-Надад 98 сая төгрөг байлаа гэхэд тэр мөнгийг нэг чулуунд өгөх тэнэг биш-

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин олны анхаарал татаж, дуулиан дэгдээгээд буй асуултуудад хариулт өглөө.


-Өнгөрсөн хугацаанд тантай холбоотой олон асуудал олон нийтийн дунд дуулиан шуугиан үүсгэж, сайдын суудлаас огцруулах хэмжээнд хүртэл өндөр авчихлаа. Өнөөдрийг хүртэл яагаад хариу хэлсэнгүй вэ?

-Гурван учир шалтгаан байлаа. Нэгдүгээрт би болж байгаа үйл явцыг зүгээр үзэгдэл гэдэг талаас нь харж байна. Хаа хүртэл явах нь вэ гэдгийг бас харж хүлээлээ. Би үүнийг хувь хүмүүсийн зөрчил, улс төрийн нам, фракцийн зодоон гэж харахгүй байна. Хуулийн салбарт хийгдэж байгаа шинэтгэлийн явцад гарч болох нэг л үзэгдэл. Би хувьдаа энэ үзэгдэл 2015 оны хавраас эхлэв болов уу гэж тооцоолж байсан, харин ч эрт эхэлж байна. Хаалттай, олон нийтэд хянагддаггүй, тэгсэн мөртлөө маш хүчтэй арга хэрэгслээр хүний хувийн орон зай руу халддаг, ийм эрх мэдлийг өөртөө агуулж байдаг цагдаа, тагнуул, цэргийн байгууллагад шинэтгэл хийхэд хэцүү. Энэ шинэтгэлийг хийх гэж оролдож байгаа, энэ байгууллагуудыг өөрийг нь хянадаг, томилдог тэр хүмүүс рүүгээ нөгөө арга хэрэгслүүдээ чиглүүлдэг. Тэр хүч хэрэгслийнх нь үзүүрт нь өртөх магадлал өндөр. Үүнийг би анх Хууль зүйн сайд болоод энэ шинэтгэлийг хийнэ гэж хэлж байх үеэсээ л мэдэрч байсан. Үзэгдэл одоо ил гарч байна. Өнөөдөр /өчигдөр/ бол эцсийнхээ хамаг сумаа тавилаа л даа.

-Энэ “үзэгдэл” яг хэдийнээс эхэлсэн юм бэ?

-Өнгөрсөн гурван сарын хугацаанд намайг аль байдгаараа харлуулах, ямар нэг хууль бус юмтай холбогдуулах гэж янз бүрийн л гүтгэлэг явлаа. Зарим талаар инээдэмтэй. Цагдаагийн байгууллагаас УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд “Маш нууц” гэдэг тамгатайгаар явуулсан баримт нь сарын өмнө “Ноцтой мэдээ” гэдэг сонин дээр гарчихсан, нуугаад байх шаардлагагүй л юм байгаа байхгүй юу. Манай хууль, хүчний байгууллагууд “тусгай ажиллагаа” нэрийн дор өөрсдөө зохиосон ч байж магадгүй янз бүрийн мэдээллийг эхлээд хэвлэл мэдээллээр цацаж, хүмүүсийн анхааралд өртүүлж байгаад араас нь “Энэ бол хууль ёсны ажиллагаа байсан юм шүү” гэж тайлбарлах, нийтэд тэгж харагдуулах гээд маш нарийн арга технологиор ажиллаж байна л даа. Цагдаагийн дарга хэн байгаа, хэдэн хурандаа үүнийг зохион байгуулж байгаа нь надад сонин биш. Зүгээр хэн дуртай нь хүний хувийн орон зай руу халдаж, хэн дуртай нь барьж хорьж, хэн дуртай нь хуулийн нэр барьж хүний амьдралаар тоглосоор байх юм уу. Үүнийг л өөрчлөх ёстой.

