“Тэнгэризм”-ийн учир санааширхуй
Тэнгэр шүтлэг харин хүмүүний өдгөө ойлгож заншсан шашин нэрийтгэлийн төлөв чанарыг төгс олж хараахан гүйцээгүй асан юмсан уу даа?!
Орчлонт ертөнц (Орсоор мироздание)-ийг танин ухаарах, тайлан мэдэх, дорно дахины өвөрмөц нэгэн философи (Монголоор Өргүн ухаан)-ийг дэлхийн даяарт “Тэнгэризм” хэмээн нэрийтгэж заншсан байх. Тэнгэризмийн ухаан хийгээд Тэнгэр шүтлэгийн учрыг бүрэн тайлж бичнэ гэвээс, миний муу уйтан толгойд атугай хэдэн арван хөлгөн сударт ч үл багтах агуудам далай,арвин их ай сав ажгуу...
Дорно дахины ухааны нэгэн орны хувьд Монгол сэтгэлийн ертөнц Тэнгризмийн нэгэн их орчин дайд яах ч аргагүй мөн бөлгөө. Ер Тэнгэризм, тэгүүний дотроос монгол Тэнгэризмийг сүсэг залбирал төдийд санадаг европ бодол даанч гоомой мөчид л дөө. Монгол Тэнгэризм аваас орчлонт ертөнцийн тухай философи буюу Өргүн ухааны сод нэгэн санаа юм. Хүй орчлонгийн хамаг бүх оршихуй хийгээд тийн бүхүй орчихуйн учир начрыг сэрж мэдэрч,сэхээрч мэдэхүйн үйл л Тэнгэризмийн мөн чанар аюу. Чингэ сний хойно эрхэмлэх дээдлэх, сүсэх бишрэхүйн орон үүддэг байх,харин магад. Түүнээс биш, аль нэгэн бурхан сахиусын аврал шид дур дулдуйдаж орчлонг үүтгэгч болон эзэгнэх атгаг санаа ёсон Монгол Тэнгэризмд огоот үгүй бөлгөө.
Монгол Тэнгэризмийн ухаарлаар орчлонт ертөнц ахул хаана ч,хэн ч,хэзээ ч,хэрхэн ч бүтээгээгүй, өөрөө оршихуй юм. Өөрөө оршихуйн мөн чанар нь өөрөө эргэхүй мөн. Чухам гэхүл,оршихуй аваас эргэхүй,эргэхүй гэвээс оршихуй буюу. Өөрөө эргэж буй учир өөрөө хувьсажбайгаа хэрэг. Эргүүлэг гэхүл хувьсахуйн үүд мөн. Эсвэл хувьсахуй эргүүлгээс өөр юу ч биш. Ялдар дурсваас, буурал цагийн хүмүүс энэ учрыг сэхээрээд,Орчлонгийн эргэхүй ёс учрыг Хас тэмдгээр бэлгэдсан байж магадгүй. Монгол Говийн ариун хээлийн бүлээн хаднаа хадгалаастай нэгэн гайхмашигтай Хасыг үзээд эргэцүүлэн санааширахуй дур тийм санаа төрдөг. Энэ учирт урьд товч, бичсэн болохоор энд ингээд орхъё...
Нэгэнт, орчлон өөрөө эргэх оршихуй мөн ахул тэгүүнийг өрөөл бусад бүтээж үл болно. Тэнгэризмийн энэхүү цөм санаанд өрнийн Өргүн ухаан (Philosophy)-ы Фатализм ухаарал жаахан дөхөж ирдэг. Энэ учирт,номын эхэнд иш авсан, Оросын символизмын их яруу найрагч Константин Бальмонтын үгийг эгэн харж,сайн ажиглаад жаахан эргэцүүлэн бодож үзэхэд гэмгүй. Монгол сэтгэлийн ертөнцийн мөн чанарыг ганцхан өгүүлбэрт багтаан хураангуйлаад,тун дажгүй гаргачихсан мэт санагддаг. Чингэсэн нь ч бас санаандгүй бус л болов уу?! Учир юун хэмээвээс, тансаг авъяаст энэ эрхэм найрагч бээр Алтан Ордоны монгол угсаатай гэдгээ өөрөө бичэж үлдээсэн байдаг. Тийн бээр, орчлонт ертөнцийг монгол Тэнгэризмийн совин билгээр сэрж ухаарах заяамал увдис саяхийн сэтгэл оюунд шингээстэй төрсөн байхыг хэн байг гэх юм бэ?! Юутай ч,монгол ертөнцөд элэгтэй нэгэн асныг уран бүтээлээс нь амархаан ажиглаж болно.
Бальмонт аваас Оросын символизмын яруу найргийн нэгэн үүтгэгч бөлгөө. Европын хийгээд хожимхоны, Оросын уран зохиол ялангуяа яруу найраг дахь символизмд Тэнгэризмийн амьсгал мэдэгдэм байдаг.Константин Бальмонт монгол хүний сэтгэлийн чанар шинжийг тийн мэргэн хэлсэн нь энэ хоёроос нь улбаатай байж магадгүй.
Хорьдугаар зууны ерээд оны эхэн хүртэл Оросод хориотой байсан энэ их зохиолчийн,дээр үед хэвлүүлж байсан номоос ганц хоёрыг хар захаас олж авч уншчихаад би вээр нэг ёсондоо Бальмонтын “өвчин тусчихсан” явдаг байж билээ, хэ хэ хэ...
...Монгол Тэнгэризмийн яриандаа эргэж оръё. Орчлонт ертөнцийн тухайтад тэнгэризмийн ухаарал нь:
-Орчолонт ертөнцийг сэрэхүй,
-Орчлонт ерөнцийг мэдрэхүй,
-Орчлонт ертөнцийг сэхээрэхүй,
-Орчлонт ертөнцийг аймширахуй,
-Орчлонт ертөнцийг шохоорохуй,
-Орлонт ертөнцийг хорхойсохуй,
-Орчлонт ертөнцийг гайхширахуй,
-Орчлонт ертөнцийг тандахуй,
-Орчлонт ертөнцийг ажиглахуй,
-Орчлонт ертөнцийг сорихуй,
-Орчлонт ертөнцийг бодрохуй,
-Орчлонт ертөнцийг ухаарахуй,
-Орчлонт ертөнцийг санааширахуй,
-Орчлонт ертөнцийг бясалгахуй,
-Орчлонт ертөнцийг танихуй,
-Орчлонт ертөнцийг тайлахуй,
-Орчлонт ертөнцийг үнэмшихүй,
-Орчлонт ертөнц лүгээ зохирон оршихуйн мөрийг мөшгөхүй,
-Орчлонт ертөнцийн ай их Дайдад тийн зохирон оршихуйн совин билиг тэргүүтэн болъюу.
