АВАРГА ИНГЭЖ ТӨРСӨН: Богино хэсгүүд бол киноны сюжетүүд
НЭПКО хэвлэлийн газар зохиолч, орчуулагч, уншигчдын булан нээлээ. Эхний дугаараар НЭПКО хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг “Түүхэн эрхмүүдийн цадиг” цувралын Бямбасүрэнгийн Шарав намтрын бүтээлийн зохиогч, мөн тус хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Х.Пүрэвбадамын Аварга ингэж төрсөн номын редактор А.Амарсайхантай уран бүтээлийнх нь талаар товч ярилцлага хийснийг хүргэж байна.
Таны бичсэн зохиолоор бүтээсэн “Хэцүү анги”, “Тусгай салаа” киног монголчууд маш сайн мэднэ. Сүүлийн үед та хоёр ч намтар дээр ажиллажээ. Кино зохиолоос намтар бичлэг рүү ороход арга барилын ямар ялгаа гарч байна вэ? Өмнө нь та намтар дээр ажиллаж байв уу?
Би киноноос өмнө “Тоншуул” сэтгүүлийн утга зохиолын ажилтан, Хариуцлагатай нарийн бичгийн дарга хийж явсан. “Тоншуул” хошин шогийн жүжигчид, уран бүтээлчдэд зориулсан ярилцлагын нүүртэй байсан юм. Тэнд яагаад хөрөг байж болдоггүй юм гээд хөрөг хийдэг болсон. Өөрөө хөрөгт их дуртай. "Хүүхэлдэйн" Л.Чимэддорж, "Тогдгор" Д.Галсантогтох гээд хүмүүсийн хөргийг зав гаргаад хийж эхэлсэн. "Тогдгор" Д.Галсантогтох сонин амьдралтай хүн шүү дээ. Дарханы дунд сургуулийн бүх хүүхдүүдийн өмнө "Муу сурлагатай учраас сургуулиас хөөлөө" гэж шившиглүүлээд хөөгдөж байсан. Тэгээд өсөж хөгжсөөр дээшээ гарч ирсэн хүн.
Гутлын үйлдвэрийн дэргэдэх ажилтнаа бэлддэг сургуулийг төгсөж, 14 насандаа Үйлдвэр комбинатад ороод, Гутлын үйлдвэрийн ерөнхий механик хүртэл дэвшсэн Доржсүрэн гэдэг хүний тухай "14 настай том хүн" гэдэг хөрөг ном хийсэн. Хүмүүст хүрээд, ялангуяа уран бүтээлчид их сайн хүлээж авсан. Ингээд зориг ороод Соёлын гавьяат зүтгэлтэн, киноны зураач Т.Гоош гуайн хөргийг хийлээ. Тэгж явтал НЭПКО хэвлэлийн газар Бямбасүрэнгийн Шаравын хөргийг надад захиалъя, хамтарч ажиллая гэдэг санал тавьсан. Тэгээд намтар бичлэг рүү орчихъё доо гэсэн юм бодоод.
Би "Хүмүүн цадиг" гээд цуврал эхлүүлчихсэн явсан юм. Сүүл рүүгээ киноны уран бүтээл рүү орсон. Жаран ангитай кино зохиол дор хаяж жил тойрны ажил. Хажуугаар нь зав гарахгүй болчихсон. Ингээд хэсэг орхигдож яваад эргээд орж ирсэн нь энэ.
Киног бол цэвэр уран сайхны агуулгатай гэж хэлж болно. Харин намтар бол түүхэн явдал, бодит хүнийг түлхүү гаргана гэж бодож байна. Энэ хоёрын ялгаатай тал юу вэ?
