Жилийн жилд шал­галтын тест задардаг, элсэлтийн шалгалт тойр­сон ямар нэгэн будлиа­ныг энэ жилдээ арай ам­жихгүй байх. Ирэх жилээс бүрэн цэгцлэхээр боллоо гэж БСШУ-ы сайд Ё.От­гонбаяр өчигдөр манай сонин дээр хийгд­сэн нээлт­тэй хэлэлцүүлэг дээр мэдэгдсэн юм.

Ер нь энэ конкурс буюу элсэлтийн шалгалт гээч юмыг больчихвол яасан юм бэ гэхэд тэрээр

-ЕБС-иудын  бо­ловс­рол олгосон, сургасан түвшин жигд биш байх талтай, мөн сурагчдыг дүгнэсэн байдал тухайн багшаас хамааралтай зэрэг амьдрал дээр олон зөрчил тохиолддог. Түү­нийг улсын хэмжээнд нэгд­сэн нэг шалгуураар нэг өдөр зэрэг шалгахаас өөр арга байхгүй гэж От­гонбаяр сайд хэлж байна. Конкурсыг хөнгөвчлөх гэж сайдыг хүүхэд байх үед улаан шугам гэгч журам гаргаж байсан. Тэр үед чанга дүн тавьдаг багш­тай сургуу­лийн хүүхдүүд авсан дүн­гээрээ "улаан шугам"-ны босго давал­гүй хохирч бөөн хэл болж байсныг ч дурдсан юм. Цаашид элсэлтийн нэгд­сэн шал­галтыг сургууль төгссөн болгоноос авч байх нь өөрчлөгдөхгүй тул энэ­нээс өөр арга байх­гүй л дээ. Тэгээд ч дэлхий нийтийн жишигт бүгд л ямар нэгэн "кон­курс" өгч байж цааш сурах эрхээ авцгаадаг.

 Их дээд сургуулиуд өөртөө оюутан элсүүлэх шударга аргуудыг орчин үед их хайж байна. Юуны өмнө одоо манайхны хэ­рэглээд байгаа тест бөг­лөх шалгалтад олон сур­гууль сүжиггүй болсон юм билээ. Бэлэн ха­риулт­тай тест нь хүүхдийн бо­ловсролын хэмжээг тани­хаасаа илүү тухайн өд­рийн аз давамгайлчихдаг болохоор  тохиолдлын оюутнууд ороод ирэх магад­лалтай. Тийм учир нэр хүндтэй гадаадын том сургуулиуд "хүрдээ цээжилсэн хүүхдүүд" биш сэтгэдэг толгойг олж ил­рүүлэхийн төлөө байдаг. Тэгээд энэ тест гэгч жо­лооны курс төгсөгчдөөс авдаг шалгалтыг даваад Кембрижийн их сур­гуульд орно гэдэг лөөлөө болжээ. Оронд нь эссэ бич гээд хуудас цаас тараагаад гүйцээ. Сайн сэтгүүлч бол иймэрхүү шалгалтыг өлхөн өгөөд харин орсон хойноо удал­гүй хөөгдөх байх. Харин хүүхэд залуусын хувьд эссэ нь амархан юм шиг мөртлөө алгебрийн бодлогоос хэцүү адар­маатай. Цөөн үгэнд баг­тах эссэнд тухайн хүний эмх цэгц, зан араншин, төлөвшсөн боловсорсон, хэрсүүжсэн нь харагддаг. Ерөөсөө л өөрийгөө хэн бэ гэдгийг мэргэжлийн­хэнд өмдөө шувтлаад үзүүлчихэж байгаа юм. Өндөр төлбөртэй хувийн сургуулийн эзэд юм уу хэн нэгэн томцуулын эрхийн тэнэг хүүхдүүдийн аавдаа хошуу цорвойн хэлсэн хүсэлтийн дагуу ийм аймаар шалгалтыг ма­найх авдаггүй байж ма­гадгүй. Яагаад гэвэл амьд­ралын  хар ухаантай малчны хүүхэд хөдөө­нөөс орж ирээд шууд гадаадын их сургуульд орчих магадлал бий. Урлаг соёл, улс төрийн суутнуудын амьдралын гараа иймэрхүү санам­саргүй байдлаас "шууд даам гарчихсан" намтар дэндүү олон байдаг. Сэ­дэвтэй хамаагүй гэхээр жишээ хэлэхэд П.Гэндэн гуай Өвөрхангайгаас тө­лөөлөгч болж ирээд одоо­гоор бол эссэ хэл­сээр байгаад шууд Ерөн­хий сайд болсон удаатай. Хожим түүхэнд сайнаар бичигдэх улстөрч болсон.

