Эрэлхийлэл ба илэрхийлэл

Ер нь ямарваа яруу найрагчийн уран бүтээл гэдэг цаг хугацаанаас эс хамааралт мөн чанартай. Яруу найрагт тавих шалгуур байдаг бол тэр нь аль ч цагт амь халуунаараа хуучиршгүй байх мөн чанар юм. Гэвч тэдгээрийг анхлан судалж, танин мэдэхүйн хүрээнд оруулж ирэхийн тулд яах аргагүй барим тавим цаг хугацааг баримжаа болгохоос аргагүй. Энэ үүднээс нь харвал ямарваа яруу найрагчийн уран бүтээлийн замналыг хамгийн бүдүүвчилсэн байдлаар хоёр хэв төрхөд хувааж болох юм. Тэр нь:

Нэгдүгээрт, яруу найрагч өөрийн хэл, сэтгэлгээний боломжийг туршин, өмнөх үеийн яруу найргийн сэтгэлгээний өв, онолтой танилцаж, өөрийн дахин давтагдашгүй хэлбэрийг олох үе буюу “Эрэлхийллийн үе”, 

Хоёрдугаарт, яруу найрагч өөрийн сэрэл мэдрэмж, философийг өөрийн бий болгосон туурвилзүйн хэлбэр, уран сайхны туршлагадаа дулдуйдан илэрхийлж эхлэх үе буюу “Илэрхийллийн үе”.

Яруу найрагчийн хувьд өөрийн эрэлхийллийн үедээ хэр их хугацаа зарцуулснаас түүний ур чадвар, авьяас билиг, сэтгэлгээний хурдыг харж болно. Түүнчлэн илэрхийллийн үедээ ямархуу баялаг өв үлдээснээс нь яруу найрагчийн бий болгосон хэл, сэтгэлгээний царааг харж болдог. Францын символист шүлэгч Шарль Бодлер насан туршдаа нэг номон дээр ажилласан. Цаг үедээ алдартай, хүлээн зөвшөөрөгдсөн уран сайхны шүүмжлэгч, эсээчин атлаа амьдрал туршдаа ганцхан “Эмгэг цэцэгс”(Les fleurs du mal) хэмээх ном бүтээсэн. Энэ нь түүнийг алдаршуулахад, ялангуяа хойчийн шүлэгчдийн зохиол бүтээлд нөлөөлөхөд, дэлхийн хамгийн агуу найрагч хэмээх алдрыг олон үндэстний сэтгэгчдээс хүртэхэд саад болсонгүй. Ноён Шарль Бодлер биеийн доройтлоор бие бараагүй бол ахиад ном гаргах л байсан байх л даа. Гэхдээ гаргасан ганц ном нь уран бүтээлдээ шударгаар хандахын, өөрийн “Эрэлхийлэлээ хүндэтгэх”-ийн жишээ гарцаагүй мөн.

Өрнө дахины яруу найргийн хоёр их сартваахи Шарль Бодлер, Уолт Уйтмен нар яруу найргийн ертөнцөд хоёр томоохон шинэчлэл хийсэн билээ. Шарль Бодлерийн хувьд морали буюу хүнлэг чиг шугам, ёс суртахууныг таягдан хаяж олон янзаар тайлж болохуйц, бэлгэдэл, егөөдөл, ёрлол бүхий “задгай зүйрлэл”-тэй шүлэг бичиж байв. Уолт Уйтмений хувьд ч энэ тал дээр Бодлероос дутах зүйл үгүй. Гэхдээ түүний хамгийн гол онцлог бол шүлэглэл зүй, хэлний тогтсон таалал гэхээсээ сэтгэлзүйн үелзэл, хөдөлгөөнийг дагасан “чөлөөт шүлэглэл” юм. Хожим энэ хоёр их найрагчийн шинэчлэл модернизмын үүтгэл болсон. 

1970-1980-аад онд уран зохиолд хөл тавьсан Д.Урианхай, О.Дашбалбар, Б.Лхагвасүрэн нар чухам дээрх хоёр сартваахийн эрэлхийллийг эх хэлэндээ хийсэн юм.


Д.Урианхайн эрэлхийллийн үе

Шүлэг болж буй онгодыг торлогдож буй эрх чөлөө гэлтэй.
Учир нь ахуйг ч, сэрлийг ч үгэнд буулгана гэдэг үгийг торлож буй хэрэг.

Гэхдээ тэд тортойгоо ч нисэж чадна....

Д.Урианхай

Яруу найрагч Д.Урианхай 1980 онд анхны яруу найргийн бүтээл болох “Цагийн хөл” номоо хэвлүүлснээс хойш 10 гаруй жилийн дотор “Нялх хөлийн салхи” 1982, “Цээжний нөмөр” 1988, “Дуугүй ном” 1990, , “Насны хишиг” 1991, “Үгийн сүү” 1992 гэсэн таван ном хэвлүүлсэн байдаг. Чухам энэхүү таван номонд Д.Урианхайн туурвилзүйн үндсэн өнгө аяс бүрэлдэн тогтсон байна.Энэ үед яруу найрагч хэлбэр агуулгын өргөн цараатай эрэлхийлэл хийжээ. Түүний эрэлхийллүүдээс 1974 онд анх хэвлүүлсэн “Бид-Дотоод шаталтын хөдөлгүүр” хэмээх найраглал нь ихээхэн алдартай. Энэ найраглал бол Д.Урианхайн яруу найргийн эрэлхийллийн удиртгал гэмээр олон талт шинжтэй. Тэдгээр шинжийг дарааллуулвал: 

Нэгт, Уолт Уйтмений бий болгосон задгай шүлэглэлийн аргыг зоригтой туршсан.