Би сэтгүүл зүйгээр эхэлчихсэн болохоор киног ч бодитой юман дээр түшиглэж хийх гэж үздэг. Яагаад хүмүүс “Хэцүү анги”-ийг үзсэн юм гэхээр Монголын багш нарын амьдрал байхгүй юу. Амьдрал нь яг тийм юман дундуур л туулаад гардаг. Зарим нь Сүнжид багш шиг жоохон доромжлуулж дээрэлхүүлчих гээд л, хичээлийн эрхлэгч, захиралдаа дарамтлуулчих гээд л, амьдрал дээр тийм байдаг. Амьдралын судалгаа гэж бий. “Хэцүү анги”-ийн судалгаа гэхэд, би өөрөө сумын сургуульд хоёр жил, аймгийн төвийн сургуульд хоёр жил, ингээд дунд сургуульд нийт дөрвөн жил багшилчихсан, судалгаа нь бэлэн байсан. Сүүлд л сэтгүүлч болсон хүн. Аав математикийн багш мэргэжилтэй, Боловсролын хэлтэст насаараа ажиллачихсан. Ээж монгол хэлний багш, миний эргэн тойронд дандаа багш нар. Судалгаа нь бэлэн гэсэн үг л дээ.
“Тусгай салаа”-г бол цэргийн ангиудаар яваад судалгаа хийсэн. Бодит амьдралаас жоохон жоохон юм аваад, тэрийгээ дүрүүд рүүгээ хийж өгөөд явсан. Дэндэв гэдэг дүр рүү юуг нь хийгээд өгчихвөл зүгээр юм гээд л амьдрал дээр тохиолдсон юмсыг тэмдэглэж авч байгаад хийгээд байсан. Сүлд гэдэг дүрийн аав нь цэргийн ангид ирчихсэн, дотор нь ороод явж байдаг шүү дээ. Хүмүүс “Энэ ёстой панаалтай болчихсон” гээд л байдаг юм. Тэгтэл социализмын үед Хотын гүйцэтгэх захиргааны том дарга, намын зүтгэлтэн сахилгагүй хүүхдээ хүмүүжүүлнэ гээд цэрэгт явуулчхаж. Тэгтэл хоёр оргоод, гуравдахаа орговол эрүүгийн хэрэгтэн болчих гээд байдаг. Ингээд хүүхдээ шоронд явуулчихгүйн тулд анги дээр нь очоод долоо хоног хамт байж гэнэ. Тэгсэн хүүхэд нь "Аав аа, та зайлаад өгөөч, би дахиж оргохгүй. Би нүдний булай болж байна, та яваад өгөөч" гэсээр аавыгаа явуулжээ. Тэгээд албаа гялалзтал хаагаад, ахлах түрүүч болоод мундаг нэр төртэй халагдсан түүх байдаг. Тийм бодит амьдралын түүхийг л хийж өгсөн юм. Тийм болохоор хөрөг надад их ойрхон байдаг.
Өмнөх хоёр хөргийнхөө баатруудтайгаа та биечлэн уулзаж байв уу?
Тэгэлгүй яах вэ, жишээ нь Доржсүрэн гэдэг хүнтэй амралт дээр 14 хоног үндсэн ярилцлагаа авчихсан. Тэгээд хамт ажиллаж байсан хүмүүсийг нь хаана юу хийдгийг нь заалгаж аваад зарим хүнийг нь олж уулзаад сонин сайхан юм яриулж авсан. Бүхлээр нь харвал Үйлдвэр комбинатын түүх болчихоор, бүр Улаанбаатарын түүх ч харагдахаар сонин зүйлс цуглуулсан. Жишээ нь, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай Үйлдвэр комбинатын уран сайханч, даргын жолооч, “Зим” тэрэг барина. Одоогийн комбинат хоосон, тэр чигээрээ гэртэй задгай хороолол, Аж үйлдвэрийн комбинатын айлууд нэг дороо байж байдаг.