Хүмүүн сэтгэл ухааныхаа хэрээр орчлонт ертөнцийг танин мэдэж,тайлан ухаарахуйн сэц эрдэм хийгээд хүмүүний ухаан оюуны оргил титэм нь Совин билгийн чанад увдисбуюу. Энэ далд мэргэн увидсынхаа учир начрыг төгс тайлах чинээндээ хүмүүний ухаан харин өдгөө хэр хүрээгүй бай юу. Эгүүнээс үүдээд хүмүүний ухаан Совин билгийг ид шид чанартай мэт эндүүрэх нь ч байх. Харин Совин бээр увдис учиртай байхуйг үгүй нэх газаргүй болъюу. Совин увдис ер хязгаар хэмжээ нь үгүй байх нэн ч магад буюу. Совин билиг аваас Тэнгэрийн увдис мөн буюу гэж мөхөс би бээр нэгэнтээ мунхагласан минь бий учир энд дахин нуршиж дэмийрэх хэрэг юун. Тийн бээр ийн аюу:
Совин билиг
Тэнгэрийн увдис
Сод ухаан
Тэгүүний улаач.
Хэдийвээр ариун шудрага Байгаль авгай ухаарч гэгээрэхүйн увдис совинг хүмүүн болгон дур алагчилал нь үгүй хайрлан заяалгасан нь магад ч тэр гайхамшигт хишгийг сэхээрэн хүртэж чадах хувьтан даанч цөөн. Мөхөс хүмүүн би гэхэд л орчлонг санааширахаас чанагш үл хэтрэн насыг элээж,нартыг чилээж яваа даанч гөмс ухаантны барим тавим нэгэн жишээ бөлгөө. Уран зохиолын үйлсэд“Сюрреализм” хэмээн саяхнаас нэрлэх болсон,үнэндээ гэхүл Дорно, Өрнийн уран зохиолд бузгай эртэн цагаас улбаа үүсэж,уламж болж өдгөөд хүрч ирсэн “Увдист реализм”-ын ухаарал сэхээрэл,уран сэтгэмжийн год сэжүүрээс барин алдан байж “Эрлэгийн бошго”, “Чингис хаан буюу Тэнгэрийн увдис”,”Зүрхэн тахилга” тэргүүтэн хэд гуравхан юм бичсэн минь л чухамдаа юусан ч бол доо, гэхээс цааш ахиагүй.
Хэдхэн мөрийн өмнө өгүүлсэн, орчлонт ертөнцийг ухаарч зохирон оршихуйн дараа дэс бээр үйлийн цаг орон,хүмүүний ухаан оюуны бэл чэнээ сэлтээс улбаалаад өвөр зуураа солбин сэлгэх, нийлэмж болох, орхиц гарах тэргүүтэн болох магад буйг учирлан өчсү.
Дээрхи дэсийн туушид зөн сэрлээс үүдэлтэй хийгээд совин билиг нэвт шингээстэй байж л ерөөс хүмүүн бээр орчлонт ертөнцийг ухаарч,зохирон орших учиртай анам. Эгүүнийг үл ухваас эс зохирно,эс зохирвоос үл оршиуйн хувь үүднэ. Ийн,зөн сэрэл гэгч аваас хүмүүн орчлонг ухаарахуйн үүд эхэн ахул совин билиг чанагш зохирон оршихуйн нь оргил титэм магад гарахуй мэт ээ. Тэнгэризмийн Өргүн ухаан(Philosophy)-д зөн үүдэл,совин билиг нэн ч учир начиртай ийн аж л.
Юутай ч,орчлонт ертөнцийг тайлах хүмүүний ухаарал л лавтай яа тийн буюу. Саяхийн учирт хүмүүнийхээс ондоо санаа ухаан байдаг ахул харин ямарыг хэн хэрхэн мэдэх. Ер тийм санаа ухаан байдаг эсэхийг хүмүүн төрлөхтөн өдгөө хэр мэдээгүй ч гэлээ, байж байхыг хэн байг гэх юм бэ?! Хүнээс өөр юунд ч, хүний нийгмээс ондоо хаана ч оюун ухаан байхгүй гэж улиглан ухуулдагбүдүүлэг материализм(Вульгарный материализм)-ыг үнэмшилтэй нь биш дээ. Сэтгэл санаа,ухаан оюуныг хүмүүн гэгч амьтанд байгал авгай хайралсан гэхүйг үгүй гэж мунхаглагч амьтан лав энэ нарт орчлонд байхгүй буй за. Материалист материалист гэхэд тийм зүд мугуйд материалист өдгөө арай ч байхгүй болов уу. Тийн ахул,санаа сэтгэл,ухаан оюун Байгалд байдаг л хэрэг ээ дээ?! Байхгүй юмаар Байгал авгай бидэнд хишиг хүртээж яахин чадахсан билээ. Нэгэнт Байгалд байдаг юм бол тэрнийгээ хоёр хөлт хохьмой толгойтоос өөр нэгэнд бас хайрласан ч байж юу магад аа?!
Орчлонт ертөнцийн үзэгдэл юмс ч, хүмүүний ухаан сэтгэхүй ч аль аль нь өөрөө оршихуй мөн учраас хувьсахуй чанартай нь мэдээж билээ. Яагаад гэхүл,хоёр хувьсахуйн хооронд хувьсахуйгаас ондоо юу ч байж үл болно. Энэхүү чанар нь бас орон, цагийн зохироо учиртай. Тухайлбал,ондоо ондоо нутаг оронд,өөр өөр цаг эрэнд аж төрөн сууж асан хоёр хүн нэгэн юмыг сэтгэхүйн ижил бус арга загвараар ухаарсан авч үнэн тайлж мэдсэн нь адил буюу нэг л бай юу.