Хоёрт, тухайн үед хүчтэй байсан үзэл суртлын өнгө аясыг чөлөөт зүйрлэл, эргэцүүллээр баяжуулсан нийтлэлийн өнгө аястай шүлгүүд бичсэн. Зарим зохиолчдын үзэл суртлын шинжтэй шүлгүүд цагаан шүлэглэл, хоосон магтуу шинжтэй байдаг бол Д.Урианхайн энэ шүлгүүд нь амьдарч буй нийгэм, нийгмээрээ зорьж буй үзэл санааг танихыг оролдсон сэхээлэг, оюунлаг өгүүлэмжээрээ ялгардаг. 

Гуравт, яруу найрагчийн философи, дотоод хүүрнэлийн өнгө аяс энэ бүтээлд олон талаар анхлан туссан. Ер нь “Цагийн хөл” ном дээрх гурван чиглэлээр эрэл хийсэн шүлгүүдээс бүтдэг. Эл алдарт найраглалын нэг хэсгээс уншаад үзье...

III. Хайр бол хөдөлмөр
Бид хот хөдөөгийн хүмүүс

Бид хот хөдөөгийн хүмүүс
Бид хөдөөг тээж хотод авч ирнэм.
Хотыг тээж хөдөөд аваачнам.
Хөл тавихад л сэтгэл цэлсхийх
Хөдөө тал, нуга хөндийд гэртэй ч,
Хөвчид урамдах бугын дуунд хайртай ч

Уур цахилгаан, гүүр далан,
Уурхай, барилгын нүргээн сэтгэлд бичээстэй!
Атомын цөм, нарны энерги
Аль аль нь бодолд багтаастай!
...Өглөө гараад хаашаа ч харсан
Өндөр барилгын цонхонд нар асан
Өсөж төрсөн эсгий гэрээс минь
Өөрийн эрхгүй бодол урвуулнам.
Толгодын шилээр цухуйх тэмээд шиг
Тором, тайлаг сургах эрдмийг минь чамлуулнам...
1

Мэдээж хэрэг өнөөдрийн олны танил Д.Урианхайгаас хэл зүй, урын хувьд дутмаг байсан нь ойлгомжтой. Гэхдээ тухайн үедээ шуугиан тарьж, оюунлаг хүрээн дэх өргөн хэлэлцүүлгийн сэдэв болж чадахуйц эрэлхийлэл байж дээ. 

МУБИС-ийн профессор Ц.Магсарын “XX зууны Монголын утга зохиолын шүүмжлэл” нэг сэдэвт бүтээл манай утга зохиолын онолын сэтгэлгээнд чухал байр суурь эзлэх учиртай бүтээл. Эл номонд Д.Урианхайн “Бид-Дотоод шаталтын хөдөлгүүр” найраглалыг тойрсон маргаан хэрхэн өрнөж байсныг тоймолсон нь бий: 

“Энэ маргаан 70-аад онд монгол яруу найрагт илэрсэн гүн ухаанч сэтгэлгээний тусгал болсныхоо хувьд цаашид бодол бясалгалын уянга хөгжих, яруу найргийн уран чадвар, сэтгэлгээний түвшин дээшлэхэд ач холбогдолтой байсан...”2 Уг номоос маргааны дүр зургийн талаар төсөөлөл өгөх зарим нэг жишээг сийрүүлвэл: судлаач Б.Ганбатын дүгнэсэн нь, техник бол техник л болохоос биш урлаг биш, техникийн дэвшил ихээхэн гайхамшигтай байлаа ч уран зохиолд тусахаас бус түүнийг өөртөө дүйцүүлэн хувирган өөрчилөх ёсгүй... Судлаач Д.Цэдэвийн дүгнэсэн нь, Урианхайн найраглал зохиомжийн хувьд дэг журамгүй, төвлөрсөн санаагүй, ахуй хэмээх далайн дунд хаягдсан уянгын ганц баатар “би” юм...” гэх мэт үнэлгээ өгч байжээ. Харин судлаач Х.Сампилдэндэв, “Гүн ухааны аястай бичиж буй яруу найргийн өнөө үеийн хандлагыг Д.Урианхайн хийсэн эрлээс ангид сэтгэхийн үндэсгүй... Д.Урианхай бол 1970 хэдэн онд залуу зохиолчдоос энэ түрүүнд (...) яруу найргийн сэтгэлгээг гүнзгийрүүлэх, шаардлагыг мэдэрсэн шүлэгчдийн нэг юм. “Бид-Дотоод шаталтын хөдөлгүүр” найраглалдаа гаднаас өнгөц тоочих хуучин барилаас зайлсхийн гүн сэтгэмжтэй бичих оролдлого хийсэн билээ”3 хэмээн 16 жилийн дараа дүгнэж байжээ. 

Хэдий үзэл сурталжсан хандлагатай, зарим судлаачид өнөөдрийн л адил уран бүтээлчээсээ сэтгэлгээний хувьд хоцрогдсон нь анзаарагдах ч залуу уран бүтээлчийн шинэ бүтээлийн талаар өргөн хүрээнд задлан шинжилж ярилцаж чаддаг ч цаг байж. Чаддаг ч судлаачид байж.

