Дэлхийн олон оронд “Ковид-19” коронавируст халдварын аюул, эрсдэл хэвээр байгаа учраас цар тахлын эсрэг тэмцэл үргэлжилсээр байна. Харин Монгол Улс гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ бууруулж Шар түвшинд шилжин, ард иргэд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлээд буй.

Засгийн газар эдийн засгаа сэргээх, томоохон төсөл хөтөлбөрүүдээ эрчимжүүлэх ажилд шуурхайлан ороод байна.

Энэ үр дүнд монголчууд бид хувьтайдаа ч юм уу, зүгээр сууж байгаад хүрээгүй. Төр засаг түмэн олонтойгоо хамт мачийтал хоёр жил зүтгэсний үр дүн юм. Ялангуяа дотоодын халдвар дэгдсэнээс хойших сүүлийн нэг жилийн хугацаанд бид сайн, саар олон зүйлийг даван туулсан.

Шүүмжлэл, сайшаалын дундуур Засгийн газар, Улсын онцгой комиссын бодлого шийдвэр, үйл ажиллагаа алган дээр тавьсан юм шиг ард олны нүдэнд ил өрнөсөн. Гэвч алдсанаасаа оносон нь их байсныг өнөөгийн үр дүн харуулж байна. Нийгэмд болж өнгөрсөн, одоо өрнөж буй хамгийн халуун сэдвүүдийг хөндөж Шадар сайд С.Амарсайхантай ярилцлаа.

Шадар сайдаас асууж шалгааж, ярилцах сэдэв өргөн хүрээг хамардаг. Тэр тусмаа өнгөрсөн хугацаанд гал, усан дундуур туучсан хүнтэй ярилцахад агуулга сэдэв хийгээд цаг хугацааны хязгаар үгүй аж.



МАШ НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ СХЕМЭЭР ТЭД ХУЛГАЙ ХИЙДЭГ

-Ковидын асуудал жаахан намжиж, өөр бусад ажлууд руугаа төвлөрч орж байх шиг байна. Саяхан Та Орхон аймагт ажиллаж, долоон жилийн өмнө тухайн үеийн 70 тэрбум төгрөгөөр барьсан “Эрдэнэт-Медипас” эмнэлгийг төрд буцаан авах шийдвэрийг хэрэгжүүлээд ирсэн. 100 хувь улсын хөрөнгөөр барьж байгуулсан төрийн өмчийг хэсэг хүмүүс нууцаар завшиж, хувийн эмнэлэг болгоод удаж байгааг Та анх илчилж, асуудал босгон УИХ, Засгийн газрын хуралдаанд удаа дараа ярьж шахсаны үр дүн ийн гарлаа. Ийм цагаандаа гарсан хулгай, луйврыг монголчууд бид мэдээгүй өнөөг хүрсэн гэхээр харамсалтай шүү.

-Одоогийн үнэлгээгээр 120 шахам тэрбум төгрөгийн өртөгтэй эмнэлэг л дээ. Тухайн үед 100 хувь “Эрдэнэт” үйлдвэрийн мөнгө, хөрөнгөөр баригдсан. Япон, Францын хамгийн орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжөөр тоноглосон, лабораторийн бүх төрлийн шинжилгээ оношилгоо, мэс заслын тусламж, дурангийн хагалгаа, цус тогтоох ажилбар, компьютер-томограф, MRI, рентген зураг гэхчлэн олон төрлийн үйлчилгээг 24 цагийн турш хийх хүчин чадалтай эмнэлэг. “Эрдэнэт-Медипас” эмнэлэг төдийгүй эмнэлгийн харьяа 50 айлын орон сууц, автомашины зогсоолын талбай, “гарааш”-ыг бүхэлд нь ямар ч үнэ төлбөргүйгээр хувьдаа аваад, дээр нь нэмж “Эрдэнэт” үйлдвэрээс 12.7 тэрбум төгрөгийг бэлнээр шилжүүлээд авчихсан том луйврын хэрэг байсан юм. Монголд төр, хууль, шударга ёс гэж байна уу, байдаг бол хэнд нь үйлчлээд, хэнийг нь ялгаад байна вэ?

Хэрэв төр, хууль гэж байгаа бол өмч хөрөнгөндөө эзэн байж чадах юм уу, хуулийг тэгш шударгаар хэрэгжүүлж, хариуцлага тооцох, авлига, хээл хахуулийн хэргийг таслан зогсоож чадах уу гэдэг нь эргэлзээтэй болоод ирж байгаа юм. Төрийн өмчийг хэсэг бүлэг хүмүүс ингэж үнэгүй завшаад, улсын хамаг өөдтэй өнгөтэйг нь тоноод авчихдаг, тэгээд ямар ч хариуцлага хүлээдэггүй, гэтэл нөгөө талд иргэд, олон нийт хохирч, золиос болоод яваад байж таарах уу? Ийм учраас л энэ асуудлыг сүүлийн хэдэн жил тасралтгүй ярьж, хөндөж ирлээ. Эцсийн дүнд Засгийн газар, Төрийн өмчийн хорооны шийдвэр гарч өмчөө буцааж авлаа.

Ерөнхий сайд ч энэ асуудалд өндөр ач холбогдол өгч байна. Цаашдаа энэ эмнэлэг одоогийн эмч, сувилагч ажилтнуудынхаа бүрэлдэхүүнтэйгээр Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болж ажиллах юм.

-Хувьдаа завшсан хүмүүс гэж яг хэн хэнийг хэлээд байна вэ? Энэ олон жилийн хугацаанд улсыг хохироосон хүмүүст ямар хариуцлага тооцохоор болов?