Тэнгэризмийн ухааны үүднээс, орчлонт ертөнц өөрөө оршинхуйн хоёр төлөв чанарт оршино. Өөрөөр хэлэх ахул орчлонт ертөнц өөрөө оршихуйн хоёр төлөв чанартай. Чухам гэвэл: Бод оршихуй төлөв чанар, хий оршихуй төлөв чанар хоёр. Бод оршихуй төлөв чанар нь мэдээж хэрэг,үзэж харж,барьж тэмтэрч болох төлөв. Харин хий оршихуй төлөв чанар нь чингэж эс болох төлөв. Энэ хоёр төлөв чанарыг хүмүүний оюун билгээр ухааран мэдэж,таниж тайлж болно. Өөрөөр хэлэх аваас, орчлонт ертөнцийн саяхь хоёр төлөв чанарын юм,үзэгдэл болгоныгхүмүүн гэгч бодгальухаарч чадна гэсэн үг. Ухаан өөрөө хий төлөв чанарт оршихуй мөн учир ухаарал мөн л тухайлсан цаг,оронд болж өнгөрөх нь мэдээж. Чухам гэвэл,нэгэн цаг оронд мэдэж болохгүй байсан юм нөгөө цаг,оронд мэдэж болох гэсэн санаа юм. Энд, хүмүүний ухаан гэх бодгаль утгаар бус ерөнхий хамаа санаагаар хэлж буй бөлгөө. Үнэндээ ахул ухаарах үйл ямагт бодгаль шинжтэй. Нэг буюу хэсэг хүмүүн үл ухаарч байхуйд нөгөө нэгэн хүмүүн ухаарч чадаж байх бий шүү дээ. Тийн учир, орчлонт ерөнцийг ухаарахуйөөрөө хязгааргүй үйл оршихуй(явц) бөлгөө. Чингэхдээ, ухаарахуй бас л,орчлонт ертөнцийн хий төлөв чанарын оршихуй мөн.
Нэгэнт ухаарч мэдэж, таниж тайлж болж буй болохоор орчлонт ертөнцийн мөнөөх хоёр төлөвт оршихуй- юм, үзэгдлийг хүмүүний ухаан хийгээд үлээр хувьсгаж болж байна. Ухаарч болж байгаа болохоор хувьсгажболж л таараа л даа. Орчлонт ертөнц дахь оршихуйн өөрчлөлтийг байгалийн жамын эрхээр, хүний үйлийн эрхээр болдог гэж хоёр хувааж ухаардаг нь зөв хийгээдбуруу,үнэн агаад худал бөлгөө. Дэлхийн бөмбөрцөг нарыг тойрон уяатай ботго шиг эргэлдэх зуураа өөрийнхөө тэнхлэгийг бас тойрч эргэдгийн учир газар дээр нар мандаж жаргаж, өдөр шөнө ээлжилдэг нь байгалийн өөрийн нь жам ёсны хувьсал оршихуй мөн үү?Мөн дөө.
Харин, нарны элч гэрэл хийгээд орчлонгийн эргүүлгийн аль алинаас нь эрчим цэнэг тасдаж аваад шөнө гэрэл асааж байгаа хийгээд эсвэл Монголын нэгэн хашир малчин зун намрын цагт тэнгэрийн ааш царайг ажиглаж байгаад “Энэ жил цас ихтэй өвөл болох нь ээ” гээд, цас оруулахгүй байж дөнгөхгүй ч гэлээ, уулын өвөр нам газарт очиж өвөлжөөд мөнөөх цас зудны үр уршигийг өөрчилж, малаа үхүүлэлгүй онд мэнд оруулчихаж байгаа сэлт нь хүмүүн бээр байгалийн оршихуйг хувьсган ашиглаж байгаа хэрэг мөн үү? Мөн байхгүй яах юм бэ. Хүн гэдэг чинь “...уулыг нурааж,усыг эргүүлэх...” Хөөе хөөе, байз байз, тогтож хайлаарай. Ухаант хүмүүн (Hom sopiense) бээр орчлонт ертөнцийн олон олон юмыг олж ажиглаж, оноож таниж, засаж залж, завшиж хэрэглэдэг үнэн гэлээ ч тэр гайхал чухам юуны ач буянаар тийн үйлдэж чадаж байгааг нэг жаахан бодоод үзье дээ. Тийм ээ...оюун ухаанаар. Энэнийг хэн ч андахгүй . Харин тэр их шид увдист ухаан оюун гэгчийг хүмүүнхэнээс хаанаас хэрхэн олж авсан юм бэ? гэхээр л маапаан гараад ирдэг. Мөхөсби вээр, хүмүүний ухаан санаа орчлонгоос заяасангэж бодож мунхаглаж явдагаа өмнө нэгэнт хэлсэн. Тэрнээсээ буцна гэж байхгүй ээ.
Хүмүүн нэрт хоёр хөлт хохимой толгойт ахул орчлонт ертөнцийн бод оршихуй хий оршихуй хоёрын зохироот нийлэмж мөн. Тийм болохоор, хүмүүний ухаан оюун гэгч аваас орчлонт ертөнцийн бод оршихуйд шингээстэй мөн тэгүүний хий оршихуйгаас өөр юү ч биш гэмээр.Хэрэв энэ тийн аваас,хүмүүн орчлонт ертөнцийн юм,үзэгдлийн учир начрыг таниж тайлж, хэрглэж ашиглаж байгаа нь чанад үнэндээ гэхүл байгаль л өөрөө өөрийгөө хувьсган оршиж буй хэрэг биш гэж үү?! Ийн бээр Тэнгэризмийн ухаарлаар бол байгаль ертөнц,хүний нийгэм гэсэн хоёр өөр юм үгүй. Нэгэнт,хүмүүн байгалийн оршихуй мөн ахул нийлэмж-нийгэм нь чанад учиртаа бас л тийм оршихуй байж таарна. Ганц чоно байгалийн амьтан ахул сүрэг чонос мөн л тийн биш гэж үү?! Байгалийн олон нэгжийн нийлэмж мөн л тийм нийлэмж мөн. Би бодож явдгаа ичиж имээлгүй улайм цайм хэлэх ахул,хүний нийлэмж-нийгэм гэдэг нь хүмүүн сүргээс ондоо юу ч биш. Гагц бус бүлэг сүрэг учир хүмүүн ухааныхаа хэр чинээгээр өврийн дэг горим, журам ёс,зуршил заншилыг үүтгэн дагаж мөрддөг нь мэдээж хэрэг. Энэхүү ёс нь хүнийг байгалиас хагацааж, орчлонт ертөнцийн нэгэн оршихуй биш болгож буй хэрэг огоот бус аа.
