Хүүрнүүд ээ, утаагаа яриач...
Энэ үгийг сүүлийн хэдэн өдөр тархиа дүүртэл сонслоо.
Үнэхээр бачимдсан, багтарсан олны аргаа барсан хашгираан мөн үү гэвэл мөн. Хүүр гэж амьгүй болсон, амьсгалаа татсан цогцсыг нэрлэдэг үг. Нэг талаас өдрөөс өдөрт хэдэн арваараа бид хүүр болцгоосоор байна. Амьтай амьсгаатай яваа харагдах хэд нь ч хүүр болохын өмнөх хүнд байдалд байна гэх мессежийг нийгэмд өгөх гэж энэ үгийг сонгоцгоож байна гэж би хувьдаа харж байгаа.
Утаа мэдээж дөнгөж сая үүсчихсэн гамшиг биш. Утаа гэх гамшигт хэрэгдээд дөнгөж дөрөв таван жил болж байгаа ч юм биш. Энэ бол өнөөдрийнхний үүсгэсэн балчиг намаг биш ээ. Энэ бол өмнөх үеийнхний хийчихсэн зүйл. Бас хэдэн үеэрээ эдэлж байгаа үйлийн үр.
Анхнаасаа хашаагаа яаж барьсан билээ, тэрэн дотроо л тонгочиж иржээ. Хашааг томруулах, хашаан доторх дэд бүтцээ хэтийг харж зурах гэх мэт асуудлыг цогцоор нь харах потенциал харин тэр үеийн хэдийн маань хэдэд нь байсан эсэхийг мэдэхгүй юм. Хуучин Улаанбаатарын нэг хэсгийг нь оросууд, нөгөө хэсгийг нь хятадууд барьсан. Тэр үед бид гэрээл барьж чаддаг байсан шүү дээ. Мэдээж оросууд хэтийг нь хараагүй тооцоогүй гэхэд бэрх. За, ингээд нөгөө л бусдын буруу болгох гэдэг өвчин рүүгээ халтирах нь.
1.
Нийслэл тун удахгүй хэцүүднэ. Хотын дэд бүтэц ачааллаа даахгүй байдал руу орно шүү. Дотоодын цагаачдаа яах вэ?.... гэж манай “Өдрийн сонин” анх гучин жилийн тэртээ шүгэл үлээж байлаа. Тасралтгүй энэ анхааруулгаа чирч явсан. Цахиртатлаа дуугарсан. Тэр үед бидэн рүү ямар их дайралт ирж байв даа. Та нар хотдоо, бид хөдөөнөө байх юм уу. Нэртэйгээр нь хотынхоо хаалгыг хаачхаач гээд л давшилцгааж байсан.
Өнөөдөр гамшгийн байдалд хүрсэн утааны 20 гаруй хувийг шүүлтгүй яндантай муу машинууд гаргаж байна гэх тооцоо гарчээ. Хотын дарга судалгаагаа танилцуулаад, хуучин машины асуудлыг цэгцэлнэ гэв. Гаднынхны хэрэглээнээсээ гаргасан, эдэлгээ нь дууссан хуучин машин оруулж ирдэг ченжүүд ингээд “Нямбаатар” гэх дайсантай болов. Жагсав, орилов, тэмцэв. Тэд утааны тухайд юу ч бодохгүй, юу ч ярихгүй. Тэд өнөөдрийн аяга хоолоо бодно. Энэ бол амьтны анхны зөн нь, өнөөгийн энэ нийгэмд бол үүрэг нь. Өөр яалтай билээ.
Машины захуудыг хотын зах руу гаргах ажил ямар удаашралтай явж, юу юутай тулан мухардаж байгааг бид харж л байна. Энэ ажил мөн л түгжрэлтэй холбоотой акц байсан. Явж өгөхгүй л байгаа биз дээ. Нөгөө талаар хотоос гарахгүй гүрийж байгаа захын эзэд нь ардаа улс төртэй. Нэг хотын дарга ганцаараа энэ бүхнийг хийж чадах ч үгүй.
За, утаа үйлдвэрлэгч 20 хувийн асуудал нь дээрх дээрх зүйл. Үндсэн 80 хувь нь юу вэ. Ерөөсөө яндан. Шийдэл нь орон сууцжуулах. Энэ ямар хэмжээний өртөгтэй, ямар хэмжээний цаг хугацаа орох ажил вэ. Бүгд мэдэж байгаа.