-Энэ бол зүгээр л дээд зэргийн мэргэшсэн хулгай. Олон нийтэд мэдэгдэхгүйгээр, нэг л мэдэхэд төрийн өмчийг нууцаар хулгайлаад авчихдаг хэсэг бүлгийн луйвар. Ганц “Эрдэнэт-Медипас” эмнэлгийг ч биш шүү дээ. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь, Багануурын нүүрсний уурхай, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, “Монросцветмет” гээд төрийн олон том өмчүүдийг луйвардаж авсан. Энэ чинь зөвхөн эхнээсээ ил болж байгаа цөөн хэдэн өмчийн тухай л би хэллээ. Дээрээс нь газрын хулгай, луйвар байна. Нийслэлийн төв талбайгаас нь эхлээд өм цөм авчихдаг хүмүүс. Маш нарийн зохион байгуулалттай, схемчилсэн хулгайг тэд хийдэг. Төрийн өмчийг төрийн мөнгөөр хувьдаа аваад зогсохгүй нэмээд төсвийн мөнгийг саагаад сууж байдаг хүмүүс энд бий.

-Худалдаа хөгжлийн банк буюу “сахал” хэмээх Д.Эрдэнэбилэг, түүнийг тойрсон хүмүүс гэдэг нь одоо шууд ойлгогдож байна. Монголд энэ банкыг тойрсон улс төр, банк санхүү, хууль хяналтынхан оролцсон зохион байгуулалттай маш том бүлэглэл үүссэн. Тэд хэний ч санаанд багтамгүй луйврыг огтхон ч айж эмээхгүйгээр, санаа зовохгүйгээр хийж байна. Тийм үү?

-Үүнийг өнөөдөр хүн бүр л мэддэг болсон. Ийм бүлэглэл үүсээд удлаа. Банк нэртэй сайхан халхавчтай. Түүгээрээ дамжуулаад төрийн өмчийг луйвардаж аваад ханаж цадахгүй. Энэ чинь ард түмний өмч шүү дээ.

За яахав, хувийн хэвшил бизнес хийх гээд авч болно. Эрх нь бүх бизнес эрхлэгчдэд нээлттэй байгаа. Гэхдээ хууль журмын дагуу үйл ажиллагаагаа явуулаад, тэр нь бүгдэд ил тод, нээлттэй байвал өөр хэрэг. Бизнес хийж байна гээд ингэж төрөөс дээгүүр, хуулиас дээгүүр алхаж хулгай хийж яав ч болохгүй.

-Сая “Эрдэнэт-Медипас” эмнэлгийг тэдний савраас салгаж авсан шигээ тонуулсан бусад өмч хөрөнгөө үргэлжлүүлээд ХХБанкнаас салгаж авах ёстой гэсэн шаардлага, санал хүсэлтийг олон нийтийн зүгээс хүчтэй илэрхийлж байна. Засгийн газар болон Таны зүгээс энэ асуудлыг үргэлжлүүлээд хууль журмын дагуу цэгцэлж дуусгах ёстой байх?

-Төр хулгайд алдсан өмчөө хожуу ч гэсэн илрүүлээд буцаан авч байна. Төрийн өмчийг ингэж луйвардаж хулгайлж аваад ямар ч үнэ өртөг төлөлгүйгээр ашигласан, элэгдэл хорогдолд оруулсан, завшсан асуудал бүрт хариуцлага тооцох ёстой. Хуулийн дагуу өмчөө буцааж авах үйл ажиллагаа цаашаа үргэлжлээд явах болно.

Бодоод үз дээ. Өнөөдөр нийслэл хотод 3 өрөө байр ямар үнэтэй байгаа билээ. Гэтэл Хөтөлийн цементийн үйлдвэрийг энэ нөхдүүд нэг хаусны үнээс ч хямд буюу ердөө 1.3 тэрбум төгрөгөөр л авчихсан байгаа юм. Дээрээс нь нэмээд Хөгжлийн банкнаас ямар ч барьцаа хөрөнгө, болзолгүйгээр 300 орчим тэрбум төгрөг, 66 сая ам. долларын зээл авчихаад өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч буцааж төлөлгүй явж ирлээ. Үйлдвэрлэлийн зориулалтаар авсан зээл. Гэтэл үйлдвэр нь ажиллахгүй зогссон, хэн хариуцаж байгаа нь тодорхойгүй, хариуцах эзэн холбогдогч байхгүй гэсэн үндэслэлээр асуудал гацчихаад байж л байдаг. Ийм байж огт таарахгүй л дээ.

-Эзэн холбогдогч байхгүй, тодорхойгүй гэдэг нь юу гэсэн үг вэ. ХХБанкныхан л авсан шүү дээ. Тэдэнд яагаад хариуцлага тооцохгүй байна вэ?

-Үйлдвэрийн эзэн нь яг хэн юм, хэний нэр дээр байгаа вэ гэдэг нь тодорхойгүй болчихсон явж байна. Тэд ингэж л луйвар хийдэг. Жишээ нь, саяын “Эрдэнэт–Медипас” эмнэлгийг гэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс нийгэмд чиглэсэн хөгжлийн менежментийнхээ хүрээнд барьж байгуулсан, хамгийн том бүтээн байгуулалтын нэг. Өөрөөр хэлбэл, энэ бол Монголын төрөөс Монголын ард түмэндээ зориулсан маш том хөрөнгө оруулалт.

Гэтэл 2015 оны есдүгээр сарын 25-нд гэнэт л хувийн хэвшилд нууцаар шилжээд оччихсон байна. Хэн энэ бүхнийг хийв? ХХБанк энэ бүхний цаана нь байсан. Эмнэлгийг н.Энхчулуун гэгчийн нэр дээр шилжүүлж авсан байсан. Тэр этгээд Японы менежментийг оруулж ирэх нэрийн дор “Медипас” гэх хуурамч компанийг байгуулаад улсын хөрөнгөөр барьсан эмнэлгийг бусад бүх өмч обьектуудын хамт нэг төгрөгний ч зардалгүйгээр хувьдаа завшсан байсныг “Эрдэнэт” үйлдвэрийн 2016-2019 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илрүүлсэн. Одоо тэгээд тэр нөхөр сураггүй, Монголоос зугатаад гараад явчихсан байна шүү дээ. Тиймээс Засгийн газар энэ мэтээр хулгайд алдсан, тонуулд өртсөн өмчөө буцааж авахад онцгой анхаарч байна. Хууль хяналтын байгууллагын зүгээс ч илүү эрчимтэй ажиллаж эхэлсэн гэж ойлгож байгаа. Хуулийн хүрээнд шалгаад хариуцлага тооцоод явах нь дамжиггүй.

