Дуурь бүжгийн эрд­мийн театрын захирал Ч.Мөнх­зултай ярилцлаа. Сонгодгууд чуулдаг энэ ордонд сүүлийн үед асуудал байгаа тухай хэв­лэлд бичигдэж байна. Тиймээс чухам юу болоод бай­гаа талаар захирал Ч.Мөнх­зулаас тодруулахаар шийд­лээ. Түүнээс гадна өнгөр­сөн хавар түүнийг шинэ албан­даа томилогдоод хэд хонож байхад нь ярилцлага авъя гэж ирэхэд тэрбээр "Дөнгөж ажлаа аваад байгаа би юу хийсэн гэж ярих билээ. Харин жилийн дараа хийсэн бүтээ­сэн зүйлтэй сууж бай­на гэж бодож байна. Тэр үед ярилцлага заавал өгнө" хэмээж байсан юм.

 

-Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирлын өрөөнд орж ирэх­дээ захирал нь жилийн өмнөх шигээ төгөлдөр хууран дээр компьютерээ тавьчихаад юм бичээд сууж байх вий гэдгээс айж байлаа шүү. Ямар ч байсан өрөөндөө ширээ, сандалтай болоод авчээ...

-Та өнгөрсөн хавар миний ямар байдалтай байсныг са­нуулж байна уу. Тухайн үед дөн­гөж ажлаа аваад уран сайх­ны удирдагчаар МУГЖ А.Даш­пэлжээ гуайг хамтран ажиллахыг урьчихаад байсан үе. Өмнөх дэд захирал маань өрөөгөө хувиасаа тохижуулсан байсан учраас тавилгаа авч явсан. Гэтэл би хүнд ажил даалгаж өгч байж хогийн савнаас өөр хог­шил­гүй өрөөнд суулгаад байлтай биш өөрийнхийгөө өгчихсөн байсан үе л дээ. Та орж ирээд "Дуурийн театрын даргын ширээ төгөлдөр хуур байдаг юм уу" гэж асуусныг санаж байна. Тэгэхэд надад театрын бичиг цаасны хувьд цэгцлэхээс эхлээд ажил их байлаа. Одоо тэр үеийг бодвол теат­рын­хаа талаар, хийсэн зүй­лийн­хээ талаар ярих юмтай сууж байна шүү.

-Таныг энэ албанд ирэхээс чинь эхлээд л мэргэжлийн бус хүн гэгдэж байсан. Одоо ч энэ талаар хааяа сонстох юм. Та ийм дүгнэлтэд хэр эмзэглэж байна даа?


-Би үүнд огт эмзэглэдэггүй. Театрыг удирдлагаар хангах нь миний үүрэг болохоос би дуулж, бүжиг­лэж, хөгжимдөж суух үүрэг­тэй хүн биш шүү дээ. Би хөгжимчний гэр бүлд төрөөгүй, балетын бүжигчний мэргэжил эзэмшээгүй, дуурийн дуучин шиг хоолойтой хүн биш. Мэргэжлийн гэсэн үнэмлэх, дипломтой байх, харин тэр ажлыг хийж чадах хоёрын хооронд том зөрүү бий гэж боддог. Гэхдээ надаас уран бүтээлч­дээ үнэлж, мэдэрч чаддаг уу гэвэл би өөрийгөө тийм гэж хэлнэ. Би энэ театрт ажилладаг гайхамшигтай уран бүтээлчдийг дэмжиж хөгжүүлэх зорилготой, ажил үүрэгтэй хүн.

-Танай театр ерөнхий най­руу­лагчгүй болчихсон юм уу. Энэ албыг хашиж байсан Г.Эрдэнэбаатар ч хэвлэлүүдэд ярилцлага өгсөн байсан. Яагаад түүнийг ажлаас нь явуулсан юм бэ?

