Лувсандамба ренбүүчий: Монголчууд аа, Цагаан зүг рүү алхаарай
Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байх нэгэн сүм рүү танил маань намайг хөтлөв. Тэнд “Авидын орон” хэмээх ТББ үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний үйл ажиллагааны гол цөм нь энэ сүм юм. Эндэхийн сүмийн тэргүүнээр Энэтхэгийн Гоман дацангийн ламтан Лхаваажалцан ажилладаг. Миний уулзах гэгээнтэн түүний багш тул, уг сүмд морилж байгаа ажээ.
-Энэ сонин дээр яг юу бичих ёстой вэ гэхээр хүн уншаад энэ надад хэрэгтэй зүйл байна, энэ миний явах ёстой зам, дагах ёстой үзэл санаа байна, энэ миний хүндэтгэвэл зохих хүн байна гэдгийг олж авдаг байх ёстой. Мөн энэ сонин хүний сэтгэлийг хувиргаж чаддаг шидтэй, хүн уншаад зөв нөлөөлөл олж авдаг хүчтэй байх ёстой. Тийм л мэдээлэл, нийтлэлийг хүмүүст хүргэх хэрэгтэй. Муу бодолтой, аливаа зүйлийн араас дандаа мууг хайж байдаг хүмүүс угаасаа тийм төрлийн мэдээллүүдээ л уншдаг. Харин аливаа юмнаас зөвийг нь эрэлхийлдэг, өөрийгөө хөгжүүлье, гэгээрүүлье, мэдлэг мэдээллээ тэлье гэж хүсдэг, юмыг сайн бодож чаддаг, бясалгаж чаддаг хүмүүс бол өөр зүйлийг эрэлхийлдэг. Тийм учраас таны хийж байгаа энэ сонин, та бүхний бичиж нийтэлж байгаа эдгээр зүйлс, таны уншигчидтайгаа уулзуулахыг хүсч байгаа хүмүүс хүрэх газраа хүрнэ, яг хэрэгтэй хүмүүстээ очих нь дамжиггүй юм. Тэгээд таны энэ сонинг хэвлэн гаргах болсон хамгийн гол зорилго юу вэ юм бэ. Хэрвээ зөвхөн өөрийн хөрөнгө мөнгө, эд хогшлын тухайд үүнийг хийж байгаа бол юу ч бичсэн болно. Ерөөсөө зөвхөн мөнгөний төлөө гэж байгаа бол энэ дээр сайн муу, архи тамхи, бүгдийг бичиж болно. Яг хүмүүст туслъя, хүмүүсийн амьдралд туслъя, зөв санаа бодлыг төрүүлье гэж байгаа бол юу бичиж нийтлэх чинь маш тодорхой. Би таныг энэ л замаар явж байгаа хүн гэдэгт итгэж байнаа.
-Та Улаанбаатарт тавтай морилж байна уу. Таныг би Баянхонгор аймагт хэд хоногийн өмнө харсан. Таны энэ удаагийн монголын сүсэгтнүүдтэй уулзах болсон гол шалтгаан юу вэ. Та манай уншигчдад өөрийнхөө товч түүхээс танилцуулахгүй юу?
-Би бол Төвдөд төрсөн, Төвд хүн. Төвддөө төрж өссөн. 1959 онд манай Төвдийн байдал маш хүндэрсэн. Та мэдэж байгаа байх аа. Тэгээд л бид нар нутгаа орхиход хүрсэн. Цаг төрийн байдал эргэж, хятадууд нутгийг маань эзлэн авахад дүрвэсэн юм. Дүрвээд Энэтхэгт орж ирэхэд энэтхэгийн зүүн хэсэгт Пакса гэж газар байдаг. Тэр газар бид бөөнөөрөө хуарагнан амьдарч байтал Далай багш Энэтхэгийн Засгийн газраас тусламж гуйсан. Тухайн үед 1500 орчим дүрвэгч Энэтхэг рүү ороод ирчихсэн байсан л даа. Тэр үед Энэтхэгийн ерөнхий сайд байсан Жавхарлал Неругээс тусламж гуйсан. Манай энэ дүрвэгсэд ажил хийх боломжгүй байна. Гэвч тэдэнд сурах бололцоо олгож өгөөч гэж хүсэлт тавьсан . Неру гуай ч хүсэлтийг нь хүлээн авч, Пакса гэдэг газар олгосон. Пакса маш халуун, өөр нутгаас дүрвэж зовж ирсэн бидэнд цаг агаарын байдалд зохицох маш хүнд байсан. Цаг агаарын эрс өөр орчин нөхцөлд орсон дүрвэгчид дасан зохицож чадахгүй маш олноороо өвдөж, маш олноороо үхэж байсан. Энэ бүхнээс шалтгаалаад бид энд арай л амьдарч чадахгүй байна. Бидэнд өөр газар нутаг өгөөч гэж ахин тусламж хүссэн. Түүний дараа өмнөд Энэтхэгийн Карнатка гэж муж байгаа. Тэнд бид амьдацргаасан. Өмнө Төвдөд сурч байснаа үргэлжлүүлэн тэнд заалгаж сурсан. Тэгээд 1984 онд гэвш, лхаарамба гэдэг цолоо хамгаалаад 1985 онд Гоман дацангийн хамбын ширээнд заларч, 1995 оныг хүртэл хамбын ажлыг хийсэн. Түүний дараагаар 2007 онд Брайвун хийдийн ширээт ламын суудалд заларсан. Өдгөөг хүртэл Брайвун хийдийн ширээт ламын үүргийг хүлээж, үйл ажиллагааг нь явуулсаар байна. 1980 аад оны дунд үеэс эхлээд би шавь нартаа хичээл зааж эхэлсэн. Тэр мөчөөс хойш одоог хүртэл хичээлээ заасаар, шавь нараа сургасаар л явна даа.