-Нэртэйгээр нь бүх хувийн өмчийг хурааж аваад буцаад коммунизмаа байгуулчих, төр бол муу менежер байдаг гэсэн сөрөг сэтгэгдэл, шүүмжийг нөгөө талаас сөргүүлээд зориуд явуулаад эхэллээ.

-Төр муу менежер гэдэг ойлголтыг эртнээс зориуд бодлоготойгоор нийгэмд түгээж, төрүүлэхийг хичээж ирсэн байдаг. Ингэснээрээ төрийн өмчийг зориуд үнэгүйдүүлж, өрөнд оруулж, үр ашиггүй, орлогогүй болгоод, төр авч явж чадахгүй байгаа мэт харагдуулаад, өмчийг хувьдаа авчихдаг муу аргатай л байхгүй юу. “Эрдэнэт” үйлдвэрийн жишээн дээрээс харагддаг юм. Тус үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд авсан байсан он жилүүдэд улсын төсөвт “Эрдэнэт” үйлдвэр жилд 180 тэрбум төгрөг төлдөг байсан бол одоо 1.2 их наяд төгрөг төсөвт төвлөрүүлдэг болсон. Тэд анх 49 хувийг авахдаа үйлдвэрийг хэдхэн жилийн настай, нөөцгүй болсон, ямар ч ирээдүйгүй үйлдвэрийг бид авлаа гэж байсан. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр одоо багадаа л 60 жил ажиллах нөөцтэй гэдэг нь тогтоогдлоо.

Энэ бүх асуудлыг би анх удаа ярьж байгаа юм биш. Байр сууриа ч анх удаа “Медипас” эмнэлэгээр илэрхийлж байгаа юм биш ээ. Ер нь аливаа юманд зарчим гэж байх ёстой. Хувийн ч бай, хувьсгалын ч бай алинд нь ч тэр. Мэдээж төр өмчөө хувьчилж, хувийнх нь авч болно. Энэ бол зах зээлийн нийгмийн харилцаа. Ялангуяа орчин үед төр, хувийн хэвшлийн хамтын хоршсон ажиллагааны бүтэц хамгийн үр дүнтэй, үр ашигтай, өндөр зохион байгуулалттай, засаглал сайтай явдаг хувилбар хай сайгүй л бий. Гэтэл ийм нөхцөлд бизнес хийж байна гээд төрийг эзгүйчилдэг, эрээ цээргүй, хэмжээ хязгааргүйгээр хуулийг давж аашилдаг байж болохгүй гэдгийг л би яриад байгаа юм. Ийм байхаар чинь бидний ирээдүй хойч үеийнхэн яах болж байна. Бид ард нийтээрээ бүгдээрээ л хойч үеийнхээ төлөө төрд шударга ёсыг тогтооно, авлига, хээл хахууль, хууль бус үйл ажиллагааг таслан зогсооно, улс орноо хөгжүүлнэ гээд явцгааж байгаа биз дээ. Тэгээд нэг хэсэг нь хуруу хумсаа хугартал зүтгээд байдаг. Гэтэл амьдрал ахуй нь дээшилдэггүй, сайжирдаггүй, улс орон нь ч хөгждөггүй. Нөгөө хэсэг нь болохоор улс орны хамаг өөдтэй, өнгөтэйг хуйвалдаж аваад, өрөм тосыг нь хамаад байхаар залуус юунд итгэж найдах юм. Хэсэг нөхдүүд Та бидний үр хүүхдүүдийн ирээдүйг худалдаад, хүмүүсийн сайн сайханд итгэсэн, тэмүүлсэн хүсэл мөрөөдлийг, түмэн олны төрдөө итгэх итгэл сэтгэлийг үгүй болгоод байна шүү дээ. Ийм бусармаг үзэгдэл улам даамжрах юм бол цаашаа даварсаар улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрнэ. Тийм нөхдүүд улс орноо харьд худалдахаас ч буцахгүй болно. Огтхон ч хэтрүүлэг биш. Тиймээс яаралтай таслан зогсоох шаардлагатай болж байгаа юм.

ТЭД ТӨСВИЙН МӨНГӨ ХУЛГАЙЛААД ЗОГСОХГҮЙ,
БҮХЭЛ БҮТЭН БАНКЫГ ДАМПУУРТАЛ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ БАЙНА

-Хөгжлийн банктай холбоотой дуулиан, өр зээлийн асуудал ид өрнөж байна. Гэтэл энэ банктай холбоотой асуудлыг нэн даруй анхаарч, шалгаж, арга хэмжээ авахгүй бол болохоо болилоо гэдэг “сигнал”-ыг бас л Та хоёр жилийн өмнөөс УИХ, Засгийн газрын хэмжээнд ярьж сануулж байсан. Тэр үед эрх барих дээд байгууллагууд яагаад яаралтай арга хэмжээ авсангүй вэ? Одоо тэгээд цаг хугацаа асар их алдсан хойно банкны өр зээлийн асуудлыг танай Засгийн газар цэгцэлж чадах юм уу?

-Цэгцлэх гэж л ажиллаж байна шүү дээ. Засгийн газраас Хөгжлийн банкны асуудалд бүх талаар анхаарч, хууль журмын дагуу шаардлагатай бүхий л зохион байгуулалтыг хийж, арга хэмжээ авч ажиллаж байна. Мэдээж тодорхой хугацаанд энэ бүх яригдаж байгаа өр зээлийн асуудлыг шалгаж нягтлах, нөхцөл шалтгааныг тодруулах ажлуудыг Засгийн газар дээр хийж ирсэн. Дараа дараагийн авах арга хэмжээ, ажлуудыг ч төлөвлөж, дэс дараагаар хийгээд явж байна. Цаашаа үргэлжилнэ.

