Бидэнд сонгуулийн ямар хууль хэрэгтэй вэ?
Гарчиг минь бага зэрэг алдаатай юм. Учир нь бид гэж ярьдаг боловч хувь ганц хүн миний хүсэл нийт монголчуудын хүсэл 2 хоорондоо өөр өөр сонирхлын дараалалтай байдаг.
Гарчиг минь бага зэрэг алдаатай юм. Учир нь бид гэж ярьдаг боловч хувь ганц хүн миний хүсэл нийт монголчуудын хүсэл 2 хоорондоо өөр өөр сонирхлын дараалалтай байдаг.
Би хувь ганц хүнийхээ хувьд аль аль намын нэр дэвшигчидээс тараах ахиухан мөнгө авах болвол 2уулангаас нь авах, үнэгүй ганц нэг хоолонд орох, гэртээ хэрэглэж болох дорвитойхон бэлэг харах гэх мэт л гол зорилготой. Хэдийгээр ярих хэлэх болохоор том том юм яриж магадгүй ч яг сонгуулийн үед тэр нам, хүний мөрийн хөтөлбөрийг уншиж, тэрэнд нь итгэж, бүүр сонгогдчихсон хойно нь тэрийгээ хэрэгжүүлэхийг шаардан биелүүлүүлэх миний чадвар зэрэг бол үлгэр зүүд мэт хол санагдана. Заримдаа догирхож хүн нь хэр юм гэх шиг ярих боловч сонгуулийн үеээр өгөх мөнгө бэлэг л гол нь доо. Тэгээд 4 жил ажил амьдрал санаснаар сайжирч өгөхгүй нэг л тийм төрд, хүмүүст, амьдралд гоморхсон амьтан явна. Энэ хүслээ №1 гээд нэрлэчихэе.
Харин монголчууд буюу олон олон Болдоогийн нийлбэр монгол үндэстэний хувьд бол аль болох хүн бүрт сайн цалин орлоготой ажил бий болгох, хүүхдүүдэд минь илүү боловсрол олгох, гадаад явалтгүй эндээ эмчлүүлж болох эмнэлэг бий болгох, гайгүй байр машинтай болгох, хот маань бага түгжирч цэвэрхэн болох, хөдөө бол гол горхи урсаж уул ус маань ариун дагшинаараа байх ер нь бол хүн бүрт тэгэснээрээ нийт олонд илүү дээр ажиллаж амьдрах нөхцөл бий болгох санал тавьсан нам ялсан нь дээр. Энэ хүслийг №2 гээд нэрлэе.
Харин улстөрчидөд бол аль болох жижиг нутаг дэвсгэр дээр цөөн хүн амд мөнгө, бэлэг, сонгуулийн материалийг аль болох бага мөнгө гаргаж бага шиг хүн хүч сүлжээгээр сонгууль хийж УИХ гишүүн болж 4 жил санаа амар хүссэнээ хийж явах. Үүнд хамгийн тохиромжтой нь 76 тойрог. Даанч тэрнээс илүү жижиглэн хуваах аргагүй. Энэ хүслийг №3 гээд нэрлэчихэе.
Энэ 3 хүслийн зарим хэсэг нь давхцаж зарим хэсэг нь бүр зөрж байгаа биз. Тэгээд ч үүнээс болж сонгуулийн хуулийг олон удаа сольж янз бүрээр туршиж байлаа. Бас нэг онцлог нь 2 нам гол нь өрсөлдөж заримдаа хэт хүч тэнцэхгүй суудалыг УИХ-д авч засгийн эрхийг барьж байсан үед хүсэл №3-д зарим өөрчлөлт нэмэлт бас ордог. Жишээ нь энэ эрчээрээ намаараа дандаа үлэмж илүүгээр ялж намын толгойд байгаа хэдүүлээ бүр сайхан илүү эрх мэдэл, хөрөнгөтэй үүрд явья гэх мэт.
Ямар өмнөх сонгуулиудийн системийн ялгаа, үр дүнг, 3 хүслийн биелэлтийг дахин дахин тоочилтой биш. Бид бүгдээрээ л мэдэж байгаа. Зөндөө олон дүгнэлт, мундаг мундаг тайлбарууд гарсан.
3 хүсэл, сонгуулийн 1 хууль. Гэтэл хүсэл №3-г тээгч нь сонгуулийн дүрмээ зохиогоод хүсэгч №1,2-д тулгаж байх ёстой жам байдаг. Энд л магад хэзээ ч шийдэгдэхгүй зөрчил үргэлж байж байдаг биз. Зөвхөн Монголд ч биш аль ч оронд. Тиймээс Америкад ч ерөнхийлөгчийнх нэр хүнд ямар ч сайн үедээ 60% дэмжлэг бараг авч чаддаггүй учир байна.
Өмнөх бүх сонгуулийн дүрэм, үр дүн өнгөрчээ. Ямар цагийн машин байх биш. Буцаж очоод засахгүйгээс хойш дараагийн сонгуулийн тоглоомын дүрмийг УИХ-н энэ намрын чуулганаар хэлэлцэх гэж байгаа дээр нь санаа оноогоо нэмэрлэвэл ямар бол хэмээн би хүмүүсийг уриалж байгаа юм.
Хоёр гол санаа байх юм аа. Зөвхөн минийх ч биш олон олон хүн ойролцоо санаатай гэдэгт итгэсэндээ бичиж байна. Үүнд:
2012 оны сонгуулийн тоглоом эхлэх үед урьд өмнө Монголд байгаагүй цоо шинэ нөхцөл байдал нэгэнт бодат болсон байна. Тэр нь: маш их мөнгө. Урьд нь бидний тоолож үзэх байтугай мөрөөдөж ч байгаагүй их мөнгө. Энэ нь мэдээж нөгөө хэдэн толгой, овооноос. Бэлэн мөнгө ч байна, удахгүй урсаад ирэх мөнгө ч байна, зээлүүлэе аваач гэж цутгах мөнгө ч байна.