-Тантай хамгийн анх уулзсан монгол шавь тань ямар хүн байсан бэ. Одоо таны дэргэд хичнээн монгол хувраг шашны эрдэмд суралцаж байгаа вэ. Тэдний аж амьдрал ямар түвшинд байдаг бол?
-Дашбалбарын Гангабаатар. Анх манай Гоман дацанд очиж байсан Гангабаатар тэргүүтэй таван хүү байдаг. Тэд бүгдээрээ миний шавь нар. Түүний дараагийн хүмүүсээс гэвэл одоо энэ дэд хамба Нанзаддорж, гавж Пунсан гээд эдгээр хүмүүс бүгд миний шавь нар. Ерөнхийдөө тэнд сурч байгаа монголчуудын тоо 300-аад болсон. 300 монголчууд бүгдээрээ миний шавь нар биш шүү дээ. Бүгд өөр өөрийн багштай. Над дээр суралцаж байгаа олон монгол бий. Би бүгдийг нь маш сайн байгаа гэж хэлэхгүй. Хүн янз бүр л байдаг шүү дээ. Оюун ухааны цар хүрээ, сайн муу, дээд доод түвшин ондоо байдаг. Тийм учраас үүнээсээ шалтгаалаад зарим нь үнэхээр сайн суралцдаг, зарим нь жаахан тиймэрхүү суралцдаг. Гэхдээ бүгд хичээдэг нь үнэн.
-Та эргэж ер нь Төвд эх орондоо очсон уу. Далай лам Төвдийн төлөө насан туршийн хүчтэй тэмцэл хийж амьдарч байна. Одоо ч Төвдөд байдал амаргүй хэвээрээ байгаа. Энэ урт зовлонгийн тухайд та юу хэлэх вэ?
-Би 1993 онд эх нутагтаа эргэж очсон. Тэгэхэд манай аав ээж энх тунх байсан. Тэгээд уулзахаар очиж байсан. Төвд эх орон, Төвдийн ард түмний төлөө бид бүгдээрээ зүтгэж байгаа. Тэр дундаа Далай багш бол маш их идэвхи зүтгэлийг гаргаж, өдөр шөнөгүй зүтгэж байгаа. Ерөнхийдөө бүх юм Далай багшийн зарлигийн дагуу явна. Андууралгүй, эндүүрэлгүй, айлдварын дагуу л явна. Бид ч түүнийг дагана. Ирээдүйд ч дагах болно. Дагасаар ирсэн. Далай багш яг ямар таалалтай байна, би яг тэр дагуу явдал мөрөө нэгтгэдэг. Эх орныхоо төлөө, Төвдийн ард түмнийхээ төлөөх зүтгэлээ тасралтгүй үргэлжлүүлж байдаг. Далай багш бол эх орноо авахын төлөө маш их зүтгэж байгаа. Ганцхан эх орноо авахын төлөө ч зүтгэж байгаа юм биш. Түүний өөр нэг зүтгэл шашныхаа төлөө явуулж байгаа бодлого юм. Энэ сайхан шашнаа хэвээр нь авч үлдэх, ард түмэндээ хэвээр нь үлдээх, дэлгэрүүлэн хөгжүүлэх, ард түмэндээ хэвээр нь хадгалуулахын төлөө зүтгэж байгаа. Би бол улс төрийн зүгээс нь эх орноо яаж хамгаалах, яаж аврах, ямар бодлого тэмцэл явуулах тэр талаас нь тэгтэл нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна. Шашны төлөөх багшийн бүх бодлогыг хэрэгжүүлэх, ард түмэндээ өвлүүлэн үлдээх тэр тал дээр өөрийн бүх амьдралаа зориулж яваа хүн. Би өөрөө шашны хүн. Яг энэ талаар мэргэшсэн хүн учраас тэр талаас нь би ч гэсэн зүтгэж байгаа.