Харин дараагийн ном болох 1982 онд хэвлэгдсэн “Нялх хөлийн салхи” номондоо яруу найрагч эрэл хайгуулын өнцгөө дорно руу хандуулсан нь харагддаг. Ялангуяа энэ номын өвөрмөц зүйрлэлүүдээс бүтдэг богино шүлэг, хайку, судалбар шинжтэй цөөвтөр шүлэг нь монголын яруу найрагт тухайн үедээ шинэлэг үзэгдэл байсан. Мөн номын төгсгөл дэх “Нялх хөлийн салхи” хэмээх шүлэг, өгүүлсэн шүлгээс бүтэх нэг хэсэг нь Д.Урианхайн яруу найргийн хожмын нэгэн өвөрмөц өнгө аяс болох “poem prose” буюу өгүүлсэн шүлгийн анхдагч “туршиц” байв.

Үүнээс хойш нийгмийн их өөрчлөлттэй уралдан гаргасан “Цээжний нөмөр”, “Дуугүй ном”, “Насны хишиг” хэмээх гурван номд Д.Урианхай яруу найрагчийн хувьд жинхэнэ тэсрэлт хийсэн. “Цээжний нөмөр” номын хувьд наяад оны эхэн үед бичсэн, дунд үед зассан, өмнөх хоёр номд багтаагүй шүлгүүдээс голчлон бүрдэнэ. Энэ номонд яруу найрагч судлаачдын зүгээс Д.Урианхайг өөлөн гоочилдог байсан “эх монгол хэлээрээ сэтгэн урлах чадвар хомстсоноос утга санаа дутаагүй ч урлал, уянга дутах, үүнээс болоод зарим шүлэг нь хадмал орчуулга шиг болох, эсвэл хэт ухаантай хэлэх гээд ойлгомжгүй ээдрээтэй зүйл бичих зэрэг доголдол”4-оос нэгэнт ангирсан нь харагддаг. Нэгэн жишээ...

...Аглаг шугуйн салхи үнэрээ гээж,
Амраг шувууд уйлалдсан намрын орой
Айсуй хэтийн хагацлын үнэн
Аянга гялбаан, цээж нэгжихүй
Алмаас хатуу сэтгэлийн хат халирч
Ээлт нарны эргэлт сүүдрээ гүвэхийг даалгүй
Эгшиг хагссан ханхай цээжний минь
Эзгүйрэн цайсан чавхдасанд хөг орохыг сонсоод
Чамайгаа би дуудлаа, хайрт минь!
5

Нэгэнтээ яруу найрагч Г.Аюурзана энэ шүлгийн талаар, “Салхи үнэрээ гээж, шувууд уйлалдсан намрын” тухай, төсөөлөхөөс халшрам энэ үгс бол дээд яруу найргийн өнгө аялгуу” хэмээн дуу алдсан нь бий.

Ер нь Дуугүй ном, Насны хишиг номууд дээр яруу найрагчийн эрэлхийллийн үе төгсөж, өөрийн гэсэн хүчирхэг дуу хоолойг олж эхэлсэн нь харагддаг юм. Нэгэн жишээ,

Эгшин

Эгшин бүр цаг хугацааг эхэлнэ. Эгшин бүрийн хязгаар хийгээд хязгааргүйгээс цаг хугацаа эмхэрнэ.
Эгшинд хүн юу ч эс завдавч эгшнийг алдвал юуг ч алдаж, юугаар ч хохирч болно. Учир хэмээвэл, цагт орчлонд аль нэг эгшинд тохиож эхлэхгүй, аль нэг эгшинд тохиож дуусахгүй юм нэгээхэн бээр ч үгүй тул алив бүгдийн эхлэх, дуусах нь аль нэг эгшний хязгаартай заавал таарч давхцах нь зайлбаргүй.
Эгшин бүр цаг хугацааг эхэлж, эгшин бүрийн хязгаар хийгээд хязгааргүйгээс цаг хугацаа эмхэрнэ.
(...)”6

Энэхүү өгүүлсэн шүлгээс яруу найрагч өөрийн дотоод мэдрэмжийг үгийн хүчээр илэрхийлэх өөрийн гэсэн өвөрцөм аргыг нэгэнт олсон нь харагдана. Үгийн давтамж хэмнэл илт анзаарагдах агаад, тэр нь гүн ухааны агуулгатайгаа зохицож, тун эвтэйхэн донж үүсгэжээ. Д.Урианхай цаашид олон номондоо ийм хэлбэрийн өгүүлсэн шүлэг бичсэн бөгөөд, яваандаа энэ нь түүний яруу найргийн үндсэн хэлбэр болон тогтсон. Зохиолч Ж.Лхагвын “Толгодын цаана ингэ буйлна” номоос үүдэлтэй өгүүлсэн шүлгийн эрэлхийлэл 1980-аад оны сүүл үед Д.Урианхай, О.Дашбалбар, Д.Батбаяр нарын бүтээлд хэт уянгын дүрслэлийг халж, яруу арга замаар “философидох” хэрэгсэл болж хувирсан. 

Яруу найрагчийн 1991 онд хэвлүүлсэн “Насны хишиг” ном нь 1980-аад оны сүүл хагаст бичсэн шүлгүүдээс бүтнэ. Наран тойрог, Өөрийн тодотгол, Үгүйлэхийн халуун, Хүрд хэмээх тусдаа ном болохуйц дөрвөн бүлгээс бүтэх энэ ном Д.Урианхай найрагчийн цаашдын яруу найргийн дөрвөн чухаг мөн чанарыг илэрхийлдэг. Ялдар өгүүлэхэд энэ ном нь Д.Урианхай найрагчийн хамгийн чанартай, шилдэг бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогдоно. Цар агуулга, найраглаг чанараараар 2007 онд хэвлүүлсэн “Огтлолцохуй” ном нь л энэ номтой зэрэгцэж ирнэ.