Г.Гомбосүрэн гуай тэрэгтэйгээ гэртээ очоод зогсохоор хавийн хүүхдүүд тэргийг нь ноолоод арчиж цэвэрлэсэн шил толийг нь завааруулахаас аваад зүгээр байлгадаггүй байж. Тэгсэн нэг өдөр Г.Гомбосүрэн гуай "Та нар машинд сууж үзмээр байна уу” гээд л хүүхдүүдийг суулгаж аваад давхисан гэнэ. Тэгээд одоогийн 22-ын товчооноос цаашаа гарч давхиж байснаа "За шээцгээе" гээд буухаар нь хөдлөөд давхичихсан гэдэг. Ингээд хүүхдүүд ёстой үгээ хэлж алхаж харьжээ. Түүнээс хойш дахиад машинд нь ойртоогүй гэдэг.
Бас нэг сонин түүх бий. Улаанбаатар хотод галзуу чоно ороод ирчихсэн цэрэг цагдаагийн эргүүл гаргасан юм байж. Тэгсэн тэр үеийн Батцагаан шоронгийн нэлээн егзөр хоригдол гадуур явж байжээ. Ер нь шөнөдөө нэг бүсгүй дээр очоод хоночихдог, өглөө нь шорондоо очоод тоондоо орчихдог эр гэж байгаа. Гараад ирэхдээ хуягууддаа тамхи тариа аваачиж өгөөд аргалдаг тийм нөхөр байхгүй юу. Тэгээд мань эр нөгөө бүсгүй дээрээ очиж хоночхоод үүрээр шорон руугаа явж байгаад нөгөө галзуу чонотой нь таараад овоодож дараад эд бад хийчхэж. Тэгтэл эргүүлийн цагдаатай таараад бөөн асуудал болохгүй юу. Ингээд мань эр "Хоёрхон жил үлдчихсэн байсан, одоо ялаа нэмүүлэх нь дээ" гэж бодоод санаа зовоод байж. Тэгсэн чинь харин галзуу чоно устгасан гээд шууд ялаас нь чөлөөлсөн байдаг. Ийм сонин сонин түүх их гарч ирдэг.
Та Б.Шарав гуайн намтрыг тэнгэрт одчихсон хойно нь бичсэн. Өөртэй нь бодитоор нүүр тулж уулзаад хөрөг бичих, өөрийг нь эзгүй болчихсон хойно нь бичих хоёрт ялгаа байна биз?
Үйл явдлыг сэргээх болчихно. Өөрөө яриад өгөхөөр зураглал, бүх юм нүдний өмнө дурайгаад ирдэг. Наад тохиолдолд чинь хажууд нь байсан, мэддэг улсуудаар нь яриулж гаргаж ирэх болдог. Бага насыг нь бага ангийнх нь хүүхдүүдээс, одоо бол 70 гарчихсан өвөө эмээ байгаа шүү дээ. Дандаа эргүүлж босгож ирдэг. Тухайн цаг үеийг нь дүрслүүлж яриулна. Сумын төв гэдэг иймэрхүү хэдэн байшин байсан, тэгж харагддаг байсан гээд л. Ийм мэдээллээр хөргийнхөө дүрслэлүүдийг босгоно. Дүрээ гаргаж ирэхэд орчны дүрслэл их чухал. Тэгэхээр илүү сонирхолтой болоод явчихдаг. Эхнэрээс нь оюутных нь амьдралыг босгоод авах жишээний. “Сэрсэн тал” яаж бичигдсэн юм бэ? Улс тунхагласны 60 жилийн ойн концертод шинэ хөгжим захиалчихсан, тэгээд бичиж байгаа юм, цаанаас нь байн байн утасдаж яаруулаад л. Нэг хөл нь төгөлдөр хуурынхаа педаль дээр, харандаагаа зуучихсан, нот дуугаргаж үзээд л тэмдэглээд байгаа байхгүй юу. “Сэрсэн тал” ингэж төрж байх жишээний. Энэ түүхийг 4, 5 хүнээр 5, 6 янзаар яриулсан. Жишээ нь, Н.Жанцанноров гуайгаас сонин зүйл сонссон. Захиалсан хүн нь Н.Жанцанноров гуай. Н.Жанцанноров гуай, Ж.Чулуун гуай хоёр ярьж байгаад “Сэрсэн тал” нэрийг өгчээ. Түүнээс “Удиртгал” нэртэй байсан. Н.Жанцанноров захиалахдаа ч, өөрийнх нь санаа нь ч талын монгол малчин айлын өглөө гэдгийг бий болгох зорилготой байж. Одоо сонсоход яг шүү дээ.