-Монголчууд бид бараг бүгдээрээ буддын шашинтнууд. Энэ үүднээсээ буддын шашны томоохон голомт бол монгол орон. Гэхдээ урт хугацааны зам туулах явцдаа манай шашин тодорхой хямралуудтай учирч байсан. Одоогийн энэ шинэ үед харин хүчтэй сэргэлтүүд явагдаж эхэлж байна. Төвдийг бол бурханы орон гэгддэг. Гэтэл Төвдийн зовлон одоо ч дэлхий нийтийг цочроосоор байгаа. Яагаад шашны энэ том голомт атлаа ийм их зовлон эдэлж байна вэ. Энэ нь шашинтнуудын хийсэн үйлийн үр, алдсаас үүдсэн зовлон уу, эсвэл эзлэн түрэмгийлэгчдээс цэвэр үүдэж байна уу. Та хэрхэн яаж бясалгадаг бол?
-Үнэхээр шашин хүчтэй дэлгэрч байсан, томчууд заларч байсан нь үнэн. Тийм атал бид яагаад эх орноо алдсан бэ, бид яагаад өнөөдөр ийм байдалтай байгаа вэ гэхээр эхлээд бурханы шашны хамгийн том үзэл болох үйлийн үр гэж нэг үзэл байнаа. Бид үйлийн үрээ амсаад ингээд явж байна даа. Энэ нэгдэх зүйл. Хоёрт, Хятадууд үнэхээр хүчирхэг байсан. Бид тэдний өмнөөс босоод, өмнөөс нь тэмцээд дийлэхийн аргагүй тийм их хүчээр биднийг дарсан. Гуравт, тухайн үед Төвдийг удирдаж байсан. Бидний толгой дээр ажиллаж байсан манай Засгийн газрын тэдгээр томчууд ажлаа сайн хийгээгүй. Төвдийн ард түмнийг удирдан залж байсан тэр том суудлаа ард түмнийхээ эсрэг ашигласан. Буруу зүйл хийцгээсэн. Тэгээд эх орноо алдахад хүрсэн. Хамгийн том гурван шалтгаан энэ юм.
-Би бол сэтгүүлч хүн. Олон газар явж, олон урсгал чиглэлийн хуврагуудтай уулзаж байсан. Бүгд л үйлийн үрийн үүднээс тайлбарладаг. Гэхдээ энэ дэлхийд шашин огт сонирхдоггүй улсууд маш олон. Тэд асуух байх л даа. Төвд бурханы орон юм бол яагаад зовлонгоосоо ангижирдаггүй юм бэ гэж. Би маш аймшигтай бичлэг үзсэн. Тэр бичлэг дээр төвд хүний арсыг амьдаар нь хуулсан байсан. Үнэхээр юу хэлэхээ мэдэхгүй байна. Тэр бичлэгээс болж олон хоног шаналсан. Яагаад тийм ариун дагшины өлгий юм бол энэ аймшигт амьдралаас салахгүй байна вэ. Нөгөө бурханы их хүч хаана байна гэж би ч бас хашгирмаар байсан?
-Тийм ээ, бурхан бодьсадва нарын орон мөн. Хэдий мөн боловч тэнд маш олон янзын амьтан байдаг. Амьтан янз бүр. Амьтан янз бүр учраас үйл янз бүрийг хураадаг. Үйл янз бүрийг хураасан учраас бүгд хураасан үйлийнхээ үрийг амсах хэрэгтэй болдог. Хүссэн ч эс хүссэн ч амсах хэрэгтэй болдог. Тийм учраас бурхан байлаа гээд бид зовлонгоос байсан төдийд ангижирдаг зүйл биш. Биднийг одоо ч гэсэн бурхан дээрээс харсаар л байна. Болгоосоор л байна. Гэтэл Төвдөд гэлтгүй хаана ч бид адилхан зовж байна шүү дээ. Дэлхийн хаана ч зовлон байсаар л байна шүү дээ. Тэр чинь бурхан байхгүйдээ тэр юм уу гэвэл үгүй ээ. Өөр өөрийнхөө хураасан үйлийн үрийг бид амсдаг. Тийм учраас бид өнөөдөр зовлон амсахад хүрсэн. Би түрүүн хэлсэн манай тухайн үед Засгийн эрхийг барьж байсан хүмүүс ажлаа сайн хийгээгүй. Хоёрдугаарт, Хятадуудын Төвдийг эзлэе, Төвдийг идье гэсэн санаархал бол хэдэн зуун жилийн турш үргэлжилж ирсэн. Бүр анхнаасаа энэ зорилгын төлөө тэд дайрч байсан. Гуравт, нийтийн үйл гэж байдаг. Тэр боловсроод ийм байдалд