Бүсийн хөгжлийн бодлого ба залуучуудын оролцоо
Монгол Улс Францаас гурав дахин том газар нутагтай ч, гуравхан сая хүнтэй, засаг захиргааны 21 аймаг, нэг нийслэл хотод хуваагддаг, тэр нийслэлд нь хүн амын хагас нь амьдардаг тул улс орноо бүсчлэн, жигд хөгжүүлэх тухай нухацтай ярилцах, ухаалаг шийдвэр гаргах шаардлага өдгөө тулгараад байна.
Монгол Улс Францаас гурав дахин том газар нутагтай ч, гуравхан сая хүнтэй, засаг захиргааны 21 аймаг, нэг нийслэл хотод хуваагддаг, тэр нийслэлд нь хүн амын хагас нь амьдардаг тул улс орноо бүсчлэн, жигд хөгжүүлэх тухай нухацтай ярилцах, ухаалаг шийдвэр гаргах шаардлага өдгөө тулгараад байна.
Өнөөгийн хандлага хэвээр үргэлжилж, орон нутгаас малчид нь хот суурин газар руу шилжин, сумаас аймгийн төв рүү, аймгаас нийслэл рүү нүүсээр байвал хэн хөдөө амьдарч, Монголын нүүдэлчин соёл иргэншлийн цөмийг илэрхийлдэг мал аж ахуйгаа эрхлэх, энэ том нутгаа яаж эзэнтэй байлгах вэ гэсэн асуудал өөрийн эрхгүй гарч ирнэ.
Дэлхий даяар хотжиж, залуу үе хөдөө орон нутагт амьдарч, газар тариалан, мал аж ахуйн бизнес эрхлэхийн оронд хот суурин бараадах сонирхолтой болсон ч, бусад улсад бүс нутгийн төв хотууд нь өндөр хөгжилтэй, өөр өөрийн онцлогтой байдаг тул иргэд нь ганц хотод төвлөрдөггүй аж.
Монгол Улс баруун, төв, зүүн бүс гэсэн гурван том төвтэй болж чадах уу? Аймаг бүр өөрийн бүсийнхээ онцдог төв нь байх боломжтой юу? Яавал орон нутгийн хөгжлийн бүх бололцоог бүрэн дайчлан ашиглах вэ? Эдийн засгийн ямар бодлого боловсруулж, хэрэгжүүлэх нь оновчтой вэ? Залуучуудын оролцоо яагаад чухал вэ?
ОРОН НУТГИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГО
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тайланг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс дөрөв дэх жилдээ гаргажээ. 180 шахам шалгуур үзүүлэлтийн гуравны хоёрыг нь статикаар, гуравны нэгийг нь санал асуулгаар бүрдүүлж, аймгуудыг эрэмбэлсэн байна.
Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ (аймгийн нэг хүнд ногдох ДНБ, ажилгүйдлийн түвшин, инфляц гэх мэт) болон үндсэн дөрвөн хүчин зүйлээр (эдийн засгийн чадавх, засаглалын өгөөж, бизнесийн үр ашиг, дэд бүтэц) аймгуудыг эрэмбэлэн жагсаахад 2015 онд Орхон аймаг тэргүүлж, Дундговь аймаг сүүл мушгиж байжээ (дэлгэрэнгүйг www.aimagindex.mn харна уу).
Аймгуудын эдийн засгийн нөхцөл, бизнесийн орчин болон амьдралын түвшинг тодруулан харж, бусад аймагтай харьцуулахад энэ судалгаа тодорхой дүр зураг өгч буй ч микро эдийн засгийн түвшинд аль аймгийн, ямар компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ тухайн салбартаа өрсөлдөх чадвартай буюу олон улсын зах зээлд гарч байгааг харуулах боломжгүй, тийм зорилгыг ч энэ тайлан тавиагүй юм.
