-Танд Монгол Улсын баатруудад хүндэтгэл болгон дурсгадаг “Алтан сэлэм”-ийг өнгөрсөн цэргийн баяраар гардуулсан гэсэн. Батлан хамгаалах яаманд болсон энэ үйл ажиллагаа тун чимээгүй өнгөрөх шиг боллоо. Энэ  мэдээлэл үнэн биз дээ?

-Үнээн үнэн. Би Батлан хамгаалах яаманд очиж “Алтан сэлэм”-ээ авсан. Улсын баатарт алтан сэлэм өгөхөөс гадна нэрэмжит танхимтай болгодог учиртай юм байна лээ. Нэгэнт л уламжлал учраас “Алтан сэлэм”-ээ авсан.

-Танд өгсөн сэлэм тэгээд ямар янзын эд байна вэ. Хаана байрлуулсан бэ?

-Дандар баатрын сэлэм гээд урт сэлэм байдаг. Түүнтэй ижил шармал бариултай урт сэлэм байна лээ. “Алтан сэлэм”-ээ гэртээ байрлуулсан.

-Тэгвэл бас таны нэрэмжит танхим Зэвсэгт хүчний салбарт бий болж байгаа юм байна. Та тэр танхимдаа очсон уу?

-Би танхимдаа хараахан очиж амжаагүй байна. Уламжлалын дагуу бол би өөрөө очиж танхимын нээлтээ хийх учиртай юм билээ. Ямар ч байсан танхим байгуулахаар бэлдэж байгаа нь мэдэгдэж байна. Миний хэрэглэж байсан янз бүрийн эд зүйлс, бүтээл гэх мэт зүйлийг асуугаад байсан.

-Таныг УИХ-ын гишүүн гэхээсээ илүү Баатар гэж нэрлэх  нь их сонсогдож байна лээ. Та энэ хүндлэлийг хэр хүлээж авч байна вэ. Баатараа гэж дуудуулах нь чихэнд тань хэр хоногшиж байна вэ?

-Үнэндээ надад онцгүй санагдаж байгаа. Би хэзээнээсээ л Үүл ээ гэж дуудуулах их дуртай. Ингэж дуудуулахад дотнын харьцааны уур амьсгал мэдрэгддэг. УИХ-ын гишүүнээ ч гэж хэлүүлэх дуртай байдаггүй. Харин хүмүүс Үүлээ л гэхээр аятайхан санагддаг. Гэтэл өнөөдөр Баатараа гэхээр таалагдахгүй юм. Хүнийг нэрээр нь биш албан тушаалаар нь , эсвэл өгсөн цолоор нь дууддаг тааруухан зуршил манайд л байдаг. Нэр бол ямар ч албан тушаал цол хэргэмээс илүү үнэтэй зүйл. Ер нь хүмүүсийн харилцаа нэрээр нь дуудсан үед энгийн, дотно, албархаг бус байж чаддаг.

-Зарим хүн үүний эсрэг байдаг. Тухайн хүний байр байдал, зан араншин гээд нөлөөлдөг зүйл олон бий байх тийм үү?

-Магадгүй л дээ. Өөрийг нь гуайлаад л өргөмжлөөд байхаар таашаал авдаг, эсвэл хөлс нь бурзайж баяртайгаар зогсдог зүйл зөндөө харагддаг.Гэхдээ хөөрхий амьтад тэд өөрийнхөө тэнэг бүдүүлэг байдлыг ойлгохгүй байгаа юм. Миний хувьд харин ч ийм тэнэг бүдүүлэг байдалд орох вий гэхээс үнэндээ болгоомжилдог. Юм энгийн байхдаа л гоё байдаг.

-Байгаагаараа л байх гэж үү?

-Тиймээ. Энэ л их гоё санагддаг.

-Таны гэргий “Үүл бид хоёр” гэсэн дурсамжийн ном бичжээ. Номын дэлгүүрүүдийн гүйлгээ сайтай номын нэгэнд багтжээ. Яагаад гэр бүлийн дурсамжийн номоо гаргах болов?

-Бат-Үүлийнх гэдэг айлыг урлаж, бүтээсэн хүн нь миний хань. Тэр хүн өөрийнхөө бүтээлийн тухай бичсэн гэж ойлгож байна. Бат-Үүлийнх гэдэг айлыг бүтээхийн тулд яаж зүтгэснээ л бичсэн. Чин үнэнийг хэлэхэд би эхнэрээ дурсамжийн ном бичихэд нь дуртай байгаагүй ээ.