-Ингэх тусам Танд чиглэсэн гутаан доромжилсон, гүтгэсэн хар “пиар”-ыг сошиалаар эрчимтэй хийж байгаа нь анзаарагддаг л даа. Энэ бүхэн ажил явуулахад тань хэцүү биш байна уу? Шадар сайдын ажил үүрэг үнэндээ нэг хүнд ахдахаар их төвөгтэй санагддаг юм. Орохгүй, оролцохгүй салбар, салаа ч гэж алга.

-Шүүмжлэл, гүтгэлэг, доромжлол байнга л явж байдаг шүү дээ. Тэрэнд би нэг их эмзэглээд байдаггүй. Яагаад гэвэл энэ бүхний цаана өөрийн чинь түрүүн хэлсэн шиг бүхэл бүтэн бүлэглэл бий. Тэдний ашиг сонирхол, эрх ашиг нь хөндөгдөж байна. Энэ олон жилийн турш зохион байгуулалттай бүтэц байгуулж, эрээ цээргүй хийгээд ирсэн хулгай луйврынх нь схем сүлжээ рүү нэвтрээд, эрх ашгийг нь хөндөөд ирэхээр зөвхөн би ч биш тэдний эсрэг дуугарсан хэн бүхэн рүү дайралт ирдэг. Энэнээс нь харин шантарч, няцаж, ухрах асуудал бол харин ч нэг байхгүй шүү. Бид ийм л бусармаг булайг засаж залруулах, таслан зогсоох гэж л төр, түмэндээ тангараг өргөсөн УИХ, Засгийн газрын гишүүд. Тэгээд одоо ийм муухай хулгай, луйвар, хуйвалдаан, хууль бус үйлдлүүдийг харсаар байж хараагүй юм шиг, нүдэн балай, чихэн дүлий явах юм бол энэ танхимд суудал бөглөж суух огт хэрэггүй.

Ийм хууль бус асуудлуудыг харин ч улам бүр хөндөж, зохих арга хэмжээнүүдийг авч таслан зогсоох ёстой. Ингэж байж улс орон хөгжлийн зөв голдрилд орж, иргэдийн төрдөө итгэх итгэл, сайн сайханд тэмүүлэх хүсэл мөрөөдөл эргэж ирнэ. Ингэж байж иргэдтэйгээ төр харилцан итгэлцэж, хамтран ажиллах, тохиолдсон хүндрэл бэрхшээлийг хамтдаа давж гарах, шийдвэрлэх боломжтой болно. Энэ бүхэн ганц Амарсайханы шийдэх асуудал биш. Улс орны асуудал. Би түрүүн хэлсэн. Хуулийн дагуу бизнесийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдээ бид дэмжих ёстой.

Компани, аж ахуй эрхлэх гэсэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн бизнес явуулах гэж аргаа барж буй олон зуун залуус байна. Яг үнэндээ тэд төрийн хүнд суртал, авлига, хээл хахууль, татвар хураамж, хяналт шалгалт гэх мэт энэ олон дарамт шахалтыг давж гарч чадахгүй байна. Бизнес эрхлэх гээд эцэг эхийнхээ бүх насаараа хуримтлуулсан хэдэн төгрөгөн дээр тэтгэвэр, цалин, орон байр, машин унаагаа хүртэл барьцаалж байгаад цөөн хэсэг нь зээл авч байна. Ихэнх нь санхүүжилт авч чаддаггүй. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөнгөлөлттэй зээл тэдэнд ямар ч хүртээл алга. Тэгээд төрийн зүгээс ямар ч дэмжлэг туслалцаагүй болохоор тэдний 99 хувь нь дампуурч байхад нөгөө бүлэглэл тойрсон, тэдэнд хамааралтай хүмүүс эрх мэдэл, мэдээлэлд ойр байгаа боломжоо ашиглан нэг төгрөгний ч зардал гаргалгүйгээр төрийн, төсвийн мөнгийг хулгайлж, халаасыг нь сэгсрээд зогсохгүй бүхэл бүтэн банкыг нь дампууртал тонон дээрэмдэж байна шүү дээ. Энэ бүхний эсрэг явахаар хараалгуулж, шүүмжлүүлж, доромжлуулах нь ойлгомжтой.

-Хотыг удирдаж байхдаа нийслэлийн төв талбайн урд хэсэг дэх цэцэрлэгт хүрээлэнг ХХБанк авчихсан байсныг мөн Та шийдвэр гаргаж нийтийн хэрэгцээнд буцааж авснаар одоо болтол элдвээр хэлүүлдэг. Миний л хувьд тэрхүү шийдвэрийн юу нь буруу байсныг огт ойлгодоггүй юм?

-Сүхбаатарын талбайн өмнөх газрыг төдийгүй, нийслэлийн маш олон газрыг хувьчлаад авчихсан байсныг Хотын дарга байхдаа шийдвэр гаргаж нийтийн эзэмшлийн хэрэгцээнд эргүүлж авсан. Хамгийн эхний жишээ нь, Вокзалын арын цэцэрлэгт хүрээлэн байна. Хүн бүрийн сайн мэдэх энэ газрыг АТГ-т өгчихсөн байсныг буцааж, цэцэрлэгт хүрээлэнгийнх нь зориулалтаар Төмөр замын удирдах газарт үлдээсэн. Төв талбайн урд хэсгийг ХХБанкныхан аваад тухайн үеийн Улаанбаатар банкны 10 сая ам.долларын зээлийн барьцаанд тавьж, хувийн компанид өгчихсөн байсан. Үүнийг буцаан аваад, усан оргилуур, ногоон байгууламж, гэрэл чийдэн, бие засах газар гээд иж бүрнээр нь шийдсэн тохижуулалт хийж нийтийн хэрэгцээнд шилжүүлсэн.

