Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхлээд байна. ХХ зууны эхэн үе бол манай улсын тусгаар тогтнолын үйл хэргийн хамгийн өрнөлтэй, хамгийн ээдрээтэй үе байсан. Гамин, цагаантныг хөөн гаргаж, Ардын хувьсгал ялсны дараа тухайн үеийн үйл явдлын Монгол үндэстэн бус зарим “гол баатруудын” амьдрал хэрхэн үргэлжилснийг манай түүхэнд тодорхой дурддаггүй. Угаасаа тэгэх ч албагүй л дээ. Гагцхүү сонирхолтой нь тэдний талаарх мэдээллийг тухайн үед “МОНТА” буюу өнөөгийн “МонЦаМэ” агентлаг гадаадаас хүлээн авч мэдээлж байсан төдийгүй, өөрийн байр суурийг илэрхийлж байсан байна. Олон судлаач энэ талаар судалсан байх л даа, энд гагцхүү хэрхэн мэдээлсэн нь сонин юм.

Өдгөө түүхийн сурвалжийн хувьд ч, үйл явцын мэдээллийн хувьд ч үнэ цэнэтэй болсон “МОНТА” агентлагийн “Хураангуй сэтгүүлийн” талаар мэдэх хүн тун цөөн юм байна. 1922 оны эцсийн тайлангаар орос хэлээр 51 дугаар 9845 ширхэг, монгол хэл, бичгээр 47 дугаар 22500 ширхэгийг хэвлэж борлуулжээ. Мөн тэр үед буюу 1922 оны сүүлийн хагас жилд 3206 үг бүхий 25 багц мэдээллийг гадаадад илгээжээ.      

“МонЦаМэ” агентлагийн дарга доктор Т.Баасансүрэн агентлагийн 80 жилийн ойд зориулан 1922 оны 6 дугаар сарын 22-ноос 1923 оны 4 дүгээр сарын 29-нийг дуустал хугацаанд гаргасан хураангуй сэтгүүлийг “МОНТА буюу МОНЦАМЭ: Түүний өчигдөр, ба өнөөдөр маргааш” номд эмхэтгэсэн нь сонирхолтой төдийгүй, судлаачдад үнэтэй гарын авлага болохоор юм.

Тус хураангуй сэтгүүлд гарсан Монголын түүхтэй холбоотой зарим хүмүүсийн талаарх мэдээллийг сонирхуулан хүргэж байна. В.И.Лениний биеийн байдлыг хэрхэн мэдээлсэн, атаман Семенов Америкт энгийн амьдрах гэсэн авч шоронд орсон тухай, Сүй Шү Жаны үнэ цэнэгүй үхэл, зартай алуурчин Сипайлог удтал маргалдсаны эцэст хэрхэн шийтгэсэн тухай гэх мэт сонин мэдээнүүд байна. Хэрэв энэ хураангуй сэтгүүлийг бүрэн уншвал өнөөдөр ч маргаж буй төмөр замын асуудлаарх нарийн тодорхой мэдээллүүд, Туваг Оростой булаацалдсан маргаан, Халимгуудыг нүүлгэн авчрах төлөвлөгөө, үндсэн хуулийг зохиохдоо англи эхийг баримтлах чиг барьж байсан тухай, тэр ч байтугай анхны нисгэгчгүй онгоцны туршилт, Муссолинийг зөвтгөсөн тайлбарыг хүртэл уншиж болно.

Энэ мэдээнүүдийг сонирхуулсны дараа Хатанбаатар Америкийн талыг баримтлагч гэгдэж байсан тухай болон “хорчин” гэгдэж байсан Д.Сүхбаатарын оршуулга Монголд анхны европ маягийн оршуулга болсон тухай, түүний цогцост хийсэн задлан шинжилгээний талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэж байна. Дашрамд дурдахад “МОНТА” хураангуй сэтгүүлийн түүхэн мэдээллүүдийг “МОНЦАМЭ ТОЙМ” сэтгүүлийн дугаар бүрт цувралаар тавьж байгаа тул захиалан уншиж болно. Ер нь Монголын түүхийн ээдрээнд орооцолдсон хүмүүсийн хувь заяа тийм ч сайхан төгсөөгүй юм билээ. Мэдээнүүдийг яг уг хэвээр нь засваргүй толилуулж байна. Гагцхүү Семеновын тухай хоёр мэдээний зарим хэсгийг хасч товчилсон болно. Хэрэв сонирхолтой санагдсан бол наадмын бэлэг тэр болог.

