Долоон жил
Одоо бодоход би яаж долоон жил хөдөө хээр хонь дагасан юм бол оо? Гайхмаар. Юу сайхан дур сайхан. Өвлийн тэсгим хүйтэнд хониныхоо захад эзгүй талын явган шуурган дунд бүдэг бадаг хөшөө-чулуу шиг зогсож өнгөрөөсөн өдөр олон. Даарна бээрнэ. Цасан дээр суух хүйтэн, хадан дээр сандайлах эвгүй, өдөржин зогсохоос өөр мэхгүй. Чөдрийн морь өл алдамтгай.
Зуны бөгчим халуунд үс ноосондоо халууцаж, багтарч тээрсэн хонь ямаа аахилан салхидаж гүйгээд тогтохгүй. Халуун өдөр би ялаа шумууланд бариулан хониныхоо өмнө хорьж зогсохгүй аваас хонь маань гэрээсээ улам бүр холдож, бараа сураггүй арилж, айлын хоньтой нийлж сарниад алга болох буюу чоно нохойтой учрах аюул энүүхэнд.
Намайг хотын тохилог байраа орхиод Зохиолчдын хороонд хашиж байсан албаа хаяад хөдөө малчин болж зутарч явааг хараад хөдөөнийхөн их гайхдаг сан. Хүйтэн салхинд онгож харласан царай зүстэй намайг харсан хүн гайхахаас ч аргагүй байсан биз. Хотын сайн танил маань хөдөө уулзаад намайг огт танихгүй байсан тохиолдол бий. Харин би бэрхшээл туулж яваагаа мэдрэхгүй, бөөн хөөр л явсан. Долоон жилийн хугацаанд аймшигт цасан шуурга, үер, олон хоногийн усан бороог олонтаа даван туулжээ. Намайг ямар шумуул хатгаад ухаан санааг минь тэгж ховстож орхисон юм бүү мэд. Одоо тэгж явснаа эргэн санаад гайхдаг юм. УИХ-д нэрээ дэвшүүлээд унаж явснаас нэр цэвэр гэж би аминдаа ханхар явав. Зах зээлийн эхний ороо бусгаа жилүүдэд амьдрал ч баргар байлаа. Хэн хүнгүй янз янзаар бужигнав даа. Эдүгээ амьдрал дээшлээд тэр үеийг мартах нь.
Өвөлжөө хаваржаа намаржаа зусландаа нүүх гэж бойтоглоно. Нүүх хөсөг оройтоод өвөлжөөн дээрээ харуй бүрийд ханан дугуй арай чамай амжиж босгоод дотор нь гал өрдөөд хонож байв. Энэ бүгд авгай бид хоёрт зовлон биш харин ч сайхан романтик сэтгэл төрүүлж байсан юм шүү. Бид хоёрт ингэж явахыг хүн албадсан биш. Ер нь эрх чөлөөтэй дураараа явах шиг сайхан амьдрал үгүй биз. Дандаа шуурга шуураад байхгүй шүү дээ. Эрүүл агаар сэнгэнэсэн нарлаг өдрүүд мөнхөд үргэлжлэнэ. Тарган цатгалан мал сүрэг бэлчээртээ хөдлөхгүй налайна. Дарга даамлын захиргаанд дур хүслээ хясаж алба хашихчаа аядаж явсан надад дураараа амьдрал юугаар ч сольшгүй жаргал байв. Олон жил санаж мөрөөдсөн унаган нутаг ус, төрсөн өвөлжөө цаанаа дотно. Тоглож өссөн хад чулуу хэв хэвээрээ агаад таньдаг ахан дүүс шиг угтав. Бялчир ахуйд өндөр сүрлэгээр ой ухаанд хадагдсан хад цохио эдүгээ харахад өчүүхэн ажээ. Тав зургаахан настай надад эдгээр хад чулуу сүрлэг дүр төрх үлдээсэн юмсанж. Хөдөөгийн аж амьдралын юм бүхнийг би энэ хэдэн хад чулуу шигээ дэврүүнээр өсгөж, дэндүү бахархаж явсан сайн хотжоогүй иргэн болж таарав.