Гэтэл манай орон сууцжуулах хөтөлбөрүүд, энэ талын төрийн бодлого өнгөрсөн 30 гаруй жил яаж явж ирсэн бэ. Өнөөдрийг хүртэл хотын хэдэн дарга ажиллав.Тэд юу юу хийж ирэв. Үүнийг яривал үлгэрийн далай болно.
Ерөөсөө газар олголт дээр, хот төлөвлөлт дээр гаргасан бодлогын алдаа, үүн дээрээ барьсан авлигын пирамид өнөөдрийн зовлонгийн суурь нь. Өөр юу ч биш.
Э.Бат-Үүл ч, бусад нь ч үүнийг хараагүй биш харсан. Яндангийн эсрэг бодлого явуулах суурийг тавих гэж үзсэн. Эдийн засгийнх нь чадавх хүрээгүй. Олон нийт нь ч түрээгүй. Ийм л юм.
Орон сууцаа барьцгаая. Ерөөсөө өөр гарц алга гээд зүтгүүлэх гэхээр нөгөө пирамид саад болсоор.
Х.Нямбаатар ажил хүлээж аваад 11 сарын хугацаанд хотын эрх зүйн орчныг чөлөөлөхийн тулд 60 хууль батлуулсан.Сонгуулиа бодоод сохорчихсон байсан олонлог үүнийг анхаараа ч үгүй. Улстөрчийнх нь хурд үүн дээр гарсан. Юмаа олж харсан хүний хамгийн түрүүнд хийх ажил энэ мөн үү гэвэл мөнөөс мөн. Учир нь Улаанбаатар хот хөгжөөгүй үндсэн суурь шалтгааны нэг том шалтгаан эрх зүйн орчин нь. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот Засгийн газрынхаа атганд л арвалздаг байсан. Хөөрхий нийслэл ингээд төсөв ширтсэн хөгжлийн бодлоготой явж ирсэн. Юмны учир зүйг томоор нь харж сурмаар байна.
Өнөөдөр утаа утаа, утаагаа яриач хүүрнүүд ээ...гэж мянга чарлаад, Х.Нямбаатарыг буулгаад оронд нь гарч ирээд л шидэт саваагаар саваадаад хаячих “Алтан жаал” хаана ч байхгүй. Зүгээр л зүтгүүл. Өөрөө улс төрийн карьераараа дэнчин тавьж, өөрт нь ирсэн стандарт бус шийдлийг зөвшөөрөөд энэ зовлонг барьж авсан. Ирээд 1.2 жил ажиллаж байна. Цааш нь ажиллуул.
Засаг захиргаа, нутгийн нэгжийн тухай хуулийг шинэчлэн батлуулж чадахгүй л гацаж байсан хот шүү.
Барилгын төслүүдээ явуулцгаая. Хэрүүл хараалаа ч явуулж шахъя. Гэхдээ өмнөх хууль бус явдлуудаас үүдсэн асар олон гажуудал байна. Энэ мэдээж нэг далайлтаар арилчихгүй. Нэг л жишээ авч үзье л дээ. “Богд Асар” ХХК дуудлага худалдаагаар 3.3 тэрбум төгрөг төлж газар авсан. Жирийн нэг компани ингээд зүй ёсоор нь яваад дуудлага худалдаанд ороод 3.3 тэрбум төгрөг төлжээ. Гэвч газраа эзэмшиж, ашиглаж чадалгүй 15 жил болж байна. Энэ юу гэсэн үг вэ. Хувийн хэвшлийнхэн газраа дуудлага худалдаагаар худалдаж аваад нэг ч тоосго тавьж чадаагүй 15 жил болж байна гэхээр аймшигтай байгаа биз. Хуучин хотод эрх мэдэлтэй байсанбүлэглэл, хүчний бүлэглэлүүд гээд тал талын хавсарсан дарангуйлалд өртсөн ийм компаниудыг эхлээд мафиудын дарамтнаас гаргаж хотын дарга өөрөө манлайллаараа тэднийг уулзуулж, шийдэлд хүрээд яваасай. Нэг хэсэг айл нь орон сууцанд ороосой.
Шүүх нь ч , хот нь ч иймэрхүү гацсан, дарлагдсан олон олон төслүүдийг гацаанаас гаргахын төлөө том харах хэрэгтэй. Худлаа орилогсод бол юу ч хийхгүй. Хүрзээ барьсан нь ажлаа хийг.