хүргэсэн. Түүнээс биш бурхан байсаар л байна. Одоо ч бидний дээрээс харсаар л байна. Амьтныг энэрсэн, энэрэхүйн цаламтай тийм бурхадууд байсаар л байна. Гэхдээ тэд чинь зовлонг шууд гараа угаах шиг угаачихдаг юм биш шүү дээ. Янз бүрийн амьтан байна. Янз бүрийн хүмүүс байна. Янз бүрийн оюун санаатай. Янз бүрийн хүсэл шуналтай хүмүүс байна. Тэд янз бүрийн үйлийг хурааж байна. Хураан хураасаар сүүлдээ үйл нь боловсроод ирэхийн цагт ийм болж байна. Өмнө нь ч гэсэн Монголд Бурхан бодьсадва нар, том том хутагт хувилгаадууд хичнээн байсан билээ дээ. Тэд хичнээн байсан, оршиж байсан ч гэсэн үйлийн эрхээр өнөөдөр бид ямар болсон байна. Цаг өөрчлөгдөж, цөвүүн цагийн эрхэнд маш олон хутагт хувилгаадуудаа өөрийн гараар устгаж, сүм хийдүүдээ галдан шатааж, маш олон номнуудаа үгүйрүүлсэн. Тэгэхэд ч гэсэн энд маш том том хутагт хувилгаадууд, шашны өндөр онолыг олчихсон мэргэдүүд байсан. Бурхан бодьсадва ч байсан. Тэгээд юу боллоо. Яг үүнтэй адилхан зүйл л Төвдөд болсон. Тэгээд үйлийн үрийг хүлээн зөвшөөрдөг үүднээс яривал үүнийг харах нэг харц байгаа. Явах нэг зам байгаа. Үзэх нэг бодол байгаа. Огт үйлийн үрийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүст яг юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Ер нь бол “Бурхан байгаад байна. Харин би яагаад зовоод байна”... ингэж хэлэхэд л хүрнэ. Энэтхэгт ч гэсэн Бурхан багш өөрөө ил заларсан биз дээ. Бүр яг хүний биеэр залраад, хоёр гартай, хоёр хөлтэй залраад хүний урдуур алхаж байсан биз дээ. Шашин хүчтэй дэлгэрч байсан биз дээ. Тийм ээ, байсан. Гэтэл өнөөдөр бүр юу ч байхгүй болсон шүү дээ. Бүх бурханы шашны хийд, лам хуваргууд яг адилхан цагийн эрхээр алга болсон. Үүнийг үйлийн үрийн үүднээс харвал хүлээн зөвшөөрч болно. Харж болно. Ойлгож болно. Үүний үндсэн дээрээс ярьж болно. Нэгд, юу байдаг вэ гэхээр бурханы үйлс гэж байдаг. Хичнээн хүчтэй билээ. Бурханы үйлс гэж байна. Энгийн хүмүүсийн үйлийн үр гэж нэг байна. Энэ хоёрын хүч яг адилхан байна. Бурханы үйлс ямар хүчтэй билээ. Бурхан юу л гэж таална. Тэр нь бүтдэг. Гэтэл эгэл амьтны үйлийн үрийн боловсрох нь түүнтэй адилхан хүчтэй байна. Яг л үйл нь боловсроод гараад ирэхийн цагт хэн ч буцааж чадахгүй байна. Бурхан хажууд нь суугаад ч буцааж чадахгүй байна. Үйлийн үр нь огт шамшигдахгүй байна. Боловсрохоо болоод ирэхээр хажууд нь бурхан байна уу, бодьсадва байна уу, тэрнээс хамаарахгүй. Яг боловсроод л биелчихнэ. Тэр маш хүчтэй. Яг бурханы үйлс шиг. Бурханы үйлс ямар хүчтэй билээ. Тийм болохоор энэ хоёрын хүч нь яг хүчин талаасаа адилхан байна. Хүчнийх нь байдал яг адилхан байна.
-Буддын шашин дотор ч маш олон хуваагдал байх юм. Манай хотод ч гэсэн Төвд лам нар байна. Очоод уулзахаар өөр өөр зүйл ярьдаг. Нэг хэсгээ үгүйсгэх ч юм уу. Мөн манай төв гандангийн амьдралд ч маш их зөрчил байдаг. Түүнээс гадна аравдугаар богдыг монголоос төрнө гэдгийг өмнөх богд жанч халахаасаа өмнө зарлачихсан байгаа. Үүний төлөө бизнесийн бүлэглэлүүд, улстөрчид далд тэмцэл явуулж байна.
