Монгол наадмын түүх зуугаар бус мянган жилээр яригдана. Асар уудам тал нутагтаа арвин мал сүргийнхээ аяыг дагаж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж, оторлон нүүдэллэж, мянга мянган жилээр амьдарсан монголчууд зуны дэлгэр улиралд жилдээ ганц удаа цугларч морь уралдуулж, бөх барилдуулж, сур харвадаг уламжлалт зан үйлээ эрийн гурван наадам гэж алдаршуулж өдгөөтэй золгуулжээ. Үүнээс харахад наадам бол анхнаасаа ямар нэгэн түүхт ой байсангүй. Энгийн олны сайн дураараа зохиодог жирийн л нэг баяр байж.

Гэтэл коммунист онолыг худал үнэн бишрэн шүтэгчид нэр нөлөөгөө тэлэхийн тулд өөрсдийнхөө мандуулсан гэх хувьсгалаа өргөн дэлгэр ёслон тэмдэглэхээр ард түмний дуртай наадмыг ашиглажээ. Морь уралдаж, бөх барилдахгүй бол ямар ч мунадаг хувьсгалын баярт тархай бутархай малчид цугларахгүй. Малчин ардын маань наадам ингэж хаад ноёд, хар шар феодал, нударган гэгч чинээлэг малчдыг даран сөнөөсөндөө хөөрсөн барлагуудын баяр хэмээн олон арван жил дуурсгалаа гэх өөрөөр сэтгэгчид гарч ирэв. Өөрөөр сэтгэх үзлийг ардын дайсан, японы тагнуул гэж намнаж болохгүй цаг ирснээс үүдэж маргаан үүсээд байна. Муу нь ч юу байхав. Маргаж байж л зөвийг олдог.

Хувьсгалын тогоонд чанагдсан гэх бахархалтай гол төлөв албан хаагч, намын гишүүд, тэдний үр сад болох эрх мэдэл бүхий дээд давхаргад багтаж явсан хүмүүс наадмыг өөрсдийнхөө баяр хэмээн өмчирхөж эхлэв. Тэд “дарлагдсан үгээгүй ядуучууд ардын хувьсгал мандуулсан” гээд итгэчихсэн дүр сүрхий эсгэх ажээ. Наадмыг ардын хувьсгалын яруу алдарт ой гэхгүй бол нэгийгээ үзэлцэнэ гэж туйлаад сүйд. Үнэхээр итгэж буй аваас хөөрхий тэдний үнэмшлийг яалтай ч билээ. Наадмыг гагцхүү ардын хувьсгалын яруу алдарт ялалтын өдөр хэмээн цоллож, санаагий нь нэг хэсэгтээ дагуулаад явж байя гэж элит хэсэг үзэх шиг байна. Яваандаа учир начир нь төөрөлдсөн хүн амд илрэх түүх юм чинь одоо хоёрын хооронд маргаад үр дүн гарахгүй гээд түр хүлцэх нь зөв ч биз.      

Ард түмний бахархал болсон түүхт ой манайд олон бий. Бүгд 7-р сарын 11-ний өдөр давхцан таардаггүйг хүн бүхэн уг нь сайн мэднэ. Хуанли дээр тус тусдаа тэмдэглэсэн түүхэн өдрүүдтэй. Хоорондоо хол зайтай тохиодог ойн өдрүүд болгонд наадам хийх боломжгүй. Олон түүхт ойнууд дотроос ардын хувьсгалын ялалтын өдөр хэмээн үндэсний их баяр наадмыг нэг намын өмч 90 гаруй жил болгосон дэндүү дээрэнгүй улс төр эдүгээ ардчилалд дасаж яваа иргэдийн дургүйцлийг хүргэх болжээ. 1990 оноос хойш ардчиллынхан наадмын нэрэн дээр бусад түүхэн ойнуудыг нэмж нялсан. Ингээд жирийн ардын цэнгүүн маань өдгөө улс төржсөн олон гуншиндаа халхлагдав. Гуншингууд нь аль нам эрх барихаас шалтгаалж солигдож байх нигууртай.   