-Эсэргүүцэл зөвхөн цагдаагаас гарч байна гэж үү? Улс төрийн хүрээнд ч бас тодорхой хэмжээгээр дэмжлэг аваад байгаа юм биш үү?

-Нэгдүгээрт, хуулийн байгууллага дотор байгаа эрх мэдэл, байр сууриа алдаж байгаа нэг хэсгийн уурсал, дургүйцэл, эсэргүүцэл ил гарч байна. Сүүлдээ бүр дайсагналын хэлбэрт орж байна. Хуулийн байгууллагад эдэлж байгаа энэ эрх мэдэл, албан тушаалаараа дамжуулж маш олон хүмүүстэй харьцдаг, нэг хэсэгт нь айдас төрүүлэх, нэг хэсэгт нь таалагдах гэж оролддог тодорхой бүлэг байна. Тэр харилцаагаараа дамжуулж эдийн засгийн ашиг сонирхол, нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлох гэж оролддог нөхдүүд энэ байр сууринаасаа салбал бүх юмаа алдана гэж айж байна.

Хоёр дахь шалтгаан нь энэ нийгэмд баялгийг бүтээгчид, бизнес эрхлэгчид өнгөрсөн хорин жилд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангахын тулд маш олон арга хэрэглэж ирсэн. Тэр арга хэрэгслийн нэг нь ямар нэг байдлаар хуулийн байгууллагад өөрсдийн төлөөлөлтэй болчихвол өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж чадах юм байна гэдэг өрсөлдөөн байлаа. Ерэн оноос хойш юу болсон бэ гээд эргээд харъя л даа. Эхлээд өмч хувьчлал явсан. Төрийн мэдэлд байсан өмч хөрөнгийг хувьчилж авах замаар нэг хэсэг нь хөрөнгө мөнгөтэй болсон. Энэ өмчөө хамгаалах, элдэв дарамтгүйгээр бизнесээ явуулахын тулд тэр мөнгөтэй нь харьцаж байгаа татвар, гааль гэх мэт төрийн байгууллагуудыг хувьчилж авах ажиллагаа эхэлсэн. Гэтэл сонгуулийн дараа нөгөө хувьчилж авсан төрийн байгууллагынхан нь алга болчихоор дахиад өөр хүнтэй ярих шаардлага гарч ирсэн. Тэгэхээр “Аан заа. Ямар нэг улс төрийн нам, бүлэг фракцийг хувьчилж авахгүй бол сонгуулийн үр дүнгээр энэ төр чинь бас өөрчлөгдөөд байна шүү” гээд улс төрийн намуудыг хувьчилж авах ажиллагаа эхэлсэн. Улс төрийн байгууллагын цаана юу байсан бэ, мэдээж хуулийн байгууллага. Дөрвөн үе шаттай хувьчлал явлаа шүү дээ.

Гэтэл өнөөдөр гурав дахь том аюул гарч ирж байна. Эхлээд бизнес эрхлэгчид, улстөрчид, төрийн өндөр албан тушаал хашиж байгаа нөхдүүд хуулийн байгууллагуудад төлөөллөө оруулах замаар тэднийг худалдаж авч байсан. Өнөөдөр нөгөө хуулийн байгууллагын нөхдүүд нь эргээд “Эд нар намайг худалдаж авах биш, энэ нөхдүүдийн “но”-г мэдэж байгаа юм чинь би энэ эднийг захирч болох юм биш үү” гэж харж эхэлж байна. Хуулийнхны өөрсдийнх нь хэллэгээр “төмсөгдөх” гэж ярьдаг юм. Нөгөө “хөрөнгөжсөн” хурандаа нар маань нэг талдаа бизнес эрхлэгчдийг, нөгөө талдаа улстөрчдийг, бас нэг гартаа төрийн албан хаагчдыг барьчихаад өөрсдөө тохируулга хийж эхэлж байна шүү дээ. Энэ тохируулгын эцсийн үр дүн өнөөдөр харагдаж байна л даа. Хууль зүйн сайд хэн байхыг сонгогчид ч биш, улстөрчид ч биш, эцсийн дүндээ хүчний гэж яриад байгаа нөгөө байгууллагын нөхдүүд шийдэх гээд захиалгаа өгч эхэлж байна.