-Эхлээд би шашин дотор олон урсгал байдгийн тухайтад тодорхой ойлголт өгье. Бурханы шашин түүний дотор ямар бүтэц байдаг вэ гэхээр сажын урсгал гэж байгаа. Улааны гаржүдийн урсгал гэж байгаа. Нинмын урсгал гэж байгаа. Гэлүг энэ шар малгайтны урсгал гэж дөрвөн гол урсгал байна. Дөрвөн төрлийн урсгал дөрвүүлээ бурхан багшийн номын айлдвараас гарч ирсэн зүйл юм. Нэг л эх үндэстэй. Тийм учраас би шарын шашны хүн энэ бол гарж, энэ сажынхан гэх мэтээр ялгаварлах ёсон үгүй юмаа. Яагаад гэхээр тэдний мөрдөж байгаа мөрдлөг, айлдаж байгаа ном бол ариун ном мөн. Ариун ном учраас дээд доодын ялгаа үзүүлэх явдал надад үгүй. Энэ нь өөрөө тавигдах зүйл ч биш. Номын хувьд ямар ч ялгаа байхгүй. Бүгд гэгээрэл дээр үндэслэсэн. Бүгд гэгээрэл рүү явж байгаа гэгээн ном юм. Тэгэхээр хүний ам гэдэг бол хамгийн эрх чөлөөтэй эд. Ам гэдэг чинь эрх чөлөө гэсэн үг. Ерөөсөө юу л дуртайгаа ярьж болно. Ам бол эрх чөлөө. Олон хүн байна. Олон ам байна. Юу хүссэнээ, дуртайгаа ярьж байна. Тийм болохоор цагдах ямар ч боломж байхгүй. Хамгийн гол нь үнэнийг л эрэлхийлэх хэрэгтэй. Тийм учраас ариун номыг эрэлхийлж яваа тийм хүмүүс байна. Хажуугаар нь далимдуулж яваа хүмүүс ч байна. Тийм учраас элдэв яриа үргэлж байж л байдаг. Номлож байгаа номлолууд нь бүгд ариун ном мөн. Бурхан багшийн айлдвараас гарч ирсэн, нэг ёзоороос гарч ирсэн дөрвөн урсгал. Тэгэхээр энэ нь муу, тэр урсгал нь илүү гэж ялгаварлаж байвал бид үнэхээр номыг тэвчихийн маш том нүглийг хурааж байгаа явдал юм.
-Энэ эргэлзээ рүү ороход манай Далай багшийн айлдвар бас чухал нөлөө үзүүлсэн шүүү дээ. Ном тавьж байхдаа “Хэрэв энд шүгдэн шүтдэг хүн байвал гарч болно” гэж тэр мэдэгдэж байсан. Энэ нь дэлхий даяар тархсан буддистуудын өмнө маш том асуултын тэмдэг босгож ирсэн шүү дээ.
-Би эхлээд аравдугаар богдыг тодруулах тухайд хэдэн үг хэлье. Аравдугаар богдыг тодруулах ажил мэдээж одоо явагдах болно. Тэгэхээр хутагт хувилгаадуудыг тодруулах тусгай ёс журмыг заачихсан байдаг юм аа. Ингэж тодорноо, тэгж тодорноо гээд бүгдийг заачихсан байдаг. Түүний дагуу л явна. Ямар нэгэн эндүүрэл байхгүйгээр шүү. Түүнээс биш ямар нэгэн том бизнесмений санал болгож байгаа хүүхдийг мөн гэнээ гэх юм уу, эсвэл нэг том улстөрчийн зүтгүүлж байгаа хүнийг мөн гэх дур мэдэж явагддаг асуудал биш. Амьдрал юм болохоор олон нэр нөлөөтэй хүн олон хүүхэд зүтгүүлэх л биз. Гэсэн ч яг номын дагуу хутагт хувилгаадыг яаж тодруулдаг вэ, бурханы номд яг яаж заасан бэ түүний дагуу л тодруулдаг. Аравдугаар богд ямар ч айлд төрж магадгүй. Бүр баян айлын хүүхэд болоод ч төрж мэднэ. Үгээгүй хоосон айлын гэрт ч мэндэлж мэднэ. Хутагт хувилгаад гэхээр л заавал баян айлд төрдөг, эсвэл ядуу буурай айлд төрдөг гэсэн тогтсон юм байдаггүй. Янз бүр төрдөг. Далай багш ч гэсэн энгийн л нэг малчин гаралтай хүн. Банчин богд ч гэсэн малчин гаралтай хүн. Төөрөг янз бүр. Томчууд зүтгүүлээд л болчихдог юм бурханы шашинд байдаггүй. Хамгийн гол нь эндүүрэлгүй, номын ёсоор тодруулах ёстой. Манай Төвдөд ч иймэрхүү гажуудлууд гарч байсан. Манай хүү л хутагт хувилгаан болох ёстой гээд зүтгүүлчихсэн. Тэр нь бүр хутагт хувилгааны суудалд заларчихсан тохиолдол гарсан байдаг. Энэ бол биш юмаа. Тэр хүүхдийг мэндлэхэд номон дээр заасан шинж тэмдэг илэрнэ. Шинж тэмдгийн дагуу номын ёсоор яг андуурал үгүйгээр энэ аравдугаар богдын дүр мөн байнаа гэж тодруулах ёстой.
