Эх шиг хүнээс гуйж ид
Эрлэг шиг хүнээс булааж ид
                        
“Ардын зүйр үг”

Хонгконгод хийгдсэн “Хубилай хаан” хэмээх 50 ангит киног алгасалгүй үзээд барж байна. Хасбагана хэмээх өвөрлөгч хүний зохиолоор бараг 98 хувь Хятад хүмүүс тоглож, найруулж хийсэн энэ киног харж суухдаа мөнөөх л өөнтөгч зангаараа өө хайж суусан ч тийм ч ихээр түүхийг гуйвуулан өөрчлөөгүй санагдлаа. Мэдээж унаж буй морьд нь тоомсог шахуу, өмсөж эдэлж байгаа хувцас нь Хятад шахуу, царай зүс, хэл яриа нь  гээд ердөөсөө Монгол харагдахгүй юм бишгүйдээ ч бас ч гэж түүхэн үнэнээс нэг их хол зөрөөгүй кино ажээ.

Эхний ангидаа л Чингис хаан тэнгэрт хальж, Өгөөдэй (Бидний сайн мэдэх Басанжав тоглосон) хаанаас эхлээд Тулуйн удам Өгөөдэйн удмын тэмцлээр гол ээдрээг зангидсан уг кинонд манай  хатдын хорт явуулга ордны зөрчлийг маш ихээр үзүүлж драм буюу зөрчлийг зангидсан байх ажээ. Түүхэн киног яг түүх тэр чигээрээ гэж үзэх нь дэндүү гэнэн явдал ч бас ч гэж нэг их гол үйл явдал тэгтлээ зөрөөд байх нь ховор.

Гэхдээ түүх гэгч дандаа болох болохгүй зүйлсийг, адал балмад этгээдийн талаар бичигдэж үлдсэн байдаг нь тун харамсалтай. Түүхэнд сайн сайхан үйлс хийж, нам дор даруухан амьдраад өнгөрсөн хүний тухай тийм ч ихээр тэмдэглэн үлдээдэггүй эсвэл бүр огт бичихгүй орхидог нэг хачин зуршил дэлхийн бүхий л түүхэнд байдаг ажээ.

Монголын эзэнт гүрний түүхийг өчүүхэн төдий гадарладаг миний бодлоор бол Монголчууд эртнээсээ л эхийн талыг ихэд баримталдаг заншилтай байсныг энэ кинонд ч тод харуулжээ.

Турхан хатан, Хаймиш зэрэг олон богино бодолт эмсийн явуулгаар төр улс сарниж, төрсөн ах дүүс алалцаж буй түүх бараг эхнээсээ дуустал гарсаар байх аж. Үнэмшил жоохон муутай ч Турхан хатан Чингис хааны дэргэд байсан Чуу мэргэнээс эхлүүлээд Мухулай жанжныг хүртэл бүх зөвлөгч нарыг устгаж байж өөрийн эрх мэдлийг тогтоох ажээ.

Ерээд оны эхэнд Баабартай ярилцаж суухад тэрээр; “Нүүдэл суудал” хэмээх  түүхэн зохиолоо би бараг дуусгаж байна. Ер нь манай түүх тэр чигээрээ шахуу эхийн эрхт ёсны далд уламжлалтай шахуу юм байна. Анчин гөрөөчин хүн арьс шир хамаг юмаа эхнэртээ л үлдээнэ. Байлдан дугуулагч нар ч бас олзоо эхнэртээ л өгнө. Одоо чи хар даа, ганзаганд хэн явж байна? Эмэгтэйчүүд л явж байна шүү дээ. Өнөөх эр нь эхнэр Эрээнээс ирсэн гээд л пийжүү уугаад биляард цохиод явах. Эдийн засгийн эрхийг гагц эмэгтэйчүүд л барьдаг уламжлалтай орон юм байна. Эхнэртээ л цалингаа аваачиж өгнө биз дээ …гэж ярьж байсан санаанд орж байх юм. Филатова гэж саяхан  хүртэл ийм л зураг Социализмтай хамт үлдсэнийг бид санаж л байгаа.