1. Бага Сүй Шү Жан алагдсан учир

Бага Сүй Шү Жангийн алагдсан нэгэн хэргийг хэдийнээс нуусан нь сая илэрч, Сүй Шү Жан болваас Ан Во хүрээлэнгийн (Аньфу бүлэглэл) хэмээгч Жан Золины адил Японы бодлогыг баримталсан хүн ажгуу. Жан Золин Ан Во хүрээлэнгийн  тэргүүлэгчдийг өөрийн зорилтод хэрэглээд дараа түүний гэрчээс салахыг санаж бага Сүйг хорложээ.

Олноо өргөгдсөний 12 он. 4 дүгээр сарын 27. Аргын 6 дугаар сарын 22. Дугаар №1

2. Сипайлогийн хэрэг

Барон Унгерний нэрт хамтран зүтгэгч хурандаа Сипайлогийн хэргийг тавдугаар сарын 20-нд Бээжинд Хятадын шүүхээр шүүх ёстой. Хуульчдаас хэн ч түүнийг өмгөөлөхийг зөвшөөрсөнгүй. Улсыг байгууллагын өмгөөлөгчийг томилохоос аргагүй болжээ. Япончууд Сипайлог суллах арга хэмжээ авч байна гэлцэж байна.

1922.06.02. №4.

Сипайлог шийтгэжээ

Зартай алуурчин, бас барон Унгений гар хөл бологч хурандаа Сипайлод Харбин хотноо Хятадын шүүх хугацаагүй цөлөх ял оноожээ. Японы милитаристууд юм уу Жан Зо Лин суллачихгүй бол энэ тамлан зовоогч зүй ёсны үйлээ эдлэх болно.

1922 оны 09 дүгээр сарын 30. № 26

Сипайлогийн тухай дахин өгүүлэх нь

Сипайлог шийтгэсэн тухай мэдээ баахан эртэдсэн бололтой. Сипайлог хүний аминий болон дээрмийн хэрэг, тэрчлэн Хятадын нутаг дэвсгэрт үймээн дэгдээсэн хэргээр Харбины шүүхийн танхимд 9 дүгээр сарын 11-нд хийхээр товлосон байсан хоёр дахь удаагийн шүүх таслах хурал түүний өмгөөлөгч Егоровын эрүүл мэндийн байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Хорлогчин Сипайлогийн ард түүнийг ивээн хамгаалагч нэгэн том лантуу байж, яг хэрэгтэй үед зүй ёсны цээрлэлээс аварч байгаа нь илэрхий юм.

1922.11.5. Ням. № 34

Сипайлог яллав

Саяхан ирсэн мэдээнээс үзвэл Унгерний Алс дорнод дахь гар хөл бологч Сипайлог Бээжингийн сенат, Данийн иргэн Олуфсенийг алсан учир бүх насаар нь цөлөхөөр яллажээ.

1923.04.11. Ням. № 85-86.

3. Жа ламыг устгав  

Монголд алдартай Дамбийжанцан ламыг баривчлан буудаж алжээ. Төвдөөр явж байсан, хятад оросуудын аль алинд удаа дараа баривчлагдаж явсан, европын соёлтой, монгол ч гэгдэгч, Астраханий халимаг ч гэгдэгч, тухайн цагтааХовд хотыг эзэлж байсан (манжийн мэдэлд байхад нь) Жа лам эцсийн бүлэгт улайрсан зандалчин болжээ. Тэр илэрхий хувьсгалын эсэргүү, ард түмний эсрэг улс төрийн санаархал агуулж байлаа.

