ФРЭНСИС ФУКУЯАМА
УЛСТӨРИЙН ТОГТОЛЦООНЫ СУРВАЛЖ



УЛСТӨРИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭ

Ардчилалын гурав дахь давалгаа болон либерал ардчиллын ирээдүйд сэтгэл зовнисон өнөөгийн байдал; зүүн болон барууны үзэлтэн нарын төргүй байх тухай хий мөрөөдөл; өнөөгийн хөгжиж байгаа улс орон тэдгээр хоосон мөрөөдлийн биелэлийг хэрхэн төлөөлж байгаа байдал; инстүүц угаасаа л байх ёстой, байсаар байсан зүйл мэт бид боддог ч үнэндээ эд хаанаас гарч ирснийг мэдэхгүй байгаа нь 1970-2010 оны хоорондох дөчин жилийн хугацаанд дэлхий даяар ардчилсан дэглэм бороон дараах мөөг шиг олноороо буй болсон. Дэлхий даяарх улс орны иргэний болон улстөрийн эрхийн тоон судалгаа гаргадаг Фрийдом Хаус хэмээх төрийн бус байгууллага 1973 онд дэлхийн 151 орны ердөө 45-ийг нь л “эрх чөлөөтэй улс” хэмээн тооцож байлаа. Тэр жил Испани, Португал, Герег дарангуйлалд байв; Зөвлөлт Холбоот Улс болон түүний зүүн Европын дагуулууд хоорондоо эв нэгдэлтэй, хүчирхэг цул мэт санагдаж байв; Мао Зэдуны Соёлын хувьсгалын атганд Хятад базагдаж; Африкт “насан туршийн ерөнхийлөгчдийн” бүлэг ноёлж; Латин Америкийн ихэнх нь цэргийн дарангуйлал дор орсон байв. Түүний дараагийн үеийнхэн улстөрийн асар том өөрчлөлтийн гэрч болж, Арабын Ойрхи дорнодоос бусад дэлхийн өнцөг булан бүрт захзээлийн чиг баримжаатай эдийн засаг, ардчилал түгсэн. 1990-ээд оны сүүл үе гэхэд дэлхийн тусгаар улсуудын бараг 60%-иас илүү нь болох 120 орчим улс сонгуулийн ардчилалтай болсон байв. Энэ хувьсал Самюэл Хантингтоны урьдчилан харсан ардчиллын гуравдугаар давалгаа байсан бөгөөд хорин нэгдүгээр зууны эхэн гэхэд улстөрийн хүлээн зөвшөөрөгдсөн талбарт либерал ардчилал засаглалын автомат хэлбэр болсон аж.

Улстөрийн систем дэх энэхүү өөрчлөлтийн доор нь асар том нийгмийн хувирал бас байсан. Ардчилал руу шилжсэн шилжилт дэлхий даяар өмнө нь идэвхгүй байсан олон сая хувь хүмүүс зохион байгуулалтад орж, нийгмийнхээ улстөрийн амьдралд оролцсоны үр дүн байв. Энэхүү нийгмийн дайчилгаанд асар олон хүчин зүйлс нөлөөлсний дотор: боловсрол асар хүртээмжтэй болсноос хүмүүс өөрсдийн талаар болон эргэн тойрнох дэлхий дахины улстөрийн талаар мэддэг болсон; мэдээллийн технологи үзэл санаа, мэдлэг асар хурдан түгэн дэлгэрэхэд нөлөөлж; аялал, харилцаа холбоо хямдарсан нь хүмүүст төрөө таашаахгүй бол хөлөөрөө санал өгөх боломж олгов. Улс орон илүү хөгжиж дэвшсэнээр хүмүүс эрхээ хамгаалуулахыг түлхүү сайн шаарддаг болсон юм.

Гурав дахь давалгаа гэхдээ 1990-ээд оны сүүл үед оргилдоо хүрэн зогссон. Үүний дараа хорин нэгдүгээр зууны эхний арванд “ардчилсан хямрал” гарч ирсэн. Гуравдугаар давалгааг бүрдүүлж байсан таван улс бүрийн бараг нэг нь буцаад дарангуйлал, авторитари засаглал руу шилжих юм уу ардчилсан инстүүцэд нь ноцтой хямрал үүсэв. Фрийдом Хаус дэлхий даяар ардчилсан улсуудын тоо 2009 он гэхэд дөрөв дэх жилдээ дараалан буурч байна гэж тэмдэглэсэн. Энэ нь эрх чөлөөний уг хэмжүүр 1973 онд анх гарч ирснээс хойших анхны тохиолдол ажээ.


