггүй гөлгөрүүд эрх баригчдын дунд олон бий. Үүний тод жишээ-Женко. Хар буруу санаагаар төмөр замаа 10 гаруй жил гацааж, ерөнхий сайдын мэдэгдсэнээр 80 ихнаядын ашиг хаасны гайгаар ядуурсан борчууд дэлбэрэхдээ тулаад байхад Женко “өөрийгөө магтах аян” улс даяар өрнүүлж, тараасан тав арван цаасандаа алга тосогчдыг “сонгогчид намайг шүтэж байна” гэж хэнэг ч үгүй өөрийнхөө цолыг өөрөө дуудан өөрийгөө рекламдаж явна. Түүнд хууртдаг мал тасардаггүй тул тэрбээр УИХ-д шургаж ялаас мултрах горьдлого өвөрлөж яваа оргодол. Түүнд өөр нуувч үлдээгүй.

Азийн хөлдүү эзгүй дээвэрm бүрэлдсэн ардчиллын “ураг” коммунист хатсан баасанд бузартаад хөгжлийн бэрхшээлтэй төрсөн агаад ухаан мэдрэл дэн дун салгалж явна. Сул талтайгаа хэрхэвч эвлэрдэггүй улсад шог зохиол маш эрэлттэй оюуны тэжээл байдаг. Нуугдмал тээг саадаа илчилдэг зохиолчдынхоо угаадсыг жаахан өтгөсгөөд, уяаг ялимгүй уртасгаад хуцах чимээг-журамтай ухаалаг гүрэн анирддаг. Ийм нугаршгүй тууштай зарчим-доголдлоо үтэр түргэн арилгах хүслийнх.

Зөрчилд идэгдсэн манай нийгэм цөхөрч дөжрөөд эмзэглэхээ больчхож. Иргэдээ ичдэггүй болгоод хаячхаж нөгөө эрх чөлөө чинь. Шоолж инээх ариусал байжээ. Бузар булайг жигших ёс хаана жанжилж байна тэнд хошин зохиол цэцэглэдэг жамтай. Иргэд хараал уншаад хошин зохиолыг нулимах болж. Ичих жигших мэдрэмжгүй орон яг л үхдэл шиг хүйтэн агаад аймшигтай.

Ардчиллыг зоргоороо туйлах диваажин гэж мунхагласан 30 жилд хошигнох торгон авъяас үнэгүйдэж, сэжиг хүрэм бүдүүлэг хараал брэнд болов. Ой гутам зүхэж, ор тас гүжирдэгсэд од болжээ. Гэвч ингэж зоригжсон шүүмжлэл ашиг тусаар нойлтов. Гүтгэлгийн худал үнэнийг мөшгөж тогтоохоо болиод урсгалд нь хаяв-нөгөө монголжсон ардчилал чинь. Шүүмжилсэн шүүмжлүүлсэн хоёр хэвлэлийн хурал хийснээр нэг бол хоёул буруутай, нөгөө бол хоёул буруугүй гээд замхарна.


Нээнтэг

Нээнтэг?! Энэ үг монгол уу, гадаад уу? Энэ үг чухамдаа "үг" үү, ерөөс юу ч биш-утгагүй жаргон уу? Үндэс язгуур тодорхойгүй. Гэтэл энэ "үг" ямар уршиг тарьж буй гээч. Нээнтэг гэж чи үхсэнээ солиорно вэ, тайлбарлаач гэж яарч байна уу. Тайлбарлая: миний хулгайг сөхвөл чинийхийг сөхнө, томруулж хэлбэл бидний хулгайг сөхвөл та нарынхыг нотлох баримт хангалттай бий гэж сүрдүүлнэ. Нээнтэг гээд буй нь угтаа энэ. Том хулгайчийн авилга толгойг нь ороож, нээнтэглэгчдээ мөнгө төлнө, гэмт хэргийг нь хэрэгсэхгүй болгоно, өндөр тушаалд томилно, аягүйтвал авгайгаа үнэгүй түрээсэлнэ. Ингэлээ гээд нээнтэг гэгч гай зайлахгүй. Нээнтэглэгч нь новшийн эр таарвал цаашаа эрсдэл сэдрээд л байна гэж бод. Новшийн эр гэснээс Монголд новшийн бус эр үгүй болсон юм биш үү. Нээнтэг гэж ийм л бузар улаан сэрээ дээ.

Төрийн өндөрлөгүүд бие биеэ нээнтэглэсэн тул хоорондоо ашиг сонирхлын шуналаар янаглаж, төсөв хуурайлж баяжсан тэрбум ихнаядын хулгай нь илэрч шившигтэй дуулиан дэгдлээ ч муухай харагдахгүй-дээдсийн гангараа болжээ гэхэд хилсдэхгүй. Тэд лоббигоороо цагдаа АТГ прокурор шүүхийн гол удирдлагуудыг томилдгоороо дотроо бардамнаж, хууль нулимж ял завшдагаараа нэрэлхэх ч үгүй сүрийг бадруулж нийтийг дарамтална. Иргэн шүгэлдээд, жагсаад, өлсөөд, шатаж үхээд амины гарз. Гэхдээ “монгол хулгай” ялж, Монгол улс ялагджээ. 3,5 саяул ийнхүү доромжлуулж байна. Доромжлуулж буйгаа бичвэл харанхуй масст-барууны гар хөл, хужаагаараа дуудуулна.