Хэрэлдэх юмаа олж ядсан, булаацалдах юмаа олж ядсан сонгуулийн хоорондох бухимдлын дөрвөн жилд наадам хорслоо тайлах бас нэг шалтаг болов. Хүннү гүрний 2223, эзэн Чингисийн их Монгол улсын 808, 1911 оны тусгаар улсаа тунхагласны 103, Ардын хувьсгалын 93, Ардчиллын 24 жил гээд тоочиж болно. Энэ бүх ойг миний чинийхээр хувааж, үндэснийхээ ганц наадамд наах ямар ашигтай юм бэ? Наалаа гээд намууд юу хожих гээд байна?   

Зөвхөн Хүннү гүрний, эзэн Чинисийн их Монгол улсын ой гэж хязгаарлан зарласан наадмыг наадам гэж үзэхгүй гээд Ардын хувьсгалын ойг дурдахгүй бол наадам хийхээ больё, бөх барилдуулаад ч яах юм бэ гэж нэг эрхэм загнаж байв. Хүннү Чингисээ харааж явсны гор арилаагүйн шинж энэ агаад сонгуульд цухалдсан үед нь нууц хорсол нь бүлтэрсэн нь тэр. Тэдний пиарыг аялдан дагах масс хаа очиж гараагүйгээр үл барам ардчилалд ээгшсэн орчин үе дооглонгуй хандаж байсан билээ.

Мянган жилийн түүхтэй наадмыг 93 настай нам яаж өөрийн төрсөн өдрийн баяр болгох юм бэ. МАН төрсөн өдрөө 3-н сарын нэгэн гэх боловч энэ нь их эргэлзээтэй учир ард олон төдийлөн тоож тэмдгэлдэггүйг бид мэднэ. 7-р сарын 11-нд Хүрээнд юу ч болоогүй. Хүрээнд Гамин Барон аль нь ч байгаагүй. Юун хувьсгал? Юун ялалт? Тэмдэглэх гэж зүтгээд буй ардын хувьсгалыг “Долоон бурхан харваддаггүй” кинонд түс тас муйхар боловч голыг нь (урьдын кинонуудыг бодвол) үнэн зөв харуулсан байна лээ. Зохиомол ялалтаа хүн тоохгүй болохоор Үндэсний баяр наадмыг ашиглаж ирснийг дээр дурдсанаа дахин сануулъя. МАН (хуучин МАХН) наадмыг Цэргийн наадам гэж гуч гаруй жил нэрлэхдээ Ардын хувьсгалынхаа ялалтын өдрийг тоохгүй явж. Тэгэхээр наадмыг Ардын хувьсгалтай холбох бодлогыг хожуу ухаарчээ.

Жилд ганц удаа зуны дэлгэр цагт тохиодог уламжлалт малчин ардын наадмаа өргөн дэлгэр хийж буй олныг “Хувьсгалын ялалтад хөөрч баяссан ардууд наадаж байна” гэж гуйвуулсан үзэл суртал болгосон санаатай шүү юм. Ардууд үндэсний их баяр наадамдаа баярлан цэнгэж байснаас бус ардын хувьсгал гэгч хуурамч ухуулгыг дотроо нууцаар үл тоож явлаа. Наадамчид наадмаараа хурд, эр бяр, уран мэх, цэц мэргэнд тэмүүлж байснаас биш аль нэг ой, аль нэг цус асгаруулсан ялалтыг магтан дуулж улс төржих гэж цугларч байгаагүй билээ.     