    Улстөрийн түгшүүртэй байдал

Хорин нэгдүгээр зууны хоёр дахь аравны эхээр ардчилсан ертөнцийн өвчлөл хэдэн тодорхой хэлбэртэй болоод байна. Эхнийх нь Орос, Вэнэсүэл, Иран зэрэг улс орон ардчилсан ололтоосоо шууд ухарч буцсан явдал юм. Удирдагч нар нь сонгуулийг засварлаж, бие даасан чөлөөт ТВ, сонинг хаах буюу худалдан авч, сөрөг хүчнээ хүч хэрэглэн нухчин дарж байна. Либерал ардчилал гэдэг бол дан ганц олонхийн саналаар сонгох хэрэг биш; энэ бол эрх мэдлийг хуулиар болон хяналт, тэнцвэржүүлэлтийн системээр хязгаарлан хэрэгжүүлдэг инстүүцийн ээдрээтэй тогтолцоо. Олон улс оронд ардчилсан засаглалыг албан ёсоор хүлээн авах үйл явцын хойноос гүйцэтгэх эрх мэдэлд тавьсан хяналтыг системтэйгээр зайлуулах явдал болон хуулийн засаглалын доройтол дагалдсан юм.


Улстөрийн тогтолцооны сурвалж номын сайшаал

    “Өргөн хүрээтэй, гүн агуулгатай, өгүүлэл сайтай энэ ном маргаангүй бидний цаг үеийн тэргүүний сэхээтний лут бүтээл ажээ”

- Майкл Линд, Нью-Йорк Таймсын номын тойм
 

    Улстөрийн онолч Фрэнсис Фукуяамагийн шинэ ном Жан-Жак Руссо, Жон Лок болон орчин цагийн ёс зүйн философич, эдийнзасагч Жон Ролс, Амартия Сэн зэрэг аугаа сэтгэгч нарын бүтээлтэй зэрэгцэх бүтээл болсон байна... Энэ бол орчин цагийн улстөрийн эмгэгт сэтгэгчийн өгч буй ерөндөг, үзэл бодол, дуу хоолой ажээ.

- Өрл Пайк, Плэйн Дийлэр (Клэвлэнд)


    Олон талаараа Фукуяама энэхүү нүсэр эрэл хайгуулд төгс тохирсон газарчин юм. Тэрээр улстөрийн инстүүцийн тухай гүн туршлагаа дэлхийн түүх, философи, нийгмийн онолтой ойр дотно байдагтайгаа хослуулжээ. Уншигчийг шимтүүлж чаддаг бичлэг нь соргог ажиглалт, баялаг харьцуулалттай. Уг ном сонирхолтой баримт, юм бодогдуулсан ерөнхийллөөр дүүрэн. Тухайлбал лалын шашин Африкийн Сахаарын бүс рүү нэвтрэн дэлгэрэхэд цэцэ ялаа саад болсон юм гэж хэний санаанд орох билээ дээ? Сонирхол татам жижиг сажиг зүйлээс нийгмийн шинжлэх ухааны онол хүртэл агуулгатай энэ ном улстөрийн түүхийн ангийн ердийн нэг оюутанд бол эрдэнэсийн авдар л гэсэн үг... Түүнээс илүүтэй нь Фукуяамагийн ном бидэнд энх тайванч, хөгжил дэвшилтэй улс гүрнүүдийн таних тэмдэг болсон хүчтэй инстүүц, хуулийн засаглал, хариуцлагыг чухам ямар учраас маш олон улс гүрнүүд хослуулж хөгжүүлж чадаагүйг ойлгож, үнэлэхэд туслах болно.

- Эрик Оливэр, Сан-Франциско Хроникл

  
    Ёстой суут бүтээл.

- Жордан Майкл Смит, Христийн сайэнс монитор

   
    Оюуны зөн билиг нь Фукуяамаг дэлхийн геополитикийн стратегийн хамгийн ач холбогдолтой, бас аюултай гэдгийг нь хэлэх ч шаардлагагүй өнцөг булангуудад эрхгүй аваачсан юм. Тэр бол орчин цагийн улстөрийн шинжлэх ухааны хамгийн шилдэг зохиолч, эрдэмтэн... “Улстөрийн тогтолцооны сурвалж” хэмээх энэхүү шинэ бүтээл нь хүмүүс хэрхэн омгийн харилцаанаас халин улстөрт нийгэм болж зохион байгуулагдсаныг судлан, ойлгох гэж оролджээ... Түүний номнууд дан ганц улстөр, философийг хамраад зогсохгүй бас биотехнологи болон өөр нэг дарины дашмаг дахь үзэл санаа болох: хүний мөн чанарыг хөнддөг юм. “Түүний сэтгэлгээ итгэмээргүй шулуун, шударга” хэмээн Америкийн гадаад бодлогын түүхч Уолтэр Рассел Мийд өгүүлж байв. Тархи нь хаашаа тэмүүлнэ тэр тийшээ одож байдаг. Түүний тэргүүн зорилт нь үнэн мөн байдаг юм.

