Хойд Солонгосын Орост очсон цэргүүд дайнд бэлэн биш байна.
Хёнсын Ли ярихдаа: “БНАСАУ-ын эдүгээ Орост очоод байгаа “Дайрагч корпус” бол Хойд Солонгосын армийн бахархал байсан билээ. Гэвч энэ корпус эдүгээ Украинд очоод орчин үеийн дайны туршлагатай, тэсвэр хатуужилтай украины баатарлаг цэрэгтэй тулалдах нь эмгэнэлд хүргэж, эцсийн эцэст тэд украины их буу, дроны махан зууш болоод дуусна даа” хэмээн мэдэгдэв.
Хойд Солонгосын армид цэргийн алба хааж байсан Хёнсон Ли өрнөдийн хэвлэлүүдэд дараах ярилцлагыг өгчээ.
Хёнсын Ли ярихдаа: “БНАСАУ-ын эдүгээ Орост очоод байгаа “Дайрагч корпус” бол Хойд Солонгосын армийн бахархал байсан билээ. Гэвч энэ корпус эдүгээ Украинд очоод орчин үеийн дайны туршлагатай, тэсвэр хатуужилтай украины баатарлаг цэрэгтэй тулалдах нь эмгэнэлд хүргэж эцсийн эцэст тэд украины их буу, дронымахан зууш болоод дуусна даа” хэмээн мэдэгдэв.
Хёнсын Ли нь 2000 оны үед Хойд Солонгосын армийн их буу болон тагнуулын батальонд алба хааж байсан, мөн одоо Орост очсон тэрхүү “Дайрагч корпус”-т нийтдээ 3 жил цэргийн алба хаажээ. Тэр Хойд Солонгосоос оргож эрх чөлөөгөө олсон юм.
Хёнсын Ли ярихдаа: “Хойд Солонгосын цэргүүд орчин үеийн дайнд бэлэн биш байгаа. Тэдэнд орчин үеийн дайны ямар ч туршлага байхгүй. Хойд Солонгос хөвгүүд 17 нас хүрмэгц армид татагдаж тэндээ бүтэн 10 жил цэргийн албыг маш хүнд нөхцөлд хашдаг” хэмээн өгүүлэв.
Украины цэргийн албаны мэдээлснээр Хойд Солонгосын 11 000 цэргийн албан хаагч Оросын Курск мужид байрлаж байгаа юм байна. Энэ Курск мужийн ихээхэн хэсгийг Украины арми хяналтдаа аваад байгаа билээ.
Украины зэвсэгт хүчин “Оросын арми тэнд очсон хойд солонгосын цэргүүдийг явган цэргийн зэвсэг винтов буу, танкны эсрэг пуужин, гранатометаар хангажээ. Орост очсон хойд солонгосын цэргүүдэд шөнийн дуран, дулааныг илрүүлэгч багаж, шөнийн дурантай мэргэн буучийн винтов зэрэг зэвсгийг олгоод байна. Оросын цэргийн мэргэжилтнүүд хойд солонгосын цэргүүдийг орос зэвсэг хэрхэн ашиглах,оросын явган цэргийн дүрмийг хэрхэн баримтлах, дроныг хэрхэн ашиглах, дроноос хэрхэн хамгаалах зэрэг сургалтуудыг явуулж байна.” хэмээн мэдээлжээ.
2022 оны 2-р сард Оросын Украинд халдсан түрэмгий дайн эдүгээ дрон, удирдлагатай бөмбөг, пуужин зэрэг орчин үеийн зэвсгийн туршилтын талбай болоод байгаа билээ.
Хёнсын Ли ярихдаа “ Хойд Солонгосын Орост очсон цэргүүдэд орчин үеийн дрон, өндөр технологитой зэвсгүүдийг богино хугацаанд эзэмшихэд нилээд цаг хугацаа орох тул тэдэнд бэрхшээл тулгарах болно. Орчин үеийн дайны туршлагагүй хойд солонгосын цэргүүд ихэд эмзэг байх бөгөөд эцэстээ украины их бууны махан зууш болно. Хойд Солонгосын цэрэгт Украины дайнд орох нь дараах эрсдэлтэй. Нэгд, тэд огт танихгүй мэдэхгүй орчинд очиж байна. Хоёрт, тэд орчин үеийн дайны туршлага огт байхгүй. Гуравт, тэд юуны төлөө тулалдаж байгаагаа мэдэхгүй байгаа. Мэдээж тэдний эсрэг Украины зэвсэгт хүчин орчин үеийн пуужин, дрон хэрэглэх болно. Хойд Солонгосын Орост очсон 11 000 цэргийн бараг 90.0 хувь нь устах байх даа. Хойд Солонгосын цэргүүд харь нутагт ямар ч зорилгогүй амь насаа алдах нь утгагүй хэрэг юм. “ гэв.
Хёнсын Ли цааш нь ярихдаа: “Хамгийн сүүүлд Хойд Солонгосын цэргүүд өнгөрсөн зууны жар, далаад онуудад тавиад жилийн өмнө Вьетнамын дайнд оролцожбайсан. Мөн Хойд Солонгос африкийн улсуудад цэргийн зарим офицеруудаа зөвлөхөөр явуулж байсан. Үүнээс өөр хойд солонгосын цэрэг, офицер гадаадад явсан тохиолдол нэг ч байхгүй. Хойд Солонгосын цэргүүдийг Орос руу явуулахдаа маш нууц байдлаар явуулсан бөгөөд тэдгээр Орост очсон цэргүүд анх хаашаа явж байгаагаа ч огт мэдэхгүй байсан. Дайны тэргүүн шугамын фронтод явж байгаагаа ч төсөөлөөгүй байсан” гэв.