Дэлхийн бүх орон төрсөн нутаг орноо эх орон гэж нэрлэдэг атал гагц Герман л фатерланд буюу эцэг орон гэдэг ажээ. Тэгээд ч тэндээс Хитлер төрж гарсан гэчихвэл нэг их хэтрүүлсэн болохгүй л болов уу? Харин өнөөдөр тэр фатерландыг Ангела гэх эмэгтэй хүн удирдаж байна.
    
Дорно дахины гэгээрсэн мэргэд нэг л эм шинжтэй буюу дотоод уяралтай байх нь буй. Бурхан багшийн сэрэг дүрийг Өндөр гэгээн Занабазарын бүтээснийг хархад эр хүн үү, эм хүн үү гэж эргэлзэхээр хийгдсэн байдаг. Гоо сайхан гэгч дандаа эм шинжтэй байдаг. Сайхан залуу гэж эм шинж илэрсэн уян зөөлөн харц, бие галбирыг үзүүлснийг хэлэх болохоос бүдүүн хадуун, ширүүн догшин царайтай, маажийсан парвагар хар юмыг сайхан гэж хэлнэ гэж үү? Гэхдээ заримдаа гаднаа бүдүүн хадуун ч дотроо бүр хэтийдсэн уян зөөлөн эрчүүд их байдаг.
    
Манай хэлэнд ч эм үг ихэнхдээ сайхан зөөлөн гоо сайхныг илэрхийлсэн байх нь элбэг билээ. Эрвээхэй, цэцэг, жимс…гэх мэтээр жагсаавал ихэнх нь эм үг байгааг анзаарч болно. Англи хэлэнд эр эм үг гэж байдаггүй ч гоо сайхныг нэрлэсэн үгс чихэнд зөөлөн сонсогддог.
    
Дэлхийн алдарт уран бүтээлчид  дандаа л эм хүнд дурламтгай эр дотрох эм нь давамгайлсан байхыг ч төвөггүй олж харж болно. Архичин дарсчин гэж адлагдаж явсан Р.Чойном ч тэр, бүх насаараа эдэлж туулсан зовлонгоо бичсэн Феодор Достоевский ч тэр, бараг эм хүн байсан юм биш биз дээ гэж андуурмаар Шекспир ч тэр, яруу найрагчид, зураачид, хөгжмийн зохиолчид бүгд эм тал нь давамгайлсан эсвэл эмэгтэй хүнд таалагдах гэж бүтээлээ туурвисан улс байдаг билээ.
    
Сайхан хувцас өмсөж гоёх нь эм хүнд л харагдах гэж байгаа болохоос эр хүн эр хүндээ сайхан харагдах гэж гоёдог эрийг энэ хорвоогоос олоход бэрх ажээ.
    
Сэтгэл гэсэн бас нэг эм үгийн утга бол далд ухамсарт байх  уяруу, зөөлөн занг хэлэх бөгөөд ухаан гэх эр үгийн эсрэг тал буюу дотоод уярлыг хэлсэн гэж би мунхаглан боддог. Сэтгэлтэй хүн дээ… гэсэн үгс нэг л зөөлхөн эмэгтэйлэг сонсогдож байх ахул ухаантай хүн дээ…гэсэн үг шууд эр утгыг заах ажээ. Дорно дахины арга билэг буюу ин ян гэсэн хоёр утга өнөөх сэтгэл, ухаан буюу эр, эм нэгдэж байхыг заах аж.
    