-Одоо бол мэндлээгүй байгаа юм уу?
-Мэндлээгүй байгаа байлгүй дээ. За, мэндэлсэн, мэндлээгүй хамаагүй. Ер нь тодруулах ёстой шүү дээ. Тодруулах үйлс ингэж явах ёстой юм гэдгийг л би хэлж байгаа юм. Түүнээс мэндэлсэн эсэхийг би мэдээгүй байна. Нэг эрх мэдэлтэй нөлөөтэй хүн энэ мөн гээд, нөгөөх нь бишээ энд байна гээд андуурал эндүүрэлд төөрөгдүүлж болохгүй. Хэрэв ийм самуун байдал үүсвэл яг жинхэнэ аравдугаар богд биш өөр нэгэн хуурамч дүр тодрох аюул байгаа юм аа. Тийм учраас ёсын дагуу, номын дагуу, шашны өөрийнх нь зан үйл, өгөгдсөн илэрсэн шинж тэмдгийн дагуу тодруулдаг учиртайг л ахин сануулж байгаа юм.
-Дараагийн асуулт маань шүгдэн шүтээний тухай асуулт байна. Далай багш энэ урсгалд яаж ханддагийг бид сайн мэднэ. Харин би таны амнаас энэ талаарх байр суурийг тань сонсмоор байна.
-Далай багш энэ тухайтад таалалгүй айлддаг юмаа. Анх бол Далай багш өөрөө шүтэж байсан. Тэгээд Далай багшид эргэлзээ төрсөн. Түүний дараа Далай багш өөрөө шинжилсэн. Өөрөө сайтар шинжилсэн. Шинжилсэний үндсэн дээр энэ бол шүтэгдэх зүйл биш байнаа гэдгийг өөрөө нотолсон. Тэгээд түүнийгээ хамгийн түрүүнд Төвдийн ард түмэндээ энийг битгий шүтээрэй гэж зарлигласан байдаг. Өнөөдөр шүгдэнг шүтэж болно, болохгүй гэж байгаа нь зөвхөн Төвдүүдэд л хамаатай зүйл юм. Төвдүүд л шүтэж болохгүй гэсэн үг. Энэ хоёр өөр зүйлийг холиод байгаа юм. Яагаад Төвдүүд шүтэж болохоо байсан бэ гэхээр уг гаралыг нь Даваажалцан гэж тийм хүнээс үүдэн гарч ирсэн бугийн шинжтэй босоо ороолон байна гэсэн. Тэгээд энэ нь анх яагаад Төвдөд асуудал үүсгэсэн, анх яагаад Төвдүүд шүтсэн, бас яагаад больсон бэ гэдгийг бид уг гарвалыг нь харж байж сайн шинжих хэрэгтэй. Монголын шүгдэн гэхээр өөр гаралтай болчихдог, Төвдүүдийн шүгдэн гэхээрээ бас нэг өөр зүйл биш. Уг гарвал нь нэг юм чинь. Бид яагаад татгалзсан, ямар шалтгаан, ямар үйлийн үр ирсэн тэр нь бас л та бүхэнд ирнэ. Яг залгаад , дамжаад л ирнэ. Та нарынх өөр нэг гаралтай, биднийх бас нэг өөр гаралтай юм биш. Ингэж асуудал тариад байгаа шүгдэн гэдэг зүйл чинь уг гарал нь муу гаралтай, маш муу зүйл. Тийм учраас л үүнийг хорьсон. Би монголд ирээд нэлээн олон хонолоо. Олон хүмүүстэй уулзлаа. Ном ч их ярьлаа. Хараад байхад монголчууд их сүсэгтэй юм. Сүсэг нь байсаар л байна. Арвангуравдугаар Далай багш Төвдөөс гараад Монголд ирсэн байдаг. Ирээд гурван зүйлийг айлдсан байдаг. Гурван гайхамшигтай зүйлийг харлаа гэж. Юу харав гэтэл. Нэгдүгээрт, Монгол хүний сүсэг гэж үнэхээр гайхамшигтай зүйл байдаг юм байнаа гэж. Хоёрт нь, Хятад орны хууль цааз нэгэн гайхамшиг байжээ гэж. Гуравдугаарт нь, Гүнчийренбүүчийгийн үйлс гэж нэгэн гайхамшиг байнаа. (Гоман дацангийн сурах бичгийг зохиосон, зам мөрийг нь айлдсан гэгээнтэн) Би ийм гурван гайхамшгийг л харлаа даа гэж айлдсан байдаг юм. Надад ч гэсэн үнэхээр сайхан байлаа. Та бүхэнд ном буянаа эргүүлэн оршоох асар их ирээдүй байна.
