“Нэг өрөөний хаалгыг онгойлгоход дотор нь 48 охины цогцос байжээ. Тэд бүгд аврах ханзаатай байв”...   “Онгоц живж байна. Та нар бүгдээрээ  хөдлөхгүй байр байрандаа байх хэрэгтэй .  Тэгвэл аварч чадна...” гэж  хэн нэгэн хэлсэнээс хөөрхий хүүхдүүд онгоц живж хитэг рүү ус даван орж ирэхэд ч  томчуудын  үгэнд найдан зогссон газраасаа   хөдлөхгүй байсаар  гүн хар далайн ёроол руу  оджээ.  Харин энэ мөчид хөлгийн ахмад аль хэдийнэ онгоцоо орхисон байлаа. Эцсийн мөчид  аврал эрэн дуудаж байхдаа ч хүүхдүүд томчуудад найдсан юм. “Гуйж байна авраач” хэмээн хашгиралдаж бяцхан гараараа орноосоо зууран байгаа хүүхдүүдийн бичлэг энэ дэлхийн хүн бүрийн зүрхийг зүслээ.  Хэдхэн хормын дараа үхнэ гэдгээ мэдэхгүй жаалууд “энэ зургийг фасебүүктээ тавьбал сонирхолтой юм тэ” хэмээн инээлдэж амжих нь өр зурам байлаа...  Өмнөд Солонгосын Жиндүд живсэн Севол хөлөг онгоцонд Ансон хотын дунд сургуулийн 350 сурагч явсанаас ердөө л 70 нь амьд үлджээ. Энэ их уй гашууг сургуулийнх нь  захирал тэсвэрлэж   чадалгүй амиа хорлолоо.  Солонгосын Ерөнхий сайд  “ үр хүүхдийнхээ  хойноос гашуудан уйлах эцэг эхчүүдийн дуу хоолой, усан онгоц живэхэд аврал эрэн уйлсан хүүхдүүдийн дуу чихэнд минь сонсогдсоор байна. Ард түмнээ ийм гэнэтийн ослоос  урьдчилан сэргийлж хамгаалаагүй,  аврах  ажиллагааг цаг тухайд  сайтар явуулж чадаагүйд  уучлаарай... би хариуцлагаа хүлээн огцорч байна” гэж мэдэгдээд  доор мэхийн ёслож өөрөө огцорлоо... Энэ  осолтой зэрэгцээд твитер хуудаснаа “Японы цог жавхлант эзэн хаан Акахито цунамид өртөж орон гэргүй болсон иргэдийнхээ өмнө өвдөг сөгдөн уучлал гуйжээ”  гэсэн зураг хэдэн өдөр шуугиан тарив. 

Хүн амьтнаас сэтгэл гэдэг эрхтэнээрээ ялгардаг юм гэнэ билээ. Сэтгэл гэдэг эрхтэн байдаг болохоороо өрөвдөж хайрлаж, итгэн найддаг гэнэ. Гэхдээ энэ бол амьтанд ч байдаг сэрэл. Харин хүнд ёс зүй гэж юм бий гэх. Өмнөд Солонгост хөлөг онгоц живэхэд, Японд цунами болоход, АНУ-ын худалдааны төвийн  хоёр өндрийг унагах тэр аймшигт гамшигт мөчүүдэд тухайн ард түмний ёс зүй, зан суртахуун нь юу юунаас илүү харагдлаа.  Америкчууд таних танихгүй хамаагүй мөр мөрөө түшэн уйлж улам бүр нягтарч, хүчирхэг гэдгээ нотлох гэж жирийн иргэн нь хүртэл хичээж ирлээ. Япончууд дув дуугүй сууцгаана. “Бид энэ л газар нутагт заяасан л бол энэ зовлонг дааж гарах учиртай. Энэ чинь миний эх орон, би эх орныхоо иргэн нь учраас энэ зовлон бас минийх...  ” гэх шиг даанч дэндүү хүлцэнгүй гэмээр  сууцгаана. Цунамийн үеэр гамшигт нэрвэгдсэн иргэдэд цэвэр ус тараажээ. Япончууд  чимээгүйхэн дугаарлана. “Тэр ус дуусаж мэднэ! Дахиад хэзээ ч ирэх тусламж билээ” гэж бодохуйц үед ч тэд усаа авч чадаагүй бол  дуугүйхэн эргээд дараагийн урт цувааны хамгийн ард очоод л зогсоно. Цунамийн  дараа Фукашимад  шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж хийдэг байсан үйлдвэрийн эзэнтэй үдийн хоол идсэн юм. “Миний аавын  40 гаруй жилийн хөдөлмөр миний 35 жилийн ажил,  оюун ухаан  шингэсэн үйлдвэрээс маань юу ч үлдээгүй. Засгийн газраас нөхөн олговор өгнө л гэсэн. Гэхдээ тэрийг хүлээж зүгээр суухгүй ээ. Манай төрд хэцүү байгаа. Би өөрийн гараар энэ үйлдвэрээ дахин босгож хүүдээ өвлүүлж өгнө” гэж 74 настай эрхэм ярихад би нулимсаа барьж дийлээгүй юм.  