Монголын баруун хязгаарт дээрэм тонуул хийж байсан Жа лам эцсийн эцэст өөрийн хорт явуулга, ов мэхний золиос болов. Энэ лам толгой, зүрхийг Өргөөд авчрах гэж байна.

1923.02.10. Бямба. № 63

4. Лениний эрүүл мэндийн байдлын тухай

Дөрөвдүгээр сарын сүүлчээр мэс засалч мэргэжилтнүүд Ленинд мэс засал хийж, бүр 1918 онд нэгэн алан хядагч эмэгтэйн буудсан үеэс үлдэж хоцорсон байсан сумыг мөрнөөс нь гаргаж авсан байна. Одоо Лениний эрүүл мэндийн байдал бүрэн илааршсан бөгөөд түрүүчийн адил эрч хүчтэйгээр төр, намын ажилдаа орсон байна.

1922.06.06. №5. 

Лениний эрүүл мэндийн байдал

Лениний эрүүл мэндийн байдал сайжирч байснаа хэтэрхий их ядаргаанд орсны улмаас дахин түр хүндрэл үүсэв. Хэл яриа, баруун гарын хөдөлгөөн сайжирсны сацуу баруун хөлийн хөдөлгөөн ч мэдэгдэхүйц сайжрав гэж 3 дугаар сарын 17-нд мэдээлжээ. Лениний эрүүл мэндийн ерөнхий байдал сайн байна. Шведийн нэрт эмч эцэг, хүү хоёр профессор Геншелийг зөвлөх эмчээр урьж ирүүлжээ.

1923.03.25. Ням. № 81-82

Лениний эрүүл мэндийн байдал

Москвагаас ирсэн мэдээнээс үзвэл Ленин биеэ сайжруулахын тулд Орос өмнө зүгийн нутаг юм уу, гадаадад явах гэж байна.

1923.04.05. Пүрэв. №87

5. Семеновын хэрэг туйлд хүрсэн чимээ

Урьдын эзэрхэг хаант орос улсаас америк улсад суулгасан элчин сайд Бахамдиевын хүчлэн үйлдсэнээр Японы зардсан Семенов  Америкт хүрсэн даруй Америкийн Засгийн газраас түүний биеийг бариулан авч буруушаан зэмлэх нь:

Читад байгаа цагт орос улсын харъяат ардын 475 мянган төгрөгийн элдэв ноос арьс зүйлийг хураасан хийгээд бас урд Сибирийн орсон Америк цэргийн жанжин Харбинаас энэхүү Семенов элдэв муу аргаар ард олныг зовоон сүйтгэсэн ялыг илтгэжээ. Иймийн тулд түүний биеийг шууд гянданд хорив гэжээ.

Олноо өргөгдсөний 12 он.  Аргын долоон. №2.

Семёновын цэргийн нэгэн тушаалтан баригдсан чимээ

Дундад улсад бие нууж суусан Семёновын цэргийн нэгэн тушаалтан Степановыг хятадаас байцаан барьж, алс дорнодын бүгд найрамдах улсад шилжүүлэн хүргүүлэв хэмээмой.

Олноо өргөгдсөний 12 он. 5 дугаар сарын 26 буюу аргын 7 сарын 19. № 7.

Таарсан амьтад 

Барон Унгернийг ялагдсаны дараа Монголоос зугтаасан цагаантнууд Сахалин орчимд (Блогавещенскийн ойролцоо) үзэгдэх болов. Тэд Харбинаар дамжин Приморье орох зөвшөөрлийг хятадын эрх баригчдаас эрж байна. Тийш нь тэднийг Мещкуловчууд урьж байгаа гэнэ.

Суллажээ

Атаман Семёнов өөрийн албадан авсан америкийн ангийн үсний үнэнд 150 мянган доллар төлсний дараа шоронгоос суллагджээ. Тэрбээр Америкаас Парис орох бөгөөд тэндээсээ генерал Врангелийн штаб байрладаг Болгарт ирэх бодолтой байна.