-Хуулийн салбарт хэрэгжүүлж байгаа шинэтгэлийн үр дүнд хууль, хүчний байгууллагаас үзүүлж байгаа хариу эсэргүүцэл үү?     

-Тийм. Өнгөрсөн гурван сарын хугацаанд намайг юутай холбож, юу гэж гүтгэж болох байна, бүгдийг хийлээ. Эмэгтэй хүнтэй холбож үзлээ, хар тамхины хэрэгт гүтгэлээ, гадаадын тагнуул ч гэж үзлээ, холбоогүй юм байхгүй.

-Сүүлд бас нэг 98 сая төгрөгийн хөөрөгний яриа гараад амжсан?

-Би боловсролтой хүн. Хэрвээ надад тийм хэмжээний мөнгө байлаа гэхэд тэр мөнгөө нэг чулуунд зардаг тэнэг хүн биш. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Өнгөрсөн оны сүүлийн хагасаас эхлээд миний эргэн тойронд байгаа янз бүрийн хүмүүстэй холбоотой шалгалтуудыг явуулсан. Гүйцэтгэх ажил гэж нэрлэдэг нууц тодорхойлох аргаар, янз бүрийн байдлаар надтай холбоотой юу байж болох вэ, бүгдийг эрж хайлаа. Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд гээд хамрагдаагүй хүн байхгүй. Хэрвээ Х.Тэмүүжин биш, ямар нэг бизнес эрхэлдэг, аль нэг тендертэй холбоотой, эсвэл ямар нэг байдлаар ганцаарчилсан шийдвэр гаргадаг албан тушаал хашиж байсан хүнээс бол эмэгтэй хүнтэй холбох байтугай илүү ноцтой үндэслэл олж болохоор хугацаа өнгөрлөө.

Анхааралтай хараарай. Хуулийн байгууллагууд хэн рүү их довтолж, хаана илүү үр ашигтай ажиллаж, хамаг нөөцөө шавхаж  байна вэ. Мөнгөтэй хүн рүү л хамгийн их довтолж байна. Тэгсэн мөртлөө иргэдтэй холбоотой гомдол, тэдний хохирлыг барагдуулах тал дээр ямар их хүнд суртал гаргаж байна. Мөнгөтэй хүн лүү хамгийн түрүүнд довтолж очоод бизнесийг нь булаадаг, хуулийн байгууллагын туслалцаатайгаар өрсөлдөгчдөө намнадаг. Улс төрд ч ялгаагүй, хуулийн байгууллагын туслалцаатайгаар өрсөлдөгчөө намнах гэж оролдож байна шүү дээ. Ийм үзэгдлийг таслан зогсоохын тулд л энэ шинэтгэлийг байгаа юм. Тиймээс шинэтгэлд таагүй хандаж байгаа хэсэг бүлэг хуулийн байгууллага дотор ч, улс төр, бизнесийн салбарт ч байна. Гэхдээ бүгдээрээ биш шүү. Энэ хүмүүсээс бизнесийнхэн айж байна, улстөрчид ч бас болгоомжилж байна. Хуулийн байгууллагынхан ч дотроо “яах бол” гэсэн айдастайгаар харж байна. Үнэхээр энэ шинэтгэл нь яваад айх аюулүйгээр ажлаа хийх боломж олдох нь уу, эсвэл энэ хэсэг бүлэг этгээдийн зангараг, заналхийлэл дор ажлаа хийсэн болоод муу нэрийг нь хамтдаа хүлээгээд явах уу гэдэг ирмэг дээр байна. 