Эл номын “Наран тойрог” хэмээх бүлэгт байгалийн дүр дүрслэл тод томруун харагдах агаад, байгалийн сэрэхүйгээр дамжин ертөнцийн жам ёсны тухай уянгын аргаар хүүрнэдэг Д.Урианхайн хамгийн сонгодог арга барил харагдана.

Д.Урианхайн бас нэгэн чухаг арга барил болох өөрийн амьдрал, бодит намтарт тулгуурлах өчил хэлбэрийн шүлгүүдээс “Өөрийн тодотгол” бүлэг нь бүтжээ. Энэ бүлэг доторх “Өчиг” хэмээх шүлэг ихээхэн алдартай. Чухам энд хожим Д.Урианхайн шүлгийн гол өнгө аяс болон тогтсон “Наминчлалын яруу найраг” гүйцэд бүрэлджээ. 

Цөөвтөр шүлэгтэй “Үгүйлэхийн халуун” бүлэг нь дан хайрын шүлгээс бүтнэ. Д.Урианхайн бүсгүй хүний гоо сайхныг магтсан шүлгүүд эротик өнгө аяс, гоо сайхны тухай эргэцүүлэл бүхий гүн ухааны гаргалгаатай хослон байдгаараа онцлогтой. Хуял тачаал, ухаарал гэгээрэл сүлэлдсэн ийм хэлбэрийн шүлгүүд нь Жагарын их шүлэгч Равиндранат Таагүрийн “Өргөлийн дуулал”-ыг санагдуулна.

Эцэст нь нэгэн сэдвийг яруу найргийн аргаар хөгжүүлсэн 14 мөрт шүлгээс бүтэх “Хүрд” хэмээх бүлэг бий. Өрнө дахины Сонет хэмээх шүлгийн сонгодог бадаглал зүйг Д.Урианхай өөрийн гүн ухааны эргэцүүллийг ертөнцийн эд юмсыг дүрслэх аргаар буулгахад ашигладаг. Яг тухайлан сонетийн сонгодог багадлал зүй, мөр, сүүл холболтыг баримтлаагүй, зөвхөн хэлбэр талаас нь 14 мөртийг ашигласан нь өөрийн бодрол эргэцүүллийн гүнд живж, шүлгийн хязгаараас давах, хэт улиглан нурших эндэлээс яруу найрагчийг хазаарласан нь анзаарагдана. Нэг талаар бясалгалын дасгал ч гэмээр санагддаг энэ 14 мөртийн бүлгийн санаагаа Д.Урианхай найрагч дэлгэрүүлэн хожим 1997 онд “Дотоод чинад” хэмээх номынхоо үндсэн хэсгийг бичсэн.


Д.Урианхайн Илэрхийллийн үе

Ямагт яруу найрагч бай, хүүрнэл зохиол дээр ч хүртэл...

Хорхе Луис Борхес


Д.Урианхай найрагч 1992 онд “Үгийн сүү” түүврээ хэвлүүлснээс хойш Монголын яруу найрагт нэгэнт бат байраа эзэлж, өөрийн шүлгийн давтагдашгүй хэлбэр, сэтгэлгээний чиг шугам бүхий яруу найрагч болсон. 

Түүнээс хойш 30 гаруй жил өнгөрөхөд яруу найрагч “Үгийн сүү”, “Дотоод Чинад”, “Огтлолцохуй”, “Холдох төв”, “Үгүйлэхийн халуун” гэсэн лавтайяа таван ном хэвлүүлсэн байна.

Энэ таван номонд яруу найрагч доор дурдах үндсэн гурван хэлбэрийн шүлгээ хөгжүүлсэн. Тэдгээрийн дурдвал: 

-Наминчлалын яруу найраг,
-Байгалийн дүрслэлд суурилсан натуралист болон сэрэл мэдрэмж давамгайлсан имперсионист өнгө аястай шүлэг,
-Өөрийн гүн ухааны үр бодролуудаа системчлэн илэрхийлсэн гүн ухааны шүлгүүд

Эхний хоёр хэлбэрийн шүлгүүдийнх нь талаар дээр тодорхой ярьсан учраас энд Д.Урианхайн “Гүн ухааны шүлгүүд” дээр тогтож ярилцъя. Яруу найргийн бүтээлийн дүр нь зохиолчийн уянгын би баатар гэдэг. Д.Урианхайн яруу найргийн хувьд тэрхүү уянгын би баатар нь тун зөрчилт шинжтэй. Хүнлэг үзэл, энэрэнгүй үзлийн цогцолбор болсон буддизм болон христианизм, бүр наашлаад Марксизмын зарим гаргалгаанд итгэдэг, эдгээр нь хүний амьдарвал зохих зайлшгүй хэв маяг хэмээн тэрсэж, өөрийн зам мөрөөр үзүүлэхийг хичээдэг нь магадгүй нийгэмд Урианхай хэмээх өвөрмөц Утопи баатрыг бий болгосон. Яруу найрагчийн гэхээсээ нийгмийн зүтгэлтний энэ хэв төрхөөс нь Д.Урианхайн шүлэг бүтээлийг салгаж ойлгосноор магадгүй Д.Урианхай судлал жинхэнэ утгаараа эхлэх биз ээ.