Материалист Өргүн ухаан(Philoskphy)-д хүнийг нийгмийн амьтан гэх нь байдаг. За,үгүй дээ. Хүмүүн аваас орчлонгийн л нэгэн амьд өөрөө оршихуй. Саяхь вээр, орчлонт ертөнцийн зохироот ёсоор хувьсан оршиж байдаг. Тэр зохироот хувьсал оршихуйг нь хүмүүн төрлөхтөний үүсэл мөхөл гэж хүмүүний хэлнээ тэмдэглэдэг. Хувь нэгэн хүмүүний төрөх үхэх ч мөн тийн. Үнэндээ гэхүл, ямар нэгэн буян,нүгэл огоот биш,орчлонт ертөнцийн зохироо тавилант өөрөө хувьсан оршихуй л юм. Энэ хувьсал оршихуйг монгол хэлээр “Төөрөг” буюу насны хэмжил гэдэг. Монгол язгуурын буюу Тэнгэризмийн үзэл юм даа. Бод оршихуй,хий оршихуй аль аль нь орон,цагийн хэм хязгаар бүхүй бөлгөө. Тэр хэм өнгөрөхөд өөр оршихуй болон хувьсана. Буддагийн шашны Цанид ёсон энэ хэмийг бас ашиглан хүний төрөх үхэхийг тайлбарладаг. Энэ шашны Агийн номлол нь номын шид,ламын энэрлээрүхлийг буцаана гэж тарни уншиж,ёс үйлддэг нь харин сэтгэлийг л хуурч буй хэрэг бөлгөө. Загалмайт хийгээд Лал хоёр шашин үхлийг Дээд бурханыхаа эрхшээлд холбодог нь мэдээж бас л шал худал.
Харин, амьд байхуй орчлонгийн зохироо-төөрөгт ямар нэгэн гэм учирсанаас үүдэж төөрөгт орон,цагийн хэм бус үхэх учир тохиох аваас тэр гэмийг амь оршихуйгаас хагацааж болох агаад мөн л оршихуй зохироо юм. Жишээ нь: Өвчнийг анагаах мэт. Ерөөс, Орчлонт ертөнцийн өврийн зохироо ёсыг сөргөж үйлдвээс бүтэл бус үүдэж, түйтгэр гарахуй орон болдог буюу. Жишээ нь: Яг өдгөө ертөнц дахинаа нүүрлэж, хүмүүн төрлөхтнийг үхэл хагацал, айдас хүйтэст автуулаад байгаа титэм хоруугийн гамшиг чухам тийм нэгэн барцад гай байж тун ч магадгүй дээ. Энэ учирт өмнө нэгэнт таамаг хэлсэн болохоор энд дахиж нуршиж яршиг удах хэрэг юун.
Энд, Орчлонт ертөнцийн хамаг бүхнээс хүмүүнийг жишээ болгон авч байгаа болохоор тэгүүний хувь заяа,төөрөг тавилан гэгчийн учир эрх биш хэд гурван үг хэлэх учиртай болов уу?! Зөв буруу, үнэн худал нь өөр хэрэг. Миний л үг шүү дээ. Өрөөл бусдынх өөр байж бололгүй яах вэ. Өмнө нэгэнт өгүүлснээр хүмүүнийг бод оршихуй хий оршихуй хоёрын нийлэг оршихуй мөн гэж үнэмших аваас мөнхүү оршихуйн нь учир начрыг Тэнгэризмийн ухаанаар сэтгэж сэхээрч, таниж тайлж болох мэт. Нэгэнт мэдэж болох аваас тэгүүнийг хөндөж хөтөлж болох учир гарч ирнэ. Тийн бээр,Home soppiense гэгч ухаан санаат хүмүүнявдал мөрөө өөрөө хянан Орчлонт ертөнц дур зохироож аж төрж чадах байх нь ээ?! Албархуу хэлээр бол хувь заяандаа эзэн болох гэх үү дээ. Бид чингэж бүрэн хувь чаддаг эсэх, харин өөр л дөө.
Орчлонт ертөнцийн үзэгдлийг ч хүмүүний заяа хувийг ч Тэнгэрийн үзлээр ухаарах нь нүүдэлчний ертөнцийн ихэд эртэн цагийн санаа ёсон бололтой байдаг. Тэнгэр газрыг сүсэж эрхэмлэх улмаар Онго ёсыг бармтлах тэргүүтэн, өдгөө Тэнгэризм хэмээн нэрлэх болсон Тэнгэрийн ухаарал-үнэмшилээс үүдэлтэй болов уу? Чингэж үзвэл, нэгэн цагт шүтлэг төдий асан саяхь бээр Мөнх Тэнгэр Бурхант шашин болж сэргэн үүсэх нөхцөл тавлин байж болох мэт ээ.
Тэнгэр шүтлэг харин хүмүүний өдгөө ойлгож заншсан шашин нэрийтгэлийн төлөв чанарыг төгс олж хараахан гүйцээгүй асан юмсан уу даа?! Учир юун хэмээвээс:
- Тэнгэризмд өдгөө хэр оноосон Бурхан нь “бууж ирж” залраагүй,
- Шашныг үүтгэгч хийгээд номлогч мэргэд гараагүй,
- Шашны төгс зохионгуйт сургааль номлол үүсээгүй,
- Шашны бишрэл шүтлэгийн ариун хөлгөн ном судар бүтээгүй,
- Шашин номын орон газар, эрхэлсэн алба буй болоогүй,
- Шашин ном, ёс сахилын дэг тогтоогүй тэргүүтэн буюу.
