“Хүмүүс түүх бүтээдэг” цувралын хүрээнд бичигдээд
удахгүй уншигчдад очих номын хэсгээс



Цэдэнбалын өвчин даамжрахын хэрээр түүнийг тахин шүтэх нийгмийн сэтгэхүй ноён оргилдоо хүрч, 1940-өөд оны сүүлчийн маршал Чойбалсангийн үетэй зэрэгцэж очжээ. 1979 онд Халхын голын дайны 40 жилийн ойгоор өрлөг жанжин (маршал) цолыг өөртөө олгуулсан ба Батлан хамгаалахын зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэдэг тушаалтай болохоо илээр зарлалаа. Ингээд Монголд Дэмид, Чойбалсангийн дараахи гурав дахь маршал 43 жилийн дараа төрлөө. 1981 онд хуралдсан МАХН-ын XVIII их хурал тахин шүтлэг, зусардлын дээд их хурал болж, аль 1950-иад онд Дамбад шилжүүлэхдээ хасаад хаячихсан “Ерөнхий нарийн бичгийн дарга” гэгч тушаалыг сэргээлгэж өөртөө олгуулахаар өөрийн үнэнч албат Б.Алтангэрэлээр их хурал дээр санал гаргуулан сайшаалгав. Бас нэг үнэнч албат нь “Манай хайрт удирдагч” хэмээх цол гуншинг түүний албан тушаал, алдар нэр дээр нэмэрлэжээ.    “Хайрт удирдагч” хэмээх энэ лут  чимэг 1984 онд өөртэй нь хамт Москва ороод замхарсан билээ.

  • ... Наяад он гарах үед улс төрийн нөхцөл байдал Ю.Цэдэнбалд ашиггүйгээр гэнэт өөрчлөгдөж, ЗХУКН-ын гол удирдагчид, Монголын дээд удирдлага хамсан хуйвалдаж Ю.Цэдэнбалыг өндөр албан тушаалаас нь буулгаж, ЗХУ-д аваачиж албаар байлгасан нь бидний ярих дуртай болсон үгээр бол мөн л хэлмэгдүүлэл байв. Үүнийг дан ганц Ц.Намсрай, эсвэл Д.Моломжамц, аль эсвэл Ж.Батмөнхийн буруугаас боллоо гэх аргагүй. Цаг үе нь, олон улсын харилцаа, Монголын дотоод байдал өөрчлөгдсөн байсан билээ. Германы гүн ухаантан И.В.Гёте: “Эрин зуун нь Сократад хор өгч, эрин үе нь Гусыг шатаасан. Эрин зуун ямагт өөртөө л үнэнч байсан юм” гэж хэлсэн нь ХХ зууны II хагасын Монголын хөгжлийн хувь заяатай бараг л нийцэж байлаа.  

Энэ эшлэл доктор Ц.Жамбалсүрэнгийн “Ю.Цэдэнбал эрин зууны түүхэн элч, УБ, 2012” номд буй. Эрин үеэсээ хол тасраад хөгжчихсөн их ухаантан, гэгээнтэн Цэдэнбалын гарын аяыг ХХ зууны II хагасын монголчууд дааж хүчрэхгүй байснаас л цаадхи нөхөр нь зайлж одохоос аргагүй болсон гэх логик дүгнэлтээ эл зохиогч гаргаж иржээ.

Энэ номын 5 дугаар бүлэг болох “Хуйвалдаан, гүтгэлэг, доромжлол социализмын сөрөг шинж болох нь” бүлгийн 1 дүгээр дэд бүлэгт (“1984 оны хэрэг явдлын учир шалтгааныг эрэх нь”) дээрхи нотолгоо дүгнэлтийг тодруулсан дэлгэрэнгүй түүх байна. Зохиогч Ю.Цэдэнбалын Академийн архив, зөвлөлтийн дипломатч Ш.Г.Надировын “Ю.Цэдэнбал. 1984 он, УБ, 1997” ном, Ж.Батмөнхийн “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй, УБ, 2001” ном, зөвлөлтийн сэтгүүлч Леонид Шинкаревын “Цэдэнбал, Филатова: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл, УБ, 2004” ном гэх мэт олон эх сурвалжуудыг ашиглан “хуйвалдаан, гүтгэлэг, доромжлол” гэдгээ тал талаас нь нотлохыг хичээжээ.