Д.Урианхайн яруу найраг нь танин мэдэхүйн ерийн үнэнээс ургуулан философийн төгсөшгүй эргэцүүлэл рүү хөтөлдөг. 1990-ээд оны эхэн болон сүүл үед гаргасан “Үгийн сүү”, “Дотоод чинад” хэмээх хоёр ном нь хоорондоо шүлэглэл зүйн хувьд тун өөр. “Үгийн сүү” ном верлибр (verslibre фр.) буюу чөлөөт шүлэглэлийн зарчмаар бичигдсэн. Ямар нэгэн бадаглалгүй, цэвэр яруу найрагчийн сэтгэмж, мэдрэмжийг өнгө аясыг дагасан бичлэгтэй. Харин “Дотоод чинад” ном уламжлалт шүлэглэл зүйг дагасан бичлэгтэй юм. Мөрөн дэх үгийн тоог тогтмол барьж, толгой холбох зэрэг уламжлалт арга барил энэ номын дийлэнх хэсгийг бүрдүүлнэ..

Эдгээрээс 10 жилийн дараа хэвлүүлсэн “Огтлолцохуй”, “Холдох төв” номд Д.Урианхай өөрийн яруу найргийн хэлбэр, агуулгыг зангидаж чаджээ. Ялангуяа “Огтлолцохуй” номонд яруу найрагч шүлэглэл зүйгээс хагацаж чадсан юм. “Хагацаж чадсан” гэхийн учир нь тэрээр өөрийн үзэл санаа болоод уянгын сэрэхүйг огтоос төвөггүй сүлж, сэтгэхүйн хувьд ч, хэлбэрийн хувьд ч чөлөөтэй зоргоор шүлэглэх болжээ. Энэ номонд Д.Урианхайн яруу найраг дахь наминлалт чанар, имперсионист өнгө аяс уусан сүлэлдэж, Д.Урианхайн гэж хэлж болох чөлөөт шүлэглэлийн нэгэн шинэ хэлбэрийг үүсгэж байна. Тэртээ 1980 онд “Цагийн хөл” номонд нь багтсан “Шүлэг хэмээх шүлэг” болон “Огтлолцохуй” номын доторх “Инээд шиг хуучин хүний амьдрал” шүлгүүдийг харьцуулаад харахад л энэ бүхэн мэдрэгдэнэ. 

Хэт философидож урлагийн үнэн байх зарчимыг таягдахгүй, хэт дүрслэлийг шүтэж урлагийн хийсвэрлэлийн зарчмыг алдагдуулахгүй байх туурвилзүйн энэ энгийн үнэн эгэл, амархан юм шиг атлаа хэчнээн хэцүү шалгуур болохыг Д.Урианхайн яруу найрагт хийсэн хагас зууны эрэл хайгуул харуулж байна. Энэ баялаг эрэл хайгуулынх нь цар далайц, мөн чанарыг сайтар ойлгож, тухайлан уншаагүй зарим судлаач, эсвэл уншигчид түүнийг төөрөлдсөн хүн гэх нь бий. Чин үнэндээ энэ бол Д.Урианхайн туурвилзүйн баялаг ертөнц рүү шагайх төдий болоод төөрөлдөж яваа хүний үг юм.


Д.Урианхайн нөлөөлөл

Д.Урианхай бол хойч үедээ хамгийн хүчтэй нөлөөлсөн уран бүтээлчдийн нэг. Түүний уран бүтээл, эрэл хайгуул дан ганц яруу найрагт бус жүжгийн зохиолд ч хүчтэй нөлөөлсөн. Угаас 1970-аад оны сүүлээс 1990-ээд оны эхэн хүртэл заагт бүтээлээ эрчимтэй туурвиж байсан яруу найрагч Д.Урианхай, О.Дашбалбар, Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэнгийн туурвилзүйн хэв маягийн нөлөөнд ороогүй яруу найрагчийг дараа үеэс нь олоход бэрх. Д.Урианхайн имперсионист, философидогч наминчлалт өнгө аяс “Зүс бүгэг андууд” бүлэг, зохиолч У.Шигүүргэ, Б.Батрэгзэдмаа, Пагма, Д.Оюунчимэгийн “Харанхуйн дуулал”, П.Батхуягийн “Өнгөт ертөнц” тэргүүтэй эхэн үеийнх нь бүтээлүүдээс тод харагдана.