Хирошимо, Нагасаки хотуудыг цөмийн бөмбөгдөлтийн дараах үеийн Японы амьдралыг Артур Голден дүрслэхдээ “дайнд ялагдсан улсын иргэнд хамаагүй их ачаалал ирдэг юм. Иргэн бүр нь унаж ажиллаж  үнс нурман дотроос  эх орноо дахин босгохын төлөө зүтгэсэн  юм... “ хэмээсэн нь бий. Солонгосийн ард түмний уй гашууг үгээр хэрхэн дүрслэж чадах билээ.  Хүний нялх үрс хэдэн зуугаар үрэгдчихээд байгаа улсын Ерөнхий сайд нь огцорно гэдэг соёл бас ёс зүй юм даа. Угаасаа энэ улсын иргэд ёс зүйн агуу их өв уламжлалтай. Эх орных  нь эдийн засаг  хямрахад ээмэг бөгжөө тайлаад л өгдөг ард түмэн. Санаж байна уу, 2009 онд экс Ерөнхийлөгч Но Мү Хюн нь нэгэн бизнесмэнээс зургаан сая ам.долларын авлига авсан хэрэгт холбогдоод шалгуулж байхдаа амиа хорлочихож билээ. Тэрбээр гэрээслэлдээ “Надаас болж олон хүн зовсон. Би дахиж өөрийнхөө үйл лайд олон хүнийг зовоомооргүй байна. Энэ бүхнийг харж тэвчихгүй нь ...” гэсэн байсан.  Гэтэл манайд, бидний монголчуудад ийм ёс зүй гэж байна уу. Нэгэндээ зовлон зүдгүүр гай гамшиг тохиовол мөрөөр тэвэрч байгаад нулимсыг нь арчиж өгөх тэнхэл байна уу. Аюулын өмнөөс босч нэгдэн нийлэх ухамсар бий юү.  Ард түмнийхээ өмнө үлгэр дууриалалгүй эвгүй байдалд орвол уучлал гуйгаад өөртөө хариуцлага тооцож чадах соёл байна уу. Тийм соёл, ёс зүйг огт хараагүй санагдана. 2007 онд Ми-8 нисдэг тэрэг осолдож 15 залуу амиа алдахад Засгийн газар өөртөө хариуцлага тооцоогүй.  Онцгой байдлын газрын дэд дарга Жаргалсайхан гэдэг нь Монгол Улсын парламент дээр “Манайхаас сард нэг удаа хүн үрэгддэг юм. Энэ бол гайхаад байх зүйл биш” гэж хэлэхийг би чихээрээ сонсож билээ.  Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр авлигын хэрэгт шалгуулж байхдаа одонт эхчүүдийг өөрийнхөө  өмнөөс өлсгөж байсан болохоос ард түмнээсээ ядаж уучлал гуйчихаагүй л юм.   Ардчилал, хүний эрх, мөнгө, боловсрол, орон байр гээд юу эсийн төлөө зүтгэсэн 25 жилд бид ёс зүй, хэм хэмжээгээ хаана гээчихээ вэ.  Ахмад хүнийг хүндэлдэг, өөртөө тусалсан хүнд ач санаж явдаг, өөрөөсөө ядуу дутмаг нэгийг үүрч дүүрч амьдралд нь хүргэдэг сайхан заншил хаашаа хийсч одов оо. Бодох л асуудал. Энэ бүгдийг өгүүлдэг нь ардчиллаас ухрахын тулд биш  ухаарч амьдарцгаая гэсэндээ бичиж сууна. Амьтны аймгаас ялгардаг сэтгэл гэдэг эрхтнээ даяаршсан нийгмийн давалгаанд урсгачихаагүй юм бол ямар ч тохиолдолд хүн та хүн шиг байж үз. Мөнгөөр үнэлэгддэггүй юм энэ хорвоод бас үлдсэн гэдгийг сана. Ёс зүйтэй, хэм хэмжээтэй, хайрлан нингүүлсэх сэтгэл оюунтай байцгаая л даа, гуйж байна.