Харамсалтай нь зохион байгуулалттайгаар эсэргүүцээд, ямар ч үр ашиггүй зардал гаргалаа, зөөврийн устай усан оргилуур байгууллаа гээд улстөржүүлээд эхэлсэн л дээ. Гэтэл бид энэ бүтээн байгуулалтыг нийслэлийн Хот тохижуулалтын газартай хамтарч өөрсдийн нөөц боломж, хүч хөдөлмөрөөр хийсэн юм. Хувийн өмч болчихсон байсан энэ талбайд дахиад хэн нэгний ашиг сонирхолыг халдуулахгүйн тулд ингэж тохижуулж нийтийн өмчид шилжүүлсэн ажлыг ихэд гүтгэж бүхий л арга хэрэгслээр харлуулж дайрсан.

Төв талбайн зүүн урд талын хуучин Ахмадын холбооны байр байсан талбай байна. Бас л хувьчилж аваад хашаалан, хогийн хонхор болгоод удсан. Хэзээ мөдгүй нурж, хүн дарж мэдэхээр баахан сурталчилгааны самбар босгочихсон байсныг нь нурааж, тохижуулсан. Гэтэл нийслэлийн иргэд чөлөөтэй зугаалж, амарч зорчдог болсон тэр газрыг ХХБанкныхан буцааж авна гэж заргалдсаар шүүхээс саяхан өөрсдийн талд шийдвэр гаргуулсан байна билээ. Тэрчлэн Улаанбаатар зочид буудлын өмнөх талбай, Хөрөнгийн бирж, Цахилгаан холбооны газрын хоорондох хоёр урсгалтай замтай тэр хэсэгхэн газрыг хүртэл тэд авчихсан байсан. Ийм эрээгүй шуналтай байж болохгүй биз дээ. Гутлын 22 дугаар дэлгүүрийн ар талын цэцэрлэгт хүрээлэн, Драмын театрын өмнөх талбай гээд тэдний аваагүй газар гэж хотод бараг үлдээгүй байсан шүү дээ.

Тэр болгоныг нийслэлийн иргэдийн хэрэгцээнд буцааж авсан. Гэтэл нөгөө бүлэглэл бас л шүүхдээд явж байна. Түрүүн хэлсэн. Шүүх тэдний талд шийдвэр гаргаад эхэлчихлээ. Гаргасан шийдвэрээ эрхбиш нэг эргэж харах байлгүй дээ.

-Хотод үнэндээ хөл тавих зайгүй болж, нийтийн эзэмшлийн бүхий л газруудыг зарж байна. Юу гэв ээ, бараг 100 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх газрыг хувьчилж, зарчихсан байна гэж сонсогдсон уу?

-Тэр дэгс тоо биш ээ. Тиймээс л төр, түмэн бид тал талаасаа дуугарч байх ёстой, хаана хаанаа анхаарч байх асуудал энэ болчихоод байна шүү дээ. Нэг хэсэг нь ингэж дураараа дургиж байгааг зүгээр хараад, өөгшүүлээд суугаад байж болохгүй. Аливаа юм жижгээс эхэлдэг. Яваандаа энэ даварч байгаа нөхдүүд улсаа худалдах хэмжээнд хүрэх аюултай. Хувьчлал нэрийн дор дандаа хулгай хийж байна. Тэднийг төр, түмэн мэдээгүй юм шиг дуугүй, өөгшүүлээд байвал Монголын төр ч төр биш, улс ч улс биш болно. Гэтэл бизнес эрхэлж буй жирийн нэг иргэн ямар олон бэрхшээлтэй тулдаг билээ дээ. Нэг газар авна. Төлбөрийг нь дийлэхгүй хураалгана. Зээл авна, хүүг нь дийлэхгүй. Хэдэн хүн ажиллуулна, татварыг нь дийлэхгүй. Ингэж бүхий л талаар дарамтлуулсаар бүр зүрхээ зүсүүлчихсэн.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ СИСТЕМИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ БИД ХИЙЖ ЧАДСАН

-Монгол Улс Ковидын цар тахлын онцгой нөхцөлд хоёр жил гаруй байгаад сая аюулгүй байдлын Шар түвшинд шилжээ. УОК-ыг Та ахалсан сүүлийн нэг жил хамгийн хүнд үе байлаа. Хааяа ч бүр нар харахааргүй шахам шүүмжилж байв даа. Хэдийгээр аюул бүрэн арилаагүй ч УОК-т, эмч ажилтнууддаа баяр хүргэе! Үүрэг хэдий ч, ачааны хүндийг яах аргагүй л үүрч гарсан нь үнэн юм.

-Засаг төр, ард олон, аж ахуйн нэгжүүд бүгдээрээ л дор дороо хичээсэн. УОК ачаа үүрсэн үү, үүрсэн. Үүрэх ёстой үндсэн үүрэг, хийх ёстой ажил маань шүү дээ. Эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын алба, мэргэжлийн хяналт, хил гааль, зам тээвэр гээд бүх газар, салбарынхан галын шугаманд өдөр шөнөгүй зүтгэсэн. Энэ хүмүүсийн хичээл зүтгэл талаар бололгүй, цар тахлын хамгийн хүнд үеийг давж гарч чадлаа. Хүн төрөлхтөн даяараа энэ цар тахлаар олон хүний амь нас, эрүүл мэндээр хохирол амслаа. Бараг бүхий л улс орон нийгэм, эдийн засгийн багагүй хохиролтой нүүр туллаа.

