Ухаанд хязгаар байдаг харин тэнэглэлд хязгаар үгүй
Одоо ханиад томууг эмчлэх ШБОС гаргаж байгаа дарга, хурган дарга болгоныг яаж зогсоох вэ гэдэг л хамгийн хэцүү асуудал болж байх шив дээ.
Уул нь 1. вакцин ямар ч аргаар хамаагүй олж иргэдээ дархлаажуулах 2. өвдсөн нь уух тамифлю эмийн сан болгонд байх
3. Хүндэрсэн өвчтөнүүдийг эмч нар нь эмнэлэгтээ эмчлэх
4. Дараа дараагийн ийм өвчин тахалд бэлэн байхын тулд Монголд вакцин хийж эхлэх (адуу үхрийнхийг бол аль эртний хийгээд бүр экспортлодог).
Өөр ямар ч ШБОС, дарга болгоны дээрхи даргадаа таалагдахийн тулд гэнэт бодож олоод зохиосон элдэв арга хэрэггүй юм. Бусад бүх иргэд, байгууллага ялангуяа төрийнхөн урдах урдах ажлаа хийгээд л жирийн өдрүүдийн амьдралаа үргэлжлүүлж эхэлмээр байна. Хувийн өмч, хүний эрхэнд халдахаа зогсоомоор байна.
Тэгэхгүй бол ханиад томууны тахал маань одоо эдийн засгийн, гаж сэтгэлгээний, тэнэглэлийн олон нийтийг хамарсан хүндэрсэн тахал болон хувирч байна. Заримдаа гадны дайсан тагнуулууд үй олноороо Монголын Төрд шургалсан ч арай ийм улайм цайм тэнэг хорлон сүйтгэх ажлыг хийж манай эдийн засгийг нэмэн сүйрүүлж олон нийтийг айдас түгшүүрээр дарамталж хувь хувьсгалын бүх ажлыг зогсоож чадахгүй байх гэж хүртэл санагдах юмдаа. Бид өөрсдөө л дайсан ч байсан хийж зүрхлэмгүй тэнэг сүйтгэл хийх юм гэж гайхна.
Ханиад ч байсан, эдийн засгийн бэрхшээл хямрал ч байсан яг адилхан хийх ёстой юмаа хийхгүй мөртлөө хийж болохгүй болгоныг маш идэвхтэйгээр шууран ШБОС-дон үйлдэх нь юутай гачлантай. Өнгөрсөн өвлөөс эдийн засгийн хямрал эхлэхэд вакцин нь болох ёстой 2 тэрбум доллар гуйж байна гээд бас л одоо хүртэл сураггүй. Арай л үнэгүй 2 тэрбум доллар хайгаагүй байлтай. Хямралын эм нь болох ёстой банкны хүү буулгах, хувийн бизнесээ дэмжих бүр төсвийн хөрөнгөөр ч хамаагүй дэмжих(АНУ болон бусад орнууд хувийн бизнесээ дэмжих байтугай дампуурч байгаагий нь хүчээр мөнгө өгөөд босгоод авсан) тэгж байж ажлын байр бий болгож эдийн засгаа ухрааж унагаж биш бага зэрэг удаашруулаад босгож ирэхийн оронд бүх төгрөгөө банкуудад татаад, бүх зээлийг нь бүтэн жил илүү таг зогсоогоод ингэснээрээ хувийн бүх бизнесээ татаж унагасан (манай эдийн засгийн 87% нь хувийн хэвшил). Бусад орон ухарч уналгүй эдийн засгийн өсөлт нь 5-6%-аас 1-2% дээр бууснаа өнгөрсөн 5 сараас сэргэж эхэлсэн бол манайх бараг -20% болж сүйрсэн. Намайг эмч юм бол ханиадаа л ярь юун эдийн засаг гэж зэмлэх хэрэггүй. Манайхаас бусад бүх оронд сургуулийн хүүхэд нь ч ХХ зууны 30-д оны их хямралаас яаж гарсан аргыг сурах бичгээсээ мэднэ. Тэр л аргаар АНУ, Япон, Европийн орнууд энэ жил хямралыг амжилттай даван гарсан. Манайд л харин ганцаараа бүх болохгүй аргыг хэрэглэж унасандаа. Унаснаа бараг мэдэж байгаа ч юм уу үгүй ч юм уу?
За эдийн засаг ч яахав дүүрч. Мань мэтийн үгийг сонсох ч биш. Гэхдээ ядахдаа ханиад томуун дээрээ ингэж дарга болгоны ШБОС-р галзуурахаа больё. Дахин хэлэхэд ханиад томуу биш сэтгэлгээний солиорол, эдийн засгийн сүйрэл, нийтийн психоз бүхэлдээ жинхэнэ дарга нарын зохиосон гай гамшиг болоод байна.
Шүүмжлэх амархан тул саналаа хэлэх ёстой байх. Эхэнд дурдсан томуутай тэмцэх 1,2,3,4 зүйлийг үлдээгээд бусад бүх тэнэглэлээ зогсоомоор байна. Хүмүүс ажлаа хийг, хүүхдүүд сураг, наймаа бизнезээ эрхлэг, хөдөө гадаа ажил зовлон гачаалтай нь чөлөөтэй зорчиг, бүх төрлийн дарга нар ханиад эмчлэх ШБОС зохиохоо болиг. Ер нь л хэвийн ажил амьдралаа үргэлжлүүлэе. Яг үнэндээ хийх ёстойгоо л хийхгүй байгаа болохоос биш бүүр ч нэг ингэж нийтээрээ солиорох хэмжээний аюул болоогүй л байна. Монголд ханиадаар 7 хүн нас барах байтугай жилдээ 40,000 хүн ямар нэг өвчнөөр үхэж, 30,000 хүүхэдийг аборт хийж алдаг л орон шүү дээ. (Эмч хүн байж ингэж ярих гэж хэмээн зэмлэвэл ч зэмлэ.) Яахав үйлийн үртэйгээрээ хараалгаж загнуулаад муу эмч сувилагч нар л өдөр шөнөгүй зовлонгоо эдлэг, өөрсдөө ч илүү өвдөг, бусад нь больёо. Уул нь аль хавар, зун, намар вакцин эмээ жоорлочихсон байсан бол нэг их сүртэй ч эд биш л дээ. Хийх ёстой юмнаасаа бусдыг хийгээд байгаадаа л энэ гахайн томууны тахалын аймшиг нь байгаа юм.
Бас хэвлэл мэдээлэл, телевизүүд ч дарга нарыг даган дарвиж энэ тэнэглэлийг хөөрөгдөн мэдээний хамгийн эхэнд сүр бадруулан аймшиг төрүүлэхээ болиж улсын төсөв, сонгуулийн хууль, тариа хураалт, өвлийн бэлтгэл, утаа униар, 5 толгой, өөр бас юу юу ч билээ ярьдаг юмаа л ярьж эхлэе. Тэнгэр энэ дарга нарыг дахин элдэв ШБОС бодож олохыг зогсоож биднийгээ аврах болтугай.
Б.Болдсайхан эмч 2009-11-06