Харин Б.Лхагвасүрэнгийн үгийн цэц, харгис зүйрлэлд дулдуйдсан сюрреалист өнгө аяс Ц.Чимэддорж, Ш.Гүрбазараас эхлээд Б.Ичинхорлоо тэргүүтэй 1990-ээд оны олон яруу найрагчдын урлалд хүчтэй нөлөө үзүүлсэн. Одоо ч түүний нөлөөллөөс гарч чадаагүй яваа шүлэгчид олон. Б.Лхагвасүрэнгийн нөлөөтэй өрсөлдөхүйц уянгын натуралист өнгө аястай яруу найргийн хэв маягийг Д.Нямсүрэн, О.Дашбалбар нар хөгжүүлсэн. О.Дашбалбар агсан бүр энэ хэлбэрээ тунхагласан “ГУНУ” урсгалыг томъёолж байв. Байгаллаг сэрэхүйн дурслэл, нүүдэлчний ертөнцийг үзэх үзлийг гол болгосон энэ урсгалын үзэл санаа олон талаараа яруу найрагч Д.Урианхайн томъёолсон “БИШҮБИ” урсгалтай төстэй. Гол төсөө нь аль аль нь Монголын уламжлалт яруу найргийг буддизм болон өрнө дахины шинэчлэгч үзэл санаагаар баяжуулан хөгжүүлэхийг зорьсон. Гол ялгаа нь О.Дашбалбар шүлгийн гадаад хэлбэр буюу үгийн сонголт, сэдэв зэрэгт илүү анхаарал хандуулж, нэлээд хуучинсаг байр суурь баримталсан бол Д.Урианхай шүлгийн дотоод хэлэмж буюу философилог чанарыг чухалчилж, агшны сэрэл мэдрэмжийг шүтсэн эрс шинэлэг эрэлхийллийг дэмжсэндээ буй. О.Дашбалбар, Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо нарын ГУНУ урсгалд Т.Содномнамжил, Д.Цогбадрах, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж нарын яруу найрагчид бүтээлийн өнгө аясаараа хамаарна. Энэ мэт Монгол яруу найргийн уламжлал, шинэчлэлийн асуудлыг хэлний үзэгдлийн хувьд авч үзсэн туурвилзүйн судалгаа манайд өгүүлэгдэж буй.

Д.Урианхайн философилог хэлбэрдэлтүүд, өвөрмөц зүйрлэлүүдээрээ метафорын баялаг сан үүсгэсэн чөлөөт шүлэглэл, бодрол эргэцүүллүүд 1990-ээд оны яруу найрагч залуусыг шинэ өрнөлд хөтөлжээ.

1992 онд хэвлүүлсэн “Зүс бүгэг андууд” бүлгийн номоос Д.Урианхайн “Нялх хөлийн салхи”, “Цээжний нөмөр” номуудын нөлөө шууд анзаарагддаг. Уг бүлгийн гол уран бүтээлч Г.Бадамсамбуу хожим, “Д.Урианхайн туурвих хэв маягт хошууран дагаж байсан” тухайгаа дурссан нь бий.

Нэгэн зэрэгцүүлэл:

Номхон дөлгөөн далай мину
Д.Урианхай

Айнам. Гургалдай жиргэвч дүлий, арслан хүрхрэвч дүлий... Айнам. Өд унасан ч цочихгүй, од унасан ч цочихгүй, хүн гуугаллаа ч, сармагчин ориллоо ч давалгаа л цалгинам.

Айнам. Далай минь агуу ихээрээ айлгаж, “бага”-ын зовлонг таниулан, ажиггүйхнээр дүнсийнэм. Гэвч айсан үнэнийг минь мэдүүтээ уулга алдан хүүхэрч, шуугин хүрхэрч, амраг эхийн адил аргадан хурайлнам. (...)7


Амирыг халах
Г.Бадамсамбуу

Сэтгэл түдээд байсгэмэгц сочин адгах бөлгөө.

Голын харанхуй эрэг... хүний зүс... уйтуу ай... цувих нулимс... инээлцэх... ангижран одох... дуулах... хурьцах... үхэх мэт болох... хорлохыг хүсэх... атаа цуглах бүхэн бүрнээ нэгдээд... агшнаа сарнижээ.

Ёсломогц эс болсон үйл, болсон үйл, хүндэтгэвэл зохих бүхнийг үл ялгаад нүүр мэндүүрнэм. Би, тэнгэрт мэхийв үү, яав!! Түүний асуулгад үл өчнө... Сэтгэл бахав.

Юун хэмээхүл бие маань үл ялгагч, илт танигчийн алинийг ч эс эзэмшивэй. Эзэмшсэн ахул тархи магу, үл төөрөлдөх хатууч сэтгэл бөхжөөд гаслангуйн үр хашгиран түгэх амой. Үүнээс завсарлаж амжвай. (...)8


Нар
Д.Урианхай

Сүүдэр бол амарч буй хар нар. (...) Сүүдэртэхийнхээ хэмжээгээр өнгө орно.9


Хар од
Б.Пүрэвсүрэн

Тээр дээр
Тагтан дээр зогсоо бүсгүй
Хар од оо.
10


Д.Урианхайн “утопи”

Идеалд хүрэх боломжгүй. Үүнийг ухамсарлаж буйгаараа хүний ухаан агуу. Хүрч болохуйц, нэн тодорхой зүйлийг идеал гэж үзэж байгаа бол тэр яавч эрүүл саруул хүн биш.