Орос ах нарын мэдээлэл, үнэлэлт дүгнэлтийг тэрээр “хутган үймүүлсэн шинжтэй бичиг ноорог” хэмээн үзсэн байх ба Д.Моломжамц Улаанбаатарт суугаа Зөвлөлтийн Элчин сайд С.Н.Щетининтэй уулзангаа “Эхнэр нь ямар ч жолоодлогогүй хүн болж хувирлаа” хэмээн ярьсныг “магтах далимдаа муучлах” аргаар Москвад сайтар матаж өгөхийг хүсч байжээ хэмээн хамгийн эхний довтолгооноо Д.Моломжамц руу чиглүүлсэн байх аж. Д.Моломжамц нь тэр ярианаасаа хойш Зөвлөлтийн хүмүүстэй дотно харилцахаас сэрэмжилдэг болсон бөгөөд 1984 оны үед ч айн болгоомжилж, хаяагаа манасан асуулт тавьж, санал хэлж байсан боловч эргэлт хийхэд идэвхтэй оролцоно гэдгээ үйлдэл, байр байдлаараа тов тодорхой ойлгуулж байсан гэнэ. Орос ах нартай юм ярилгүй ам нь үдээтэй 10 гаран жил гөлөлзөж явсан нэг нөхөр МАХН-ыг толгойлолцож байсан болж таарлаа.

Тэгснээ дараагийн довтолгооноо шууд Кремль рүү эргүүлжээ. Ю.Цэдэнбалын эсрэг хүчний нарийн бодлогын урхинд харамсалтай нь Зөвлөлтийн зарим удирдагч орооцолдсон хэмээн “Ю.Цэдэнбал эрин зууны түүхэн элч, УБ, 2012” номын зохиогч дүгнэснээрээ маш ноцтой баримтуудыг олж авсан бололтой. К.У.Черненко хүнд өвчтэй, энэ зуур М.С.Горбачев улс төрийн бодлогыг тодорхойлох болсон нь Ю.Цэдэнбалын хувьд ашиггүй байлаа гэсэн нь чухам үнэнийг хэлсэн юм шиг. Тийм ээ, орос эхнэрийнхээ атганд ороод ухаан мэдрэлээ алдах хэмжээнд сэтгэцийн тэнцвэрээ алдсан өтөл монгол нөхөрт цэл залуу гялалзсан Горбачев яаж ашиг гаргаж өгөх билээ дээ? Зохиогч доктор маань Горбачевыг муулах гэхдээ хөндлөнгийн баахан гэрчүүдийн бичсэнийг эшлэсэн байна. Горбачев нь Ставрополийн хязгаарын намын дарга байхдаа тэндхийн рашаан усны ид шидээр Ю.В.Андроповыг урхидан авсан ба Андроповынхоо даалгавраар мужийн намын дарга Медуновыг хусч хаясан, гэтэл тэр Медунов нь Андроповын өмнөх удирдагч Л.И.Брежневийн итгэлт анд байсан, тиймээс Л.И.Брежневийн гадаад дахь хамгийн итгэлтэй анд нөхөр нь байсан Ю.Цэдэнбалыг дайсагнахаас аргагүй юм гэх шахуу логик дүгнэлтийг гаргаж ирэн М.С.Горбачевтой үзэж таарчээ.

Ерөөсөө л Горбачев асар муу хүн юм байна. Олон арван жилийн Монгол-Зөвлөлтийн найрамдлыг Цэдэнбалаар барьцаа болгож Ц.Жамбалсүрэн багш маань гаргаж тавиад Цэдэнбалд Горбачев муу хандсанараа тэр найрамдлыг сэвтээсэн болж таарчээ. СССР-ийн Дээд Зөвлөлийн депутат явсан Борис Олейник гэж нөхөр Горбачевыг газар дор ортол нь муулсныг монгол зохиогч бүхлээр нь эшлэн аваад, Горбачев 1981 онд манайд ирсэний дараа Монголын эдийн засгийн хөгжлийн хурдац саарч, төр засгаа дээдлэн хүндлэх эртний  монгол уламжлал суларч, хандивлагч гол орон Зөвлөлтийн тусламж багасаж, тусгаар Монгол улсын төрийн тэргүүнийг хууль бусаар авч хаях  монгол хэсэг дарга нарын хуйвалдаан гарч, Москвагаас дэмжигдэн гэхчлэн олон сонин үзэгдлүүд өрнөжээ.