-Та бол Далай багштай их ойрын хүн. Та анх түүнтэй хэзээ хэрхэн учрав. Далай багш нэгэнтэй монголд морилохдоо бидэнд хандаж “Архиа бага уу, айргаа их уу” гэж айлдсан юм. Тухайн үед монголчууд нийтээрээ архинд их орж байсан. Далай багшийн тэр айлдвар монголчуудад ёс суртахууны их сайн эмчилгээ болсон. Харин өнөөдөр таныг монголчуудад зориулж бас нэгэн шинэ мессеж илгээвэл ихэд талархана.
-Далай багш тэгж айлдсан байдаг. Надад Далай багшаас илүү айлдах зүйл байхгүй. Би Далай багшаас илүүү мэдлэгтэй ч биш. Илүү чадалтай ч биш. Гэхдээ миний хувийн бодол гэж бас байнаа. Бурхан багш архины талаар айлдсан байдаг. Та бүхэн өвсний үзүүр дээр тогтсон нэг дуслын төдий ч сархад уусан байвал би та бүхний аврал бишээ. Та бүхэн миний ойрын хүн биш болж байгаа нь тэрээ гэж . Ийм нарийн айлдсан байдаг юмаа. Архи дарс их хэрэглээд ирэхийн цагт оюун ухаан мөн чанартаа оршихоо больдог. Тэндээс хүний мунхрал эхэлж байгаа юм. Тийм учраас архи дарс хэрэглэх нь мунхрал бүхний үүд болчихоод байгаа юмаа. Иймээс архи сархаднаас хол байх нь зүйтэй. Бид архи дарснаас хол, буяны зүгийг жаахан бариваас маш сайн. Бурхан багш буянт үйлс санаж явдаг хүний санасан болгон бүтэж явдаг гэж айлдсан байдаг. Тийм учраас монголчууд минь цагаан зүг рүү зүглээрэй. Архи дарс, аливаа муу үйлээс хол явахыг хичээгээрэй. Энгийн ард иргэд нь ч гэсэн дээд эрх баригчдадаа хүндлэлтэй, дээд удирдлагууд нь ч ард түмнийхээ төлөө чин сэтгэлээ өгч байх ёстой. Тэгэхгүй дээдэс нь ард түмнээ хуураад, мэхлээд, тэдэнд хүндэтгэлгүй хандаад байхаар доодсууд нь гүйдлээ олохоо байчихаад байна шүү дээ. Төр засаг ард түмэн хоёр харилцан хүндлэлтэй байж ажил үйлс өөдрөг явнаа. Дараагийн зүйл шашин орших эс орших нь хуврагийн аймаг байгаа үгүйгээс хамаардаг. Хуврагийн аймаг оршино, оршихгүй гэдэг нь сахил санваар байгаа байхгүйгээр тодорхойлогдоно. Сахил санваар гэж юуг хэлдэг вэ гэхээр сахил санваартанд заасан заалтууд яг асар арвинаараа байна уу, байхгүй юу гэдэг дээр оршдог. Тийм учраас шашин орших оршихгүй нь хамгийн сүүлд сахил санваартай хувраг дээр тулж ирдэг. Тийм учраас шашныг оршоохыг хүсч л байгаа бол сахил санваартай олон хуврагууд хэрэгтэй. Танай олон хуврагууд ч гэсэн шашнаа урьдийн адил сэргээнээ, шашнаа цогцлооно гээд хүний нутагт суралцаж яваа. Өмнө нь танайд шашин хүчтэй оршиж байсан. Дундуур нь улааны үзэл нэвтрээд шашнаа алдсан. Одоо олон хуврагууд шашныхаа төлөө зүтгэж байгаа. Ном гэдэг бол хувраг дээр тогтдог. Шашин гэдэг бол хувраг дээр тогтдог юм шүү. Архийг яагаад бурхан багш тэгж хатуугаар хорьсон тухайд би нэг зүйлийг нэмж хэлье. Өмнө нь нэг гэлэн хүн дээр нэг эмэгтэй ирж гэнэ л дээ. Та надтай энгэр зөрүүл. Хэрэв үгүй гэвэл энэ архийг уу. Бүр үгүй гэвэл энэ ямааг ал гэж гурван санал тавьжээ. Тэр лам бодож. За, эмэгтэй хүнтэй энгэр зөрүүлчихээр би сахилга алдчихна. Амьтан алчихаар би амьтны амь егүтгэсэн нүгэлд унана. Тэгэхээр архи нь л арай дээр сонголт юм болов уу гээд архийг нь уучихжээ. Архийг уусныхаа дараа харин ламтан эмэгтэйтэй ч энгэр зөрүүлчихсэн. Ямаагаа ч алчихсан байсан. Яагаад тэгсэн гэхээр архи уунгуут оюун санаа яг байх ёстой газраа байхаа больчихдог. Тэнээд яваад өгдөг. Өөрийн мэдлийн оюунаа алдчихдаг. Тийм учраас оюун ухааныг байх ёстой газраас нь ховхолчихдог учраас бурхан багш “Архийг та нар өвсний үзүүрт байгаа дуслын чинээ уусан төдийд би та нарын аврал бишээ. Энэ нь би та нарыг аврахгүй гэсэндээ биш та нар надаас холдон одоод байнаа” гэж айлдсан юм.