Өдөр болгон холоос ундныхаа усыг зөөнө. Аргал түүнэ. Авгай маань үнээ хонь ямаагаа сааж, идээ цагаагаа боловсруулна. Малчин хүний ажил барагдахгүй. Хавар хонь ямаа төллөх цагаар бүр ч их ажил ундарна. Үнээгээ хариулж байж төллүүлэхгүй бол хээр тугаллаад тугал осгож үхнэ. Бид хоёр өглөө босоод л хөдлөөд эхлэнэ. Үдэш орондоо ортол юм хийсээр яваад сөхөрч унах шахсан амьтад ухаангүй ойчно. Хар ажилд ядарсан хүн эрүүл агаарт бөх унтах бөгөөд өглөө сэрэхэд бие янзын гоё амарсан байх тул тэр дороо ажлаа амжуулах дур асна. Төрсөн нутагтаа өөрийн дураар эрх чөлөөтэй хэсэг хугацаанд амьдарч үзье гэсэн олон жилийн мөрөөдөл ингэж биелж эхэлсэн тул сайхан байжээ. Авгай ажилд ядрах боловч хот руугаа буцъя гэж нэг удаа ч үг унагаагүй. Олон хүүхдийн шуугианд хичээл зааж байснаас малчин айлын эзэгтэйн амин хувийн ажил түүнд минь нам гүм агаад өөриймсөг байв. Буцъя, хотод дулаан байрандаа амьдаръя гэхэд энэ олон хөөрхөн малаа яаж орхих вэ гэнэ. Малд дасахаар мал их хөөрхөн. Малдаа өөрийн эрхгүй хайртай болчихдог юм билээ. Нэг хонь алга болоход андахгүй үгүйлж, би айлуудын мянга мянган сүрэг дотор шүүсээр яваад олоод авна. Олзондоо бус өөрийнхөө хонийг таньж олсондоо урамшдаг байв. Малаа таньдаггүй айлын мал үрэгддэг болохыг би анзаарсан юм. Мал дагах малаа хороохгүй гэсэн шуналтай болмоор юм билээ. Тийм ч учраас мянгат малчин тодроод байдаг биз. Малынхаа тоог мэдэхгүй баян хүн надад таалагддаг. Мал бүрээ зүсээр нь, удмаар нь, аашаар нь ой санамжиндаа бүртгэж өхөөрдөнө. Бас цээжээр тоолж хямгадна. Сүргээсээ аль нэг хөөрхий хонь сонгож муулах, цаазаар авч буй мэт хэцүү. Хэрэг дээрээ цаазаар авч буй юм чинь. Хонь мянга хүрэхээр алж идэх хонь олддоггүй гэдэг үг эндээс гарсан байх. Харамлаад бус хайрлаад алж идэж чадахгүй болдог юм билээ.
Хар нялхдаа аав ээжийнхээ хэрхэн ажиллаж амьдарч байсныг харж өссөн надад тэднийхээ хийж явсныг таслалгүй үргэлжлүүлэн өөрийн биеэр давтаж буй даа нууцхан урам төрнө. Өөд болсон аав ээжийгээ баярлуулж байгаа ч юм шиг. Тэр хоёр минь бид хоёрын хөдөө амьдарч буйг хараад, баясаад байгаа ч юм шиг сайхан сэтгэгдэл голоос төөнөнө. Ах дүү нар надад унах арваад номхон морь бэлэглэв. Ах дүүсийнхээ дунд амьдрах сайхан юм билээ. Саахалтын ахан дүү-малчдын ажил ижил тул голоороо амь нэг, нэг л амьсгаатай. Бие биеийн ажлыг мэднэ, малыг танина, хэн хэндээ тусархаг. Хөдөө мал малласан биш хожим дурсах сайхан дурсамж үлджээ. Хоосон хорвоод дурсамж бодиттой агаад үнэ цэнэтэй.