Хэрэв энэ үед №3 хүсэгч зөвхөн өөрийн хүслээ хангахаар тэгэхдээ №1-н гэнэн тэнэг амиа бодсон арчаагүй шуналыг ашиглахаар шийдвэл №2 буюу өөр дотроо №1 ба №3-г өөр дотроо агуулагч нийт олон, Улс Монгол минь хохирч хоцорно. Яагаадсаад байх юмгүй аль болохоор жижиг тойрог, хагас аймаган тойрог болгондоо том том усан цахилгаан станц, хар ба төмөр зам, айл болгонд атомийн станц ч амлаж мэднэ. Хүн бүрт юун 20-50,000 төг амлах харин ч жинхэнэ бэлнээр нь сая сая төгрөг тараах болно. Бүүр илүү үнэгүй боловсрол, эмнэлэг тэрнээс аймаар юм ч амлаж тун магад. №1 хүсэгч би амиа бодоод л авна. Авна л даа чааваас. Авсандаа саналаа өгнө. Уралдаж амласан тул бүр аль алинаас нь авахыг бодно. Ямар ард түмнээрээ нийлж нэгсанал өгөх биш хүн нэг бүрээрээ өгөх тул амь амиа л бодно. Тийм ч байгалийн жамтай юм хойно. Дараа нь дахиад 4 жил нэг их гомдолтой.
Эцэстээ №2 монгол даяараа ажилгүй унхиагүй тэтгэмж, асрамжийн мөнгөөр амьдрагч группийн тахир татуу хүмүүс болно. Сэтгэлийн, сэтгэлгээний тахир татуу гэгч эрхтэн дутуугаас долоон дор. Улс орнуудын хөгжлийн нууцын тухай бид их ярьдаг. Хөгжсөн улс болгон нэг их нууцтай, тэрнийгээ бидэнд хэлж өгөхгүй байгаа юм шиг л. Америкийн нууц: ардчилал, Японы нууц: уламжлал ба электроникс, Сингапурын нууц: ухаантай ерөнхий сайд, Малайзи өнчин хүүхдүүдээ улс нь асарч хямд ажиллах хүч болгосон, Хятадын нууц чөлөөт эдийн засгийн бүс гэх мэтчилэн. Гэтэл уул нь хамгийн гол ганцхан нууц биш нууц байдаг нь иргэн хүн бүр нь сайн ажиллаж тэр хэмжээгээрээ сайхан амьдрах итгэл тэмүүлэлтэй болж, тэр хүсэлд нь төр нь саад болох биш дэмжлэг болж байсан. Төр нь иргэндээ, №1 хүсэгчид сул мөнгө тэтгэвэр биш ажлын байр, чөлөөтэй эдийн засаг бий болгож өгсөн орон л хөгжиж №3-ууд нь ч гэсэн ард олныхоо хүндэтгэл хүлээсэн хүмүүс болж байсан.
Тэгэх тусмаа дахин хэлэхэд 2012 онд бид эдийн засгийн онцгой нөхцөлд орно. Хэрэв буруу сонгуулийн дүрэм, буруу амлалт, буруу бодлого хэрэгжүүлбэл бид дэлхийн шившиг болж Нигери, Сьерра Леон шиг №3-даа ч устгаад уруудаж доройтохын замд унах маш өндөр магадлалтай нөхцөл болох ашигт малтмалын их мөнгөний өмнө хийх сонгууль. Манай Монголтой ойролцоо ихэнх орон энэ салаа замын өмнө ирээд буруу замаар нь будаа тээн одсон.
№3 хүсэгчийг №2-той адилхан хүсэлтэй болгох тун хэцүү бараг болоцоогүй зүйл. Зөвхөн №1-үүд буюу иргэн хүн болгон, сэтгүүлч бүр, магадгүй улстөрчийн ар гэр ч гэсэн тэднийг ятгаж байж л арай дээр сонгуулийн дүрэм, зөв амлалт, зөв бодлого хийлгэж магад. Гэхдээ энэ бол бүүр ч магадлал муутай. Яадаг билээ дээ. Монголын заяа их, Тэнгэр мэдэг л гэж найдахаас.
РS: Энэ сонгуулийн тухай 2. дахь саналаа буюу чухам мөрөөдлөө хэлэхээ мартах гэж байна. Уул нь мөрөөдлөөр болдогсон бол энэ намрын УИХ чуулганаар маш том өөрчлөлт хийгээсэй: УИХ-н сонгуулийн хуулийг аль болох томсгосон тойрогт, гишүүн бүр ижил тооны сонгогчидоос сонгогдох байдлаар, аль болох их пропорциональ систем талдаа хийгээсэй. Мөн УИХ-тай хамт орон нутгийн ба засаг даргын, болдогсон бол бүр Ерөнхийлөгчийн сонгуулийг хамт хийгээсэй. Тэгээд бүр болдог бол засаг захиргааны томсгосон шинэ хувиарь, дараагийн ерөнхийлөгчийг УИХ-с сонгож байх үндсэн хуулийн өөрчлөлт, энэ бүх сонгуулийг 5 жилд нэг хийж байх зэрэг асуудлыг бүх сонгогчидоос санал авах ажлыг хамт хийгээсэй.
Даан ч биелэхгүй байхдаа. №3-н хүсэл ч шал өөрдөө.