-Г.Эрдэнэбаатар гэдэг хүн "хөгжмийн театрын найруулагч" гэдэг дипломтой байгаа нь энэ театрын ерөнхий найруулагчийн ажлыг хийж чадсан, эсвэл чадна гэдгийн баталгаа биш шүү дээ. Тэр хүн ажлаа хийж чадаад, бодлогоо бариад явж байсан бол хамт олон нь ажлаа хийж чадахгүй байна гэсэн үнэлгээ өгөхгүй л байсан байх. Би төрийн ажлыг өөрт л хал балгүйхэн байвал илүү хөдлөхгүй, юу ч хийхгүй чимээгүй сууж байгаад л цалин аваад явж байдаг өчүүхэн хүмүүсийн ажил биш гэж боддог. Би тийм сэтгэлээр ажиллаж ч чадахгүй. Тийм учраас театрын эрх ашигт аль нь хэрэгтэй вэ гэж бодож шийдвэр гаргасан. Яахав, ажлаас чөлөөлсөн хүн нь би болохоос биш Г.Эрдэнэбаатарыг ажилдаа тэнцэхгүй учраас халах тухай яриа аль эртнийх юм билээ. Нийт ажиллагсдын дунд явуулсан санал асуулгаар 60 гаруй хувь нь түүнийг ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн юм.

-Танайхны олонхи нь яагаад түүнийг ажилдаа тэнцэхгүй гэж үзсэн юм бол?


-Ерөнхий найруулагчийн ур чадварыг уран бүтээлийн чанар, дуучдын хөгжил, ур чадвараар хэмжинэ. Гэтэл дуучидтайгаа огт ажилладаггүй хүн яаж уран бүтээ­лийн чанарт анхаарах юм бэ. Манай театр авьяастай, чадал­тай сайхан залуу дуучидтай. Гэтэл дуурийн нүүр царай, нөгөө талаар "гол хэрэглэгдэхүүн" болсон дуучдын хөгжил өөрт нь огт хамаагүй мэт байсан учраас л хүлээн зөвшөөрөөгүй болов уу. Дуучид маань "Ганц хүн ерөнхий найруулагч гээд ажил хийхгүй сууж байхын оронд олон найруулагчтай байж, дуурь бүр дээр шинэ, өөр хүнтэй ажиллаж хөгжмөөр байна..." гэсэн хүсэлт тавьсан. Тийм учраас бид шинэ болон шинэчилж байгаа бүтээлүүд дээр өөр, өөр найруулагч ажил­луулж, тэр дундаа гадны найруулагчидтай ажиллаж уран бүтээлчдээ хөгжүүлж байна. Ерөнхий найруулагч гэдэг хүн уг нь дуурийн хөгжлийн бодлогыг тодор­хойлогч байх ёстой. Гэх­дээ тэр хүн өөрийнхөө уран бүтээлчдийн бодит боломжийг ч мэд­дэггүй байж бодлого тодор­хой­лох тухай ярих нь утгагүй. Энэ театрт мэргэжлийн уран бүтээлийн удирдлагаас бүрдсэн уран сайхны зөвлөл бий. Уран сайхны зөвлөл бодлогоо бариад театрын ажил хэвийн л явж бай­на. Энд би нэг зүйлийг заа­вал дурдмаар байна. Яагаад ерөнхий найруулагчгүй театр гэдэг асуудал яригдаж байгаа вэ гэхээр сонгодог урлагийн мэргэжлийн боловсон хүчний хан­галтын асуудлаас болж бай­гаа юм. Дуурийн найруулагч, удирдаач, балетмейстер, бале­тын бүжигчин, дээд боловсролтой хөг­жимчин, фонетр эмч гээд манайд дандаа ховор, бас хүнд мэргэжил байдаг. Эдгээр мэргэжлийн боловсон хүчнийг, ялан­гуяа уран бүтээлийн удир­дах боловсон хүчнийг тасралт­гүй, нөөцтэйгөөр бэлтгэх бодлого алдагдсан учраас шинэ залуу мэргэжилтэн байхгүй, бодлогын чанар­тай хүний нөөцийн асууд­лыг шийдвэрлэх боломжгүй бай­гаад л гол асуудал нь байгаа юм.

-Энэ оны эхэн дээр театрын ерөн­хий балетмейстер Х.Гэрэл­чимэг ажлаа өгсөн. Хэдий­гээр эрүүл мэндийн улмаас гэж хүсэлтээ гаргасан ч гэсэн өөр шалтгаантай байсан гэсэн?