-Хууль зүйн байнгын хорооны хуралдаан хаалттай болсон. Хаалттай хаалганы цаана ямар мэдээлэл хийчихэв гэдэг эргэлзээ ч олон нийтэд бий болсон. Нийтэд мэдээлж болохгүй ямар мэдээлэл байсан бэ?

-“Ноцтой мэдээ” сонин дээр гараад, түүгээр дамжаад интернетээр тарчихсан мэдээлэл л “Нууц” гэсэн тамгатай орж ирсэн шүү дээ. Нууцлаад байх шаардлага ч байгаагүй. Зөрчилдөөний гол цэг дээр байгаа гурван хүн Байнгын хороон дээр мэдээлэл хийсэн. Зөрчилдөөн яагаад үүссэн бэ гэвэл ЭЦГ, УМБГ хоёрыг нэгтгээд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх алба болгосон. Энэ том нүсэр бүтцийг задлах ёстой, хаалттай бүс хянагдах ёстой, хэн нэг нь дарга байх нь чухал биш, систем өөрөө үндсэн зорилго руугаа явдаг, хуулинд захирагддаг, иргэддээ үйлчилдэг, гэмт хэрэгтэйгээ тэмцэж чаддаг байх ёстой гэдэг зорилт тавиад хуулиа баталсан. Баталсан хуулиа хэрэгжүүлэх гэтэл яг энэ хоёр байгууллага дээр ирээд бүх зөрчил үүссэн. Энэ хоёр байгууллагын дарга Байнгын хороон дээр орж ирээд яг л нөгөө сонин дээр гарсан зүйлийг ярьсан. Өнөөдөр бас хэвлэлийн бага хурал дээр ярьж л байна лээ. Энэ асуудлаар нь би тагнуулын байгууллага, прокурорт гомдол гаргасан. Тагнуулын байгууллага шалгалтаа явуулж эхэлтэл түүнийг нь зогсоосон. Энд хэд хэдэн солбилцсон сонирхлын зөрчил орж ирж байна лээ л дээ. Эрхбиш амьд хүнийг алж чадахгүй л байх. .    

-Таныг тагнасан, чагнасан гэдэг мэдээлэл яаж танд хүрсэн юм бэ?

-Цагдаагийн албаны тухай шинэ хуулиар дарга нь хууль бус заавар, тушаал өгөх юм бол доод тушаалынх нь хүн биелүүлэхгүй байх, биеүүлэхгүй байгаад зогсохгүй дээд албан тушаалтандаа мэдээлэх, хэрвээ хууль бус тушаал шийдвэрийг биелүүлсэн бол өөрөө хариуцлага хүлээхээр зарлачихсан юм. Хууль бус заавар, тушаал өгсөн тохиолдолд түүнийг нь хэрэгжүүлэхгүй байх боломж бүрдсэн гэсэн үг. Цагдаагийн байгууллага дотор ийм л нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр “Өмнө нь ийм хэрэгтэй холбогдуулаад энэ асуудлыг шалга гэдэг зааварчилгаа өгдөг байсан бол одоо “Энэ хүнтэй холбогдуулаад ийм асуудлыг шалга” гэдэг хүн рүү чиглэсэн мөрдөн шалгах ажиллагаануудыг хийдэг боллоо. Энэ хүрээнд Хууль зүйн сайдтай холбоотой ийм асуудлууд үүрэг даалгаварт орж ирсэн. Үүнтэй холбоотой материалууд ийм байна. Тухайлбал, 2013 оны найм, есдүгээр сард энэ компаниудыг, ийм ТББ, энэ хүнийг тантай холбон шалгуулахаар ийм үүрэг даалгавар өгсөн” гэдэг мэдээллүүд над дээр ирсэн. “Энэ мэдээллийг гэрчилнэ” гэсэн хүнд тэр үйл ажиллагааг удирдаж байгаа хүн нь гар хүрсэн тохиолдол ч гарсан.