Баатрынхаа дүрийг босгож ирэхэд тэр хүний дайсан эсвэл өрсөлдөгч ч юм уу, хонзонтой хүн нь ямар хувь нэмэр үзүүлдэг вэ? Та тэр сурвалжийг өргөн дэлгэр ашигладаг уу?
Тэр ойлгомжтой. Өөрөөс нь л гараад ирдэг. Уран бүтээлийн эвлэршгүй өрсөлдөгч нар байдаг. Тэр нь үү, энэ нь үү гээд л гараад ирдэг. Гэхдээ эвийг нь олж мэдрэмжтэй хандахгүй бол нөгөө хоёр хүнээ дайсагнуулах, бүр хэцүү нөхцөл үүсгэж мэднэ. Нюансыг нь олж, донжийг нь тааруулах ёстой. Нээрээ л энэ хоёр өрсөлдөж байсан юм байна, жоохон тийм байсан юм байна гэдэг нь харагдах ёстой. Тэндээс үнэн мэдээллүүд гарч ирдэг. Дайснаас нь нэг мэдээлэл аваад, найзынх нь мэдээлэлтэй харьцуулаад үзэхээр жоохон зөрүү гарч ирэх гээд байна. Тэр мэт олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулах болдог. “Сэрсэн тал”-ыг анх тоглосон хүүхдээс хүртэл яриа авсан. Тэгсэн чинь Б.Шарав өөрөө "Сэрсэн тал бол хурууны дасгал шиг энгийн юм, сонгодог хөгжим арай биш" гээд голдог байсан жишээний юм гараад ирж байгаа юм.
Хүний хувийн орон зайд хог новш байдаг гэж ярьдаг. Тэр хог новшийг уудалбал авчихмаар эсвэл өөдтэй гарах болов уу?
Хог новш гэж ерөөсөө тэр хог новш гэмээр юмыг л уудлаад байтал чинь л юмнууд нь гарч ирдэг байхгүй юу. Монголын хөгжмийн зохиолчийн түүх бичиж байхад дунд сургуульдаа сахилгагүйтэж явсан нь ямар хэрэгтэй юм гэж болохгүй л дээ. Тэндээс хувийнх нь характер гараад ирнэ. Б.Шарав гуай ерөөсөө нэг сонин залхуу нөхөр. Ямар сайндаа л 80 хэдтэй ээжээс нь “Шарав гуай багадаа ямар хүүхэд байв” гэж асуухад "залхууч" гээд л шууд аваад хаячихсан. Тэр бол нээрээ л яг характер нь. Том уран бүтээлч хүмүүсийн зан байдаг. Аар саар тугал татах мэтийн ажилд үнэн голоосоо дургүй. Тэгсэн хэрнээ хөгжмийн зохиол дээрээ аугаа хөдөлмөрч, орчноосоо тасраад л хөдөлмөрлөөд л, өдөр шөнөгүй суучихдаг. Уул нь хөдөлмөрч, гэтэл бусад хүнд залхууч л гэж харагддаг. Ийм мэт жижигхэн жижигхэн юмны нюансыг нь олоод бичвэл сонирхолтой болоод л явчихдаг.
Асашёорюү Д.Дагвадоржийн ээж Х.Пүрэвбадамын “Аварга ингэж төрсөн” ном ганц сурвалжтай байсан уу?