Дээр дурдсан 5 түүхт ойгоос ардын хувьсгал юугаараа давуу юм бэ? Хоорондоо учир утгагүй алалдсан олон аймгуудыг Хүннү гүрэн, эзэн Чингисийн төр эвлэлдүүлэн нэг гарт зангидаж, амар амгаланг эрх биш тогтоосон гэж эдүгээ хүндэтгэн нандигнадаг. Хүннү Чингисийн эхлүүлсэн төрийн бодлогын ачаар эдүгээ Монгол тусгаар улс явна гэж үздэг. Энэ хоёр түүхэн гайхамшгаас ардын хувьсгал ямар гавъяагаар илүүрхээд, яагаад ард түмний эртнээс уламжилж ирсэн улс төржөөгүй үндэсний цэвэр наадам зөвхөн ганц ардын хувьсгалын баярын өдөр хэмээн тооцогдох ёстой юм бэ? Ардын хувьсгал гэгч улаантны түрэмгийлэл чинь манай хаад ноёд, ван гүн, санваартан хуваргууд, чинээлэг малчид, ерөнхий сайдууд, дарга сэхээтнүүдийг алан хядаж, тамлан зовоосон биз дээ? Хүчээр бөөгнүүлсэн нийгмийн өмчөө зад өсгөөд, элбэг баян социализм сүндэрлүүлэх төлөвлөгөө нурсан. Энэ төлөвлөгөөг биелүүлж аугаа Зөвлөлт ч чадаагүй, ах дүү социалист орнууд ч чадаагүй. Залхуу монголчууд байтугай орос ах нар, зүүн европын хөгжилтэй орнууд замнаад дампуурсан хувьсгалт “онол” гэгч хоосныг далдуур ч атугай магтан дуулахаа боливол яасан юм бэ? Цаадуул чинь аль эрт болчихсон байх шүү.   

Үндэсний баяр наадмаа энэ олон их ойн аль нэгний ч гуншингүй, улс төрөөс ангид, намуудаас хол, ямар ч төрд хэзээ ч хувирашгүй үндэсний баяр болгох тухай МАН, АН хоёр бодооч. Зүгээр л Үндэсний их баяр наадам гэвэл Даншиг, Арван засаг гэх хаад ноёдын зохиодог наадам шиг мөхөхгүй, овооны наадам шигээ байж л байх болно. Хүннү гүрний, эзэн Чингисийн их Монгол улсын, 1911 оны тусгаар улсаа тунхагласны, Ардын хувьсгалын, Ардчиллын гээд олон түүхт ойнхоо үнэ цэнийг бууруулж мартахгүй шүү дээ. Тус тусын нь тохиосон өдөрт үндэсний баяр наадмаас ангид, ач холбогдлыг нь сурталчилж, үнэн түүхээр иргэдээ гэгээрүүлэх зам нээлттэй байхад түүхт ойнуудаа өмчирхөн булаацалдах, нэгийг нөгөөгийн дээр залж эрэгчин эмэгчнээ үзэлцэх нь хоосон мунхаглал ёстой мөн. АН ч гэсэн Хүннү, Чингис гэх мэт ойнуудаа наадмын гуншин болгодгоо больж үз. Түүхэн ойнуудыг тэмдэглэх ёстой төрсөн өдрүүд нь хуанли дээр бэлээхэн бичээстэй байж байна.  

Ядуу зүдүү, аймаар өр зээлтэй атлаа улс төржсөн наадамдаа яасан ч их зардал гаргадаг юм бэ. Яасан ч өндөр бай шагнал бэ. Бас болоогүй орон нутгийн наадам гэж баахан үрлэг болж зунжингаа ажлаа алдана. Тэгш ой нь тохиосон сумуудын наадмын зардал доод тал нь 5 тэрбум болсон тухай мэдээ цацагдаж байх юм. Хүчирхэг гүрнүүд наадам зохиохдоо орлого зарлагаа дэнслээд ашигтай л гардаг байх шүү. Үндэсний наадмаа ухаалаг зохио. Залуус та нар чадна. Ганц морьт уралдаач, ганц дээлт барилдаач гэсэн үг хоцрогдох нь байтугай үнэ цэнэ нь орой руу орсоор байнам.        
                                                                                                                 
2014-07-15