Тээврийн “тромбоз” ба талуудын тохиролцоо
Импортын бараа Тяньжин дээр гацаад буй нэг шалтгаан нь Хятадын өөрийнх нь эдийн засгийн өсөлттэй холбоотой. 2020 онд бүх улсын эдийн засаг унаж, хасах үзүүлэлттэй гарч байхад, Хятад улс ганцаараа нэмэх үзүүлэлттэй гарсан байдаг. 2021 онд улам сэргэж, эхний хагас жилд эдийн засаг нь хоёр оронтой тоогоор буюу 12.7 хувиар өссөн нь шинжээчдийн таамаглалаас даваад байгаа юм.
Хятад улс “Нэг бүс нэг зам” санаачилга дэвшүүлж, манай улсын “Талын зам”-тай холбогдоод эдийн засгийн коридор үүсч, тэр коридороор чухам л бараа таваар чөлөөтэй урсаж баяжаад сүйд болох юм байх гэтэл ковид-19-өөс болоод бүх юм гацаж, тээврийн “тромбоз” (бөглөрөлт) үүсчихлээ. Шалтгаан нь гадаад, дотоод нөхцөлтэй зэрэг зэрэг холбоотой. Дотоод шалтгаанаа өөрчлөх гэж саяхан Замын Үүдийг дайлаар мордоод байсан “санагдана”.
Тэгвэл гадаад шалтгааныг өөрчлөхөөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-д айлчилж, яриа хэлэлцээгээ “тромбоз”-ын эх ундрага болоод буй Тяньжин хотод зориуд хийж, Хятадын Гадаад харилцааны сайд Ван И-тэй тэнд уулзжээ. Ингээд “Монгол, Хятад хоёр улс цар тахалтай тэмцэх хамтарсан мэдэгдэл” гаргав. Зургаан зүйл бүхий уг мэдэгдлийн хоёр ч зүйлд нь эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа дурдагдсан байх агаад Монгол, Хятадын хилийн боомт дээрх “Ногоон гарц”-ыг сайтар ашиглахаар тохиролцжээ.
Импортын бараа Тяньжин дээр гацаад буй нэг шалтгаан нь Хятадын өөрийнх нь эдийн засгийн өсөлттэй холбоотой. 2020 онд бүх улсын эдийн засаг унаж, хасах үзүүлэлттэй гарч байхад, Хятад улс ганцаараа нэмэх үзүүлэлттэй гарсан байдаг. 2021 онд улам сэргэж, эхний хагас жилд эдийн засаг нь хоёр оронтой тоогоор буюу 12.7 хувиар өссөн нь шинжээчдийн таамаглалаас даваад байгаа юм. Цар тахлын үеийн их уналтын дараа эдийн засгийн эргэлт ийнхүү эргэн сэргэсэн нь Хятадын боомтууд дахь ачааллыг огцом нэмэгдүүлжээ. Хятадын дотоодын энэ ачааллын дундуур Монголын дамжин өнгөрөх барааг урсгаж өгөхөд Б.Батцэцэг сайдын Тяньжинд хийсэн яриа хэлэлцээ улс төрийн талаас дэмжлэг болохуйц чухал айлчлал байлаа.
Хятад улсын нэг онцлог нь дээрээс доош шаталсан хатуу тогтолцоотой учраас дээд түвшинд тохиролцоо хийгдвэл доошоо асуудал асар хурдан шийдэгддэг давуу талтай. Тиймээс улс төрийн түвшинд асуудлыг дэвшүүлж шийдүүлэх нь “ногоон гэрэл” асааж буй хэрэг юм. Ван И сайд Гадаад харилцааны сайдаас гадна Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд уг албан тушаал нь эхэнд бичигдэж явдаг, улс төрийн өндөр нөлөөтэй эрхэм. Энэ эрхэмтэй Б.Батцэцэг сайд ганцаарчилсан уулзалт хийж, асуудлаа хэлэлцсэн агаад Хятадын тал ийнхүү ач холбогдол өгч зохион байгуулсныг хүндэтгэлийн олон хэлбэрээс харж болно. Ажлын айлчлалын үеэрх оройн хүндэтгэлийн зоогт 5 сервис барьдаг бол энэ удаад сайд нарын оройн зоогт 7 сервис барьжээ. Үүнээс гадна Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлын мэдээлэл зэрэг жижиг мэт боловч иймэрхүү үйлдлүүд гадаад харилцаанд хэр их ач холбогдол өгч буйг илэрхийлж байдаг.
Б.Батцэцэг сайдын айлчлалаар талууд цар тахлын үеийн бараа эргэлт, иргэд хоорондын харилцан зорчих асуудал гэх мэт одоо тулгамдаад байгаа асуудлыг хэлэлцсэнээс гадна Гашуунсухайт боомт дээрх нүүрс тээврийн асуудлыг тохиролцож чадсан нь цаашдын манай улсын эдийн засгийн сэргэлтэд нэн чухал билээ. Хятадын эдийн засаг сэргэснээр уул уурхайн түүхий эдийн эрэлт хэрэгцээ давхар нэмэгдэж, Монголоос авах нүүрс, зэсийн экспортыг бас өсгөх төлөв буй. Энэ бол манайд үзүүлдэг эерэг нөлөө нь.
Эндээс бид Монголын гадаад худалдаа ямар диллемад оршдгийг тод харж болно. Бид Хятадтай хийж буй худалдаанд ашигтай ажилладаг. 2016-2020 онд Монголын гадаад худалдаа 67 хувиар өссөн нь Хятадын уул уурхайн түүхий эдийн эрэлттэй холбоотой нэмэгдсэн ашиг. Гэвч Монгол Улс экспортынхоо 80 гаруй хувийг Хятад руу л гаргадаг, тэрхүү экспортын 90 хувь нь уул уурхайн түүхий эд байдаг. Ингэж манай экспортын зах зээл нэг улсаас хэт хамааралтай, бараа нь дан төрлийн бүтээгдэхүүнээс бүрддэг нь бидний зовлон. Азаар одоогоор үүнээсээ ашиг олж байна. Цаашид экспортын бараагаа төрөлжүүлэх, зах зээлээ солонгоруулах нь манай өөрсдийн хэрэг. Тэрнээс биш бидний бараа нэг улсаас хамааралтай болчихлоо гэж Хятадыг буруутгах нь “өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдах”-тай адил юм.
Манай улсын экспорт, импортын энэ мэт зовлон газарзүйн хашигдмал байршилтай холбоотойгоос гадна эдийн засгийн хөгжлийн түвшинтэй бас холбогддог. Биднээс үл хамаарч буй асуудал бол газарзүйн байршил, бид үүнийг өөрчилж чадахгүй учраас Хятад, Орос хоёр хөршөөрөө дамжин өнгөрөх тээврийн асуудлаа тохиролцохоос өөр аргагүй. Биднээс өөрсдөөс хамаарах асуудал бол харин эдийн засгийн хөгжлийн түвшин юм.
Биднээс үл хамаарч буй газарзүйн хашигдмал байршил болон бусад олон таагүй хүчин зүйлийг зөөлрүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг дипломатын арга замаар хангаж, хамгаалж ажиллах нь манай дипломат албаны эрхэм үүрэг бөгөөд энэхүү үүргээ цар тахлын хүнд үед биелүүлж яваа дипломатчиддаа талархъя!