Сайн хөршийн харилцааг сэвтүүлэх алхам биш байгаа?
Логикоор ухаж ойлговоос, Даманы арлын төлөө цуст тулалдаанд амиа өргөсөн, хөшөөгөө босгуулсан зөвлөлтийн баатрууд хятадын нутагт, хятадын газар нутгийн төлөө хятадуудтай тэмцэж яваад зүйл дууссан байх уу? Нөгөө маоист түрэмгийлэгчид гээд буй хятадууд нь төрөлх газар нутгийнхаа төлөө дайнд орж олон зуугуулаа алагдсан болж таарав уу?
Хоёр хөрш, хоёул их хөрш. Нуур амгалан бол нугас амгалан гэгчээр найрсаг харилцаат хоёр хөршийн дунд Монгол, монголчууд бид түмэн амгалан оршино. Үүрд ийм байгаасай гэж хүсэх нь монгол хүнд юуны буруу байх билээ.
Одоогийн залуус даан ч мэдэхгүй. Энэ хоёр хөрш муудалцаад, цэрэг зэвсгээр харилцан сөргөлдөөд, бүр хил дээрээ дайн байлдаан дэгдээж эрдэнэт хүмүүний амь нас сүйтгэж байсныг. Манай улс ч хэр чинээндээ багтахааргүй ихээр цэрэгжиж, зэвсэглэж, хөдөлмөрийн насны ид гялалзсан олон арван мянган залуусыг цэргийн хуаранд бэлэн байдалд барьж байсны горыг бидний үеийнхэн амссан. Улсын төсвийн хичнээн их хувь нь өмнөд хөршийн эсрэг батлан хамгаалах үйлсэд зарцуулагдсан бол?
Түүх бол түүх. Орос-Хятадын түншлэлийн харилцааны өнөөгийн ололтыг ажиглаж харьцуулаад орос нөхдийн хийсэн нэгэн алхамд эмзэглээд би нийтлэлээ босгосон ухаантай.
2021.04.24-нд ийм нэг мэдээ хэвлэл, сайт, зурагтын хуудас дэлгэцнээ гэв гэнэт гараад ирсэн дээ. Приморийн хязгаар, Оросын дорнод нийслэл гэгдэж буй Владивосток хотноо Даманы арал дээр амиа эрсдүүлэн эх орноо хамгаалсан баатруудын хөшөөний нээлт. Юу гэвэл 1969.03.02-нд хятадын түрэмгийлэгчдийн эсрэг баатарлагаар амиа алдсан хилийн заставын дарга ахлах дэслэгч Иван Стрельников, хилийн бүрэн эрхт төлөөлөгч ахлах дэслэгч Николай Буйневич нарт зориулсан дурсгалын хөшөө Верхнепортовой өргөн чөлөөнд сүндэрлэжээ. Тэртээ 52 жилийн өмнө Эх орноо хамгаалах зэвсэг агсан боссон хилчин дайчдыг ийнхүү алдаршуулжээ.
Баатруудаа Эх орон нь хэзээ ч мартахгүй, үүрд дурсан санана, Эх орон баатруудаа зохих ёсоор нь үнэлсэн ба хятадын эсрэг хилийн байлдаанд Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор 5 дайчин (гурав нь амиа өргөсний нэхэн шагнал) шагнагдаж, 148 цэрэг дайчин байлдааны одон медалиар шагнагджээ гэсэн мэдээ зурагтаар явж байв. Яг түүхэн баримт сөхвөл зөвлөлтийн 58 хилчин, хятадын 800 гаруй цэрэг, тариачин алагджээ.
“Улсын дархан хил халдашгүй, дархан хилээ хамгаалан эрслэн босоод алтан амиа өргөсөн хилчдийн яруу алдар үүрд мартагдашгүй, ариун дагшин газар нутгийн хэлтэрхий ч хүртэл үнэтэй, түүний төлөө алтан амиа өргөсөн хилчин дайчдын мартагдашгүй гавьяа” гэхчлэн ФСБ-гийн сөрөх тагнуулын хурандаа генерал Николай Юрьев, орон нутгийн захиргааны дарга Дмитрий Мариза нар цуглаан дээр цогтой үгсээ цууриатуулан уянгалуулжээ.
Орос-Хятадын найрамдалт харилцаа дээд оргилдоо тулж, чухам л түүхэндээ хамгийн сайн сайхан үедээ байна хэмээн Москва, Бээжинд уянгалуулаад байдаг, маоист хятадын түрэмгийллийн эсрэг зөвлөлтийн дайчдын алдар гавьяаг орон нутагтмөнхжүүлээд байдаг, авцалдаа логик холбоо гэж байна уу?
Үнэндээ тэрхүү ариун дагшин газар нутгийн хэлтэрхий нь одоо хаана байдаг вэ? Зөвлөлтийн дайчдын алтан амиа өргөсөн тэр газар нутаг хэний харьяа вэ? Даманскийн арлуудын хувь заяаг хэрхэн шийдсэн бэ?
Маш ойлгомжтой үйл явдал үүнд хариу өгчихнө. Тухайн үеийн СССР-ийн Ерөнхийлөгч бөгөөд ЗХУКН-ын Төв Хорооны ЕНБД Михаил Горбачев, ХКН-ын Төв Хорооны ЕНБД Зян Зэминь нар 1991.05.16-нд Москвад гарын үсэг зурсан Улсын хилийн тухай Зөвлөлт-Хятадын хэлэлцээр гэж түүхэн баримт бичиг бий. Олон улсын эрх зүйн акт шүү дээ. Дмитрий Окунев гэх орос судлаачийн бичсэнээр (19 мая 2021, “Наука” цахим сэтгүүл), Приморийн хязгаарын Уссури мөрөн дэх Даманы арлууд уг хэлэлцээрээр Хятадын талд шилжин очжээ. Ер нь 1990-ээд онд Орос нь БНХАУ-д Амар, Уссури мөрөн дэх 600 орчим арлуудыг, өөрөөр хэлбэл нийт 10 км² хуурай газрыг айлын талд шилжүүлжээ.