-Тэгэхээр эхнэрийн тань санаачилга байх нь ээ?

-Манай эхнэр л хоёр биенийхээ амьдралыг сайхан дурсаж бичье гэсэн юм яриад байсан .Харин надад юу хийсэн, яасан ч гэж дурсамж бичих гээд байгаа юм гэж бодоод дэмжих нь байтугай, их л хөндий хандсан даа. Бараг л хүйтэн хандсан гэж хэлж болно. Гэхдээ яахав. Манайх чинь их ардчилсан гэр бүл. Бие биенийхээ эрхийг хүндэлдэг болохоор эхнэр эрхээ эдэлсэн. Харин их л аятайхан, хүн уншихад зориулсан  ном болсон. Яагаад ч юм би эхнэрээ ном бичихэд нь дэмжээгүй, хүйтэн хандсан мөртлөө унших дуртай болчихоод байгаа юм. Номоо сөхөөд суухад сэтгэл хөдлөөд, сайхан дурсамжууд сэргэж ирдэг болсон. Ерөөсөө хамгийн сайн уншигч нь болсон гэж хэлж болно.

-Танай гурван хүүхэд ээжийнхээ бичсэн дурсамжийг юу гэж байна вэ. Хүүхдүүдийнхээ тухай ярихгүй юу. Хүүхдүүд тань бүгд л амьдралынхаа мөрийг хөөсөн том хүмүүс болоо биз. Нэг хүү тань лав бизнес эрхлэхээр шийдсэн гэж сонссон. Аав шигээ улс төрч болох хүүхэд бий юу?

-Манайх гурван хүүхэдтэй айл. Бага хүү маань лам. Одоо Швейцарьт байгаа. Харин ах, эгч хоёр нь аав, ээжийнхээ тухай дурсамжийн номыг баяртайгаар хүлээж авсан. Анхнаасаа л ээждээ ном бичих урам зориг өгч, аавын үгийг битгий тоо. Энэ ном манай ураг төрлийн тухай бичсэн судар болж үлдэнэ гээд л ээжийгээ зоригжуулж байсан. Тиймээс манай хоёр хүүхэд ер бусын баяртай байгаа. Хүү маань бизнес хийхээр шийдсэн. Миний хүүгийн үеийнхэн чинь бүгд л хүн бизнес хийх ёстой юм байна гэсэн ойлголтоор өссөн үеийнхэн. Хүү маань Хөдөө аж ахуйн чиглэлийн бизнес хийхээр ажлаа эхлүүлээд байна. Би хүүгийнхээ ажлыг их дэмжиж байгаа. Яагаад гэвэл хүүгийн маань эхэлсэн бизнес амжилттай болбол хөдөө аж ахуйн үйлдвэрт өгөөжтэй бизнес болох юм гэдгийг ярианаас нь ойлгож байгаа. Охин маань сэтгүүл зүйн сургууль төгссөн. Сэтгүүлч мэргэжилтэй. Би улстөрч болоогүй бол сэтгүүлч л болох байсан хүн. Сэтгүүлч миний хамгийн дуртай мэргэжил. Уг нь сэтгүүлч улс төрч хоёр чинь фронтын хоёр талд зогсдог. Гэтэл би нөгөө хилийн шугам руу давхиад орчихсон. Би охиндоо багаас нь л сэтгүүлч болоорой, аавынх нь хүсэж байсан мэргэжил шүү гэж хэлдэг байсан. “Сонор” гээд дуу бичлэгийн студи манай гэр бүлийн бизнес. Охин маань шоу бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг энэ студийнхаа ажлыг үргэлжлүүлэх бодолтой байдаг. Өөрөөр хэлбэл, мэргэжилтэйгээ уялдсан бизнес эрхлэх зорилготой байна гээд яриад байгаа.

-Хүүхдүүдээ бизнес эрхлэхэд аавын үзүүлэх дэм юу вэ. Хөрөнгө мөнгөний дэмжлэг нь илүүтэй байдаг уу. Таны дэмжлэг юу байдаг вэ?

