Монголчууд эвтэй байхдаа л хүчтэй
Олонхиороо асуудлыг шийддэг нь ардчиллын зарчим юм. Одоогоор үүнээс дээр юм олоогүй ч гэдэг. Гэхдээ ард түмний олонхи нь тэнэг бол тэнэг л сонголт хийнэ гэж бас ойлгож болно. Энэ дэлхийд ухаантан нь тэнэгээсээ ямагт цөөн байсаар ирсэн. Байх ч болов уу?
Эвтэй бол зөвтэй
Зөвтэй бол эвтэй
Ардын зүйр үг
Зөвтэй бол эвтэй
Ардын зүйр үг
Олонхиороо асуудлыг шийддэг нь ардчиллын зарчим юм. Одоогоор үүнээс дээр юм олоогүй ч гэдэг. Гэхдээ ард түмний олонхи нь тэнэг бол тэнэг л сонголт хийнэ гэж бас ойлгож болно. Энэ дэлхийд ухаантан нь тэнэгээсээ ямагт цөөн байсаар ирсэн. Байх ч болов уу? АНУ-ын “Нью Йорк таймс” сонин 900 орчим мянган хувь борлогддог ажээ. Гурван зуун сая хүнтэй орон шүү дээ. Ганц сая орчим нь сонин уншдаг болж таарч байна. Харин киног бол их хүн үздэг. Орост бол нэг сонин 100 мянга хүрвэл дээд тоо гэнэ. Бас л зуун дөчөөд сая хүнтэй орон шүү дээ.
Манайд харин овоо шүү. “Ардчилал” сонин анх хэвлэгдэж байхдаа 100 мянга зарагдаж байлаа. Одоо сонин явахаа байж, сайт тэргүүлдэг болсон. Баабар.мн буюу “Шилдэг нийтлэлчдийн клуб” сайтын уншигчдын тоо бараг л манай юм уншдаг хэсгийн тоо байж мэдэх талтай. За яахав огт компютергүй, нетгүй хүмүүс байгаа гэж тооцоод хоёр дахин бүр үсрээд 3 дахин нэмэхэд бараг л гараад ирнэ дээ. Чамгүй тоо шүү. Гурван сая хүнээс 300 мянга орчим хүн юм хум уншдаг болж таарч байна. Оросын хаант засгийн үед хийсэн нийгмийн пирамидад “Дээд 100 мянга” гэж байжээ. Энэ тоо сонин уншигчдын тоотой таардаг байна. Одоо ч тийм л аж. Энэ дотроос л өнөөх Оросын алдартангууд төрсөн нь мэдээж. Тэгвэл манайхан их сүрхий сэхээтэнлэг ард түмэн ажээ. Дараад дараад 3 саяас 100 мянга нь юм уншдаг бололтой.
Сэхээтэн гэдэг үг сэхээрэх, ухаарах гэсэн үг байх гэж мунхаглана. Бичиг үсэг мэддэг мэддэггүй, дээд сургуулийн дипломтой үгүйгээр сэхээтэн гэдэг ангийг тодорхойлох нь буруу юм. Найман зуун жилийн өмнө манай хүн амын бас л өдий хэсэг нь дээд давхарга буюу сэхээтэнлэг давхарга байсан болов уу гэж бодно. Магадгүй бүр ч олон бараг тал нь ч байсан байж мэднэ. Дэлхийг захирсан эзэнт гүрэн байгуулсан улс яаж тэнэг байх билээ дээ. Ардын үгийг хараад байхад ихээхэн сэхээтэй улс байсан нь төвөггүй ойлгогдоно. Үгний үнэрийг хүртэл мэддэг байжээ. Өмхий үгтэй золиг шүү гэж та өчнөөн л сонсоо биз. Уйлуулж чаддаг бол инээлгэж чад Уяж чадсан бол тайлж чад гэх мэтээр дандаа л ухаан заасан ардын үгийг хэдэн ботиор нь гаргаж болно. Ийм улсыг сэхээтэн улс гэх нь гарцаагүй шүү дээ. Монгол ухаан гэж ярих дуртай улс эхлээд зүйр цэцэн үгийг сайн тунгаах хэрэгтэй шиг.
Гэтэл манай түүхийг хархад тэр үедээ бүгд энд тэнд их бага хаад болоод ядаж түшмэл энэ тэр болоод хоорондоо дайсагналцаад бие биенээ барьж идээд эхэлсэн байдаг. Гаднаа дайсангүй болоод ирэхээр дотроосоо дайсан эрээд унадаг. Манай түүх бол тэр чигээрээ л өөрсдөө өөрсийгөө мөхөөсөн түүх билээ. Гадны дайралтад эзлэгдсэн түүх ерөөсөө байхгүй юм билээ.