-Цахим орчинд тарсан мэдээллүүд дунд хамгийн их дуулиан тарьсан нэг зүйл гэвэл нэг эмэгтэй хүний асуудал байгаа. Тийм хүн байна уу, та жишээ нь тэр эмэгтэйг таних уу?

-Би тэр эмэгтэйг мэднэ, нууж хаагаад байх шалтгаан ч байхгүй. Өнгөрсөн онд тэр эмэгтэй гар утас хулгайлсан хэргээр баривчлагдсан юм билээ. Энэ хэрэг дээр нь өмгөөлөгч олж өгөөч гэдэг хүсэлт нь над дээр ирсэн. Манай яамны газрын дарга О.Алтангэрэл гэж өмгөөлөгч байсан залуу бий. Тэр хүнээр дамжуулаад өмгөөлөгч гаргаж өгсөн. Тэр өмгөөлөгч нь хангалттай сайн өмгөөлөл үзүүлсэн эсэхийг би мэдэхгүй, ямар ч байсан тэр эмэгтэй хулгайн хэрэгтээ ял шийтгүүлсэн. Ялаа эдлээд гарч ирснийхээ дараа “Өмгөөлөгч олж өгсөнд байрлалаа” гэдгээ над дээр ирж хэлсэн. Гэхдээ бас эргэлзээтэй юм бий л дээ. Он гарснаас хойш ямар учир шалтгаантай нь мэдэгдэхгүй, миний ажил дээр хэд хэдэн удаа ирсэн. Тэр үед над дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа гэдгийг би мэдэж байсан учраас мэдээж болгоомжтой хандсан. Дараа нь хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож баривчлагдсаныхаа дараа өөр нэг хүний өмгөөлөгчийн гар утсаар над руу ярьсан. Тэр үед нь би “Хэрэг хийсэн бол хариуцлагаа өөрөө хүлээнэ” гэдэг л хариу өгсөн. Тэр бүх мэдээлэл тухайн үедээ цагдаад бүртгэгдээд, бичигдээд үлдсэн байдаг юм билээ.

-Зориудаар зохион байгуулсан хэрэг үү?

-Зохион байгуулалттайгаар над руу өгөөш болгож явуулсан юм байна л гэж харагдаж байгаа. Тиймээс энэ хэргийг ул суурьтайгаар хуулийнх нь дагуу шалгах ёстой. Хууль, хүчний байгууллага өөрийг нь томилдог, хянадаг хүмүүс рүү яагаад гэмт хэрэгтэй тэмцдэг тэр хүч, хэрэгслээ чиглүүлээд эхлэв ээ гэдгийг харах ёстой л доо. Тодорхой цаг хугацааны дараа бүгд ил тод болно. Энэ ажиллагаатай холбоотой хангалттай олон баримтууд байгаа, удахгүй ил гарна. Тагнуулын байгууллага энэ асуудлыг тогтоогоод надаас мэдүүлэг авахдаа “Та энэ баримтуудаа нарийвчлан дэлгэх хэрэггүй шүү“ гээд гарын үсэг зуруулсан учраас би хэлж чадахгүй байна. Гэхдээ шаардлагатай бол энэ баримтуудыг ил гаргана, үүнээс ноцтой зүйлийг ч хэлж болно. Үүгээр нэг, хоёр хүнийг буруутгах гээд байгаач юм биш. Ийм арга барилаар ажиллаж байгаа хуулийн байгууллагыг яаж засах вэ, яаж өөрчлөх вэ гэдэг тухай л ярьж байна. Өнөөдөр Хууль зүйн сайд дээрээ ийм зүйл хийж  байгаа энэ “машин” чинь өөр хэн нэгэн, жирийн иргэний хувьд “мангас” болчихоод байгаа юм биш үү. Өнгөрсөн хорин жилийн тэр улс төр, бизнес, хуулийн байгууллагуудын холилдсон, зарим тохиолдолд бүр гэмт хэрэгжсэн энэ системийг бид дараачийн хорин жил рүү, ирээдүй рүүгээ халдаамааргүй байна. Өнөөдөр л үүнийг шийдэхгүй бол дараачийн хүмүүс үүнийг шийдэхийн тулд илүү их хугацаа, илүү их хүч, илүү их эрсдэл үүрнэ.

