XX зуунд Монголын нутаг дэвсгэрт зөвлөлтийн цэрэг 1921, 1937, 1945, 1967 онд 4 удаа орж ирж байрласан байх ба хамгийн сүүлд ямар гэрээ, хэлэлцээрийн үндсэн дээр, аль таль нь санаачлан оруулж ирсэн бяцхан түүх сөхье. Энд миний тайлбар байхгүй. Нүцгэн баримтаас уншигч Та дүгнэлтээ хийнэ үү.


... Хоёрдугаар дайны дараа Зөвлөлтийн 39-р армийг Монголоос гэдрэг татаж оронд нь Дотоодын цэргийн төмөр замын ангиуд орж ирж байрлан, тэдний хүчээр төмөр зам барих бүтээн байгуулалтын ажлууд хийгджээ. “Власовчууд” гэж манайхны ярьдаг нь эд байсан билээ.

Гэхдээ Монгол-Зөвлөлтийн хооронд цэргийн хамтын ажиллагаа огт саараагүй. Тухайлбал “ЗСБНХУ-аас БНМАУ-д 1958 онд зэвсэглэл ба цэргийн техник хэрэглэл нийлүүлэх тухай Проткол (нууц)” гэдгийг байгуулан 1959, 1960, 1965 онд сунгасан ба 1964 онд тусад нь нууц хэлэлцээр (ЗСБНХУ-тай зэвсэг техникийн талаар байгуулсан нууц хэлэлцээр– 1964.09.21) байгуулсан байдаг аж.

1965 оны 12 дугаар сарын 1-нд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны хурал болж тусгай “маш нууц” тогтоол батлан Ц.Дүгэрсүрэн, Н.Жагварал, С.Лувсан, Д.Майдар, Д.Моломжамц, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Б.Лхамсүрэн, Н.Лувсанравдан нар гарын үсгээ зуржээ. Түүнээс үг үсэг гээлгүй байгаагаар нь эшлэе:


-    Дорнотод байдал хурцадаж олон улсын хооронд түгшүүрт байдал улам хүчтэй болж байгааг харгалзан тус улсын батлан хамгаалалтыг улам зузаатгах нь зүйтэй гэж үзсүгэй. Үүний тул ЗХУ-ын Зэвсэгт хүчнээс зохих ангийг гаргаж тус улсын нутагт байрлуулан өөрийн зардлаар барьж байх тухай хүсэлтийг ЗХУКоммунист Намын Төв Хороо, Зөвлөлтийн Засгийн газарт тавих нь зүйтэй гэж үзсүгэй.



Тогтоолд гарын үсэг зурсан даруйд мөн тэр өдрөө МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбалаас ЗХУКН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.И.Брежнев, ЗСБНХУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга А.Н.Косыгин нарт маш нууц захидал бичжээ. Түүнийг утгачилан буулгавал:
 
-    Дорнодод олон улсын байдал хурцдаж байгааг харгалзан улс орныхоо батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх арга хэмжээ авч байна.
-    Зөвлөлт Холбоот Улсын сэтгэл харамгүй тусламжаар Монголын ардын армийг орчин үеийн техник зэвсэглэлээр хангаж байна, армийн бие бүрэлдэхүүнийг зөвлөлтийн мэргэжилтнүүд сурган бэлтгэж байна, гэвч гэнэтийн халдан түрэмгийлэл үйлдэгдвэл эдгээр арга хэмжээ нь баталгаа болж чадахгүй хангалтгүй байна.
-    Эдгээрийг харгалзан БНМАУ-ын батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх зорилгын үүднээс ЗСБНХУ-ын Зэвсэгт хүчнээс цэрэг гаргаж Зөвлөлт Холбоот Улс өөрийн зардлаар Монголд байршуулан, тэр цэргээ орчин үеийн байлдааны хүчирхэг техник, зэвсэглэлээр хангаж, соёл-ахуй, аж ахуйн болон бусад зайлшгүй объектуудаар хангалт хийхийг хүсч байна.
-    Цэрэг байрлуулах газрын тухай болон бусад тодорхой асуудлыг жич хэлэлцэе.
-    Манай хүсэлтийг ЗХУКН-ын Төв Хороо, Зөвлөлт Засгийн газар ойлгон хүлээн авч нааштай шийдвэр гаргана гэдэгт хатуу итгэж байна гэжээ.     
 



Дээрхи хурал болон захидал илгээсэн нь Л.И.Брежнев тэргүүтэй ЗСБНХУ-ын нам–засгийн төлөөлөгчдийн айлчлалаас сар хагасын өмнө болж өнгөрсөн ба айлчлан ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ЗСБНХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Зөвлөлт Холбоот Улсын маршал Р.Я. Малиновский оролцсон нь анхаарал татахаар юм.

1966.01.15-нд Улаанбаатарт Ю.Цэдэнбал, Л.И.Брежнев нарын гарын үсэг зурсан Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай Гэрээн-д:

-    Социалист хамтын нөхөрлөлийн батлан хамгаалах хүч чадлыг хэлбэрэлтгүй бэхжүүлэх зорилттой уялдуулан хоёр этгээдийн батлан хамгаалах чадварыг хангахад харилцан туслалцах тухай чухал заалт орсон.
-    Найрсаг уламжлал ба НҮБ-ын Дүрмийг мөрдлөг болгон хоёр этгээдийн аюулгүй байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангах зорилгоор цэргийнхийг оролцуулан бүх талын зайлшгүй арга хэмжээг хамтран авах тухай мөн тэнд заажээ.
-    Улс түмний энх тайван, аюулгүй байдлыг ханган бэхжүүлэх, зэвсгийг бүх нийтээр бүрэн хураах, колоничлолыг устгах, Азийн улсуудын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд чиглэсэн бодлогыг СССР, БНМАУ хоёр тууштай явуулан, дэлхийн бөмбөрцөгийн энэ бүс нутагт империалист түрэмгийллийн аюулаас сэргийлж, тийм аюулыг арилгахын төлөө хамтран тэмцэнэ хэмээн заажээ.


Энэ заалтууд нь 1960-аад оны II хагаст Зөвлөлтийн цэрэг Монголд дахин орж ирж байрлах эрх зүйн үндэс болжээ.

1966 оны Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах тухай Гэрээний дараа байгуулсан хэд хэдэн эрх зүйн акт байна. Юуны өмнө цэрэг оруулж байрлуулахыг бататгаж 1967.03.04-нд гарын үсэг зурсан “БНМАУ-ын нутаг дэвсгэрт Зөвлөлтийн цэргийг байрлуулах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр байна. Уг хэлэлцээрийн 6 дугаар зүйлийн дагуу БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 59 дүгээр тогтоол 1969.08.11-нд гарч, зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлүүдэд 410 073 42 га (Дөрвөн зуун арван мянга гаруй буюу бараг хагас сая гектар) газар олгожээ. Мөн БНМАУ-ын иргэний хамгаалалтыг бэхжүүлэхэд тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын нууц хэлэлцээр (1969 он), Цэргийн техникийн нэгдсэн засварын газар байгуулах тухай нууц солилцох бичиг (1971 он), БНМАУ-д тусгай объект байгуулахад буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын нууц хэлэлцээр, БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр ураны орд газрыг ашиглах тухай нууц хэлэлцээр (1981 он) гэх мэтийг дурдаж болно...