Магтаал хахууль хоёроос болж Манжийн дарлалд ороод, залгаад улаан Оросын дарлалд бас л сэм шилжээд хамаг өөдтэй сэхээрч ухаардаг хүмүүсээ алуулаад дууссан шүү дээ. Хамгийн хорлонтой нь сүүлчийн 100 орчим жил ч байж мэднэ. Манжийн үед бүр ингэж бөөнөөр нь устгаж байсан мэдээ байдаггүй. Лам л бол алдаг, намд л орохгүй бол дээш гардаггүй балардаг, хөл нүцгэн пролетари бол дээшилдэг улаан ёсыг дагаад “би малчин ардын хүүхэд” гэж уралдан анкет бөглөж, гурван үеийнхээ түүхийг гуйлгачин түүлэгчингээр бичдэг байлаа шүү. Гэхдээ малчин гэдэг ч бас л сэхээтэй ухаантай хүмүүс юм. Гонжоом өмсөж, гартаа цүнх барихаараа сэхээтэн болдог, Орост сургуульд сураад, орос хүний үг сонсоод, оросоор маш сайн ярьдаг болоод, тэдний өгсөн диплом гэгч улаан хавтас авч, “Монгол биш” болж байж л сэхээтэн болдог байсан цаг дөнгөж өчигдөр шүү дээ.
Гэхдээ бас бичиг үсгээ орос болгосон ч хаяж гээлгүй өдий хүрчээ. Харин хуучин үсэг нь байхгүй болсон болохоор “хуучны юм ул болж шинэ юм зул” болоод ёс заншлаа, монгол гэх сэтгэлийн дотоод ухаанаа мартсан байж мэднэ.
Уг нь бид уншихаа байг гэхэд сонсох дуртай ард түмэн байлаа. Хүний аманд орчих шахдаг зантай байж дээ. Одоо ч энэ интернет маш их хэрэглэж байгааг харахад өнөөх л илүү үгэнд дуртайнх биз. Үүнд муу юм ер байхгүй л дээ. Эрт цагт үг сонсох л гэж цугладаг, ерөөл магтаал, тууль сонсож л сэтгэл санаа нь боловсордог байсан шүү дээ. Илүү үгэнд дуртай байж хүний үг авч байж л сэхээрч “сэхээтэн” болно шүү дээ. Багшийн үг сонсохыг л хичээл гэдэг биз дээ. Боловсролтой хүн гэж бусдын үг үзлийг тогтоосон хүнийг хэлдэг. Тэгэхээр лам хүнийг боловсон, боловсролтой сэхээтэн гэж хэлэхгүй бол ямар хүнийг хэлэх билээ дээ. Тэднийг нь хүйс тэмтрээд үлдсэнийг нь ядуу ард болгосон. Мангас Дорж гэгч нэртэй хүн дарга болж, лам харгүй хядаж байсныг яриад ч яахав.
Монгол ухаан гэж өнөөдөр их ярих ч яг юу юм бэ гэхээр таг болж байх юм. Орос ухаан Хятад ухаанаас энэ Монгол гэх ухаан гагц зүйлээр л өөр болов уу? Их эртнээс бурхны шашин бясалгал маягаар манайд орж ирж танигдахгүй болтлоо өөриймшсөн байдаг. Ардын үгийг судалбал Ганжуур тэр чигээрээ өөриймшөөд орчихсоныг бид анзаардаггүй. Айлаас эрэхээр авдраа ух, Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр, Уур биеийг зовооно уул морийг зовооно… гэх мэтээр жагсаавал хязгааргүй урт юм болно. Байх байхгүйн завсарт байдаг хүний амийг ч байхгүй байнаа гээд хээв нэг хэлж зогсоо Монголыг мөнх бусын тухай ярьж байна гэж ойлгохгүй ч дотоод сэтгэлийн ухаанаараа одоо байхгүй ч амьд мэнд байгаа юм байна гэж ойлгоод байдаг биш үү?