Олонх цөөнх гэгч сөрөг хүчнүүд бие биеэ нээнтэглэчхэж. Татвар төлөгчдийн мөнгөнөөс тэдний хулгуулсан тэрбум ихнаядын хулгай шил шилээ даран илэрч ядуурсан боолууд боож үхэх гээд байдаг. Хэн нэг хулгайчаараа туг дахивал өнөөх нь авилгын аймшигт сүлжээг хөвснөөр засаг төр орвонгоороо нурах гэж дэнжигнээд байдаг. 30 жил хүлцэнгүй дарлуулсан нүүдэлч малчин угшилтай монголчууд нэг мэдэхнээ өрөнд унаж хоосроод, дампуурлын ирмэгт хөл тавьжээ. Онхолдох мөч ийнхүү тулгармагц нүүдэлчид яасан гээч? Дээр доргүй бал цул, амар хялбар, сул олзоор амиа хоохойлохоор хошууран уралдав. Ичих нэрэлхэх ч бүр өнгөрсөн. Баялаг бүтээж, панз үсэргэж, мөнгө олж сураагүй хөөрхийс ангал руу унаж, хулгайчид гадаадад байршуулсан бузар хөрөнгөөрөө тансаглахаар нисэх сурагтай. Сайн цаг морилохыг бурхнаас гуйх уу, сонгогчдоосоо эх орноо хувхайруулсан архаг хулгайчдаа дахин бүү сонго гэж гуйх уу. 3,5 сая дотор УИХ-д сонгочмоор хулгай хийхгүй хүн бий бол уу. 

Нээнтгэсээ хазайчлаа. Сэдэвтээ оръё. Зах зээлд туйлдсан хүн зүгээр суугаад өлбөрч үхнэ. Сайн тунгаавал нээнтэг чинь залууст амьдрах-ганц түлхүүр нь болсон юм биш үү. Зах зээлд овсгоогоор амь зууна гээ биз дээ. Монголд нээнтэглэх, цүнх барих хоёроос өөр өрсөлдөж-чадвараа хурцлах бизнес алга. Өтөлсөн болохоос үхсэн биш идэж уучаад зүгээр суух эвгүй юм. Амьсгал хураатлаа юугаар оролдох вэ гэж бодоод, зөнөг би нээнтэглэх этгээдээ олъё гэж балайрсан гэж байгаа. Өвгөн буурайд таних чөмөгтэй босс алга. Миний үе өнгөрсөн хорвоо болжээ. Эцэст нь зурсан зураг нь гадны жуулчдын шохоорхлыг татаж, шаггүй валют олж яваа өөрийн чацуутан нэг муу өвгөн зураачийнд чавхдаж хүрлээ. 

Найзаасаа мөнгө салгах нээнтгээ нууцаар үйлдэх, зохиолч зураач уран бүтээлчдийн ёс зүйд харш тул зорилгоо шууд хэллээ. Өөрийг нь нээтэглэхээр ирсэн намайг тэр дарсаар дайлангаа, 

-Чи ардчилал чөлөөт зах зээлээс хол хаягджээ. Шог зохиолч хоцрогдох-туурвих сэдэвгүй болоод төгсөж буй нь тэр. Нээнтгийг ХЗДХ-ийн сайдаар 20 жил даналзсан Ц.Нямдорж шиг зайран дөнгөдөг дээдсийн бизнес гэж сэнхрүүлэв.

-Тэгвэл миний нээнтэг бүтэхгүй сэдэл байжээ гээд намайг урамгүй санаа алдахад найз өвгөн маань, 

-Цүнх баригч болъё гэхэд таягтай чамайг авах тэнэг олигархи хорвоод байхгүй. Тэгээд ч хагартлаа баяжсан-халдашгүй байдлын дархан эрхтэй хулгайчийн цүнх барих осолтой. Эрдэнэс таван толгойн захирал асан Б.Ганхуягыг хар. Улстөрөөр дүүлж явсан Т.Аюурсайхан урхидуулсан элээ нисэж чадахгүй шороон дээр нэвсэгнэх мэт харагдана. Цүнх баригч болгоны карьер У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнийнх шиг биелдэггүй. Тэр гурав ч гэсэн цаашдаа яагаач билээ. Буух газраа мэдэж нис гэдэг байх аа. Өдгөө араа даагч аугаа Путины хэрхэхээс шалтгаалж Женко хүртэл үйлдсэн лайгаа эдлэх өдрөө хүлээж сууна. “Энэ бүхнээс сургамж ав” гэж зохиолч санаатай шүү юм бол чи залууст хандаж миний захиасыг дамжуул гэж ардын зураач маань надаас хүсэв. 

Нийгэмдээ нэмэр болох тэнхээ барагдсан буурайн царай, хүртсэн алдар цолоо хүндэтгэн хойчийнхоо төлөө сэтгэлээ чилээсээр нүд анидаг янзтай. (2023)