Манай ардчилагчид 1937 онд монголын ард түмнийг хэлмэгдүүлж хориод мянган халуун амийг хөнөөснийхөө төлөө МАХН-ыг ард түмнээсээ уучлалт гуй гэж мөн ч их шахдаг билээ. Нөгөөдүүл нь ч уучлалт гуйхгүй хэмээн гүрийсээр байгаа, гүрийх нь ч тэдний түмэн зөв билээ. Ямар хувьсгалт нам тэр үед ард түмнээ алъя гээд, ардчилсан нам үгүй гээд гүйгээд байсан биш дээ. Тэр үед ердөө ганц л нам байсан, нам нэртэй ч цаана нь төр л байсан, ганц л хүний нэр дэвшүүлээд, тэр ганц хүнээ л сонгодог байсан гэх мэт. Эмээгийн минь дурсаж ярьдагаар тэр үеийн сонгуульд “Үнэн” сонины эрхлэгч Гомбын Жамц гэдэг хүн нэр дэвшээд, тэр ганц нэр дэвшсэн хүнийхээ нэрийг л тэр үеийн сурталчид дахин дахин цээжлүүлж, ард түмнийхээ хэр цээжилснийг нь шалгаж явдаг байсан нь одоо хүртэл “Гомбын Жамц” хэмээн мартаагүйгээс нь харагдана. Зугаатай л түүх. Төр засгаа ч “нам засаг” хэмээсэн хоршоо үгээр хэлдэг, одоо ч зарим хөгшчүүд энэ хэвшсэн үгээ хэлсээр л дуулддаг.

Тэгэхээр энэ хэлмэгдлийн асуудалд улс үндэстний залгамж чанараа бодоод төр уучлалт гуйх ёстой болохоос манай Хувьсгалт намынхан уучлалт гуйх ёсон үнэхээр байхгүй билээ. Харин 7 сарын 1-нд амь үрэгдсэн таван хүний алтан амины төлөө тэр үед засгийн эрх барьж байснаараа харин Хувьсгалт нам уучлалт гуйж болох юм шүү, ардчиллынхаан битгий нэгнийгээ гүтгээрэй!

Хэдэн жилийн өмнө шинэ жилээр монголын ард түмэн Орост өргүй боллоо хэмээн зарлаад баахан хүмүүсийг эхэр татуулж билээ. Тэгэхэд “Хувьсгалт нам болбоос монголын ард түмнийг хөгжилд дэвшилд хүргэсэн нам, монголыг өдий зэрэгт хүргэсэн нам, тусгаар тогтнолд хүргэсэн нам, бөөс хуурс, өвчин зовлонгоос нь салгасан нам” гээд л өнгөрсөн үеийн бүх сайн сайхан зүйлийг Хувьсгалт намын нэртэй холбон сурталчилсан юм. Энэ логикоор бодон ганцхан намд бүх сайныг хамаатуулна гэвэл өнгөрсөн далан жилд хувьсгалт нам л ганцаараа хөгжүүлэх гээд, бусад намууд нь хөгжүүлэхгүй гээд хойш татаад чангаагаад байсан хэрэг болно. Тэр үед олон нам байгаагүй учир ял болоод гавьяаг ганц Хувьсгалт нам эзэмших нь боломжгүй зүйл билээ. Өрийг тэглэхэд зүтгэсэн Хувьсгалт намын гишүүдийг харин алдаршуулж бол болох хэрэг. Мөн ерэн оноос өмнө Хувьсгалт намын гишүүн байсан хүн дараа нь өөр намын гишүүн болцгоосныг үзэл бодлоо хувиргалаа гээд буруутгадаг, ингэж буруутгах ч зүйд үл нийцнэ. Тэр хүмүүст ямар өөр сонголт байсан биш, хүн шиг амьдрахын тулд л намд элсэж ажил төрөлдөө өсөж дэвждэг байсан болов уу.