- Эндрю Баст, Ньюзвийк


    Улстөрийн тогтолцооны сурвалж ... ном хүний өмнөх цаг үеэс эхлээд Америк, Францын хувьсгалын өмнөхөн очоод өндөрлөнө. Энэ зам зуураа Фукуяама улстөрийн байгууламжууд хэрхэн хувьссаныг тодорхойлохдоо антропологи, археологи, биологи, хувьслын сэтгэл зүй, эдийн засаг, тэгээд мөн мэдээж улстөрийн шинжлэх ухаан, олон улсын харилцааны салбараар ч бас орж шинжилжээ. Энэ тэгээд ердөө л Нэгдүгээр боть нь шүү дээ... Энэхүү төслийн цаана байгаа амин сүнсний асуулт нь: Яагаад зарим улс гүрэн доройтон, мөхсөн байхад зарим нь амжилттай байдаг юм бэ? гэсэн асуулт ажээ.

Эван Р.Гөүлдштайн, Дээд Боловсролын Хроникл


    Онцгой ном.

- Дэвид Кэймэр, Лайбрэри Журнал


    Хүний нийгмийн хэв шинж хувьсалд суурилсан. Энэ суурь Эдвард О.Вилсоны Социобиологи хэмээх маргаан дэгдээсэн номын сэдэв байсан юм... Улстөрийн тогтолцооны сурвалж номдоо Станфордын Их сургуулийн профессор Фрэнсис Фукуяама доктор Вилсоны их санаархалтай бүтээлийн зогссон цэгээс цааш үргэлжлүүлэн түүхийн туршид хүн төрөлхтний нийгмийн байгууламжууд ямар байсныг цоо шинээр тоймлон харуулсан байна... Үүнээс өмнөх хүн төрөлхтний хөгжлийн талаарх лут шинжилгээнүүд ихэнхдээ учир шалтгааныг ганц үүднээс тайлбарлах хандлагатай байсан юм. Тухайлбал Жарэд Даймонд “Буу, нян, ган” бүтээлдээ газарзүйд төвлөрсөн шигээр. Доктор Фукуяамагийн бүтээл харин нэлээд хэдэн хүчин зүйлийг зэрэг авч үзсэнээрээ, тухайлбал дайн байлдаан, шашин, нэн ялангуяа төрөл садангаа ойр дотнод үздэг хүний мөн чанарыг харгалзаж үзсэнээрээ илүү өвөрмөц болжээ... “Энэхүү ер бусын өргөн цар хүрээтэй хандлаганд нь татагдахгүй байхын аргагүй. Энэ үнэхээр түүний оргил болсон сод бүтээл” хэмээн доктор Фукуяамаг номынхоо талаар Мичиганы их сургуульд илтгэл тавихыг урьсан улстөр судлаач эрдэмтэн Артур Мэлзэр хэлж байв.

- Николас Вэйд, Нью-Йорк Таймс


    Хүн төрөлхтний улстөрийн зөн мэдрэмжийн тухай цоо шинэ, юм бодогдуулсан том хэмжээтэй зураглал... Дуусан дуустлаа сонирхол татсаар байх нь Освалд Спэнглэр, Станислав Андрески, Самюэл Хантингтон нарыг санагдуулах ч тэднийг бодвол арай өөдрөг, илүү сайн бичигджээ.

- Киркусын Тойм


    Улстөрийн онолч Фукуяама дэлхийн түүхийн янз бүрийн мөчүүдэд өөр өөр өнцөг буланд байсан овог аймгууд хэрхэн улстөрийн системтэй, инстүүцтэй, заримдаа бүр улстөрийн хариуцлага хүлээлгэж чаддаг нийгэм болон хувирсан тухай өгүүлсэн нь улс бүрэлдэн бий болох тухай нэгдсэн онол бараг дэвшүүлжээ... Энэхүү өргөн цар хүрээтэй, байн байн сэтгэлд бодол сэртхийлгэх бүтээл арванесдүгээр зууны аугаа социологичдын үзэл санааны охийг мөн өөртөө дайжээ.

- Брэндан Дрисколл, Бүүклист


НЭПКО хэвлэлийн газар