Эдүгээ Оросын Курск мужид орос цэргийн дарга нарын удирдлага дор очсон хойд солонгосын цэргүүд орос хэл дээр “Стой”, “Огонь”, “Не стреляй”, “Вперед”,“Назад”, “Стоп”, “Ты окружен”, “Лежи”, “Встать” гэх мэтийн орос цэргийн команд сурах гэж ихэд хичээж байна.
Эдүгээ Хёнсын Ли хойд солонгосын цэргүүдэд сошл сүлжээгээр видео уриа гаргаж “ Хойд Солонгосын цэргүүд ээ. Та нар өөрийн эх орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө тулалдаж байгаа биш шүү. Та нарт болон та нарын гэр бүлд ямар ч урамшуулал өгөхгүй шүү ” хэмээн хэлж байгаа ажээ.
Өмнөд Солонгосын Тагнуулын албаныхан мэдээлэхдээ: “Орос улс Хойд Солонгосын цэргүүдэд нэг сард 2000 ам.долларын цалин өгнө. Гэвч Хойд Солонгосын төр засаг эдгээр мөнгийг цэргүүдэд огт өгөхгүй, улс нь шууд хурааж авна.” гэжээ.
Хёнсын Ли “ Хойд солонгосын цэргүүдэд ямар ч цалин өгөхгүй. Тэд бол зөвхөн Хойд Солонгосын дарангуйлагч удирдагч Ким Чен Ыний тушаалыг л үг дуугүй биелүүлдэг юм. Хойд Солонгосын цэргүүд Украинд амь үрэгдвэл гэр бүлд нь ямар ч нөхөн олговор олгохгүй, юү ч олгохгүй. Амь насаа алдвал хохь нь болоод л өнгөрнө. Хойд Солонгосын цэргүүд украины талаас солонгос хэл дээр тэдэнд хандсан бууж өгөх тухай болон хоол хүнс, орон сууц өгөх тухай мэдээллийг сонсоод тэд Орост байрлаж байгаа Хойд Солонгосын армиас оргож Украины талд бууж өгөх нь мэдээж. Хэрэв би тэнд байсан бол тэдэнд хандаж “ Эх орны элэгт нэгт хөвгүүд ээ. Та нарыг Хойд Солонгосын төр засаг хуурч мэхэлсэн байна. Энэ дайн бол та нарын оролцох дайн биш. Та нар амьд үлдэх хэрэгтэй. Дайнаас татгалзах хэрэгтэй” хэмээн хэлэх байсан” гэв.
Украины талын мэдээлснээр Хойд Солонгосын Орост ирсэн цэргүүд Украины хилээс 50 км-ийн зайд цэргийн хуаранд байрлаж байгаа юм байна. Украины ерөнхийлөгч В.Зеленскийн хэлснээр “ Оросын Курск мужид Хойд Солонгосын 11 000 цэрэг байрлаж байгаа ажээ”
Өмнөд Солонгосын Тагнуулын газар “ Хойд Солонгосын цэргүүдэд орос цэргийн форм өмсгөж, оросын зэвсгээр зэвсэглэж, мөн Хойд Солонгосын цэргүүдийг Оросын буриад, халимаг, тува цэрэгтэй хольж, Украинд Хойд солонгосын цэрэг бус, Оросын буриад, халимаг, тувагийн цэрэг л байлдаж буй мэтээр харуулахыг оролдож байна” хэмээн мэдээлжээ.
"Freedom"-ын хамгийн сүүлийн мэдээгээр “Украины тэнгисийн цэрэг саяхан Курскийн Курщина орчим оросын десантын цэргийг бут цохилоо. Хойд Солонгосын 40 цэрэг Украины цэргийн цохилтод өртөж амь үрэгдлээ” хэмээн мэдээлж байна.
Өмнөд Солонгосын “Korea Herald” хэвлэл: “ БНАСАУ Орос улсад илгээсэн цэрэг болон зэвсгийнхээ хариуд Орос улсаас цэрэг бүрийн төлөө сар бүр 2000 ам.доллар болон жил бүр 700 000 тонн будаа авна, хамгийн сүүлийн үеийн сансарын технологи, цөмийн зэвсгийн технологи авах болно” хэмээн мэдээлжээ.
Оросын Холбооны улсад саяхан айлчилсан Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Цой Сонхи “БНАСАУ Орос улсын нөхдүүдийг ариун дайндаа ялах хүртэл нь бид хамтдаа хатуу бат зогсох болно” хэмээн мэдэгджээ.
Саяхан “The New York Times”: “Оросын арми ойрын хугацааанд 50 000 орос цэрэг болон Хойд Солонгосын цэрэгтэй хамтарсан томоохон довтолгоог Курскийн мужид хийхээр зэхэж байна” хэмээн мэдээлэв.
Владимир Путин Украинд хийж байгаа дайнаа улам өргөжүүлж, өөрийнх нь хэлснээр “ Бид зорилгоосоо хэзээ ч ухрахгүй “ гэдэг нь тодорхой болжээ. Тэр “зорилго” гэгч нь Оросын газар нутгийг тэлж, Украиныг түрэмгийлэн эзэлж, Оросын харьяанд оруулахыг л хэлж байгаа ажээ.
Ийнхүү 2022 онд Оросын өдөөсөн Орос Украины дайнд азийн Хойд Солонгос хүртэл татагдан орж өргөжсөн нь дэлхийн хэмжээний дайн болон хувирч болзошгүй болж, энх тайвныг эрхэмлэдэг хүн төрөлхтөнийг түгшээсэн үйл явдал болжбайна.
2024.11.11
Зочин
MGL
Зочин
дэмжигч
Зочин
Зочин
уншигч