Орон нутгийн тодорхой компаниуд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангаад, гадаадад экспортолж чадваас л бид тухайн компанийг өрсөлдөх чадвартай гэдэг. Зөвхөн тийм компаниуд аймаг бүрт олноор байгуулагдсанаар тухайн аймаг, бүсийн эдийн засаг чадавхтай, тогтвортой байх болохоос, аль нэг эрдэс баялгаа ухаад, экспортлох нь зөвхөн богино хугацааны амжилт гэдгийг монголчууд бид түүхий эдийн үнэ шалдаа буусан энэ үед харж байна.
Аймгуудыг ийнхүү өрсөлдөх чадвартай болгохын тулд Монгол Улсын татварын бодлогыг бүтцээр нь өөрчлөх шаардлага тулгарч байгаа. Аймаг, хот нь бүх татварын тодорхой хувийг нь өөрөө тогтоох, хураан авах, захиран зарцуулах эрхтэй болгохгүйгээр орон нутаг хөгжих боломжгүйг түүх харуулж байна.
Өдгөө компаниудаас хураан авч буй татвар бүрийн 40 хүртэлх хувийг, мөн эрүүл мэнд, тэтгэвэр, нийгмийн халамжийн гэх мэт зардлын 40 хувийг аймагт нь, хариуцуулж байж аймгууд хөгжин, хүн ам нь тогтвортой суурьшиж амьдрах юм.
Аймгууд ч хоорондоо өрсөлдөн, шинэ ажлын байр бий болгохын тулд өөрийн захиран зарцуулдаг татварын хэмжээг хасаж, компаниудыг орон нутагтаа татах гэхчлэн зөв бодлого хэрэгжүүлнэ. Үүнээс гадна аймгууд өөрийн нутаг дэвсгэр дээр өрсөлдөх чадвартай, тодорхой кластер (хонхорцог) бий болгох боломжтой.
ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН ЦӨМ БОЛ БАГ
Монголын хөдөө орон нутагт малчид тогтохгүй байгаагийн суурь шалтгаан нь өмчтэй холбоотой. Малаасаа гадна өвөлжөөгөө эзэмшдэг, бэлчээр болон багийн бусад газар нутгаа багийн гишүүн өрхүүд хамтран ашигладаг тогтолцоо бий болгохыг цаг үе шаардаж байна.
Багийн өрхүүд хоршиж, хөдөлмөрийн бүтээмж өндөр болох тусам үр ашиг нь нэмэгдэн, айл өрхүүдийн амьдрал дээшилж, орон нутаг ч, улс орон ч хөгжих болно.
Юуны өмнө сумынхаа баг бүрийн газар нутгийг газрын зураг дээр GPS-ээр тодорхой болгож, хил хязгаарыг нь зааглах шаардлагатай. Өрх бүр өвөлжөөгөө тодорхой талбайн хамт зарах эрхгүйгээр, хувьчлан авч эзэмших хэрэгтэй байна.
Үлдсэн нутаг, бэлчээр, ойгоо хоршин, өгөөжтэй ашиглах боломжийг тэр багт олгоё. Ингэснээр багийн айл өрхүүд ээлжээр өвөлжөө, хаваржаагаа хамтран засаж, худаг усаа гаргаж зохистой ашиглаж эхлэх юм.
Тэд айл хотлоороо нэгдэн хашаа хороогоо барих, хадаан тэжээл, мах, сүү, ноос, ноолуураа бэлтгэж бөөндөн борлуулах зэргээр хамтарч байж л хөдөлмөрийн бүтээмж, түүнийг дагаад хөрөнгө, орлого нь дээшилнэ. Амьдрал сайжраад эхлэхээр заавал хот газар бараадах шаардлага багасна.