Ийнхүү Тэнгэризм бээр, хүмүүн төрлөхтөний түүхнээ хэвшин тогтносон ёсоор ахул төгөлдөр шашин хараахан биш байж гэвэлтэй. Орчлонт ертөнцийг танин мэдэхүйн хэрээр Тэнгэр газрыг бэшрэн сүсэглэх нэгэн заншил ёсон хүмүүн олны сэтгэлийн ертөнцөд үүссэн байна. Тэгүүнийгхарин ТэнгэршүтээнтШашины үүдэл байжихуй хэмээжболох буюу.Харинхүүсаяхь үүдэл чанагш дэгжин бойжилгүй зогссон бололтой. Чингэсэн нь хүмүүний аж төрлийн нүүдэл орчинт ёсноосшалтгаацсанбайж ч болох?!Бас ч, эрэн цагт сууршимал ёст орчин нутагт нэгэнт газар авч давамгайлсан бусад олон шашин тийн гарах завшааныг Тэнгэризмд үл олгожихуй юу?! Эс бөгөөс, энэ хоёрын нийлэмж учир ч асан аж мэдэх. Юутай ч,Тэнгэризмийн Өргүн ухаан(Philosophy)-ы өм хэвлээснэгэн гойд шашин мэндлэх хүмүүний хувь дутсан анам...
Чингэсэн аваас, саяхь сайн хувь эгэн сэргэх ёсон байж болох уу хэмээн бодохул... Яагаадболохгүйгэж?! Бурхан шашин гэгч ерөөс хүмүүний сэтгэлийн хэрэг үйл дагаж л үүссэн нигууртай нь магад. Хоёр хөлт хохьмой толгойт гайхал хомголзуур санааныхаа хор хөнөөг эрх биш гадарлаад тэрнээ илаар болгох санаатай төр ёс цааз хууль, Бурхан шашин сургааль номнол тэргүүтнийг бодож олж,үүтгэн гаргасан байх. Хүн гэгч энэ амьтан Орчлон дур Төр ёс, Бурхан шашингүй сул чөлөөтэй оршиж нэгэнт чадахгүй болсон аюу. Энэрэл аварлын энэ хоёр од нь тэгс хийгээд л бохирдож,төр цааз нь дарагуйлах гэсгээх, Бурхан шашин нь мунхруулах мэхлэх ёсон болж хувирсан байх. Энэ нь гаслантай ч гэлээ хүмүүн тийм л амьтан хойно "Илжиг модон хурдаргандаа" гэгчээр,даан ч хэрхэхсэн билээ. Эгүүнд Төр Бурхан хоёр аль аль гэмтэн огоот бус аа. Чухам гэвээс, хүмүүн л бодож гаргасан болохоор хүмүүн санааны муу муухайг эл хоёр өөрийн эрхгүй мөн л өвөрлөсөн байх аж л. Ийн бээр, базаахгүй үнэнээр ухваас, Бурхан бузраас төрсөн, хууль хулгайгаас гарсан гэмээр үү дээ?!
Орон цагийн орчил эрхээр хүмүүн эрхбиш жаал хэрсүүжиж, орчлонт ертөнцийн учир начрыг мэдээдирэхээрээ Төр Шашинхоёроо баахан ад үзэх болжихуй. Өдгөө дэлхийн бөмбөрцөг дээр яг тийм цаг эрэн тохиож буй бололтой. Энд тэндгүй л төрөө сольж, шашинаа голж байхуйг бэлхэнээ харж байна,бид. Эндээс,төрийн тухайтад ахул өөр яриа учир орхиж,шашны учигт хэдхээн үг хэлье. Нэгэнт, Тэнгэрийн шашны яриа болж буй болохоор.
Өдгөөгийн шашин ёсыг үзвээс бусдаасаадүү залуу шашин Лал гэхэд нэгэн мянга гурван зуу гаруй настай ахул хамгийн өндөр наст буурал нь болох Иудаизм арван гурван мянга гаруй он цагийг элээж өдгөөд ирсэн ажгуу. Ийн бээр,хүмүүн төрлөхтөн түүхэн туршдаа эд юм, амьтан адгуус,уул ус, үхэгчийн сүнс,ид шид,хий юм, тэр ч бүү хэл эм хүмүүний бэлгэсийн эрхтэн мэтс онго шүтээний урт цагийг туулан байж ганц хийгээд олон бурхант цогц төгс шашныг үүсгэн шүтэж ирсэн хэмээнэ. Монголууд бид гэхэд мөн л уул ус,араатан жигүүтэн, адгуус амьтан гэхчилэн онго шүтээнтэй асан цаг тун саяхаан. Саяхан ч гэж дээ, бүр өдгөө ч төрийнхөө сүлдэнд морь зурчихаад зулай дээрээ залж байгаа маань нэгэн зүйл Онго л шүү дээ.
...Онго гэснээс, хятад зохиолч Жан Руний “Чонон онго” гэдэг романыг манайд “Чонон сүлд” гэж шал буруу орчуулсан байх. Монгол хэлээрээ онго сүлд хоёрыг ялгаж дөнгөхгүй хэвтэж, уран зохиол орчуулах гэж сэвдэг мөн бүдүүн зүрх ээ?!
Монгол угсаатны зарим хэсэг чоныг онго шүтээн болгож байжихуй. Эртэн цагийн монгол бөөгийн дуудлага-яруу найрагт:
“Хөхсөө шидийг олсон
Хөх чонон онго минь” гэх ч юм уу,
“Галзуу чонон хөлөгтөнгүүд
Гал могой ташууртангууд”
Хүний махан хүнстэнгүүд
Хүрэл чулуун зүрхтэнгүүд”
хэмээхчилэн чоныг янз янзаар онголон дуртгасан байдаг. Одоо ч гэсэн манайд чоныг хийморьтой амьтан хэмээн эрхэмлэх заншил бүрмөсөн мөхчихөөгүй л байгаа. Энэ бол Байгаль орчлон лугаа зохирон орших малчины соёл иргэншлийнёсон агаад мөнөөх л Тэнгэризмийн философи(Өргүн ухаан) ухаарлаас үүдэлтэй магад буюу...