Бүр Хүннүгийн үеэс анх бүр Энэтхэгээс бясалгал орж ирсний ул мөр бол Азарууд гэх хар царайтай буржгар үстэй улс ажээ. Буржгар үстэй хар царайтай ийм баг, бурхныг харсан л биз дээ. Энэ үг одоо ч хэвээрээ байгаа бясалгалын багшийг нэрлэдэг “Ачияара” гэсэн самгарди үг юм. Тэхээр монгол ухаан гэгч нь тэгш амгалан орших ухаан буюу аливаа үйл явдалд хутгалдан орж хариу үйлдэл хийх гэж яаралгүй, алсаас тэгш амгалан сэтгэлээр ажиглаж ухаарах дотоод сэтгэлийн ухаан ажээ. Энэтхэгийн нэгэн сэтгэгч, бясалгалын багш Ошо “Надаас хүмүүс Таныг ямар шашинд хамааруулах ёстой вэ гэж асуух нь бий. Би бол шашин бүрээс бага сага хамааралтай, шашингүйн үзлээс бол ихээхэн хамааралтай хүн” гэж хариулсан байдаг. Манайд эртнээс бараг дэлхийн бүх шашны сүм хийд байсан тухай бараг хүн бүр мэднэ. Тэгэхээр тэр шашнуудаас бага сага авсан л байж таарна. Харин ихэнхийг нь өнөөх л тэгш амгалан ухаанаар дотоод сэтгэлдээ ажиглаж байсан болоод л монгол ухаан гэгч бий болсон болов уу. Дуугүй сууснаас гэм гарахгүй дугариг юмнаас өө гарахгүй гэж ч ярьдаг шүү дээ.
Бадарчин гэж бадар аяганаас өөр өмчгүй хоосон чанарыг бясалгасан хүнийг бас л өнөөх Оросын явуулгаар балагтай хүн, балиар заваан лам байсан болгоод ном зохиол бичүүлсээр байгаад нэг тийм үл бүтэх асман лам байсан мэтээр хүн бүрийн толгойд суулгаж дөнгөжээ.
Би саяхан Бирм улсад очиж, өнөөх жинхэнээсээ бадар аяганаас өөр өмчгүй бадарчингуудыг олж үзээд энэ тухай эрэгцүүлэн бодож билээ.
Бурхан болж гэгээрэх найман түм дөрвөн мянган арга байдгийн нэг болох «Бадарчингийн аргын тухай» Бурхан Будда өөрийн шавь нартаа номлохдоо “Бадарчин хүн өдөрт нэг л удаа хооллох ёстой. Мөртлөө өдрийн нэг цагаас хойш хоол идэж болохгүй. Бадар аягаа бариад баян хоосон гэж ялгалгүй аль нэгэн айлын гадаа очоод дааман хаалганы гадна дулдуйгаараа гурвантаа хөсөр зөөлөн дэлдэнэ. Тэгээд өгсөн хоолыг авч модны сүүдэр зэрэг сэлүүхэн газар очоод хавь ойрын ялаа, шоргоолж зэрэг хорхой шавьжинд бага сага илүүчлэн хүртээгээд, зооглохоосоо өмнө «Миний биед наян дөрвөн мянган өчүүхэн жаахан хорхой шавьж байгаа. Энэ удаа идсэн хоолны гуравны нэг нь тэдгээр өчүүхэн жаахан хорхой нугуудад өглөг болон очих болтугай. Би Бурхны хутгийг олсоны дараа тэдгээр өчүүхэн жаахан хорхой нугуудыг зовлонгийн далайгаас үүрд гэтэлгэх болтугай» хэмээн тангараглаад идэх ёстой тухай” дурьдсан байдаг. Одоогоос хоёр мянга таван зуун жилийн өмнө хүн төрөлхтөн билиг оюуныхаа хүчээр өнөөгийн бид нар «микроб» , «вирус» хэмээн нэрийдэх болсон бичил биетнүүд бодитой оршин тогтнож байдгийг эндүүрэлгүй мэдэж, судар номондоо айлдсан байдгийг дээрх домог өгүүлж байна. Тэгвэл Голландын эрдэмтэн Ливенгук 1637 онд анх микроскопыг нээж, усан дахь бактерийг олж үзээд «Бяцхан араатнууд» хэмээн нэрлэсэн байдаг шүү дээ.
Зуу гаруй жилийн өмнө авсан гэрэл зургуудыг хархад гаднаа уранхай навсархай ч дотроо бол гэрэл цацруулсан жаргалтай, тэгш амгалан сэтгэлтэй хүмүүсийн зураг маш их байдаг. Тэгээд ч тэгш амгалан сэтгэлээр эргэн тойрноо ажиглан бясалга гэдэг нь бурхны сургаалийн гол цөм бөгөөд мөнөөх л нүүдэлчдийн ажиглах ухаан дээр хоосон чанарын ухаан дорхноо суучихсан байх маш өндөр магдалтай билээ.