Айл хотлоороо хамтарсан ийм (“Шинэ тосгон” хөдөлгөөн (Sae maul undong) Солонгос Улсын хөдөөг үндсээр нь өөрчилж чадсан юм. Монголд өдгөө хөдөөгийн айл бүр цахилгаан, хиймэл дагуулын антенн, гар утастай болчихоод буй нь “Шинэ айл хотол” хөдөлгөөнийг дөнгөж эхлүүлж байсан 1960 оны, дайны дараах Солонгостой харьцуулшгүй том давуу тал.
Монгол Улсад "Шинэ айл хотол" хөдөлгөөнийг тодорхой судалгаан дээр үндэслэн байгуулж, айл хотлууд бизнесээ хөгжүүлэн, хоорондоо өрсөлдөхийг нь дэмжэн газрын харилцааны цоо шинэ хэлбэртэй төрийн бодлого шаардлагатай байна.
ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО
Залуучууд бол аливаа улс орны баялаг, тухайн улсын ирээдүй нь юм. Тэднийг биеэ даасан, эерэг бодолтой, хариуцлагатай иргэд болгон төлөвшүүлэх нь онцгой ач холбогдолтой.
Дэлхийн улс орнууд залуучуудын асуудлаар өөр өөрийн тодорхой бодлоготой байдаг.
Залуучуудын талаар төрийн бодлого нь залуусыг чадавхжуулах, амьдрах ухаанд сургах, хүчирхийлэлгүй орчинд ажиллуулж амьдруулах, тэдний хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээг оршин суугаа хот, хөдөө, хороо, баг бүрт хүртээмжтэй болгоход чиглэдэг.
Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Хүн амын сан болон бусад донор оронтой хамтран ажиллаж, Залуучуудын хөгжлийн хөтөлбөр боловсруулсан аж. Эдүгээ залуучуудын хөгжлийн 16 төв, өсвөр үеийнхэнд зориулсан 27 клиник төвийг хөдөө байгуулаад байна (http://countryoffice.unfpa.org/mongolia/).
Бэлтгэгдсэн боловсон хүчин, шаардлагатай төхөөрөмж хэрэгслээр бүрэн хангагдсан эдгээр клиник нь залуучуудад эрүүл мэндийн тодорхой асуудлуудаар зөвлөгөө өгч, оношилгоо, эмчилгээ хийж, эрүүл амьдрах чадварыг нь дээшлүүлэн, шаардлагатай бол хамгаалалт, дэмжлэг авах боломжоор хангаж, үйлчлүүлэгчийн нууцыг хадгалсан, эелдэг, ээлтэй, мэргэшсэн үйлчилгээ үзүүлдэг болжээ.
Саяхан “JCI Mongolia”-raac санаачлан хөдөөгийн найрсаг байдлын индекс гаргаж Улаанбаатар хотынхтой харьцуулсан аж. Нийслэлийн иргэдийн найрсаг байдлын дундаж оноо 3.2 байхад хөдөө орон нутгийнхан 3.8 байгаа нь тэд нийслэлийн иргэдээс илүү найрсаг болохыг илэрхийлсэн үзүүлэлт юм.
Хөдөө орон нутагт онцлог давуу талаа ашиглан хоршиж, тодорхой бүтээгдэхүүний үнэ цэнийн холбоог бий болгон, улс орны дотоодын хэрэгцээг хангах, улмаар гадаадын зах зээлд гаргах ажлыг орон нутагт өрнүүлэхэд залуучууд онцгой үүрэг, санаачилгатай оролцож чадна.
Яагаад гэвэл Монголын хүн амын хагас нь 30 хүртэлх насны залуус, тэд харилцаа холбоо, мэдээллийн технологи давуу талаа хамгийн өгөөжтэй ашиглаж чаддаг. Монголчууд өөрийн үйлдвэр, үйлчилгээндээ ухаалаг технологи ашиглаж, хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлэх өргөн боломж бүрджээ. Хөдөө орон нутагт маань хөгжлийн маш их боломж, бололцоо байгааг ашиглах хэрэгтэй байна.
Зочин
Зочин
Purew
Purew
Purew
Erdene
Баатараа
Баатараа