Онго шүтээнээс Бурхант шашин хүртэл хүмүүн төрлөхтөн, багцаалбаас таван мянга хавьцаа янз шашин,шүтлэгийн нүүрийг үзэж улираасан гэх нь бий. Тэдгээрээс ньИудаизм, Буддизм, Загалмайт, Лал тэргүүтэн цөөхөн нь л өдгөө түгээмэл зонхилох шашин болж тэсэж үлджихүй. Ер,шашны туулсан зам гэвээс орчлонт ертөнцийг таниж тайлах хүмүүний ухаарал, чингэж үл чадан мөхөсдөхүйн мунхаглал хоёрын харшилдаан хийгээд буян,нүгэл нь юмсан уу?! Энэхүү харшилдаандаа шашин өдгөө ухаан оюунд аргагүй дийлдэн сөхөрсөөр ахуй буюу. Хэрэг үйл нь чингэж бүхүй атал шашин авгай учрыг ухаарч цаг оронд хувиран зохирч оршихуйн оронд балар цагийн мөрөөдлийн гэнэн домгийг хүнд үнэмшүүлэх гэж бахь байдгаараа мугуйдлан зүтгэсээр бүхүй нь бүр гайхмаар. Эрийн нь богино хавирганы ясаар эхнэр хийжөгч хурьцалдуулж үр төрүүлж болно, өвчин тусаад үхэх гэж байсанч эмнэлэгт очилгүй лам залж Цагаан шүхэрт уншуулж гурав үлээлгээд л эдгэж болно, үгэнд ороогүй хүнийг Бурхан хилэгнээдгахайн болгочихсон болохоор мөнөөх нүгэлт гахайны махыг идэж үл болногэх мэтсийг өдгөө цагийн найман тэрбум хүний хэд хэчнээн нь үнэмшиж буй бол?! Эмээх,ичэхийн хэрээр дагах мөрдөх учирт биш шүү,ухах үнэшихүйн тухайтад хэлж байна. Дагах, үнэмших хоёр болбоосугазар тэнгэр лүгээ адил хол зөр юү...
Ийн бээр,өдгөөгийн шашин аваас ертөнцийн орчил оршихуйн бэлчээрийг гүйцэж ядан сульдаж, хүмүүний сэтгэлийн цангааг тайлж нэгэнт үл дөнгөх болжихуй. Энэнээсээ болоод зарим шашин дотроосоо хямран хагарч,элдэв долоон бүлэг урсгал гэгч гарч өвөр зуураа тэрсэлдэж, дайн дажин дэгдээж, мөнөөх, энэрч аврах нигуураа умартаад хүмүүн амьтныг үй түмээр нь хядан бүрэлгэж бүхүйг бид бэлхэнээ үзэж байх бус уу...
Хүмүүн төрлөхтөн өөрийгөө авран элбэгч бус алан хөнөөгч шашин дур аль хэр удаан мөргөж тэсэхийг хэлж мэдэхгүй ч хэзээ нэгэн цагт тэгүүнд урам хугарч, урван хагацах нь магад болъюу.
...Хүмүүн гэгч хоёр хөлт хохьмой толгойтон бээр нүгэлт энэ орчлонд шүтэж залбирахгүй амьд явж нэгэнт чадахгүй үйлийн үртэй нь үнэн ахул чанагш элдэв зүйл Бурхан сахиус, шашин шүтлэгийг эрж бэдэрч,бодож гаргах л тавилан төөрөгтэй буюу.Тэнгэр шүтлэг ч тэдгээрийн нэгэн асан маргамгүй буй за. Саяхь бээр агуудам орон газар, үй олон хүмүүний сэтгэлийн цэлгэр дайдыг эзэгнэн орших Их хувь харгуйнхаа эхэн цаг тур нүүдэлч Монгол ертөнцөд, эхлээд Буддизмд хожим нь коммунизмд автан мөхөсдөж, мөхөхийн муу хувийг олжихуй. Тийн авч язгуур голомт нь гарвальт ертөнцдөө гүн яргаастайн учирт бүрмөсөн бөхөж унтарсан нь үгүй, далд чанад унгадан асаж бай юу. Эгүүнийг өдгөө ч монгол хүмүүний сэтгэлийн орноос ажиглан олж болно байх аа. Иш авч гэрчилвээс:
Буддагийн шашин шүтдэг мэт монгол хүн тийн атлаа, цайныхаа дээжийг Тэнгэр Газартаа өргөх, айраг сархадын дээжийг мөн л Тэнгэр Газартаа инчлэх,Сүүн цацал, Овоо босгох хийгээд Овоо тахих, Морь малаа Тэнгэр хурмаст,уул усанд өргөл болгон сэтэрлэж онголон талбих ,Хан Тэнгэр минь,Хатан дэлхий минь хэмээн ам алдан залбирах тэргүүтэн заншил аваас яах аргагүй Тэнгэр шүтлэгийн уг улбаа манийн сэтгэл ухааны чанад орноо амин бөх ашид бэх оршин буйн нуталгаа мөн буюу.
“Тэнгэр түшсэн уулс хурмастын салхийг задалж
Тэртээх холын дуртгал зүрх тэмтрэн эгшиглэхүй
Бодол тээсэн хорвоогийн* нүцгэн шороо үлгэж
Босоо Хөх Тэнгэртээ зогсоогоороо мөргөмүү” (Нямбуугийн Билигүүн.”Мөргөлшүлэг”) хэмээсэн, увдис дагшин яруу найраг Монгол Тэнгэризмийн бус юуны язгууртай гэх юм бэ?!
Тийн ахул Тэнгэр шүтлэг урьдын гарвальт өврийн уугуул орон орчны нэгэн-Монголд сэргэж гарч, сэхэж өндийж, "Мөнх Тэнгэр" дээд Бурхант шашин болон өөдлөхийгүгүй ч гэх учиргүй мэт ээ. Чухам яагаад Монголд билээ? гэхүл, чингэх улбаа учир байх аа...
Орчлонт ертөнцийг Тэнгэризм санаагаар ухаарч оршихуйн ууган нэгэн дайд орон яах аргагүй Монгол сэтгэлийн ертөнц мөн бололтой. Хөх Тэнгэр, Хөрст газрын чухам энэхэн зуурзайд аж төрөн суух хувийг олсон,тоо толгой цөөн ч санаа ухаан бузгай талбиун энэ нэгэн хүмүүн олны сэтгэлийн далд утарьт саяхь ухаан(Тэнгэризм)үүссэн ину чухам ямар учир начиртайн тухайтад элдэвийг л хэлж донгосож болох авч,утга чанадад нь гарч бүрэн тайлан хэлж над мэтийн жулдрайяахин дөнгөх билээ хэмээн хирээ мэдэж:
Хөрст газарт би
Омголон хээр морьтой
Хөх Тэнэрт би
Онгон хийморьтой хэмээгээд амаа татъя...