Хятад хүн бачим яаруу, Орос хүн мөн л нэг тийм сэтгэлийн их хөдөлгөөнтэй, ойж буусан байдаг бол Монгол ухаан гаднаас нь харахад хөдөлгөөнгүй мэт авч ихээхэн тэгш амгалан гүн сэтгэлийн дотоод ухаан билээ. Хятадыг бодвол Оросууд манайтай нэлээд төстэй байдаг нь өнөөх л Оросыг сайн маажвал цаанаас нь Монгол гарч ирнэ гэдэгтэй холбоотой. Монголчууд тэнд ямар их удсан билээ дээ. Тэгээд ч хамаг сэхээтэн овог нь Монгол овог байдаг шүү дээ. Энэ тухай Н.Гумалёв батлан бичсэн байдаг.
Харин манайхан хэдийнээс нэг ийм бие биенийхээ өөг андахгүй, матаас ховонд гаршсан өөрийнхөө толгой дээрх тэмээг харахгүй мөртлөө хүний толгой дээрх өвсийг харчихдаг болсон юм бол гээд бодохоор өнөөх л их гүрэн байж байгаад өөрсдөөсөө болж Манжид, дараа нь Орост дагаар орсон 300 жилийн явцад л том байж байгаад бага болсон улсын комплексийн л үр дүн байж мэдэх юм. Түүхч, архивч Д.Өлзийбаатар “Манай нэгдсэн улсын нуралт их ужиг удаан явагдсан бараг 700 жил аажмаар нурсан юм” гэж ярилцлагадаа хэлсэн.
Харин өнөөдөр бол бүх зүйлийг “Хүлээн зөвшөөрнөө” тэгэлгүй яахав ардчилсан улс юм чинь! гэхдээ “хүлээж авахгүй” яагаад гэвэл бас л ардчилсан улс юм чинь! Олонхи нь зөвшөөрсөн тохиолдолд л хүлээж авна гээд байх болж.
Өдөр бүр телевизороор шууд гарч байгаа Их хурлыг нэг сайн харчихаарай. Эхлээд тэмээний тухай хууль ороод сүүлдээ ямааны тухай болох нь холгүй. Одоо дээрээ залчихаад байгаа сүлдээ харахад олонхийн хийсэн бүтээл маш тод харагдана. Зураач Ш.Тэнгисболд анх цагаан шонхор оруулж ирээд олонх шийдэж байна гээд тэнгэрийн шувууг газарт буулгаад морио эргүүлж авах ч хаашаа ч юм бэ болоод ийм нэг тасархай “штопор” шиг нисдэг ч юм шиг, нисдэггүй ч юм шиг морьтой болчихсон биз дээ? Олонх гэдэг нэг иймэрхүү л юм хийдэг болохоор одоо батлагдаж байгаа хуулийн ихэнх ийм нэг тасархай, цоорхой нисдэг ч юм шиг, явдаг ч юм шиг, далавчтай ч юм шиг, үгүй ч юм шиг хууль болж байгааг гайхах хэрэг байхгүй.
“Эвтэй байхдаа хүчтэй” гэдэг үг Н.Энхбаярын үг биш шүү дээ. Тэр их эзэнт гүрэн нэгдсэн улс байгуулсан үеийг хэлсэн бөгөөд түүнээс хойш олон зуун жил эв эвдэрсээр аажмаар нурж эхэлсэн болохоор байхдаа хүчтэй гэж тодотгосон байж таарна. Нам нь ч хэрэглэхээ больж. Хуучин нам нь бол бүр таг мартсан. Сөрөг хүчинд сөрөх үг хэрэгтэй гэж үг хайж буй биз ээ.
Бид хэрэг дээрээ 1990 онд л жинхэнээсээ эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж авсан юм шүү дээ. Эвтэй байхдаа хүчтэй гэдэг үг яг цаг үеийн дуудлагаар эргэлтэд орсон хэрэг. Эрх чөлөөтэй болж, гадны хүний нөлөөнөөс гарсан улсад ийм л үг яв цав таарч байсан болоод их хүчтэй түгжээ. Энэ үгийг Боролдой студийн Мягмар Н.Энхбаярын суртчилгааг хийж байхдаа олоод хэрэглэсэн гэсэн яриа байдаг. Үнэн ч болов уу даа. Уг нь бол ардын зүйр үгэнд Зөвд зөндөө эзэнтэй Бурууд буух эзэнгүй, Эвдрэх доороосоо эвлэрэх дээрээсээ гэх мэт үгс олон байдаг даа.
Эвтэй байхдаа л бид хүчтэй байсан юм бол. Эвлэрэх дээрээсээ юм бол одоо эв эе дээрээсээ л эхлэх хэрэгтэй буй за.