-Х.Гэрэлчимэг багш эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас гармаар байна гэсэн хүсэлтээ өөрөө гаргасан. Та өөрөөс нь асууж болно шүү дээ.

-Түүнтэй хамтран ажиллаж чадах­гүй гэж танай балет ангийнхан гомдол гаргасан гэдэг үнэн үү. Бүжигчдээ элд­вээр загнадаг, дарамталж ялгамж­тай ханддаг гэж. Ер нь энэ театрт үеийн үед ерөн­хий балетмейстер нар гэж томоо­хон дарамтлагч нар байдаг юм уу?


-Би хувь хүнийхээ хувьд Х.Гэрэлчимэг багшийг маш их хүндэтгэдэг. Тэр бол сайн багш. Таны асуусанчлан манай балет ангийн 20 уран бүтээлч Х.Гэрэлчимэг багштай ажиллаж чадахгүй гэж бичгээр хүсэлтээ илэрхийлсэн нь бол үнэн. "Бүжигчдийг ялгаварлаж харьцдаг, цөөн хүнийг л хүн гэж үздэг, бусдыг дарамталж доромжилдог учраас ажиллахад хэцүү, балетын шинэ удирд­ла­гатай болмоор байна" гэсэн утгатай хүсэлт байсан. Ингэснээр нэг хүний эрх ашгийг хамгаалах уу, хорин залуу хүний хүсэл, санал бодлыг хүндэтгэх үү гэдэг том асуудал босч ирсэн л дээ. Энэ үед Х.Гэрэлчимэг багш ч хүсэлтээ гаргасан. Түүнийг репетитор багшаар ажиллаач гэж гуйхад "Эрүүл мэндээ бодно, гадагшаа явж эмчлүүлэх гэж байгаа, ачаалал ихэснэ" гээд татгалзсан.

-Үүний дараахан хэвлэлээр Х.Гэрэлчимэг гэдэг хүн байхгүй бол балет хэцүүднэ гэж бичиж байсныг та анзаарсан уу.

-Би өөрөө сэтгүүлч мэргэ­жил­тэй хүн. Мэргэжил нэгтэй байж ингэж хэлсэнд битгий эмзэг­лээрэй. Би заримдаа сэт­гүүлч­­дэд урам хугарах юм. Сэт­гүүл­чид мэдээллийг олон эх сурвалжаас аваад түүнийгээ үзэгч, уншигчдад бодитоор хүр­гэх ёстой болохоос биш өөрийнхөө өрөөсгөл сэтгэгдэл, санаа бодлыг бусдад хүчээр тул­гах ёсгүй. Нэг сэтгүүлч "Х.Гэрэлчимэг гэдэг хүн ажлаа өгснөөс болоод Монголын балет эзэнгүйдэж сөхөрч байна" гэж бичсэн байсан. Тэр хүн манай уран бүтээлчидтэй уулзаж бодит мэдээлэл авсан уу үгүй юу гэд­гийг би мэдэхгүй юм. Харин энэ театрын ачааг үүрээд уран бүтээлээ хийгээд явж байгаа олон сайхан залуучуудын хөлс, хөдөлмөр, уран бүтээлчдийн маань урам зоригийг үгүйсгэх ёсгүйг л би мэдэж байна. Балет сөхрөх биш уг нь улам л урагшилж байгаа даа.

-Тэгвэл ерөнхий балет­мейстерийн талаар одоо таны хийсэн сонголт зөв гэдэгтээ итгэлтэй байна уу?