Шүүлтүүргүй яндангийн 20 хувь, утаа үйлдвэрлэгч үндсэн яндангууд буюу гол 80 хувь дээрээ гарц гаргалгаагаа хийгээд явцгаая. Орон сууцжуулах хөтөлбөрүүдээ л түрэхгүй бол энэ зовлонгоос гарахгүй нь нэгэнт тодорхой. Үүнийгээ ч Төр харж байх шиг байна. Тийм ч учраас эрчим хүчний зургаан төслийг эхлүүлэхээр ажиллаж байна.
2.
“Утааны сонсгол” хийлээ гэхэд утаа арилах нь юу л бол. Гэвч УИХ-ын шийдсэн ажил учраас үр дүн хүсье. Харин хамгийн түрүүнд хийх ёстой ажил бол Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг байсан “Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо”-г дахин байгуулах шаардлагатай байна. Үүнийг ҮАБЗ хүн ардынхаа төлөө яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг олон нийтийн өмнөөс хүсье! Мөн “Мэргэжлийн хяналтын ерөнхий газар” гэдэг байгууллагыг татан буулгах нь тухайн цаг үеийн нөхцөл шаардлага, сонгуулиар оноо авах гэх мэт улс төрийн зорилгоо гүйцэтгэсэн акц байсан бол одоо үүнийг дахин байгуулах шаардлага тулгараад байгааг анхаарч өгнө үү...гэж сэтгүүлч У.Оргилмаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан бичжээ. Би санал нэг байна.
Яг одоо бол түүхий нүүрсийг хориглох хяналтаа сайжруулж, олон улсын стандартын лабораториудын шинжилгээгээр зөвшөөрөгдсөн нүүрсээр түлш үйлдвэрлэж байна уу, эсвэл нөгөө л дундуур нь хор ороод будилаан хийгээд байна уу гэдэг эргэлзээг тайлах хэрэгтэй байна. Энэ дээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хяналтын том “НҮД” байх шаардлага тулгараад байна. Ард иргэд бол бухимдаж байна. Тэсэрч байна. Сонголтоо хэдхэн сарын өмнө өөрсдөө хийчхээд тэрэндээ харамсаж, түүнийхээ бурууг харсан хүн болгон руугаа тохон амьтны араншингаа гаргацгааж байна. Өөрөөр байхад ч хүнд байна. Нүүрсээр тэнгэрийн амьдралтай болсон улстөрчдийг хараад тэд галзуурахад ганц хуруу дутуу байгаа учраас өнөөдрийнхнөөс өмнөх үеийн бүх завхралын бурууг нэхэж, хайр найргүй нүдэж байна.
3.
Төгсгөлд нь нийгмийг бүрхсэн нөгөө утааны тухай би бичмээр байна. Бидэн шиг цөөхүүлээ, бидэн шиг хар хорондоо идэгдчихсэн, бие биенээ үзэж чаддаггүй хүмүүс өөрсдөө өнөөдөр энэ нийгмийнхээ зовлон нь болж байна.
Сошиал булли гэх алуурын нэг орчин нэмэгдсэн. Тэр мөглөндөө нэг нэгээр нь аваачиж хийгээд тал талаас нь шороо чулуугаар нүүлгэж бах таваа хангах нь нэг төрлийн зугаа цэнгэл болжээ. Жишээ нь, би энэ мөглөнд байн байн орж гардаг, сошиал шоронгийн данстай нэг хадаас нь болсон байх юм.
Бараг тайлбарлах шаардлагагүй ч бас юу болсныг ярья гэж бодож байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй миний хийсэн ярилцлага өнөөдрийн бүх асуудлуудын гол суурь болчихсон юм байх. Нэгт, тэр цацагдсан хэсэг бол ярилцлага биш. Надад бүрэн эхээрээ байж л байна. Гэвч тэр олон хуудсыг нийтлэх газар алга. Өөрөө бол “та хэвлэ” гэж хэлж л байсан. Гэхдээ яг хүссэн эсэх эргэлзээтэй. Гэвч сонгууль нь болоод өнгөрчихсөн. Монголчууд түүнийг сонгосон. Миний бухимдал бол ярилцлагыг ярилцлага биш болгож, намайг хайр найргүй сошиал алуурчдад хаяж өгөөд явцгаасанд байдаг. Би ингэж монтажны хохирогч болсон. Гэхдээ гонгинохгүй. Одоо би тэр хавийнхнаас бүрэлдсэн сүрэг дайснуудтай болсон. Сая намайг троллоо оруулаад л нүдүүлцгээж харагдана лээ. Хүний чанар л юм даа. Өнөөдөр тэд тэнд, би энд. Тэд явна. Би бичсээр л байх болно.