Андрей Тарковский


Фёдор Михайлович Достоевский асар том утопи тээж, тээр тээшэндээ түүртэж, тэр түүшээ хүүрнэж амьдарсан зохиолч. Хамжлагат нийгэм нь өрнө дахинаас хэдэн зуунаар хоцорсон Оросын сэхээтнүүдийг тухайн үедээ ихээр татаж байсан социализмын утопид Достоевский татагдаж, Петрашевскийн дугуйлангийн идэвхтэн болсон түүхтэй. Тэр энэ үзэл санаагаа дүүжлүүрийн олстой хамт орхиогүй. Цөллөгөөс тэр коммунист утопио шашны эргэцүүлэлд суурилсан хүмүүнлэг үзлээр баяжуулаад эргэж ирсэн. Энэ нь насан туршийнх нь уран бүтээлийн чиг хандлага болон тогтож, Агуу эрүүчин гэх мэт эргэцүүллийг бичүүлсэн билээ. Карамзовын хөвгүүдийн төгсгөл дэх хүүхдийн гэгээн ертөнцийн тухай өгүүлэмжид Достоевскийн хүмүүнлэг үзлийн гол санаа туссан нь бий. Зохиолч Д.Урианхайн дотроо агуулж буй утопи үүнтэй төстэй. Тэрээр энэ гүн ухааны эш үзлээ өөрийн эсээ, бодролын номууддаа задлан хөгжүүлсээр ирсэн. Өдгөө насны роман хэмээн бичсээр буй романд нь энэ бүх эргэцүүлэл нь шингэж буй, тийм ч учраас цаг их шаардаж буй нь ойлгомжтой. Олон нийтийн боловсрол, гэгээрлийг үйлдвэрлэл, бүтээлч үйлтэй хослуулсан ангигүй нийгмийн тухай Томас Морын утопи үзэл, Марксын “Эв хамтын үзэл санаа” гээд нийгмийн ялгарал, харгис байдлыг устгах тухай үзлүүд Д.Урианхайн энэрэнгүй үзэлтэй холбоотойг тэрээр өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Ямар сайндаа “Нийгмийн амьдралд хийгээд Ирээдүйд хандах хандлагаараа би утопи-идеалист үзэл “ханхлуулж” байх магадтай” хэмээхэв дээ. Үнэндээ Д.Урианхайн хүмүүнлэг үзлийн томъёолол утопи гэхээсээ илүү сургааль номлолын чанартай. Гэхдээ энэ үзэл нь манай нийгэмд биелэх боломж огтоос үгүй, эсхүл тийм боломж байвч гүйцэлдүүлэх хүсэл зориг, сачий бидэнд дутаж буй учраас л “утопи” гээд байгаа хэрэг.

Аль тэртээ 1985 онд Д.Урианхай өөрийн хүмүүнлэг үзлийг ийн томъёолж байв.

Хүнд дөрвөн ухаан дөрөө болно. 



Дөрвөн зүг нийлж хорвоог цогцлоодог шиг хүн биеэ тэжээж, төрөө сахиж, буруугаа зөвтгөж, байхгүйг байлгаж байж амьдралаа цогцлооно.” 11

“Дуугүй ном”-д буй энэ санаа Д.Урианхайн зам мөрийн гол сургаал юм. Тэрээр хүний оршихуйн асуудлыг олон талаас нь задлан шинжилж авч үзэхдээ ямагт Монгол орны өнгөрсөн, одоо, ирээдүйн өмнөөс сэтгэж, үндэстний хэмжээнд гаргалгаа эрнэ. “Өрнийн хэт хөгжлийг угтан очих” БИШҮБИ-гийн гаргалгаанаас эхлээд “Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд” ном хүртэл монголчууд үндэстний хувьд хэрхэн оршин тогтнох тухай, монголчуудын өмнө тулгараад буй асуудлуудын уг шалтгаанд хариулт эрдэг. “Зэндмэнэ онол” номдоо тэрээр ийн бичжээ: 

Xүний амьдралын хамгийн үнэт зүйл гэвэл, хүмүүст тус бүтээх чадвар юм.

Үүнд:

-Өвдсөнийг эдгээх;
-Ядарсныг тэтгэж баярлуулах;
-Хүний сэтгэл дэх хорын үндсийг таслах; Өөрөөр хэлбэл, гэгээрүүлэх.

Миний хувьд гэвэл, дээр дурдсаныг ухаарсан ухаарал минь надад үнэтэй. Бас сачий төдийлөн хүрэхгүй ч тэдгээрээс санаа гажилгүй хичээн зүтгэдэг өдөр тутмын минь хөдөлмөр миний амьдралын гол үнэт зүйл гэж боддог”.

Монголчуудын хувьд иймэрхүү яриа худал, утопи сонсогддог болсоор удаж байна. Дээр нь Д.Урианхай гуай урт урт, сунжирмал хавсарсан нийлмэл өгүүлбэр хэрэглэдэг учраас хэрийн хүн нийгмийн шүүмжүүдийг нь барьж уншихад бэрх. Уншихдаа хойш суумхай уншигч, бичихдээ ярвигтай сэтгэгч хоёрыг яалтай. Ёстой л сурсан юмыг сураар боох биш. Гэвч нэгтээ тэрээр өөрийн дотоод чиг зорилгоо тун энгийнээр хуваалцсан нь бий: 

Хөгжлийг зөвөөр ойлговол учиргүй хуримтлал, “нэмүү өртөг”-ийн үйлдвэрлэл бус, хүний “дотоод ертөнц”-ийн дээд хөгжил буюу махбод, сэтгэл санааны ариуслаар, энэ биеэрээ Бурханы мөн чанарыг олох явдал гэдгийг танин мэдэж дотоод хүчнийхээ ид шидэнд хүрэх болно.

Үнэхээр л үл бүтэх үзэл мэт сонсогдож байгаа биз? Уг нь Д.Урианхай гуайн яриад байгаа хандлагын шинжтэй асуудлуудыг бид Үндсэн хуульдаа “Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулах” гээд оруулчихсан. Үнэндээ Үндсэн хууль дахь энэ өгүүлбэр ч бидэнд утопи сонсогдох болж дээ. Поэт Б.Галсансүхийн бичсэнээр, “Хөшүүн, хойрго, хөлдүү юм шиг хөгшин ард түмний” дунд ийм нэг цухалдуухан уран бүтээлч цөхрөлтгүй бичсээр сууна.