-Энэ бол миний биш, манай балет ангийн хамт олны, мөн манай театрын уран сайхны зөвлөлийн сонголт. Бид сонгон шал­гаруулалтыг нээлттэй зар­лаад, балетынхаа нийт бие бүрэл­дэхүүнээс саналыг нь авсан. Уран сайхны зөвлөл маань хуралдаж байгаад тэр хүмүүсээс хамгийн өндөр санал авсан хоёр хүнээс хэлэлцэж сонгосон юм. УДБЭТ-ын хувьд ерөнхий балетмейстер гэдэг хүн бол хамт олноо бүрэн дагуулж, мэр­гэжлийн удирдлагаар хан­гаж чадах, уран сайхны зөв­лөлд байж уран бүтээлийн бод­ло­гыг барилцдаг хүн байх ёстой. Одоо манай ерөнхий балетмейстерээр урьд нь энэ театрын бүжигчин, багш байсан Д.Дашлхагва ажиллаж байна. Ажил хэвийн сайн л явж байна. Уг нь энэ бол манай байгууллагын дотоод асуудал л даа. Аль ч албан байгууллага боловсон хүчнийхээ асуудлыг дотооддоо шийдээд, хариуцлагаа үүрээд явдаг шүү дээ. Харин "ерөнхий балетмейстер" гэдэг нэр томъёо­ны хувьд бас жаахан бодууштай зүйл байгаа юм.

-Танай ДБЭТ-т ямар ч дар­гын үед хэл ам гарч байдаг. Бусад урлагийн байгууллагууд гай­гүй шиг л байх юм. Яагаад Дуурийнхан ийм байдаг юм бол?

-Миний өмнө яг ямар байсныг би мэдэхгүй, мэдэх ч албагүй байх. Гэхдээ урлаг өөрөө ширүүн, өрсөлдөөнтэй талбар. Тийм болохоор олон жилийн турш ийм асуудалтай байсан гэдэг. Мөнхзул байсан байгаагүй, өөр хэн ч байсан энэ маягаараа байх байсан байх. Миний хувьд хэл амнаас айж бэргэж ажлаа хийнэ гэж байхгүй. Зөв зүйтэй гэж үзснээ сайн хийгээд урагшлах ёстой. Ганц нэг хүний үгээр биш нийт хүмүүсийнхээ дунд санал асуулга явуулж шийдвэр гаргаж бай­гаа. Ажилдаа тэнцэхгүй хүнийг мэдсээр байж өөгшүүлээд байвал би ажлаа сэтгэлээсээ хийхгүй байна гэсэн үг биз дээ?

-Ярианы эхэнд та өөрийгөө уран бүтээлчдийг үнэлж дэмжиж чадах хүн гэсэн. Та тэднийгээ дэмжиж дэмнэх тал дээр яг ямар ажил хийсэн бэ. Танай уран бүтээлчид таны хийснийг хэрхэн үнэлж байгаа бол?

-Хүмүүс миний хийж байгаа ажлыг өөр, өөрийнхөөрөө хүлээн авч дүгнэж цэгнэнэ. Бүгдийнх нь сэтгэлд таарах албагүй бас боломжгүй. Миний хувьд өөрийн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд зөв зүйтэй гэж үзсэн зүйлээ сайн хийх гэж хичээж байна. Манай театрын гоцлол дуучдын 70 хувь, балетын бүжигчдийн 80 хувь, найрал дуучдын 50 орчим хувь, хөгжим ангийн 30 орчим нь 27-гоос доош насны залуучууд байгаа. Тэдний хувьд мэргэжилдээ өсч дэвжих, цааш суралцах, дадлагажих, гадаад улс оронд тэмцээн уралдаанд орж өөрсдийгөө сорих гээд олон зүйл хэрэгтэй. Гэтэл манай төсөвт уран бүтээлчдээ үндсэн мэргэжлээр нь мэргэжил дээшлүүлэх, давхар мэргэжлээр сургах, гадаад улс оронд явуу­лах, дадлага хийлгэх хөрөнгө бай­даггүй. Тийм учраас би аль болох өөр эх сурвалжаас санхүүжилт олж уран бүтээлчдээ гадаад улс оронд явуулах, дотоод­доо байгаа боломжоо ашиглаж боловсрол, мэргэжилд нь анхаарахыг хичээж байна. Одоо дөрөвдүгээр сарын 1-нээс сургалтын танхим бий болгож дотооддоо хуулийн зөвлөгөө, нийгмийн даатгал, татвар, эрх зүй болон бусад шаардлагатай мэдээллээр хангах сургалтын хөтөл­бөр боловсруулаад бай­на. Тавдугаар сарын 1-нээс долоо хоногт хоёр удаа англи хэл­ний, хоёр удаа герман юм уу итали хэлний хичээл оруу­лахаар бэлтгэж байна. Өөрийгөө хөгжүүлэх бололцоог нь бүрдүүлэх гэж зорьж байгаа хэрэг юм.