Гэтэл бас эм дотроо эр давамгайлсан хүүхнүүд бас их байх ажээ. Иймэрхүү эмсэд эрх очоод эхлэхээрээ үймээн самуун гарч эхэлдэг. Өнөөдөр манайд ихээхэн алдаршиж уншсан хүн ухаантан мэт харагддаг Айн Ренд гэх Оросын цагаач хүүхний номыг сонирхоод бас ч “ухаантны” тоонд орох санаатай уншиж үзсэн жинхэнэ эм доторх эр буюу би гэх “Эгог” магтан дуулсан хор шартай атхаг нэгний ном байх ажээ. Орос орондоо орох зайгүй болоод АНУ-д очсон ч бас л болж өгөхгүй өөрийгөө дөвийлгөн магтаж капталист гэх шуналын ертөнцийг амиа бодох өөрийгөө бусдаас дээгүүр гэж хашгирах үзэлтэй орон гэж андуураад тоосго шиг зузаан ном бичиж өөрийгөө баахан хүмүүсээр тойрон хүрээлүүлж амжсан нэгний ном ажээ. Гэхдээ тэндхийн улс бол нэрийг нь ч мэдэхгүй юм билээ. Комплекс гэж нэг зүйл байдаг. Өчүүхэн дорд хүчгүй нэгний бусдад гомдож атаархах юуг ч өөнтөглөн дургүйцэгч хүнийг комплекстэй хүмүүн гэнэ.
    
Манай өнөөдрийн эрчүүдийн байдлыг хархад ийм комплексний хүүдий болсныг хаанаас ч харж болох аж. Ялангуяа твиттер фэйсбүүк гэх бараг л социалогийн судалгаа шахуу энэ шилэн номыг харахад ямар ч төвөггүй ил харагдана. Энэ ертөнц өмнөө байгаа өөрийн компьютер, утас гэж ойлгодог болоод ч тэр үү хүмүүс ил шууд сэтгэлийн хөдөлгөөнөө бичдэг болохоор харж суухад эр хүмүүс нь хачин эмзэг, хэрүүлч зан чанартай нь харагдана. Энэ бол ёстой л өнөөдөр эр доторх эм шинж илүү болжээ гэдгийг яг таг нотлох ажгуу. Нэргүй коментын бичлэгийг харахад яалт ч үгүй эрчүүд л хараал урсгаж атаархал зэвүүцлээ гаргаж байгаа нь бас л харагдана.
    
Үгээр илэрхийлж болохгүй хэтийдсэн юм байдаг ч гэлээ үгээс өөр юугаар хүний сэтгэл ухааныг гаргах билээ дээ.
    
Уг нь бол эр хүн гэгч хүлээцтэй тэвчээртэй, хааяа түргэн зан гаргах ч хожмоо бол мартаж орхидог зантай байдаг гэж бодож байсан ч өнөөдөр их өөр эм шинжтэй болцгоожээ.

Авч өгсөн машин уначихаад
Авч ирсэн цалинг хармаалчихаад
Өгсөн үрийг нь төрүүлчихээд
Өөдөөс загнаад явах эх-нэрүүдийг
Ав-гай гэдэг бөлгөө
хэмээн нэгэнтээ бичиж байж билээ.
    
Эм хүн ухаан батгүй ч гэлээ уярахдаа амархан байдаг шиг. Гэвч бүр угаасаа эр жинжтэй эм, бас эм жинжтэй эр байсаар байх бөгөөд догшин ширүүн эр хүн эм шинжээ дотроо л агуулж байвал өр зөөлөн болж, харин эр шинжтэй эм эрийн үгээр явбал эм шинжээ хадгалж хамтраад явбаас арга билэг нэгдэн айл гэр, улс орон өөдлөх буй заа.
     
Түүх гэгч дандаа болох болохгүй зүйлсийг, адал балмад этгээдийн талаар бичигдэж үлдсэн байдаг нь тун харамсалтай. Түүхэнд сайн сайхан үйлс хийж, нам дор даруухан амьдраад өнгөрсөн хүний тухай тийм ч ихээр тэмдэглэн үлдээдэггүй эсвэл бүр огт бичихгүй орхидог нэг хачин зуршил дэлхийн бүхий л түүхэнд байдаг ажээ. Түүх гэгч нэгэнт өнгөрсөн явдал хэдий ч сургамж авах ёстой, алдаагаа давтах ёсгүйн сануулга болгож  бичиж үлдээдэг болохоор эр нь эр шиг, эм нь эм шиг байхыг манай өнгөрсөн түүх сурганам билээ л.

Түүхэн кино үзээд төрсөн бодлоо сийрүүлэхэд ийм буюу.