Харин, элэр балар цагийн элэнц хуланцаас энэ маний үеийг хүртэл Орчлонт Ертөнцийн элдэв түмэн явдал юмыг ажиглан ухаарахынхаа хэрээр Саяхь лугаа зохирон аж төрж, эе хам оршиж ирснийг л эрх биш таамагладаг бөлгөө. Тэгүүнийг нь Philosophy(Өргүн ухаан) ухаанд Тэнгэризм хэмээн нэрийтсэн байх. Ийн бээр саяхь ухаан үүсэн оршсон,үгүйсэн мөхсөн орон Дайд нь монгол сэтгэлийн ертөнц мөн ахул уламж аван унгадан авалцаж, сэрж сэхээрч,сэргэж мандах орон орчин нь ч мөнхүү Монгол сэтгэлийн ертөнц байж яагаад болохгүй гэж?! Тэр тусмаа, энэхүү их ухаарлын уламж голомт нь монгол сэтгэлийн тагд өдгөө хэр байсаар бөлгөө. “ Тийм үгүйг Тэнгэр мэдэх” хэмээхүй монгол мэргэн үг аваас, Орчлонт ертөнц оршихуйн чанад учиртай хэмээсэн Өргүн ухаан(философи)-ы нэн гүн санаа агаад, харин “Хамаг бүхнийг Тэнгэр-бурхан л мэдэн соёрхоно. Хэнд ч хүртээлгүй гэсэн мунхруулга огоот биш буюу. Эс бөгөөс, хэн нэгний үйлс хэрэг нь баахан базаахгүй болохуй дур,” Тэнгэр нь хаяв” гэх ч мөн л, хэрэг үйл хувь заяагаа ухааран мэдэж,өөд татаж чадсангүй хэмээсэн шиг зэм үг болохоос биш, “Чи гэм нүгэл үгүй ээ. Тэр нэгэн гайхал Тэнгэр л чамайг гээчихлээ” гэж буруу өмөөрч буй хэрэг огоот биш.
Нэгэнт Орчлонт Ертөнцийг хүмүүний ухаан санаа, увдис совин мэдэж чаддаг аваас тэгүүний нэгэн өчүүхэн бодгаль оршихуй-хүмүүний хувь заяа ч мөн тийм бус гэж үү?! Тийн ахул мөнөөх гайхамшигт ухаан санаа,увдис совингийн эзэн хүмүүн бээр хувь заяагаа мэдэн эзэгнэж, зохирон оршиж эс чадахуйн учирт өөрөөс нь өөр хэнийг зэмлэх билээ? Энд,мэдэн ухаарахуй,бишрэн сүсэглэхүй хоёр нэг нь нөгөөгөөсөө үүдэн гарч, хоймсон оршиж буй нь үнэн л дээ. Учир начиргүй мунхаг харанхуй,мухар сохор шүтлэг л харин яав ч биш ээ.
Их ухааны энэ голомтоос Их шүтлэг гарахуйн орон болсон магад . Чухам хэмээвээс, Тэнгэризмийн ухаарлаас Тэнгэр шүтлэг дахиж сэргэх учир ёсон ийн агаад улмаар чанагш Мөнх Тэнгэр Бурхант шашин болон дээшлэх зохироо тавилан байж болох мэт ээ.
Ийн бээр, Мөнх Тэнгэрийн шашин аваас бусад шашин лугаа адил, гэнэн цагийн,гэмгүй домгоор гул барьж,олныг молигодон дагуулах гэж оролдогч хусран сүсгийн бус, ер Орчлонгийн хийгээдтэгүүний дотор хүмүүний өртөнцийн хатуухан учир тавиланг ухаарч, Үнэн магадын цулбуур барьсан,Тийн үнэмшлийн шашин байх учиртай болж байна. Тэгж үл чадваастэсэж эс чад юу. Ийн бээр,Үнэний учрыг цэцэлсэн суут мэргэдийн сод ухаан, совин билгийн далайгаас Мөнх Тэнгэрийн шашин язгуур гарахуйн орон болъюу...
Энэхүү шашны дээд шүтээн Бурхан(Урьд нэгэнтээ өгүүлсэн Брахман санаагаар) нь Мөнх Тэнгэр аваас тэгүүний мэргэн Бошиг нь “Дээд Тэнгэрээс заяат төрөгсөн” Чингис хаан буюу. Жишэн дүйцүүлсвээс:
- Иудейн шашны Дээд Бурхан, хүмүүнд илгээсэн тэгүүний Бошиг Мойсей.
- Буддагийн шашны Будда өөрөө хийгээд хэрэг үйлийн тухай тухайт бусад олон шүтээн бурхан. Анагаахуй үйлийн бурхан Манал, эд агуурс хөрөнгө зөөрийн бурхан Намсрай, дайны бурхан Улаан хахиус гэх мэт.
- Загалмайн шашны Дээд Бурхан агаад газар дэлхий дахь тэгүүний Бошиг Иисус.
- Лал шашны Дээд Бурхан нь Аллах болон тэгүүний зууч Мухамед.
- Тэнгэр шашны дээд Бурхан нь Мөнх Тэнгэр өөрөө, Үйл бүтээгч мэргэн Бошиг нь Чингис хаан хэмээхүй учир гарч болъюу.
Чингис хаан аваас, мэргэ төлөг, ид шидийн хүчээр огоот бус, өврийн заямал совин билгийн чанад увдисаар орчлонт ертөнцийн хамаг бүхэн хийгээд тэгүүний дотор хүмүүний үйл мөрийн учрыг сэхээрэн болгоож,мэдэн тайлж үйлддэг сод мэргэн ухаантны нэгэн асан анам. Саяхийн совин билгийн чанад увдисыг өдгөөгийн хүмүүний дэг загварт сэтгэлгээр тайлан мэдэхүй бэрхийн учир энэ ажгуу. Саяхь вээр,гагц захиргаа засаг, илд бамбай, нум сумын ир сүрээр бус, бас ч заяамал совин билгийн чанад увдис, оноч мэргэн ухаан, хүмүүний эевэрүү мөс чанараар манлайлан татаж,улс гэрээ нэгэнт тохинуулаад мөн тийн үйлдэж бөөрөнхий дэлхийн дайдыг алдалсан Их гүрэн ёсыг үүтгэн засгийг барьсан үнэн бөлгөө. Билиг оюуны энэхүү их бэл хүч нь Орчлонт ертанцийг ухаарах Тэнгэризмийн Өргүн ухаан (Philoksophy)-ы язгуур бүхүй хийгээд Тэнгэр шүтлэгийн Бошиг заяат асныг нут болгох буюу. Чухам тийн учирт, Чингисхаан бээр Иудейн Моисей, Будда шашны үйл мөрийн тухайлсан бурхад, Загалмайтны Иисус, Лал мөргөлийн Мухамед лугаа эн зэрэгцэн, тэнгэризмийн Өргүн ухаан (Philosophy)-ы хийгээд Тэнгэр шашны дээд бурхан Мөнх Тэнгэрийн, газар дэлхийд онож мэндэлсэн Их Бошигч нь ахуй язгуур заяат буюу. Мөнөөх, ”Монголын нууц товчоон”-д “Чингис хааны язгуур дээд Тэнгэрээс заяат төрөрсөн...” хэмээн цохон дуртгасан учир тэр буй за...