Сүүлийн нэг жилд халдварын хэд хэдэн давалгаа ар араасаа маш хурдтай тархсан хүнд үе байсан. Вирус зүсээ өөрчлөн хувирах тоолонд тэр болгонтой уялдуулсан шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргах шаардлага ч байсан. Тухайн үед гаргаж байсан шийдвэрүүдийг зөв, буруу эсвэл эргэж буцлаа гэх зэргээр нийгмээрээ талцан шүүмжилж л байв. Гэхдээ бид шинжлэх ухааны үндэслэл тооцоотой, дотоод, гадаад нөхцөл байдлын дүн шинжилгээнд тулгуурласан, дунд урт хугацаанд гарах үр дүнг нь нарийн тооцсон шийдвэрүүдийг гаргаж байсан болохоор өнөөдөр бусад улс орнуудаас харьцангуй хохирол багатайгаар хамгийн аюултай үеийг даван гарлаа гэж үзээд Засгийн газар Шар түвшинд улс орныг шилжүүллээ. Энэ үр дүнд хүрэхэд вакцины ач тус хамгийн их байсныг мөн онцлох учиртай. Засгийн газраас вакциныг яаралтай татан авч, ард иргэд маань идэвх санаачилгатай хамрагдсан тулдаа өнөөдөр нийгэм, эдийн засгийн хэвийн амьдралдаа ороод байна.

Мэдээж ийм аюултай цар тахалтай анх удаа нүүр тулсан болохоор алдаа, онооны аль аль нь байлаа. Өнгөрсөн цаг хугацаа бидэнд маш их сургамж, туршлагыг үлдээлээ. Магадгүй дараагийн удаад ийм гамшиг, цар цахлын хүндрэл бэрхшээл тулгарахад улс орны хэмжээнд бүх салбар хэрхэн, яаж ажиллах вэ гэдэг дээр арвин туршлага хуримтлуулсан гэж хэлэх байна. Ялангуяа манай эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, бааз суурь багагүй өргөжсөн.

-Нөгөө талаар цар тахал манай эрүүл мэндийн салбарын муу муухайг илчилсэн шүү дээ. ХӨСҮТ-ийн зарим ажилтнуудаас эхлээд цар тахлыг бизнес, ашиг хонжоо гэж харсан эрүүл мэндийн салбарынхан байсан нь нууц биш?

-Өөрийн чинь хэлж байгаа шиг ноцтой асуудлууд ХӨСҮТ дээр гарсан нь үнэн. ХӨСҮТ бол хүн амыг хамарсан цар тахал өвчин дэгдсэн үед Засгийн газар, УОК-ыг зөв бодлого, шийдвэр гаргахад нь хамгийн зөв мэдээ мэдээлэл, арга зүйгээр хангаж байх ёстой газар. Харамсалтай нь, энэ байгууллагын удирдлага нь үндсэн үүрэг, зарчмаасаа гажсан үйл ажиллагаа явуулсан байсан. Удирдлага, зохион байгуулалт алдагдсан. Тиймээс тэнд хууль бус үйлдэл цөөнгүй гарч байсан. Тэнд сайн мууг нь хэлэх хүн байхгүй, алдаа дутагдалд хүлээх хариуцлага байхгүй, ажил үүрэг нь найзан дундаа орчихсон, таны хэлсэнчлэн цар тахлыг хувийн бизнес, ашиг хонжоо гээд харчихсан хэсэг бүлэг байсан учраас багагүй хохирол амссан. Хамгийн ноцтой асуудал бол “Нэг өрх-нэг шинжилгээ” гэсэн хөтөлбөрийг Засгийн газраас хэрэгжүүлж, бүх айл өрхийг шинжилгээнд хамруулж байхад ХӨСҮТ-ийн зарим эмч, ажилтнууд олон мянган шинжилгээг мөнгөөр буюу хуурамч хариу гаргасныг тухайн үед шуугьж байсан даа.

Эерэг гарсан шинжилгээг сөрөг гэж бичээд, эсвэл шинжилгээ аваагүй байж авсан болгох зэргээр олон хүнийг хөдөө, орон нутаг руу явуулснаас болж цар тахлын халдвар богино хугацаанд улс орон даяар тархахад нэрмээс болсон. Ийм хууль бус, ноцтой үйлдлүүдийн мөрөөр хууль хяналтын байгууллагаас одоо ч шалгалт хийж, хариуцлага алдсан, хувийн ашиг хонжоо хайсан тэдгээр хүмүүст эхнээс нь хариуцлага тооцоод явж байна. Иргэд олон нийтийн одоо болтол мэдээгүй, нарийн ширийн шалгагдаж байгаа олон хууль бус асуудал бий. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн цар тахлын хүнд хэцүү үед нойр, хоолоо хугаслан зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарын мянга мянган үнэнч шударга ажилтнуудын нэр төр цаана нь давхар хамт явдаг болохоор тухайн үед эрүүл мэндийн салбарынхныгаа үгүйсгэж байгаа юм шиг асуудал үүсгээд яахав гээд өнгөрөөсөн зүйлүүд ч байгаа.

-Тухайн үед ХӨҮСТ-ийн захирал байсан Нямхүү эмчид бараг л Хөдөлмөрийн баатар цол олгохыг ард иргэд шаардаж, түүнийг солих шаардлагатай гэсэн Эрүүл мэндийн сайдыг буруутган бараг л “барьж идэх” шахаж байсныг санаж байна. Цар тахал Монголд бүртгэгдээд бүтэн жил болоход ХӨСҮТ ямар ч бэлтгэлгүй байсан гэдэг нь үнэн үү, баримт жишээ дурдаж яриач?

-ХӨСҮТ дээр гарсан хууль бус үйлдэл, зөрчлүүд бол тэнд ажилладаг хэдэн зуун эмч, сувилагч, асрагч, үйлчилгээний ажилтнуудад бүгдэд нь хамаатай биш, зөвхөн тэр нэр хүндтэй байгууллага, хамт олны нэрийг барьсан, цөөн хэдэн дарга нар хувийн бизнес, ашиг хонжоог эрхэмлэж, ажилдаа ямар ч сэтгэлгүй хандаж ирсэн хэдхэн хүмүүсийн үйлдэл гэдгийг дахин тодотгож хэлмээр байна. Цар тахал Монголд 2020 оны гуравдугаар сард анх бүртгэгдсэн шүү дээ. Түүнээс хойш нэг жилийн дараа 2021 оны хоёрдугаар сард миний бие УОК-ыг ахалж, Шадар сайдын албаа хүлээж авсан.