Тийм, нэг сурвалжтай. Зарим мартсан зүйлийг ахаас нь тодруулчхаж байгаа юм. Гэхдээ би энэ номын редактораар ажилласан. Редактор хийхдээ яаж байна гэхээр, үйл явдлыг богино богиноор нь аваад энэ тохиолдолд ингэвэл хүн сонирхохоор болно. Ийм юм нэмж байж сонирхохоор болгоно гэдэг зөвлөгөө, чиг өгөөд явсан. Би төдөн сарын төдөнд төрсөн гээд биччих юм ёстой хог чинь болно. Төрсөн өдөр нь яг ямар өдөр байсан юм, аав нь юу гэж хэлж байсан юм гээд л чиг гаргаж өгөөд л залаад явсан. Тэгтэл "Үзэлтгүй сайн өдөр" буюу намрын дунд сарын 17-ны өдөр төрсөн байх жишээний. Тийм өдөр ургахын улаан нарнаар улаан охин төрчхөж. Ингээд улаануудын давхцал болоод ирсэн. Тэгтэл аав нь "Ургахын улаан нарнаар галзуу гал улаан охинтой боллоо" гэж хэлсэн байгаа юм. Эх барьж авсан хүн нь өөр аргагүй болоод сүүндээ гараа шударчхаад барьж авсан гэдэг. Ингээд л “Сүүтэй мутар“ гэдэг гарчиг гараад ирсэн.
Миний анзаарснаар Аварга ингэж төрсөн номд маш гоё драмууд бий. Тэнд таны оролцоо хэр байсан бол?
Зөвлөөд л явсан, үйл явдал нь байгаад байгаа юм. Гоё болгож хүнд хүргэхийн тулд ингэнэ шүү гэдэг талаас нь ярина, редакторын ажил чинь тэр шүү дээ. Тийм зөвлөгөө өгөхдөө ингээд биччихвэл жирийн болчихдог. Та Монголын олон түмэн уншигчдад зориулж байгаа. Жирийн юм биччих байсан бол ном гаргах ямар хэрэг байна? Жирийн юмыг хүмүүс дундаа данх цай тавьж байгаад ярьдаг. Харин ном болохын тулд наадах чинь жирийн бус байх ёстой гэнэ. Тэгээд ийм тийм юмаа сана гэхээр "Нээрээ тийм. Ингэх юм байна. Энэ ингэж байсан, манай ах тэгж хэлээд" гээд дурсамж нь сэргэдэг. Х.Пүрэвбадам гуайн сурч байсан сургууль нь гэхэд л авшигтай сүм хийд. Лам нарын байранд амьдраад л. Тэгээд хожим телевизээр хүүхэд нь гарахад Сандуйн жүд барьчихсан даллаад сууж байдаг. Сонирхолтой давхцал...
Аварга ингэж төрсөн ном маш оновчтой гарчигтай богинохон богинохон хэсгээс бүтжээ. Тэр таны зөвлөгөө үү?
Тийм зөвлөсөн, зөвлөсөн, уншихад их амар шүү дээ.
Тийм юм билээ, уншихад ёстой амар, урсаад л ороод байсан.
Тэр бол ёстой редакторын ажил. Түүнээс өөрийнхөөр нь явуулчихаар нэг л болж өгөхгүй. Хоёулаа засвар хийхгүй бол болохгүй нь гээд засаад явсан. Харин богино богино хэсгүүд бол олон ангит кино, киноны сюжетүүд шүү дээ. Миний "14-тэй том хүн", Т.Гоош гуайн "Сурагчаас ерөнхий" ч гэсэн богино богино хэсгүүдээс бүтсэн. Зарим гарчиг нь бүр нүүрний тал ч байх шиг. Богино хэсэгтэй, оносон гарчигтай явчихвал хүн уншихад амархан. Ямар сайндаа уншсан хүмүүс нэг мэдсэн чинь уншчихсан байх юм, хуудсыг нь үзэхээр 300 хэд байж байх юм гэдэг.