-Та сэтгүүлчээс гадна урла­гийн менежер хүн. Ажил авах­даа гадаад харилцаандаа анхаар­на гэж хэлж байсан.  Энэ талаар хэр ахицтай байгаа вэ?

-Гадаад харилцааг өргөжүү­лэх бол миний үндсэн ажлын л нэг шүү дээ. Зөвхөн 2014 оныг ярихад нэг, хоёрдугаар сард манайд Португалийн балет­мейстер Хьюго Виэра ажиллаж "Диваа­жин энд байна" цоо шинэ модерн балетыг тавьсан. Өнгөр­сөн хоёрдугаар сард манай дуурийн шилдэг есөн дуучин Улаан-Үд хотод концерт тоглож тэдний үзэгчдийг байлдан дагуу­лаад ирлээ. Мөн хоёрдугаар сарын сүүл гуравдугаар сарын эхэнд манай дуучид АНУ-ын Сан Франциско хотод тоглоод ирлээ. Саяхан манайх Австрийн найруулагчтай ажиллаж "Дон Жуан" дуурийг сэргээн тоглосон. Манай залуучуудыг сар гаруйхны дотор ямар сайн задарч, ямар их хөг­жив өө гэж мэргэжлийн хүмүүс гайхаж байсан. Одоо тавдугаар сард тоглоход нь ирж үзээрэй, өөрийн нүдээр хараарай гэж үзэгчдийг урьж байна. Дөрвөн гоцлол дуучнаа БНСУ-ын Тэжун хотын театрт нэг сар дадлага хийл­гэхээр боллоо. Тэд дадлагаа хийчихээд "Чио Чио Сан" дуурьт дуулчихаад ирнэ. Дуучид маань маргааш явах гэж байна. Намар дөрвөн дуучнаа Австри улсад хоёр долоо хоногийн дадлага хийл­гэхээр явуулна. Бүх зардлыг цаад талаас нь даалгахаар тохи­ролцсон байгаа. "Дөрвөн хүний гадаадад бүтэн сар байх зардал өгөөч" гэвэл улсын төсөв хэцүү бай­хад битгий дэмий юм ярь л гэх байх. Харин бид цаад талаасаа бүх зардлыг гаргуулахаар ярьж тохирч чадсан. Гоцлол дуучин Э.Сайнбаярыг дөрөвдүгээр сард Солонгос улсад болох олон улсын концертонд явуулах гэж байна. Бас тавдугаар сард Солонгосын шилдэг дуучид манайд ирж "Чио Чио Сан" дуурьт дуулна. Мөн нэг хөгжимчнөө Австри улсад богино хугацааны сургалтанд явуулах гэж байна. Ирэх арваннэгдүгээр сард манай дуучид ОХУ-д очиж тоглоно. Манай театрт энэ оныг дуустал Испанийн шилдэг бүжгийн хамтлаг, Швейцарийн найрал дуу, Германы оркестр ирж тоглоно. За тэгээд Солонгос, АНУ, Италийн удирдаачид ирж зарим бүтээлийг удирдан тоглуулна гээд төлөвлөсөн ажил их байна шүү дээ.

-Маш их ачаалалтай ажил­лаж байна. Улирлын сүүл рүү бүр ч их ажилтай байх нь гэж танайхан ярьж байна лээ?