-Танаас би манай төрийн дээдсүүдийн талаар асуух гэж байтал та гол зүйлсийг харчихсан бололтой. Сүүлийн үед манай төрд гарсан хүмүүс ард түмнээ мэхлэх, төрийн өмч хөрөнгийг шамшигдуулах явдал газар авлаа. Сайд дарга нар нь ёс суртахууны хувьд ялзралд идэгдлээ. Тэдэнд ичих, санаа зовох мэт алга боллоо. Ямар үед ийм самуун төр тогтдог юм бэ?
-Далай багш бол Төвдийн Засгийн газрын тэргүүн. Засгийн газрын гишүүдэд, дарга нарт хандаж тэр хэлдэг. Та нар бол ард түмний толгой гэж өөрсдийгөө бодох хэрэггүй шүү. Та нар ард түмний толгой биш. Та нар ард түмний зарц шүү. Та нар ард түмний төлөө ажиллах ёстой. Та нар ард түмний сойвон шүү гэж. Том хутагт хувилгаадын дор сойвон гэж хүн байдаг юм л даа. Та мэдэх байх. Туслах үүрэгтэй гэх үү дээ. Далай багш эрх мэдэлтнүүдэд та нар өөрсдийгөө дарга гэж бодох хэрэггүй. Та нар сойвон шүү гэж хатуу хэлдэг юм. Тэгэхээр танай удирдагчид дээр тухалж суугаа дарга, ноёд биш. Энэ ард түмний төлөө зүтгэх тангарагтай зүтгүүр, үнэнч сойвон гэдгээ л ухаарах ёстой юм. Дарга дээдэс бол ард түмний өмнө ташаагаа тулах эрхтэй хүмүүс биш шүү дээ. Тийм учраас өөрсдийгөө таньж, ард түмнийхээ төлөө зүтгэх л ёстой. Үүргээ ухаарах ёстой. Ард түмний сойвонгууд шүү дээ, уг нь тэд. Ер нь дээр суугаад доошоо харахыг том гэж хэлдэггүй. Би дарга гээд бодоод эхлэхээрээ л хүмүүсийг их дорд болгож хардаг. Тийм учраас доор байгаа түмэндээ хүндлэлгүй хандаад эхэлдэг. Тэгэхээр та тэдэнд сойвон гэдгийг нь л ухааруулахын төлөө бичээд байж дээ. (инээв)
-Бидний урилгыг хүлээж авч, цаг заваа зориулан ийнхүү хөөрөлдсөнд бид их баяртай байна. Таны цаашдын шашны их үйлсэд зориулах урт амьдралд сайн сайхныг ерөөе.
-Би тийм ч мундаг, эрдэмтэй чадалтай хүн бишээ. Гэхдээ намайг гээд зорьж ирсэнд ихэд талархаж байна. Би танд нэгэн номын бэлэг барих гэсэн юм. Та заавал уншаарай. Энэ бол “Бодь мөрийн зэрэг” гэдэг сургааль ном юм шүү. Таны ажил үйлсэд сайн сайхныг хүсье.
Энэ гэгээн хуврагийн надад бэлэглэсэн, баринтганд нямбайлж боосон Бодь мөрийн зэрэг ном миний хувьд онцгой бэлэг болон үлдлээ. Бас түүний үлдээсэн сэтгэгдлүүд...тэр өдөр...тэр агшин. Түүний хэлсэн үгс...Монголчууд минь цагаан зүг рүү алхаарай гэсэн үг нэгийг бодогдуулна. Бас түүний ёжтой инээмсэглэн байж, Та монголын дарга нарт “Та нар ард түмний сойвон шүү” гэдгийг нь ойлгуулахын төлөө бичээд байгаарай гэсэн үдэлтийн үг санагдана. Баярлалаа, Гэгээнтэн таны бурханы ариун мөрийг хөөсөн эрхэм амьдралд сайн сайхныг хүсье.