Эссэ нь ч бай, тест нь ч бай, цээж бичиг нь ч бай ерөөсөө энэ элсэлтийн шалгалтыг авахгүйгээр дараагийн шатны сур­гуульд элсүүлж болох уу? Яагаад болохгүй гэж. ЕБС-ийн дурын захир­лаас асуугаарай. Энэ жил танай "арав төгсөгч"-дөөс их дээд сургуульд хэдэн хүүхэд тэнцэв гэж. Бах­далтайяа 100 хувь гэнэ. Сурагч өөрөө дээд бо­ловс­рол эзэмших тухайн үеийн дур хүслээс л ха­маа­рах болохоос элсэл­тийн шалгалт бол асуу­дал биш. Тийм аймаар шалгаад мянгаас ганц нь тэнцээд байгаа юм байх­гүй. Өөрийгөө нэр хүндтэй  гэж рекламдсан улсын голдуу их дээд сургуу­лийн босго оноо арай жаахан чанга юм шиг билээ. Цаашид хүн ам гурван сая хүрээгүй Мон­голд олдоод байгаа сур­гуулийг цөөлөх талаар их ярьж байгаа. Тэр цаг ир­лээ ч гэсэн элсэлтийн шалгалт нь  хаврын тар­чиг энэ өдрүүдээр энэ салбарынхны мөнгө ол­дог жижиг зорилгоос хальж гарахгүй.

Нөгөө талаас хүүх­дийн 12 жилийн хичээл зүтгэлийг наяхан мину­тад шийддэг нь сонин шүү. 12 жил суралцсан ба наян минутад хуулсан хоёр хөдөлмөрийн үнэл­гээнд урвуу пропорцио­наль хариу гараад байдаг.

Шалгуурын шинжлэх ухаан спортын салбарт бараг маргаангүй болт­лоо хөгжсөн. Өнөөдөр эхэлж байгаа хамгийн том спорт хөлбөмбөгийн дэл­хийн цомд очигсод ганц­хан удаа 90 минут тог­лоод шийдчихсэн юм биш.

Сурагчдыг дунд сургуульд дэвшихээс нь эхлээд анги, бүлэг, сур­гуулиуд, аймаг дүүргээр нь улирал тутамд байр эзлүүлж, рейтинг тогтоож явсаар 12-р анги төгсөх тэр өдөр бүх байршил тодорхой болчихсон байж болно. Үнэлгээг шударга гаргахын тулд өрсөлдөгч сургууль нь ирээд түвшин тогтооно. Яахав бөөн маргаан болно. Маргааны ард өрсөлдөөн хор шар нэр хүндийн асуудал сөхөг­дөнө. Хүүхдээ сайн сурга­сан анги бүлэг сургууль илүү олон онцтойгоор оноо түүнэ. Тэр хэрээр багш нарын цалин өснө. Тэр хэрээр багш нарын цалин хасагдана. Сургуу­лийн хувьсах зардал жинхэнэ утгаар хэрэгжиж рейтинг өндөртэй сур­гуульд хүүхдээ шилжүүл­нэ. Дампуу сургууль шууд хаалгаа барина. Ярихад ч амархан л даа. Гэхдээ заавал энэ биш өөр ийм маягийн гарцнууд хайж сэтгээч ээ гэх гэсэн юм.

Өнөөдөр лав  Мон­голд аль ч их сургууль төгссөн мэргэжилтний дий­лэнхийг  яаж сур­гуульд элсээд юу сураад ирж байгааг гайхаад ба­рахгүй юм. Зарим их дээд сургуульд хармааны хулгайч, дээрэмчин, биеэ үнэлэгчид аргалаад шур­галаад орчихсон  нь эл­сэлтийн шалгалтын хая­лага ч юм билүү.

Өөр нэг гарц бол нэ­гэнт л бүгд их дээд сур­гуульд аргалаад орж ча­даж байгаа юм чинь шал­галт энэ тэр гэлгүйгээр хүүхдүүдийг хүссэн сур­гуульд нь шууд оруулчих хэрэгтэй. Хамаа алга. Бүгд онгоцны нисгэгч болно гэж дарвиад тэр сургуульдаа очиг. Мэдээж энд дотоо­дын сургуу­лийн тухай ярьж байна.  Тухайн их дээд сур­гуу­лийн орох босго нээлттэй. Харин хагас жил юм уу бүтэн жилийн дараа зөвхөн төд нь үлдэнэ шүү найзуудаа гэсэн норм цаана нь байна. Наян минут биш найман сар "алалцсан" тэмцэл дун­даас арай гай­гүй нь шал­гарч үлдэнэ ээ дээ. Энэ хооронд авлига, танил тал, өөр юу ч юм шударга бус явдал үйлчлээд байвал тамын тогооны монголчууд яг тэвчиж харагдаарай. Ийм шал­гууртай болчихвол эцэг эх хүүхэд өөрийнхөө хэм­жээг бодитой дүгнэж хаана тэсч үлдэхээ сон­гоно. Сэтгүүлч болох нугас­гүй дуртай өчнөөн хүүхэд байдаг ш дээ, зайлуул. Даанч тооны шалгалтын наян минутыг давалгүй ойччихсон бо­лохоос. Түүний оронд   "А" үнэлгээ авахаас өөр шидгүй нэг нөхөр орж ирээд бас төгсөөд бүр ажилд ороод энд тэнд хэлээ хазаад  чал чал хийж явна даа миний мэдэхээс.

Амьдралын ийм идэвх­­тэй зарчмуудаас ма­най төрийн албан хааг­чид үргэлж тойрч, аль боло­хоор хэл амгүй хууч­наараа зүгээр сууж цалин авахыг хичээсээр байгаа нь хөгжилд мөн их саад болж байна. Сурахын төлөөх нөр их өрсөлдөөн улс орон даяар өрнө­чихвөл багш нарын сур­ган хүмүүжүүлэх потен­циал бас сонин хараг­дана.