-Цаашид ч гэсэн эрх зүйн шинэтгэл явах нь ойлгомжтой. Тиймээс ч та өнөөдөр хоёр том хуулийн төсөл өргөн барьсан байх. Маргаашийн үйл явдлыг та хэрхэн харж байна?

-Цагдаагийн байгууллага, хууль хүчний байгууллагад ямар хүн байх, хүнтэй нь ноцолдохоосоо илүү энэ хүмүүсийн хэрэглэж байгаа хуулийг өөрчлөх хэрэгтэй. Тийм учраас Гэмт хэргийн хууль, Зөрчлийн тухай хуулийг өнөөдөр УИХ-д өргөн барьсан. Энэ хоёр хуульд хэд хэдэн чухал агуулга бий. Нэгдүгээрт, хуулийн байгууллага дур зоргоороо хүний эрхэнд халдах боломжгүй болж байгаа. Хоёрдугаарт, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид рүүгээ довтолдог байдал алга болно. Гуравдугаарт залуучуудаа жижигхэн алдаан дээрээс нь шорон руу түлхдэг байдлыг хална. Дөрөвдүгээрт хэвлэлийн эрх чөлөө.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд би нэг зүйлийг сэтгэл зүрхээрээ мэдэрч, итгэж үнэмшсэн. Өмнө нь би энэ хуулийн байгууллагуудыг өөрчлөх ёстой гэдгийг бусдын амьдралд тохиолдож байгаа бэрхшээл, зовлонгоос л харж байсан. Өнөөдөр өөрийнхөө амьдрал дээр мэдэрлээ. Өөрчлөхөөс аргагүй юм байна гэдэг хатуу итгэл үнэмшилтэй болсон. Нөгөө талаас хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйл үнэхээр үнэ цэнэтэй юм байна. Маш их айдас хүйдэс, их мөнгөний завсраар сэтгүүлчид, залуучууд цэвэр итгэл үнэмшлээрээ намайг дэмжсэн. Шинэчлэлийг дэмжинэ гэж хэлснээрээ надад сэтгэлийн хат суулгасан. Зөв гэж бодож байгаа зүйлийнхээ төлөө хүн бүр л тэмцэх ёстой. Үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх эрх чөлөө рүү хэн ч халдаж болохгүй. Тийм учраас өнөөдөр өргөн барьсан Гэмт хэргийн хуульд “гүтгэх” гэдэг зүйл анги байхгүй. Бүгдийг нь худалдаад авчихсан байсан ч маш жижигхэн орон зайгаар үнэн нь худлыг нэвтэлж гарч ирэх боломжтой байх ёстой. Үүний төлөө аль ч цаг үеийн Хууль зүйн сайд хатуу зогсох үүрэгтэй. Мэдээлэл ил тод байж л хүмүүс асуудлын үнэн, худал нь хаана байгааг ялгаж салгаж чадна. Хэвлэн нийтлэх эрх чөлөө байсан цагт хүмүүс өнөөдөр биш юм гэхэд маргааш үнэнийг харна. Тиймээс миний хувьд хүнтэй, байгууллагатай хэрэлдэх цаг байхгүй. Энэ богинохон цаг хугацаанд хийж чадах бүхнээ хийгээд л явах ёстой. Хууль, хүчний байгууллагуудыг “мангас” биш болгох хуулиа батлуулах ёстой.              

Эх сурвалж: МҮОНТВ