Яармагт үндсэн хуулийн хаалга нээчихээд наадамладаг байв
Улс даяараа, хотол олноороо наадам найр болж байхад уншигчдыг залхаасан урт текстээс зайлсхийж, зөвхөн түүхэн гэрэл зургаар энэ нийтлэлээ толилуулъя.
Улс даяараа, хотол олноороо наадам найр болж байхад уншигчдыг залхаасан урт текстээс зайлсхийж, зөвхөн түүхэн гэрэл зургаар энэ нийтлэлээ толилуулъя.
Эхний 12 зураг дээр маш товч тайлбар хэлье. Хууччуулын яриа, миний эмээгийн ярьсан, аав ээжийн минь дурссанаар бол, монгол дээлтэй таяг тулсан, сайхан цагаан сахалтай өвгөн Зис-110 гэх хар лимузинээс бууж, наадмын талбай руу алхалж явсан ба пионер багачууд бүчин авч хүрээлсээр зочдын хүндэт индэрт хүргэнэ. Энэ бол БНМАУ-ын тэр үеийн Ерөнхийлөгч Г.Бумцэнд гэх нэгэн буянтай буурал байжээ.
Улс хувьсгалын 30 жилийн ой буюу 1951 оны улсын наадмын тун ховор гэрэл зургуудаас энд үзүүлж байна. Яармагийн дэнж дүүрэн хүн баярлаж наадамладаг байжээ. Х.Чойбалсан, Г.Бумцэнд тэргүүтэй нам-засгийн удирдагчид Үндсэн хуулийн хаалга нээчихээд, үзэсгэлэнгүүдийн байшингуудаар орж улс орныхоо болон хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтын ололт амжилттай танилцаад, тэндээсээ гарч бөх морь эхлүүлсний дараа сурын талбай руу явна.
Наадмын нээлтийн үгийг Төрийн тэргүүн Г.Бумцэнд хэлнэ. Тэрээр Төрийн тэргүүнээр сонгогдох үедээ бичиг үсэгт бараг тайлагдаагүй нэгэн байсан ба 60 настайдаа шинэ бичгийн цагаан толгойн үсэг заалгасан тул бэлтгэсэн үгийг үсэглэн аажуухнаар, гэхдээ жинтэй уншина хэмээн эмээ маань ярьж байсансан.
Индэрт болон нам-засгийн удирдагчдын дунд гадаадын хоёрхон эрхэм заларна. Зэрэгцээд сууж байгаа нь зурган дээр харагдаж байна. Орос царайтай цэргийн маягийн формтой нь СССР-ийн Элчин сайд Приходов, тэр тарган хятад хүн бол БНХАУ-ын Элчин сайд Заяат. Заяат гэдэг нь монгол нэр нь.
Есөн гудамж гэж байхад тэнд амьдарч ажиллаж асан, Хятад иргэдийн холбооны дарга нутгийн хятадыг анхны Элчин сайд болгож байсан юм гэнэ билээ. Үнэхээр ардын ардчилсан орнуудаас Улаанбаатарт хоёрхон Элчин сайдын яам ажилладаг, тэгээд ч тэд нь манай хоёр их хөршийн төлөөлөгчид тул ёслолын бүх арга хэмжээнд манай нам-засгийн тэргүүн, тэр үеийн Төрийн гурван өндөрлөгийн дэргэд явдаг байжээ.
Та бүхэн зурагнуудыг тааллаараа сонирхоно уу, Сайхан наадаарай!