Энгийн байх ёстой гэдэг бол кинон дээр баримталдаг миний зарчим. Энгийн юм аугаа. Энгийн амьдралаас гаргаж ирсэн, тэгсэн мөртөө хүний сэтгэл хөдөлгөхөөр, хүний уур хүргэхээр юмс байдаг. Тэрийг нь олоод тавих, гаргаж ирэх. Хүний амьдрал яах аргагүй драм. Х.Пүрэвбадам гуай гэхэд аав ээждээ нэмэр болж, цалин авахын төлөө л техникумд орчихсон хүн. Түүнээс онц сурдаг, сургуулийнхаа 5 онцын эзэн. Санхүүгийн техникум авахад захирал нь гайхаад өрөөндөө дуудаж оруулж ирээд "Чи яагаад есдүгээр анги авахгүй байгаа юм" гэж асуудаг. Бүхэл бүтэн сургуулийн захирал нь нэг хүүхдийг дуудаад чи яагаад техникгүй явчхаж байгаа юм, чи дээд сургуульд сурах ёстой хүүхэд" гэхэд л "Би аав, ээждээ нэмэр болох гэсэн" аавын цалин хаанаа ч хүрэхгүй байна гэсэн. Хүнд сонголт үргэлж байдаг. Салаа зам ороод ирдэг. Тэгээд дээд сургуульд орсон бол яах байсан бол?
НЭПКО-той ажиллаад таны арга барилд ямар нэг нөлөө, ахиц дэвшил гарав уу?
Б.Шарав дээр гэхэд би өмнөх шигээ хүндээ анхаарсан. Хүнээрээ түүх гаргаж ирье гэж бодсон чинь НЭПКО-ийн зарчим бол хувь хүнээс гадна давхар тухайн салбарын түүхийг багтаадаг. Тэгээд Монголын хөгжмийн түүхийг нэмж оруулж ирсэн. Бүр хүннүчүүдийн чоно ульж байгаа юм шиг дуулдаг гэдэг домгоос эхэлсэн. Тэндээс авхуулаад Хубилай хааны найрал хөгжмийг багтаасан. Монголчууд мартчихсан юмаа эргэж сэргээсэн болж таарч байгаа юм. Тэр өнцгөөс нь хийж өгсөн. Хубилай хааны үед найрал хөгжимтэй байж байгаад мартчихаад 700 жилийн дараа Сайн ноён хан Т.Намнансүрэн Орост явж байгаад есөн тооны гуулин хөгжим авчраад орос багштай хөгжмийн салаатай болдог. Тэр найрал хөгжим дээрээ Зуун лангийн жороо луусаа тоглодог. Богдын ордонд ямар л ёслол болно тэнд найрал хөгжмийнхөн тоглоод суудаг, их сонин түүх. Энэ бол албан ёсоор найрал хөгжим үүссэн түүх гэж судлаачид үздэг. Н.Жанцанноров гуай өөр их сонин зүйл ярьж байгаа юм. Бид 200 гаран жил вакумжаад уртын дуу гэдэг зүйл аугаа болсон гэж. Манжууд Монголыг вакумжуулахад гаднаас юу ч орж ирээгүй, гадагшаа юу ч гараагүй. Ерөөсөө л вакум орчинд уртын дуу хөгжсөөр дуурийн дуулалттай тэнцэхүйц өндөр дээд хэмжээнд хүрчихсэн урлаг юм аа гэж байгаа юм. Уртын дуу гэдэг чинь тусдаа шинжлэх ухаан, тусдаа арга барил, тусдаа зүйл гэдгийг хэлж өгсөн. НЭПКО-ийн арга барилаар энэ мэт тухайн салбарын олон сонирхолтой мэдээлэл оруулж өгсөн.
Цаг гарган ярилцлага өгсөн танд баярлалаа, уран бүтээлд нь амжилт хүсье.