Бүтэн нэг жил өнгөрсөн байхад ХӨСҮТ-д цар тахлын үед зайлшгүй хийгдсэн байх ёстой олон ажлыг огт хийгээгүй, бэлтгэлээ хангаагүй байсан нь гайхаш төрүүлсэн. Тухайлбал, хүчилтөрөгчийн үйлдвэрийн асуудал байна. Цар тахал дэгдээд нэг жил болчихоод байхад халдварт өвчний үндэсний хэмжээний ганц төв маань хүчилтөрөгчийн үйлдвэрээ огт байгуулаагүй, вакцин хадгалах зориулалтын хөргөгч, агуулах нь хүрэлцээгүй хэвээр байсан. Амьсгалын дутагдалд орсон өвчтөнд нэн шаардлагатай хүчилтөрөгчийг баллоноор нь зөөж холбодог хоёр шугамтай. Тэр хоёр шугамын нэг нь цоорч эвдрээд жил хагас болж байхад засаагүй байсан гэхэд хүн итгэмгүй.

Биднийг ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцахаар анх очиход хүчилтөрөгчийн хангамж хариуцдаг нярав нь “Энэ шугамаа засаад өгөөч гэдгийг дарга нартаа бүтэн жил хэлээд шийдүүлж чадаагүй, одоо үлдсэн ганц шугам нь эвдрэх юм бол яах ч аргагүй болно” гээд бүр үгээ барчихсан зогсож байсан. Ингээд нэн түрүүнд хөөцөлдөж, шахаж шаардаж байж тавдугаар сар гэхэд ХӨСҮТ-ийн дэргэд хүчилтөрөгчийн үйлдвэр ашиглалтад оруулж ажиллуулсан. Тэгсэн тулдаа тав, зургадугаар сард альфа хувилбарын ид дэгдэлтийг хүндрэл, хохирол харьцангуй багатай давсан. Бид хийсэн ажлаа дөвийлгөх гэсэн юм алга. Гагцхүү тэнд ажиллаж байсан дарга удирдлагууд нь ажилдаа яаж хандаж байсныг, ялангуяа нөхцөл байдал хэдийд яаж ч хүндэрч мэдэх цар тахлын онцгой цаг үед өвчтний амь насыг аврах наад захын шаардлагатай бэлтгэлийг огт хангаагүй байсныг л баримттай хэлж байна. Яагаад тийм анхан шатны бэлтгэл ажил хангагдаагүй байсан бэ гэдэг асуудлыг хөндөх ёстой. Бэлтгэл ханга гэсэн тэр их мөнгө санхүүг дарга нар нь хаашаа, юунд зарцуулсан байж таарах вэ?

ХӨСҮТ-ийн удирдлагууд дээшээ сайд, дарга нарт болохоор бүх юм болж байгаа, бүтсэн, бэлтгэл ажил хангагдсан гэж мэдээлдэг байсан ч газар дээр нь очоод шалгахад бүгд худлаа байсан. Эмч, эмнэлгийн ажилтнууд нь маш хүнд нөхцөлд ажилладаг, тэдний үгийг дарга нар нь огтхон ч хүлээж авдаггүй, тоодоггүй тийм л нөхцөл байдал үүсчихсэн байсан.

-Дэлхий даяараа эмээж байсан цар тахлын үед манайхан хүний амь нас, эрүүл мэндээс илүү мөнгийг, ашиг хонжоог чухалчилж байж шүү дээ.

-Албан байгууллага, айл өрхөөр явж нэг шинжилгээг 80 мянган төгрөгөөр хийж хэдэн арав, зуун саяар нь ашиг олцгоосон байдаг. Нөгөө талаар шинжилгээний үнэн зөв хариуг нь хогийн саванд хаячихаад, эерэг гарсан хүнд сөрөг гэсэн хариу шивж өгдөг байсан жишээ олон бий. Хэдийгээр ХӨСҮТ-ийн удирдлагыг сольж өнөөдөр тэнд нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа ч хийх сайжруулах ажил асар их үлдсэн.

Зөвхөн ХӨСҮТ дээр ч биш, бүх аймаг, хот, сум, дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд төвлөрч ажиллаж, иргэдэд шаардлагатай эм тариа, вакцин, бусад хангамж, тусламж үйлчилгээг хүргэх тогтолцоог яаралтай бий болгоогүй бол тухайн үед 23 мянган хүнийг хүлээж авах, хэвтүүлэх, эмчлэх ямар ч бололцоогүй байх байлаа. Олон мянган иргэдийнхээ амь насыг эрсдэлд орох аюулаас манай эрүүл мэндийн байгууллага, УОК, НОК урьдчилан сэргийлж, шуурхай хамтран ажиллаж, урд өмнө огт байгаагүй тогтолцооны өөрчлөлтийг улс орон даяар бид хийж чадсан гэдгийг хэлэх байна. Ковид анх эхэлж байхад улсын хэмжээнд 1000 ор л төлөвлөж байсан шүү дээ. Ковидын халдвартай болгоныг хот руу, ХӨСҮТ рүү зөөж эмчилдэг байсныг аймаг орон нутагт нь эмчлэх бэлтгэлийг яаралтай хангуулж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасны үр дүнд ид оргил дэгдэлтийн үеэр бүх аймаг, сум, дүүргүүд өөрсдөө хүнээ эмчлэх хэмжээнд хүрсэн байсан. Зарим хөнгөн өвчтөнүүдийг өөрийнх нь хүсэлтээр гэрийн хяналтад байлгаж эмчилж эхэлсэн гээд энэ олон өөрчлөлтийг богино хугацаанд хийсэн учраас цар тахлын тархалтыг өнөөдрийнх шиг намжааж тодорхой үр дүнд хүрсэн гэж би дүгнэдэг.