Логикоор ухаж ойлговоос, Даманы арлын төлөө цуст тулалдаанд амиа өргөсөн, хөшөөгөө босгуулсан зөвлөлтийн баатрууд хятадын нутагт, хятадын газар нутгийн төлөө хятадуудтай тэмцэж яваад зүйл дууссан байх уу? Нөгөө маоист түрэмгийлэгчид гээд буй хятадууд нь төрөлх газар нутгийнхаа төлөө дайнд орж олон зуугуулаа алагдсан болж таарав уу?
Горбачев Хятадад Даманы арлыг 30 жилийн тэртээ өгчээ. Энэ бол баримт. Гэхдээ ганцаараа толгой мэдээд өгчихсөн хэрэг бус. ЗХУКН, Зөвлөлт Засгийн газрын шийдвэрийн дагуу тэгж шийджээ. Хятадууд тэвчээртэй хүлээж чаддаг тэр ухаанаа л гаргажээ. 1969 онд хоёр удаа хилийн дайн дэгдсэн байдаг юм. Уссури мөрөнд Даманы арал дээр, мөн Зөвлөлт Казахстанд Жаланашколь нуурын хөвөөнд.
Эдүгээ Даманы арлын явдал түүх болон хуучирсан. Хаант Оросын үед Хабаровскоос өмнөшөө 230 км-т орших 0.74 км² талбай бүхий жижиг арлыг Оросын нутаг дэвсгэрт авсан байх ба Зөвлөлт Холбоот Улсын өнгөн дээр тэр нь үргэлжилж, харин Хятадын зүгээс газар нутгийн маргааныг ямагт өдөөж, Зөвлөлтийн талд ил далдаар тавьж шаардсаар 1969 онд цэрэглэн орсон нь тэрхүү хилийн дайн болжээ. Тэр дайнд Хятад ялагдсан. Ялалтын баярыг Зөвлөлт даяар, Монголд ч дуулиантай тэмдэглэж байжээ.
Хэргийн эзэн, хэнгэрэгийн хоёр дохиур Мао Зэдун, Леонид Брежнев нар таалал төгссөний дараа Зөвлөлт-Хятадын харилцаа сайжралын зам эрэлхийлж, хоёул гарц хайж байх үест Дэн Сяопин санаачилга авч «гурван харш саад» гэх болзол гаргаж тавьсаны дотор Зөвлөлт-Хятадын хилийн районаас зөвлөлтийн цэргийг татах, Монгол, Афганистанаас цэргээ гаргах, Кампучиас (Камбож) Вьетнамын цэргийг гаргуулах гээд жагсаж байв.
Түүх бол түүх. Хятадууд тэр гурван болзлоо гарцаагүй хийлгүүлж чадсан юм. МонголоосЗөвлөлтийн цэрэг гаргахын эсрэг хатуу зогсогч, Даманы арлын баатруудыг алдаршуулагч, Эх орны дайны гүн дурсамж бүхиймаршал удирдагчийг нь Монголоос зайлуулж, улмаар Монголоос цэргээ гаргахаар шийдсэн, бүр НҮБ-ын индрээс батлан илэрхийлсэн, Афганистанд 10 жил үр дүнгүй байлдаад эцэст нь цэргээ гаргасан, Камбожийг мөрт нь орхисон гээд Хятадын «гурван харш саад» дардан замаар жирийлгэж байв.
Даманы арал хятадын нутаг мөн, 1969 онд байлдаад асуудал шийдэгдээгүй, одоо шийддэг цаг нь хэмээн яг 20 жилийн дараа хятадууд асуудлыг Москва руу шууд хандуулан тавьжээ. 1989 оны хоёрдугаар сард Дэн Сяопин Шанхай хотноо СССР-ийн Гадаад хэргийн сайд Эдуард Шеварднадзег хүлээн авч уулзахдаа Даманы арлын асуудлаар халуухан яриа өрнүүлж, тэр нь яван явсаар 1991 оны Улсын хилийн тухай хэлэлцээрт тусгалаа олжээ. Дэнгийн аман баталгаа байна:–Хятад нь бусдын нутаг руу халдахгүй, хэнд ч аюул занал учруулахгүй.
Тэгж батлан тангаргалаж байгаад л 600 арлыг нь “ховх соржээ”. Одоо Орост мянган хөшөө босгоод нэмэр алга. Дайны үеийн алагдсан дайчдын шарил ухуулж дурсгал босгодог нь лав Хятад дээр бүр ч утга алга.
Opocын “НТВ” телевизээр Даманы арлын хэрэг явдлын тухай баримтат кино гаргаж байсныг санаж байна, олон жилийн өмнө дөө. Тэр байлдаанд алтан амиа өргөсөн зөвлөлтийн хилийн отрядын даргын бэлбэсэн гэргий нулимс дуслуулан ярилцлага өгч байв. Амьд үрэгдсэн эр нөхөр нь Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор нэхэн шагнагдаж байжээ. Тэр эмгэн уйлан хайлан юу гэж ярьсан гээч! “Тэр нэг жижигхэн арлыг хаашдаа л Хятадад шилжүүлчих байсан юм бол цэрэг дайчдынхаа хамт миний нөхөр юуны төлөө амиа алдсан юм бэ? Хэлэх ч үг алга” гэсэн юм.