Нийгмийн хямрал өөрөө гүн гүнзгий ул үндэстэй үзэгдэл болохоор түүнийг гэтлэн давах амар хялбар зам угаасаа байхгүй!. Гүн юманд буурьтай хандлага, нөр хүч шаардагдана. Замын тухайд бол ямар нэг ажиллах хүч шаардсан материаллаг чанартай байж таарна. Харин дөт замын тухайд бол цаг хугацааны утгаар ойлгон ярьж болох юм шиг санагдана. Би нийгмийн хямралыг гүн, өргөн хүрээтэй үзэгдэл гэж хэлэхдээ, гол нь нийгмийн ёс суртахуун, оюун санааны хүрээ талаас нь хандаад тэгж хэлж байна. Юу гэвэл, улс төр-эдийн засгийн салбарын хямралаас харьцангуй богино хугацаанд гарах боломжтой!12 хэмээн ятгаж сууна. 

Янхадын инээд угаах газар ус минь13 хэмээн ярдаглаж, бачимдаж сууна.

Хөгжил дэвшил, технологийг талархан дэмжигч өсөх ирээдүйтэй сэхээтнээс (Бид-Дотоод шаталтын хөдөлгүүр. 1974 он) хэрэглээний нийгмийг жигшиж, монголчуудын аж төрөхүйн уламжлал сэлтээс гэгээрлийн ул мөр тэмтэрч, ертөнцийн хүний номхон, хүлцэнгүйн сургааль бүхнийг дагагч ганцаардсан сэтгэгч болсон нэгэн жарны туурвил түүнд бий.

Чин үнэндээ бид Дамдинсүрэнгийн Урианхайг огтоос уншихгүй, ойлгохгүй байна. Ойлгох хүсэлгүй, оюуны хэрэгцээгүй гар газар, хөл хөсөр сууцгаана. Философич Б.Батчулууны хэлсэн гашуун үнэн санаанд бууна:

Яг үнэндээ жинхэнэ философийг өөртөө агуулж байгаа хүн олон нийтэд ойлгогддоггүй. Тиймээс нийгэмдээ гадуурхагдаж, гаж гэж шоовдорлогдсон маягтай байх нь бий. Хүлээн зөвшөөрөгдсөн ховор тохиолдол байлаа гэхэд нийгэм даяараа ойлгож биш сохроор дагасандаа л тэр.

Бидний огт мэдэдгүй хэрнээ айхтар хүндэлдэг, эсвээс боловсролтой, урлаглаг харагдах гэсэндээ хамт зураг даруулдаг, номыг нь цоо шинээр нь тэвхэрлэн хадгалдаг, яг л алт, торгоор ороож, өглөө үдэштээ мөргөх хэрнээ дотор нь ямар үнэт номлол байгааг үл мэдэх буддийн судар шиг хүмүүний тухай цухас өгүүлэхэд ийм байна.

Жич өгүүлэх нь, Д.Урианхай бол Монголын яруу найргийн итгэл үнэмшил юм. Энэ итгэл үнэмшлийг монгол хэлний итгэл үнэмшил гэдгийг нотлоход судлаачдын хувь нэмэр хэрэгтэй. Зүй нь түүний уран зохиолын бусад төрлөөр бүтээсэн өв, ялангуяа жүжгийн зохиолын тухайд болон ерөөс Д.Урианхай хэмээх зохиолчийн хэлзүйн тухайд мөн тусгайлан ярих учиртай юм. Гэвч цагийн охор, цаасны хэмжээг санан үгээ одоодоо үүгээр эвхэе.




1Д.Урианхай. “Бид-Дотоод шаталтын хөдөлгүүр”. “Цагийн хөл”. УБ., 1980. 37
2Ц.Магсар. “Үзэл суртлын асуудал маргааны сэдэв байсан нь”. “XX зууны Монголын утга зохиолын шүүмжлэл”. УБ., 2009. 75-76
3Х.Сампилдэндэв. Яруу найргийн шинэ төлөв. УБ., 1990. 185-186
4Х.Сампилдэндэв. Яруу найргийн шинэ төлөв. УБ., 1990. 185-186
5Д.Урианхай. “Гурвантаа дуудлаа хайрт минь”. Цээжний нөмөр. УБ., 1988. 74

6Д.Урианхай. “Эгшин”. Дуугүй ном. УБ., 1990. 80
7Д.Урианхай. “Номхон дөлгөөн далай мину”. Цээжний нөмөр. УБ., 1988. 586
8Г.Бадамсамбуу. “Амирыг халах”. Зүс бүгэг андууд. Улаангом. 1991. 144
9Д.Урианхай “Нар”. Дуугүй ном. УБ., 1990. 82
10 Б.Пүрэвсүрэн. “Хар од”. Зүс бүгэг андууд. Улаангом. 1991
11 Д.Урианхай. “Дөрөв”. Дуугүй ном. УБ., 1990.
12 Д.Урианхай. “Бодь сэтгэл, эв хамт ёс, Ганцаарчилсан Хөдөлгөөний улс төрийн үзэл онолын “Очир” Үнэнээс цогцолсон Зэндмэнэ”. II дэвтэр. УБ., 2005. 976
13 Д.Урианхай. “Огтлолцохуй” Бишүби экспромт, Бишүби монологи Шинэ Шүүмж УБ.,2007 тал. 96



Үндэстний ТОЙМ №380

Нийтлэлч Я.Баяраа