Зохиогчийнхоор бол, Цэдэнбалаас бусад Монголын тэр үеийн удирдах команд нь нас өндөр болсон, амиа хоохойлох арчаагүй байдалд шилжсэн, Зөвлөлтийн үгэнд дуулгавартай “чих зөөлөн” байсан тэрээхэн үеийн нөхцөл байдлыг эвтэй ашиглах нарийн бодол М.С.Горбачевт төрсөн ба зохиогчийн довтолгоо дараагийн ээлжинд Москвад очиж хов зөөдөг Ц.Намсрай гэгч рүү чиглэжээ. МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг өөрт нь санал болгож магадгүй гэж үзсээр буй Моломжамц, Сайд нарын Зөвлөлийн даргын суудалд санаархаж буй Рагчаа, энэ чиглэлд ажилаж буй Майдар нарыг зөвлөлтийнхөнд очиж мэдээлж байсан гэх Ш.Г.Надировын “Ю.Цэдэнбал. 1984 он, УБ, 1997” номын мөрүүдээс эшлэсэн байна. Эндээс хов хутгагч Ц.Намсрай гэгч хуйвалдагчийн дүр тодорч байна.

Тэр үеийн Монголын дээд удирдлага дахь гурван төлөөлөл “хал балгүй” шинэ Ж.Батмөнхийг хүсч байсан нь Хрущевын СССР-ийн үеийнх шиг ажлын их эрчээс залхаж, дээд доргүй амгалан тайван амьдрал хүссэндээ Батмөнхийг хүлээн авсан болж байна.   

“Ю.Цэдэнбал эрин зууны түүхэн элч, УБ, 2012” номд Ж.Батмөнхийг цааш нь авч өгсөн байна. Гэхдээ логикийн хувьд наана цааныг ялгаж оруулаагүйгээс зөрчилтэй мөрүүд нэг бусаар тааралдана. Жишээ нь БНМАУ-ын Ерөнхий сайдаар 10 жил ажиллаж, засаг тэргүүлж асан нөхрөө ялгаж танихгүй Ардын хувьсгалын партизан гарч ирж байна. Ю.Цэдэнбалыг чөлөөлсөн Намын Төв Хорооны бүгд хурлын шийдвэрийг ард түмэн дургүйцэн хүлээн авсан гэнэ. Төрийн хамгаалалтын ажилтан Д.Сандагдорж гэдэг хүн амьд гэрч нь юм гэнэ. Түүний эцэг партизан Дооровын Дашзэвэг хүүгээ дуудаад:

  • Энэ юу болж байна вэ? Засгийн эргэлт гээч нь болж байна уу? Батмөнх гэдэг чинь ер дуулдаагүй хүн гараад ирсэн байна. Энэ хүн хаанаас, яагаад гараад ирсэн юм бэ? Чи Моломжамцын утсыг олоод аль. Чойбалсангаас хойш Улаанбаатар ямар сайхан болов. Улс орон хичнээн сайхан хөгжиж, бичиг номгүй хүн байхгүй болсон байхад нүдээ алдсан юмнууд юу хийж байна. Би МАХН-ын 1924 оны гишүүн хүн. Цэдэнбалын Монголд хийсэн гавьяа зүтгэлийг хэнээс ч асуусан бүх ард түмэн мэднэ гэх зэргээр уур нь хүрчихсэн сууж байж билээ гэжээ. 

Төрийн хамгаалалтын ажилтан хүнд түүний эцэг алдарт партизан Д.Дашзэвэг гуай хэлж бичүүлснийг Ю.Цэдэнбалын Академийн архивт хадгалж байгаа юм байна. Яг тийм яриа өрнөсөн эсэхэд эргэлзэж байна. Тэр үеийн НАХЯ, түүний олон мянган мэдээлэгчид ийм яриаг урдуураа гаргалаа гэж үү дээ? Бас тэр “шийдвэрийг ард түмэн дургүйцэн хүлээн авсан” гэх тайлбар ч бодит байдлаас хол байна. 1984 оны 8 дугаар сарын тэр өдрүүдэд монголчууд дургүйцлээ илэрхийлж босч тэмцсэн гэх ганц ч тохиолдлыг бид мэдэхгүй. 

Харин өөрийг нь огцруулсан Намын Төв Хорооны VIII бүгд хуралд Цэдэнбалыг оролцуулаагүй талаар нийгэмд гомдол, санал байдаг бол тэр нь зөв юм байна. Өөрийг нь байлцуулаагүй ар хударгаар нь хийчихсэн гэдэг дээр Ю.Цэдэнбалын Академийн  Цэдэнбалыг хамгаалагчид өнөөг хүртэл гомдоллосоор буй. Энэ тухай зохиогч ч үг газар гээхгүй хэрүүл хийхэд бэлэн байна. Энэ баримтыг дурдахдаа тэрээр Ц.Намсрай руу ээлжит довтолгооноо хийжээ. Тэрээр зохиолч Дожоодоржоос эшлэхдээ Ц.Намсрайн хэлж байсныг:

  • Аймшигтай шүү! Цэдэнбал өөрөө бүгд хуралд оролцоно гээд байсан, хэрэв хүрээд ирсэнсэн бол асуудал буруу тийш эргэх бүрэн үндэстэй... Дарга хэрэв хүрээд ирвэл гишүүд нь эргээд аягүй бол Улс төрийн Товчооныхон нам, төрийн эргэлт хийх гэсэн хэрэгт буруудаж баахан хэлмэгдэл гарахыг ч хэн байг гэх вэ гэж хэлснээс үзэхэд тэрээр хуйвалдаан илэрч, бодит байдлыг олон нийт, бүгд хурлын гишүүд мэдэхээс их айн болгоомжилж байжээ гэжээ.       

Цэдэнбалын Академийн зүтгэлтэн багш маань энэ эшлэлээ цааш өрнүүлж Намсрай нь Зөвлөлтийн КГБ-ийн туршуул, аюулаас хамгалах маягийн хүн, түүнийг Б.Дэжид л дөхүүлсэн гэх нотолгоог С.Жалан-Аажав гуайн эшлэлээс гаргаж иржээ.  Тэр үед Монголд сууж асан СССР-ийн Элчин сайд С.П.Павлов, НАХЯ-нд КГБ-гийн төлөөлөгч асан В.К.Радченко нарыг үлэмж харлуулан бичсэн нь нэг талаас зохиогч докторын маань  гавьяа гэлтэй. Монгол-Зөвлөлтийн найрамдал гэгчийг улиглан мөрөөдөгсдийг бодоход коммунист хүний хувьд том зориг гаргажээ. Гэхдээ л Цэдэнбалыг хуйвалдаанаар авч хаясан гэх гомдлынхоо хүрээнд шүү дээ.  

Цэдэнбалын Академийнхан үзэж чадахаа байчихаад байгаа зөвлөлтийн генерал тэр Всеволод Радченкогийн өөр тайлбар нотолгоо бас байна. Тэрээр “Гол мэргэжил– тагнуулч, УБ, 2013” номдоо 1984 оны үйл явдлыг өөр өнцгөөс илүү бодитой дүгнэсэн байна. 1984 оны учир явдлыг тэрээр Ю.Цэдэнбалаас эрүүл мэндээс гаргаж ирсэн байна.

  • 1983 оны эх орчмоос Монголын дээд удирдлагын доторхи нөхцөл байдал эрс хурцдаж эхэлжээ. Энэ нь МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалын эрүүл мэнд нэлээд муудсанаас үүдэлтэй.
  • Даамжирсаар байсан тархины судасны хатуурал нь түүний ажиллах чадварыг эрс муутгажээ.
  • Цэдэнбалын эхнэр, зөвлөлтийн иргэний харьяатаа хадгалж үлдсэн, уугуул орос Анастасия Филатова энэ үе гэхэд БНМАУ-ын амьдралын бүх салбарын ажилд хутгалдан орж, улам бүр төр хамтран баригчийн үүргийг өөртөө авах болсноор байдлыг ихээхэн хэмжээгээр даамжруулж байжээ.
  • Ийм нөхцөлд, ер нь тэгдэгчлэн, тэр авгайн яг эргэн тойронд нөлөө бүхий долигоногчид, түүгээр ч барахгүй Филатовагийн гараар, тэгэхээр Цэдэнбалынхаар гэсэн үг, “нартад өөрийнхөө зайг” цэвэрлэдэг хутган үймүүлэгчид бий болсон нь мэдээжийн хэрэг гэжээ.

Зөвлөлтийн туршлагатай тагнуулч маань “нартад өөрийнхөө зайг” цэвэрлэдэг тийм хутган үймүүлэгчдийн эхэнд Д.Майдарыг нэрлэжээ. Тэр нөхөр Ж.Батмөнх, Д.Моломжамц нарын нэр төрийг хугалах кампанит ажлыг эхлүүлсэн ба өмнө нь Майдарын түлхээсээр нэг бус монгол удирдагч албанаасаа халагдсан юм байна. Төв Хорооны бусад удирдагчдын аливаа үйлдлийг ихэд эмзэглэн хардаж сэрдсэн Ю.Цэдэнбал 1984 оны эх гэхэд тодорчихоод байжээ. Өвчин нь үгдэрч, ажлын идэвхи нь сулрахын хэрээр харгислах донд хөтлөгдөх шахсан бололтой