-Мэдээж хэрэг би мөнгө төгрөгөөр тусалж чадахгүй, надад тийм бололцоо ч байхгүй. Харин миний дэмжлэг бол ухаанд нь ухаан нэмэрлэх л байдаг. Яг үнэндээ бидэнд улс төр нийгмийн амьдралд олж авсан туршлага байдаг. Энэ туршлагаасаа ухаан нэмэрлэхийг оролддог. Нэмэрлэж чадаж байна ч гэж боддог. Яагаад гэвэл миний хүүхдүүд аав юу гэж бодож байна вэ гээд хамгийн түрүүнд  зөвлөгөөг минь сонсдог. “За миний хүү чи хөдөө аж ахуйн чиглэлээр ялангуяа мал аж ахуйн салбарт бизнес хийх юм бол мал бэлтгэлийн тогтолцоо нураад унасан зах зээлд бизнес хийх гэж байгаагаа ойлгож байгаа биз.Тиймээс мал бэлтгэлийн тогтолцоо их чухал. УИХ-ч энэ асуудлыг ярьж байна” гэх зэргээр зөвлөдөг. Харин охиндоо шоу бизнесийн гол идэвхтэй хэрэглэгч нар нь хэзээд өсвөр үеийнхэн байсан. Тиймээс өсвөр насныхныг сонгосон зах зээлийг л сонгоорой гэх зэргээр ухаан нэмэрлэдэг. Бизнес хийж амьдралаа бүтээх гэж байгаа хүмүүст юмыг нь бэлэнчлээд өгвөл юуных нь бизнес болох вэ дээ. Аавынхаа татаасаар боссон байж болно. Тэгвэл аав амьд байгаад татдаг л юм байж. Гэхдээ амьдрах бат хүч чадлыг олж чадахгүй. Тэр өмөг түшиг байхгүй бол дагаад л нурж унадаг. Аав, ээж мөнх биш.

-2009 онд таны хувьд онцлох үйл явдал юу байсан бэ гэсэн асуултыг манай сонин тавьж байсан. Та аавын минь мэндэлсний 80 жилийн ой. Мөн ардчиллын 20 жилийн ойг бүх нийтээрээ анх удаа өргөн тэмдэглэх болсон нь онцлох үйл явдал гэж хэлсэн. Монгол Улсын баатар болсон тань бас нэг онцлох үйл явдал  мөн үү гэхэд тэгж битгий бичээрэй гэсэн. Таны аавыг мэдэхгүй хүн үгүй. Та аавынхаа талаар ярихгүй юу?

-Аавын минь 80 насны ой өнгөрсөн жил тохиосон. Би бурхан шүтдэггүй. Гэхдээ надад ямар нэгэн  шүтэх зүйл байх учиртай. Миний шүтээн бол аав л байсан. Би бүр жаахан багаасаа л аавыгаа мундаг хүн гэдгийг нь харж өссөн. Нүдээ нээж ухаан ороод л миний аав мундаг гэсэн ойлголттой болж, мэдэрсэн. Аавтай хөтлөлцөөд явж байхад л хүмүүс тойрч бүчнэ. Аавыг минь зүгээр явуулахгүй. Хүн бүр түүнтэй ярих гэж оролдоно. Гарын үсгийг нь авахаар зүтгэнэ. Миний аав наддаа бурхан.

-Тэгвэл ээжийнхээ талаар ярихгүй. Ээжтэйгээ очиж уулзах цаг зав сайн гаргадаг биз дээ?

-Бурхан байдаг юмаа гэдгийг ямар ч шашингүй үзлээр нотолдог хүн бол ээж хүн. Тэр хүний дундаршгүй хайр, үрийнхээ төлөө юугаа ч золихоос буцахгүй хайрыг харахаар энэ хайр хаанаас гардаг юм, байгальд ийм хайрыг хэн бий болгосон бэ гэж бодогддог. Эх хүний хайрыг юутай ч  эгнэшгүй юм. Үр хүүхэд нь мундаг л бол эх хүний сэтгэл тэнийнэ. Харин  үр хүүхэд нь мундаг бол ээжийнхээ ачийг хайрлаж байгаа хэрэг. Хүн бүр ээжийнхээ ачийг хариулах юмсан гэж боддог. Харин би ээжийнхээ хүсэж байгаа хүн л болчихвол ачийг нь хариулж байна гэж ойлгодог. Ээж маань одоо миний төрсөн өссөн гэр орон буюу голомтоо сахиад  байж байна. Ээжтэйгээ уулзаж, салхинд хамт гарна. Ойр ойрхон уулздаг.

-Ардчиллын 20 жилийн ойг бүтэн жил тэмдэглэхээр төлөвлөсөн. Та ардчиллын баярыг надад тохиолдсон онцлох үйл явдал гэж тодотгосон. Энэ талаар ярихгүй юу?