Миний хувьд ажил, амьдралдаа баримталдаг ганц зарчим байдаг. Аливаа ажлыг болж байгаа бол болж байна гээд, болохгүй байгаа бол болохгүй байна гэдгийг нь хэнд ч байсан хэлээд, дор нь засаж залруулаад явахыг эрмэлздэг. Зарчимд нийцэхгүй, хууль журмаас гадуур, эсвэл хариуцлага алдсан жижиг ч бай, том ч бай асуудалтай эвлэрээд, өнгөрөөгөөд явах юм бол хэзээ ч ямар ч ажил урагшаа явахгүй, тэр байдал өөрчлөгдөж засагдахгүй шүү дээ.

ХОЙНО ДАЙТАЖ БАЙНА ГЭЭД БИД ОЛОН ЖИЛ ЯРЬСАН,
ТӨЛӨВЛӨСӨН АЖЛАА ЗОГСООЖ БОЛОХГҮЙ

-Монголын нутгаар дамжуулан хийн хоолой татах төслийн 2022-2024 онд хийх ажлын гэрээнд ОХУ-ын талтай гарын үсэг зурсанд манайхан бас л багагүй шүүмжилсэн. Цагаа олсон үйл явдал мөн байсан уу?

-ОХУ-аас БНХАУ руу хийн хоолой татах асуудал өчнөөн олон жилийн өмнөх яриа шүү дээ. Монгол Улс үүнд оролцоотой байх уу, үгүй юу гэдэг ч олон жилийн өмнөөс яригдсан зүйл. 1990-ээд оноос л Монголын нутгаар хийн хоолойг дамжуулж тавих асуудлыг үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас ОХУ-тай ярилцаж ирсэн байдаг. Харин 2019 онд Монгол Улсын одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн байхдаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн уриалгаар Москвад айлчлахдаа энэ асуудлыг эцэслэн ярьж шийдсэн ажил юм. Эртнээс хүсэлт тавьж ярилцаж ирсэн энэ төслийн асуудал нааштай эргэж, ажил хэрэг болж, төлөвлөгөөний дагуу үргэлжилж л байгаа хэрэг шүү дээ. Хэдийгээр энэ цаг үед ОХУ-Украины талууд дайтаж байгаа ч бид төлөвлөгөөт ажлаа зогсоож болохгүй биз дээ. Монгол Улс хоёр талтай хоёулантай нь найрсаг харилцаатай. Гэрээ байгуулснаараа хэн нэгнийх нь талд гарчихаж байгаа юм биш.

-Дэлхий нийтээрээ ОХУ-ыг эсэргүүцэж, хориг тавьж байхад Монгол Улс л дэмжиж гэрээ байгуулж байна. Хийн хоолой тавих юм бол Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдал алдагдана. Хийн хоолойгоо дагаад Оросын цэрэг хэзээ нэгэн цагт ороод ирнэ гэсэн цаг зуурын гэх үү, гэнэн төсөөлөл шүүмжлэгч нарт байх шиг байгаа юм.

-Аливаад шүүмжлэлтэй хандаж болно. Гэхдээ эерэг талаас нь асуудлыг бас харж байх хэрэгтэй. Монголын нутгаар хийн хоолойг дамжууллаа гэхэд ОХУ-аас хамааралтай улс болоод хувирчих юм биш шүү дээ. Манай улсын нутгаар дамжин өнгөрч байгаа энэ шугамыг хүсэж олон арван жил Оросуудыг гуйсан. Тэгээд ТЭЗҮ батлагдаад төсөл эхлэх болмогц зогсооё, ажлын гэрээнд гарын үсэг зурахгүй гэх нь утгагүй хэрэг. Харин ч Монголын эдийн засагт үзүүлэх эрсдэл сөрөг нөлөө багатай, өндөр үр ашигтай төсөл.

Өнгөрсөн 100 жилийн хугацаанд Монгол- Оросын хамтарсан хамгийн том бүтээн байгуулалтын нэг болсон төмөр зам байна. Ази-Европыг холбосон энэ төмөр замаар энэ олон жилийн турш Монголын бүхий л импорт, экспортын тээвэрлэлтийг хийж, үр шимийг нь хүртэж ирлээ. Тэгээд энэ 100 жилийн хугацаанд төмөр замаа хамгаална гэж цэрэг орж ирээгүй биз дээ. Хийн хоолой ямар ч ялгаагүй, төмөр замтай л ижил манай нутгаар дайран өнгөрөх шугам. Хийн хоолойн төслийг дагаад дор хаяж 7-8 мянган ажлын байр шинээр бий болно. Мянга мянган залуус нарийн мэргэшсэн мэргэжилтэй болно, хийн хоолойг дагасан шинэ үйлдвэр, үйлчилгээний салбарууд бий болно, дамжуулалтын төлбөр гээд гээд үр ашгийн талаар тоочвол урт яриа үүснэ. Манай улсын бүс нутаг, тивдээ эзлэх байр суурь, нөлөө ч өөр болно. Төмөр замтай адил Ази-Европыг холбосон хийн эрчим хүчний том шугам тавигдснаар тив хоорондыг холбосон эрчим хүчний бүтцийн бодлого шийдвэрт бид оролцоотой, өөрсдийн дуу хоолойтой, байр суурьтай, нөлөөтэй тоглогч улс орон болох юм.

Ялгаагүй, урд хөрштэйгөө бид Замын-Үүд-Эрээний эдийн засгийн чөлөөт бүс байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрээ УИХ-аар соёрхон баталж, сая Ерөнхий сайдын айлчлалын үеэр талууд ноот бичгээ солилцсон байгаа. Бид хоёр хөрштэйгөө энэ мэт томоохон төсөл хөтөлбөрүүдээ харилцан үр ашигтай хамтарч хэрэгжүүлэх нь улс орны хөгжил дэвшилд ихээхэн тустай.