    Хувьсгалт намын ой жил бүрийн 3 сарын 1-нд болдог, эх орончдын өдөр хэмээн нийт ард түмний хэмжээнд тэмдэглэдэг, энэ нь ч зөв билээ. Харин хувьсгалт намын энэ өндөр насны хувьд эргэлзээ төрдөг юм. Ерэн оноос өмнө цор ганцаар оршин байсан “нам засаг” хэмээх “хувьсгалт нам” дээр олон намтай болсон үеийн түүхийг нэмээд насны тоог гаргах нь тийм ч үнэнд нийцэхгүй юм шиг. Уул нь жинхэнэ утгаараа МАХН хэмээх нам үүсэн бий болсон насыг Монголд өөр олон намууд мэндэлсэн тэр өдрөөс, эс бөгөөс хувьсгалт нам улсын дээд шүүхэд бүртгүүлсэн тэр л өдрөөс нь эхлэн тоолвол үнэн болох билээ. Даан ч энэ намын нэрийг авч яваа хожмын залгамжлагч нарт нь ингэх хүсэл болоод эр зориг байдаггүй. Одоо үед их л утга төгөлдөр бус сонсогдмоор “хувьсгалт” гэсэн үгийг нэрээсээ хасахыг эсэргүүцээд байгаа зарим нэг хүмүүсээс хуучин нэрэндээ тэгтлээ дурлаад байгаа шалтгаан ч харагддаг. Энэ нь ердөө нэр солигдохоор л залуу насны нь таатай дурсамжтай нь холбоотойгоор саналаа өгдөг хөгшчүүд саналаа өгөхөө больчих байх гэж айдагийнх бололтой. Яагаад гэвэл МАХН гэдэг нэр нь том “брэнд” юм.

    Ер нь монголчууд бид хэдий болтол худлаа гэдгийг нь мэдсээр байж зохиомол түүх, домгоороо цааш явах вэ. Цэргийн гарамгай жанжин байсан ч Дамдины Сүх цэргийн яамны сайд л байсан болохоос лав Монгол ардын намын дарга байгаагүй. Нөгөө муу нэртэй байсан (одоо ч зарим кино төдийгөөр түүхийг төсөөлсөөр байгаа нөхдүүд тэгэж бодсоор л байгаа) Солийн Данзан, Догсомын Бодоо, Цэрэн-Очирын Дамбадорж хэмээх хүмүүс л тэр Монгол ардын намын анхны дарга нар байсан шүү дээ. Ухаант жанжин Сүхбаатар хадаг намируулан Ленинтэй уулзаагүй гэдгийг, мөн тэрээр намынхаа хамгийн том лидер нь байгаагүй гэдгийг, наймдугаар Богд Жавзандамба арчаагүй нэгэн төвд өвгөн байгаагүй гэдгийг, монголынхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид өөр олон байсан гэдгийг, эсвэл тусгаар тогтнолоо алдаад Их оросын нэгэн дагуул улс болчихож болох байсан гэдгийг хэзээ бид үнэнээр нь ойлгодог болох вэ?

    Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт нам гэж нэрлэгдсээр ирсэн энэ брэнд бол харин 89 настай. МАХН-ын өмнөх үеийн удирдлагууд энэ нэрэндээ хайртай байсаар ирсний учир нь зах зээлийн тогтолцоонд “брэнд” хэмээх зүйл ямар их чухлыг үнэхээр сайн ойлгосных биз. Өмнө нь намынхаа нэрийг солих тухай яриа гарах үед нэрийнхээ товчилсон хэлбэрийг хадгалж “Монгол Ардын Хөгжлийн Нам”, “Монгол Ардын Хөдөлмөрийн Нам” хэмээсэн хувилбаруудыг л авч үздэг байснаас энэ нь харагддаг.

Ялгаагүй дээ, “Ардчилсан нам” гэсэн сайхан брэнд дотор ямар хөгийн, хулгайч, авилгач хогийн амьтад цохиж явдаг билээ дээ. Баабарын хэлдэгээр үе солигдож байна, МАХН гэдэг брэндийн тэр үеийн сайхан амтыг мэдрэх үе багассаар байна. МАХН, Ардчилсан нам гэсэн хэлбэрийн төдий брэнд нэрээр биш монгол орныг хөгжүүлэх ухаантай бодлогоор, онолоор, мөрийн хөтөлбөрөөр, шударга өрсөлдөөнөөр улс орноо авч явцгаая!

Д.Боролзой