Хонь ямаа үхэр маань жилээс жилд өсөөд л, шинэ үр төл нь хайр улам татна. Хотынхон гэртээ тансаглаж байдаг нохойндоо их хайртай юм билээ. Би нялх хурга ишиг тугалд их хайртай. Нохой махчин амьтан тул соёотой. Мах иддэг учир ялгадас нь бузар. Амаараа дүүрэн хурц араа соёо ярзалзуулсан нохойтой би хацраа нийлүүлж чадахгүй. Хурга ишиг тугал өвсөн хоолтой амьтан тул соёогүй, баас нь онгон талын өвс л гэсэн үг. Ийм зан надад малчин угшил маань заяасан биз. Хонь хариулж явахдаа хонио бүр олон болгох юмсан гэсэн хүсэл төрнө. Хонь ямаагаа сааж тараг өрөм иднэ. Хонь ямааны өрөм тараг ч гойд сайхан даа. Гол нь биенд их сайн юм шиг байна лээ. Сүү саалийн дийлэнх үнээнээс гарна. Үнээ тугалаа нийлүүлэхгүй гэж өдөр туж харж хариулна. Ер нь суух зав гарахгүй явсаар өдөр өнгөрнө. Өөрөө өөртөө үйлчилж гэдсээ тэжээх, нүгэлгүй орлогоор амьдарч байна гэсэн буянлаг ухаарал төрүүлдэг юм билээ. Суугаа амьдралаар хотод олон жил аж төрсөн, хөдөлгөөний дутагдалтай бие мах бодид биеийн хөдөлмөр гойд нөлөөлнө. Цэвэр агаар экологийн ариун хоол хүнс гээд хотоос давуу тал хөдөө олон бий. Малын захад, морин дэл дээр тунгаасан зохиолынхоо сэдвийг хаа нэг зав олдох үед бичих онцгой тааламжтай. Хар бор ажилд алжаасан бие мах бодиос оюуны чадамж ундарна. Хөдөөний хүмүүстэй малын бэлчээрт хуучлан өдөр өнгөрөөхөд миний ухаанаас зохиолын сэдэв хайсан эрэл маань долоон жил ерөөс салаагүй юм шүү.
Хүүхдүүд минь хотоос хэд хоногоор ирэх бүр сайхан. Миний ярианд сайхан гэсэн үг олон давтагдаж буйг анзаараа биз. Хөдөө цахилгаанаас өөр юм дутагдаж байсангүй. Хожим нарны жижиг цахилгаан үүсгүүртэй болсон нь бас чиг гэж дэвшил болсон. Хөдөөд найдвартай цахилгаан үүсвэр чухал юм билээ. Юуны өмнө зуны улиралд хөдөө хөргөгч маш чухал. Ус түлш хоёр гарын дор биш учраас бэрхшээлтэй. Цахилгаан ус түлшийг гарын дор байнга байлгаж уг нь болмоор юм билээ. Үүнийг шийдэж чадалгүй хотдоо 2000 онд ороод ирсэн дээ. Уг нь 2000 оноос хөдөөд юм элбэг болсон шүү. Эдүгээ малчид хотынхонтой адил амьдрах бүрэн боломжтой болжээ. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг болоод байна. 50 сая малтай болсон атлаа малаа барсан айлууд хотод нүүж ирээд хог ухаж амьдарч буйг би ойлгохгүй юм. Хотын захад уулын хяр дээр гэрээ барьчихаад ажилгүй цалингүй нүүрсний хортой утаан дунд царай алдаж сууснаас хөдөө эрүүл агаарт өч төчнөөн мал сүрэгтэй, цахилгаантай, портер машинаараа аргал усаа зөөгөөд, нүүгээд, зурагтаа хараад, халуун усанд ороод амьдрах юу нь муухай гэж. Би залуу бол ингэж амьдраад зохиолоо нөүт бүүкэд шивээд сууж байх байсан. Даанч нас өндөр болчихлоо. Малчид гэрийнхээ хананы цоргоноос халуун хүйтэн усаа аваад, хөргөгч, угаагч, боловсон жорлонтой, өдөр бүр гэртээ халуун усанд ороод амьдрах ирээдүй ойрхон ирсэн гэдэгт би итгэдэг. Монгол эрдэмтэд тийм хөгжлийг нүүдэлч малчиддаа бэлэглэнэ. Тэр үед зохиолчид хөдөө л амьдрах вий вий. Канад эр америк эхнэртэйгээ Булганы Хутаг өндөрт 19 жил амьдраад гурван хүүхэдтэй хоёр давхар байшинтай сайхан малчин айл болчихсон явна. Бас нэг голланд эр монгол авгай аваад Тэрэлжид өчнөөн жил өнөр өтгөн малчин айл болоод амьдарч буй. Хөдөө амьдрал байгааг гадаад иргэд нотлож байхад гагцхүү унаган эзэд нь эвий нь нэг л олохгүй байх шиг.