1922.06.06. №5. 

Семенов Шанхайд

Хэрэв “Ройтер” агентлаг үнэн мэдээлсэн бол Америкийн шоронгоос суллагдсан атаман Семенов Хятадад очиж Шанхайд суурьшсан байна. Тэрбээр Оросын эсрэг өөрт нь “үйлчлэгчдийг” дахин хүлээж байгаа бололтой.

1922.07.22. №15

Семеновын ажил 

Шанхай дахь Семеновын төлөөлөгчийн газар амь орох шинжтэй болж ирэв. Төлөөлөгчийн газрын штабт Францын концессоор том байр авч өгчээ. Төлөөлөгчийн газрыг цагаантны Алс Дорнодод нэртэй генерал тэргүүлж байна.

Семеновын төлөөний хүмүүс энэ оны хавар Өвөр Байгалаас ЗОУ-д халдан довтлохоор бүрэлдүүлж байгаа Семеновын “армид” элсэхийг хүсэгчдийг элсүүлэн Шанхайн дүрвэгчдийг зүгээр суулгахгүй байна.

Цагаантнууд хөдлөж байна

Владивостокийг улаантнууд эзлэхээс өмнө тэнд “Автономит Сибирь” гэдэг байгууллагын бүрэн эрхт төлөөлөгчийн зөвлөл байгуулагдаж, өөрийгөө Сазанов тэргүүтэй “Сибирийн Засгийн газар” гэж зарлажээ...

... Шинээр байгуулагдсан “Засгийн газар” Владивостокоос нүүж Гензенд ирэхэд түүнтэй атаман Семенов холбоо барьсан байна. Атаманаас гадна Дитерихс, Смолин нар Манжуурт идэвхтэй удирдагчид болсон байна. Дурдсан бүх удирдагчид Манжуураас Зөвлөлт Орост дахин халдан довтлох хэд хэдэн яаралтай арга хэмжээ авч байна. Тэдний агуулж байгаа санаархлыг хэрэгжүүлэхэд Япон, Жан Золин голлон дэмжлэг үзүүлж байна...

... Дитерихсийн арми Примороос ухрахдаа Манжуур болон Монголын хил дээр байсан цагаантныг оролцуулан 13 мянган явган, морин цэрэгтэй байсан бөгөөд байлдааны үеэр болон ухрахдаа бүрэлдэхүүнийхээ 50 хувийг алдсаныг харгалзвал цагаантны шинэ байгууллага дахин тэмцэл хийхдээ 6000 хүртэл хүн цуглуулж болох талтай.

Ер нь бол цагаантны үлдэгдэл ноцтой аюул учруулж чадахгүй боловч Монголын асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэх тохиолдолд тэдгээрийг Жан Зо Лин амгалан тайван байдал алдагдуулах, Зөвлөлтийн цэргийн анхаарлыг сарниулахад ашиглаж болох юм.

1923.03.18 № 77-78

Семенов Сазановтай сүлбэлдэж байна

...Алс Дорнод дахь Зөвлөлт засгийн эсрэг хамтран тэмцэхээр атаман Семенов Сазановтай хэлэлцээр байгуулсан тухай захидал Харбин дахь барууны байгууллагуудад Токиогоос ирсэн бололтой.

Энэхүү “шинэ холбоотнууд” дээрх ажиллагааг явуулах зорилгоор 2,5 сая иений дэмжлэг авсан ажээ. Эдүгээ Семенов Сазанов нар Японд байгаа бөгөөд тэндээсээ дөрөвдүгээр сар гэхэд Примори болон Өвөр байгальд нэгэн зэрэг тулалдах бэлтгэл ажил хангахаар Гензанд буцаж очих бодолтой байна.

Ноён Семёновчуудын чалчаа яриа хол явахгүй нь илэрхий байна. Эсбөгөөс тэд улаан армийн дайчдын нударганы амт үзэх гээ юм болов уу!?

1923.03.25. Ням. 81-82