-Энэ жилийн хувьд ачаалал ихтэй байгаа нь үнэн. Бид энэ жил сар бүр нэг онцгой ажил хий­­нэ гэсэн төлөвлөгөөтэй бай­­гаа юм. Ирэх зургадугаар сард Л.Мөрдоржийн "Хөхөө Нам­­жил" дуурийг шинээр тави­на, Б.Шаравын "Чингис хаан" дуурийг бас хөгжмийн бүтээ­лийн хувьд шинэчилж байгаа. Энэ хоёр бол манай үндэсний брэнд болгохоор зорьж байгаа бүтээ­лүүд. Намар 52 дахь улирлын нээлтээ "Учиртай гурван толгой "дуурийн 80 жилийн ойгоор нээ­нэ. Үндэсний ууган дуурь маань 80 нас хүрч байна. Мөн Монгол Улсад найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Тэгээд оны сүүлийн сард бид цоо шинэ бүтээл "Төгсгөлгүй" танго балетыг тавьж 2014 оныг үдэх болно. Энэ бол бидний хийх л ажил.

-Танай дуучид Америкт дуулсан гэлээ. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Би сая АНУ-ын Сан Фран­циско хотод болсон Пан Азийн хөгжмийн наадамд оролцсон Мон­голын багийг удирдан ажил­лаад ирлээ. Энэ бол сал­барын яамнаас бодлогын чанар­тай­гаар Монголынхоо соёл урла­гийг сурталчлах, соёлын ая­лал жуулчлалыг хөгжүүлэх анхаарч хийсэн ажил. Тэнд манай дөрвөн гоцлол дуучин Ж.Вердийн "Реквием" дуурийг хоёр удаа концертын хэлбэрээр бүтэн дуулж Монголын дуурийн урлаг дэлхийн түвшинд байгааг харуулсан. 900 хүний суудалтай Стэнфордын Бинг холл танхим, 1200 суудалтай Стэнфордын сүм хоёр дуулахад нэг ч сул суу­далгүй дүүрэн үзэгчтэй байлаа. Энэ бол Монголын сонгодог урлагийн түвшний илэрхийлэл гэж бодож байна.

-Саяхан танай дуучин Ч.Энх­тайван хэвлэлд өгсөн ярилцлагандаа актлах болсон төгөл­дөр хууруудтай, байнгын бэлтгэлтэй байхын тулд концерт­мейстер хэрэгтэй байна гэсэн байсан?

-Бүх гоцлол дуучдын өрөөнд, найрал дуучдын өрөөнд, найрал дуучдын бэлтгэлийн өрөөнд, концертмейстерүүдийн өрөөнд нэг нэг төгөлдөр хуур байх ёстой. Гэтэл одоо манайд байгаа төгөлдөр хуурын хамгийн залуу нь 30 жил болсон хөгжим. Ихэнх нь хөг авахаа байсан. Хөглөөд л дорхноо хөг нь гарчихна. Яг үнэндээ бодитоор бидэнд 20 төгөлдөр хуур хэрэгтэй л байна. Ноднингоос хойш би энэ санхүүжилтийг хайгаад олоогүй л явна. 2013 оны гуравдугаар сард Ерөнхийлөгчийн Тамгийн Газрын санхүүжилтээр манайд тоглолтын шинэ төгөлдөр хуур болон үлээвэр хөгжим цогцоороо шинэчлэгдсэн. Салбарын сайд маань энэ жил чавхдаст хөгжмийг цогцоор нь шинэчилж өгөхөөр амласан байгаа. Төгөлдөр хуур бол бодит шаардлага, харин бодит бус гэвэл театрын ажлыг бодитоор нь ойлгож мэдэхгүй байгаа хүмүүсийн шальдар булдир яриа, эсвэл санаатай, санамсаргүй худал мэдээлэл л хамгийн хэрэггүй зүйл байна даа.

-Танайх хэдэн концерт­мейстертэй юм бэ. Нэг дуучин хоёр, гурван сараар дуулах боломжгүй байна гэх гомдол ч хэлсэн, бас театрын уран бүтээлийн удирдлагуудад таагүй байгаагаа хэлсэн байна лээ... Энэ талаар?