Мөнх Тэнгэр дээд Бурхант энэхүү шашны төгөлдөр ухаант төгс мэргэд (Мөнөөх буурал Жагарын бурханлаг Брахман нар лугаа адил) хожим хожим цаг эрнийг өртөөлөн төрж, Шашныхаа чанад учрыг тайлан цэцэлж, эрдэм номын элбэг далай үүтгэх нь магад буй заа. Саяхь ариун эрхэм,арвин баян далайн ундрага нэгэнт бий хойно. Энэ аваас эрдэм номын цогц чуулган “Монголын нууц товчоон” хэмээгч Их хөлгөн мөн аюу. Ухааны сав уйтан мөхөс би бээр энэнээс чанагш илүү юүг өчихсөн билээ...
Тийн бээр, эртний монгол мэргэдийн туурвин үлдээсэн “Монголын нууц товчоон” хэмээх тэргүүтэн их их хөлгөнд Орчлонт ертөнцийн чанад учрыг өгүүлсэн Өргүн ухаан хийгээд тэгүүнээс ундрага авсан Тэнгэр газрыг эрхэмлэн тахих Мөнх Тэнгэр шүтээний увдис шид шингээстэй байдаг ажгуу. Саяхь “Монголын нууц товчоон” бээр“Чингис хааны язгуур Дээр Тэнгэрээс заяаттөрөгсөн Бөртэчино ажгуу. Гэргий ину Гоомарал аж” хэмээн эхлэж буй нь гэхэд л зүгээр нэгэн магтаал домог огоот бус, орчлонт ертэнцийн нэгэн гайхамшигт оршихуй нэгэн Их хүмүүн бодгалийн энэ орчлонт ертөнц дур айсан төрөх чанад учирлыг тайлахуйн Өргүн ухаан(Philosophy)-ы ихэд гүн далд, совин билгийн увдист төөргийгдуртган өгүүлсэн байх мэт ээ...Чухам гэвээс,Энэ орчлонд чанад учир нь үгүй юм гэж нэгээхэн ч үгүйахул Чингис хаан бээр тэр нэгэн цагт ,Тэнгэр газрын зуур тэнд онож мэндэлсэн ину огоот учир начиргүй бус магад буй за.Тэрхүү төөргийг мөнөөх хөлгөнөө “Дээр Тэнгэрээс заяат төрөгсөн” язгуурт хэмээн тайлж байна. Чингис хааны хожмын үйлс хэргийг эгүүн лүгээ дүйсгэн үзвээс мэргэн онч мэдэж цэцэлсэн нь магад гарахуй анам. Энэхүү их хөлгөн, бусад шашин бурханы сургааль лугаа адил үнэн худлын зуурхан аядуу домгийн цомог төдий огоот бус, урьд өмнийн үүх түүх, уламж хойчийн учир начирыг ухааны увдисаар үнэнд хураасан эрдмийн их чуулган авай.
Уншиж мэдэж,ухаарч гэргээрэх хувь л эс дутвал нэн сайн сан. “Монголын нууц товчоон” аваас чухам ухаарч унших Их Хөлгөн мөн. Саяхь дотор ихэд далд шигээстэй, Орчлонт Ертөнцийн чанад увдист чинхүү учрыг гарган хүртэхүй аваас ухааны шандас шалгах нэн бэрх үйл ажгуу. Эгэл мөхөс миний бус эрдэмт мэргэдийн бясалгал ухааны хэрэг буюу. Энгийн бор үгээр өгүүлвээс өгүүлбэр болгоны нь цаана монгол ухаарлын далд давхар санаа нуугаастай агаад тийн учирт ”Монголын Нууц Товчоон” хэмээн нэрийтгэсэн магад аа.
Ухаан оюун,Совин билгийн яндаш үгүй арвин ундрага-“Монголын нууц товчоон” хэмээх энэ их хөлгөний далд санаа, чанд эрдмийг ухан тайлахуйн учирт Монголын төр мэргэдийн хам-эрдмийн хурээлэн байгуулж,улмаар Тэнгэризмийн Өргүн ухаан(Philosophy)-ы хийгээд Мөнх Тэнгэрийн шүтээний ИхХарш(Сүм)-ийг Бурхан Халдун Агуулын бүлээн суганаа агч, Хамаг Монголын хуралдайгаас Тэмүүжинг Улсын хаанаар сонгож, Чингисхаан хэмээх Хаан хэргэмийн эрхэм алдрыг өргөмжилсөн Хар Зүрхний Хөх Нуур хэмээх дагшин орноо босгож оршоон соёрохвоос нэн ч сайнсан бөлгөө. Чингээд чанагш монгол өрхөт айл болгон Чингис хааны хөрөг, “Монголын нууц товчоон” хөлгөнийг хоймортоо дээдлэн залж, үр хойчдоо уламжлан уншуулж заншваас Монгол ертөнц Хөх Тэнгэрийн дор,Хөрст газар дээр мөнх оршихуйн энх үүд болохсон болов уу?!
Ийн бээр, Иудейн шашинтан еврей нар Тора-Бибилээ, Буддагийн шашинтан Будда сургаалиа, Загалмайн шашинтан Сайн Занги(Евангелие)-аа, Лал шашинтан Коранаа хэрхэдэг лүгээ адил, Мөнх Тэнгэр шашинтан монголууд бид вээр “Монголын нууц товчоон”-оо Совин билгийнхээ онгон дагшин орон дайдад онч ухааран огоот хадгалахуй Оор хувь бүхүй анам...