Саяны хүчирхийллийн үйл явдал бол нийгмийг хулдчихсан байгаа бас нэг утаа мөнөөс мөн. Хүчирхийллийн кейсүүд сүүлийн үед бүр дэндүү ихээр илчлэгдэн ил гарч ирж байна. Хөөрхий сошиалын маань буян ч юм уу. Ийм юм ил гарч , илчлэгдэж байж л өөрчлөлт гарна. Ил гаргаж байж л нийгмээрээ өнөөдөр жигшиж, шүүцгээж байгаа биз дээ.
Надад хувийн хүнд асуудал тулгарч Турк улсад би 1.8 жил амьдраад ирсэн юм. Тэр үед надад болон бараг идэвхтэй ажилладаг бүх сайтуудад энэ продакшны баримтууд ирсэн юм билээ. Ийм юмыг нэг их хадгалаад л, тэр залуучуудыг шантаажлах бөмбөг болгоод л суух тухай хөгжилтэй фантази их явуулж байх шиг байна. Тийм юм байлаа гэхэд яагаад өнөөдөр намайг утсаа нээх боломжгүй болтол айлгаж ичээх гэж оролдож байгаа зарим залуус нь дэлгээд өлгөчихгүй байна вэ. Үүнд ямар логик байна. Утааны эсрэг олон нийтийн шүүмжлэлийг дарах гээд хүлээгээд сууцгаасан хэрэг үү. Хэрэв нэг нь согтуугаар хүн зодоогүй байсан бол, тэр нь дэлгэгдээгүй байсан бол цаад юм нь ил болох ч үгүй байсан байж мэдэх юм. Мэдээлэл баримт өгсөн эх сурвалжуудын байр байдал аюулгүйн баталгаа байхгүй нөхцөлд бүгд л болгоомжилно шүү дээ. Манайхан юуг ч ядаж хоёр талаас нь эргэцүүлэхээ больж дээ.
Тэр ярилцлагын эхэнд муу үйл явдлын дараа ууж гуньж, зодолдож улам өөрсдийгөө сөнөөхгүйгээр ухаалаг ажиллаад ард нь гарч чадвал маркетинг болох тохиолдол байдаг шүү гэх үгэн дээр намайг баалж байна. Хэн ч тийм эрүүл бус байдалтай яваа, санаа сэтгэлийн тэнцвэрээ бүрэн алдсан зочин ороод ирэхэд шууд орилоод микрофон бариад дайрахгүй. Би бол бүр үгүй. Хэрэглэсэн тактик маань тайвшруулах зорилготой байлаа. Яриагаа авах гээд ч амжилттай болсонгүй. Гэхдээ эхний өдөр нь хүн зодсон жүжигчний бичлэг дэлгэгдсэнээс энэ үйл явдал өрнөсөн гэдгийг манай сошиалчид мэдэж байгаа ч мэдэн будилав. Ирээд учраа олох гэж явсан жүжигчин хэмхчүүллээ. Би ээлжит нүдүүртээ орлоо.
Тэдний хувьд би хэчнээн муу хүн болон үлдсэн ч эд энэ бүхнийг амсах л ёстой. Үзэгчдээсээ уучлал гуйж, өөрсөдтэйгөө ажиллах ёстой. Учирсан эрсдэлээ туулж, ухаарах ёстой. Бурууг битгий сэтгүүлчдээс, олон нийтээс хай. Би ингээд ахиад энэ нэг хэсэгт дайсан болж үлдлээ. Өдөр хоногууд тэгээд ялгаж тунгаагаад өөрийн жамаар урсах биз ээ.
Би бол уламжлалт хэвлэлийн хүн. Олон жил бичсэн. Тэр хэрээрээ хайрлуулсан, бас хараалгуулж, дайснууд цуглуулж амьдарсан. Ачаагаа үүрч л яваа. Үүрэх л болно.
Сэтгүүлч Б.Ганчимэг