-Ардчиллын баярыг  анх удаа бүх нийтийн баяр болгон тэмдэглэсэн нь онцгой үйл явдал юм. Өмнө ардчиллын ойн жилүүд нь ардчилсан холбооны баяр эсвэл ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн л баяр болдог байлаа. Мэдээж хэрэг Ц.Элбэгдорж л үүнд шийдвэрлэх сайн үүрэг гүйцэтгэсэн. 1990 оны ардчилсан хувьсгалын утга учрыг бид энэ удаад л сайн ойлгосон. Миний хувьд “Ерөнхийлөгч надад юу хэлэв” гэдэг лекцийг Сэлэнгэ аймагт уншсан. 1911 оны хувьсгалын дутууг 1921 он гүйцээсэн. 1921 оны хувьсгалын дутууг 1990 оны хувьсгал гүйцээсэн. Энэ гурван хувьсгал хүйн холбоотой юм. Аварга хоёр хөршийнхөө дунд хувь заяагаа сонгох ч эрхгүй байсан ард түмэн ингэж үе дамжуулан буухиалж явсаар байгаад төгс зүйлийг хийсэн гэдгийг лекцдээ дурдсан. МАХН-ын гишүүд миний  лекцийг сонсоод гайхаж байсан. 1921 оны ардын хувьсгал, 1961 онд  улс орноо Нэгдсэн үндэстний байгууллагын гишүүн орон болгоход МАХН гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ бүхэн яах аргагүй  та бүхний  гавьяа мөн гэж МАХН-ын лекц сонсож суусан гишүүдэд хэлсэн. Хэдий бид тусгаар тогтнолоо олсон улс болсон ч бүгдийг Москвагаас удирддаг түүхэн үе байсан. Харин үүнийг 90 онд болиулсан. Энэ хувьсгалыг хийсэн 90 оны хувьсгалчдадаа ч баяр хүргэе гэдгийг ч лекцдээ онцолсон. МАХН-ын гишүүд гайхсан. Тэр тусмаа надаас ийм үг гарна гэж санаагүй л дээ. Зарим МАХН-ын ахмад гишүүд хоолой нь зангирч, нулимс унагааж харагдсан. Бид түүхийн үнэнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. МАХН, АН хоёр ардчилсан нийгэмд өрсөлдөж байгаа хоёр хүчин. Эвлэршгүй дайснууд биш. Эвлэршгүй дайснууд бишээр барахгүй энэ хоёр нам буухиалж явсаар нэг түүхийг бүтээсэн.

-Та сүүлийн үед  мэтгэлцээний зарчмаар үзэл бодлоо илэрхийлж байна. Х.Баттулга сайд, Х.Тэмүүжин гишүүн хоёртой сонин хэвлэлээр үзэл бодлоо уралдуулж байгаа талаараа ярихгүй юу?

-Улс төрчид бодлогын асуудлаа ард түмний өмнө хөдөлмөр гаргаж илэрхийлэхийн тулд мэтгэлцэж сурмаар байна. Олон түмэн бидний ярьж байгаа зүйлийг ойлгоосой гэсэндээ гэгээрлийн ажил хийгээд байгаа юм. УИХ дээр Х.Баттулга бид хоёр тохой залгаж суугаад тэндээ маргалдаж, зөвшилцөж  болно. Гэхдээ энэ нь олон түмэнд өгөөжгүй юм. Жишээлбэл, Х.Баттулга бид хоёрын маргаанаас гэр хорооллыг орон сууцжуулах нь аргын хувьд ялгаатай зүйл юм байна. Хэнийх нь зөв бэ гэдэгт хүмүүс анхаарлаа хандуулсан байх гэж бодож байна. Хүмүүсийн амьдралын хамгийн чухал асуудлаар нээлттэй маргаж чадсан гэж хүмүүс хэлж байна лээ. Х.Тэмүүжин бид хоёрын мэтгэлцээн ч сонирхолтой байсан. Миний хувьд парламентыг хоёр танхимтай байлгах санал дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэг танхимыг нь сум бүрээс сонгогдсон төлөөлөгчдөөс, нөгөө танхимыг нь пропорциональ тогтолцоогоор бүрдүүлэх юм. Х.Тэмүүжин үүнийг няцааж ярьсан. Х.Тэмүүжингийн няцаалт үндэслэлтэй сайн  байсан. Гэхдээ би Х.Баттулга сайдтай мэтгэлцээд, түр завсарласан байгаа. Х.Тэмүүжинтэй дахиж мэтгэлцэнэ гэж бодож байгаа.

-УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг юу гэж үзэж байна вэ. Хууль сайн муудаа биш хэрэгжүүлж чадаагүйгээс гэдэг. Ер нь сонгуулийн хуулиа өөрчлөх шалтгаан юу вэ?

-Тэгдэг тэгдэг. Сонгуулийн хуулиа өөрчлөх шалтгаан нь нэгдүгээрт, өнгөрсөн үйл явдлын сургамж байсан. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх явцад алдаа гарлаа. Алдаанаас болоод долдугаар сарын нэгний өдөр золтой л аймшигтай юм болсонгүй. Тэр үйл явдал бол наад хууль чинь болохгүй байна шүү гэдгийг харуулж байгаа хангалттай сануулга. Бодлогын утгаар нь авч үзвэл Монгол Улс уул уурхайн баялагтай болж, гадна дотнынхон баялгийн төлөө өрсөлдөж эхэллээ. Энэ өрсөлдөөн нь Монголын улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож, цаашид нийгмийг сунжирсан хямралд автуулбал баялгийн хараал бидэнд хүрнэ. Тийм баялгийн хараал руу явахгүй байх цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Түүний нэг нь сонгуулийн асуудал юм. Улс төрийн эрх мэдлийг дангаар  ярихаа байлаа. Харин улс төрийн эрх мэдэл хэн авсан нь баялаг дээр хяналтаа тогтоох гээд байна. Тэгэхээр бизнес, улс төр, намын бүлэглэлүүдийн цаана байгаа санаархал нь энэ их баялаг болж, баялгаас олох орлогыг хэн хянах вэ гэдэг тэмцэл болж байна. Тэмцээд ч эхэлсэн. Одоо сонгуульд ялагдаж, улс төрийн эрх мэдлээ алдлаа гэдэг өмнөх шиг гэнэн цаг өнгөрсөн гэж ойлгож болно. Уул уурхайн баялагт хяналт тогтоохын тулд яахаас ч буцахгүй болсонд л би болгоомжилж байгаа юм. Ийм дотоодын хямрал руу түлхэх зүйл дэлхийн жишгээс харахад ихэвчлэн сонгуулийн дүн байдаг. Сонгуулийн дүн булхайтай гарвал л бие биенийхээ засаглалыг хүлээн зөвшөөрөхгүй үзэж тарж байна. Тиймээс л ямар ч маргаан гарахгүй, нийтээр хүлээн зөвшөөрүүлэх сонгууль хийх хуультай болох хэрэгтэй.

-С.Зориг агсны төрсөн өдөр тохиох үеэр С.Оюун гишүүн “ахтай минь хамтран зүтгэж байсан хүмүүс хэргийн илрүүлтэд санаа тавиасай. Хааяа ч гэсэн дуугарч байгаасай билээ гэсэн гомдлын аястай үг унагааж байсан. Та юу гэж хэлэх вэ?

-Би энэ асуудлаар С.Оюун гишүүнд хандаж л байсан. Мөнгө босгоё, гадна, дотноос мэргэжлийн өндөр чадвартай шинжээчид авч ирье гэсэн саналууд хэлж байсан. Ц.Элбэгдорж бид нар ч гэсэн суугаад ярьж байсан. Хувь хүний зүгээс энэ хэргийг илрүүлэх асар их сонирхол бий. Яагаад гэвэл  энэ хэрэгт хамгийн их гүтгүүлж, хамгийн их доромжуулж, чичлүүлсэн хүн бол би. Тиймээс надад хэргийг илрүүлэх чин хүсэл бий. С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг илэрсэн үед хүнийг ямар их муухай гүжирдэж байсан юм бэ гэдгийг ард түмэн ойлгоно. Бид хамт зүтгэж байсан нөхрөө алуулсан. Хэрэгтнийг олж хатуу цээрлүүлэх учиртай. Нэг үгээр хэлбэл, бидэнд найзынхаа өмнөөс авах өс хонзон байдаг. Андынхаа хэрцгийгээр алуулсан шалтгааныг олсноор бидний өс хонзон байхгүй болно. С.Зориг шиг том хүн, төрийн сайд хийж байсан хүнийг хөнөөсөн хэрэгтэн олдохгүй байгаа юм бол жирийн ардыг алсан хэрэг илрэхгүй байх нь юу ч биш  гэсэн үг. Энэ нь зэрлэг балмад араншинтай хүнд хэрэг илэрдэггүй байж болдог юм байна гэсэн горьдлогын цонх нээж байна. Нийгэмд маш аюултай зүйл харуулж байгаа юм.