Манай Хашаат шиг шим шүүслэг ааг чанартай нарийн ногоо арвинтай өгөөмөр нутагт бол бэлчээрээ малчид хувааж аваад хашаа хийчихмээр юм билээ. Хашаа хийж болно оо. Асар том хашаа хийх боломж сайтар бодвол бэлэн байж л байгаа. Тэгээд хашаан дахь бэлчээрээ тордож өтгөн ургуулаад, үржил шим сайтай цөөвтөр эрүүл малтай болох хэрэгтэй. Тэгсэн цагт малын захад өвөл зунгүй над шиг тэгж зогсохгүй. Мал сүргээ хашаажуулчихвал малчин хүний зуун задгай ажил эмхэрч бизнес хөөцөлдөх боломж хүртэл гарна. 11-р анги төгсөж буй охид хөвгүүд тийм л хөдөө амьдарна. Одоогийнх шиг хөдөө очихгүй, хот өөд тэмүүлэх нь тэдний зөв.
Малынхаа бэлчээрийг хашаатай болгосны дараа гэр байшингаа том хашаагаар хааж, дотор нь худаг гаргаж, гэрийнхээ хашаанд мал оруулахгүй, хашаагаа зүлэгжүүлж, мод бут тарих хэрэгтэй. Хааяа дураа хүрсэн үед хашаанаас нь мал сүргээ гаргаж, уул хадаар дураар нь бэлчээж, биеийн чилээг гаргаж, малчин өөрөө байгалийн сайханд отор хийж зугаацах болно. Хүнс хоолныхоо төмс ногоог тарихад малчин айлд ёстой ямар ч асуудал байхгүй. Бас нэг бодох чухал зүйл бол мал угаалгийн хүний гар ажиллагаа орохгүй тохилог байр малчид дундаа юм уу эсвэл энэ төрлийн бизнес эрхэлдэг хүн дагнан хийж орлогоор нь амьдарч болно. Малчдад ингэж амьдрах бүрэн боломж бий. Мал сүрэг эрүүл байх маш чухал. ХХI зуунд малын өвчний тухай ойлголт үгүй болно. Манай нутгаас 300 гаруй км хар замаар 4-5 цаг давхиад хот ороод ирнэ. Ноос ноолуур арьс нэхий малынхаа махыг хотод борлуулж мөнгөжөөд, хотод хэд хоног юм үзэж зугаацвал зугаацаад давхиад харьчихна. Бизнес мэдэхгүй, ажил сураагүй миний ажигласан эдгээр санаа бол зөвхөн зах зух нь. Цаана нь зөндөөн боломж хөдөө нутагт бий. Нэг пакистан залуу Монголд ирээд буцахдаа танайд сайхан амьдарч болох бизнес бас их байна аа. Та нар даанч олж харахгүй дээгүүр нь гишиглээд явах юм гэж монгол найздаа хэлсэн нь сонинд гарсан. Энэ үнэн шүү залуус минь. Юу ч үгүй шалдан газар амьдрал цэцэглүүлж чадсан улс дэлхийд бишгүй байна. Бид тэднээс юугаараа дутах юм бэ. Малчдад хотын иргэн шиг амьдрах боломж хөл дор чинь бэлэн байна. Тийм боломж ямар ч гэсэн Хашаатад буйг би анзаарсан. Нүүдэлчин малчны бүдүүлэг дорой хар бор амьдралыг тийшээ хүмүүс тэмүүлтэл нь хөгжүүлээд аваач залуус аа! Энэ бол найдвартай биелэх мөрөөдөл гэж хөдөө долоон жил мал дагасан өвгөн зохиолч зөвлөж байна. Малгүйгээр хөдөөгүйгээр Монголын хөгжлийг төсөөлөх аргагүй шүү.
Зочин
санал
уншигч
уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
baje
455
Зочин
Bayanmunkh
d temuujin
Bars
Guest
Зочин
ee
Bi ingej amidarch uzseen
Зочин
таны улаан фэн
Зочин
Зочин
Bayrt
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Сайхаан
Зочин
Зочин
Зочин
Zochi
Зочин
Зочин
Зочин
buga
Зочин