-Манайх уг нь дуурийн гурав, балетын хоёр орон тооны концертмейстертэй. Дуурийн нэг концертмейстер саяхан амар­жаад хоёр хүн дээр ачаалал хэцүү байсан юм. Бид "Дон Жуан" дуурь дээр гэхэд сургуулиудаас гурван концертмейстер урьж цагаар ажиллуулсан. Би энэ жил дуурийн нэг концертмейстер, нэг контрбасс хөгжимчин авах гээд хэдэн сар хайгаад олж чадахгүй л байна. Цалингийн фондыг нь зохицуулчихаад байдаг, хүн нь олдохгүй л байна даа. Харин нэг хүн хэдэн сараар дуулахгүй байгаа гэдэг бол тухайн хүнээс өөрөөс нь бас хамаардаг юм шүү. Уран бүтээлийн ажлын зохион байгуулалтыг уран сайх­ны зөвлөл хуваарилаад шийдвэрлэдэг, гэхдээ тухайн уран бүтээлч бэлэн биш бол өөр асуудал шүү дээ.

-Хаа сайгүй эдийн засгийн хямрал гээд амаргүй байхад танайд төгөлдөр хуур авч өгнө гэдэг юу л бол. Улсын төсөв хүндрэлтэй байгаа нь танай ажилд хэр нөлөөлөх бол. Энэ жил олон шинэ уран бүтээл төлөвлөсөн гэж байна, санхүүжилтийг нь хэрхэн шийдвэрлэх вэ?


-Наадахыг чинь хэлэх юмсан гээд л бодоод байлаа. Төрийн мэдлийн байгууллага учраас, нэг чухал зүйл бол санхүүжилт цагтаа, яг бидний төлөвлөсөн ёсоор ирдэг байх их чухал. Сая гэхэд л бид оны эхэн дээр уран бүтээлийн зардлынхаа нэлээн их хэсгийг буюу 60 гаруй сая төгрөг төсөвлөсөн байсан. Учир нь бүтэн жилийн тоглолтын хэрэгцээнд балетын шаахай, трико, каскины хангалт хийх, нүүр будгийн хэрэгсэл иж бүрдлээр нь авах төлөвлөгөөтэй байлаа. Гэтэл тэр төсөвлөсөн мөнгөний тэн хагасыг хойшлуулаад хасчих юм. Ингэснээр бид гадаадаас авдаг чухал хэрэглэгдэхүүнүүдээ авч чадахгүй, бүр гадны байгуул­лагын өмнө хүртэл өртэй болж хоцорч байна. 2013 онд манайх орлогоо 113 сая төгрөгөөр давуу­лан биелүүлсэн. Энэ бол миний ажлын бас нэг үр дүн гэж бодож байна. Харин энэ мөнгийг маань бидэнд бүтнээр нь өгөх чухал байна. Тэгвэл давсан орлогоосоо уран бүтээлдээ, уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах илүү боломж гарна.

-Танайхны нийгмийн асуу­дал дандаа хаягддаг. Гад­наа мундаг сонгодог урлагийн хүмүүс гээд байдаг ч халаас нимгэн явах нь бий. Та хүмүүсийнхээ нийгмийн асуудлын төлөө юу хийж амжуулав?

-Анх ажил авахад нэн түрүүнд анхаарч ажиллах дөрвөн зүйл байсны хамгийн чухал нь ажилтнуудын нийгмийн асуудал байсан. Мэдээж хамгийн гол зүйл нь цалин хөлс, орон байр. Уран бүтээлчдийн хамгийн гол асуудал болох авьяас, ур чадварыг нь үнэлэх асуудал хамгийн чухал шүү дээ. Үүнийг үнэлэх үнэлэмжийг бодлогын дагуу зөв боловсруулах хэрэгтэй. Би нэг л урлагийн байгууллагыг удирдаж байна. Тийм болохоор төрийн бүтэн системийг өөрчилж чадахгүй. Гэхдээ би өөрийнхөө хэмжээнд юу хийж чадах вэ гэдгээ зөв тооцоолж  түүнийгээ хэрэгжүүлэх гэж хичээж байна. Өнгөр­сөн жил банктайгаа тохирол­цож манай театрын уран бүтээлчдийн цалингийн зээлийн хүүг тусгай нөхцөлд оруулж чадсан. Галладаг байр, гэрт амьдардаг ажилтнуудынхаа түлээ нүүрсний жил бүрийн дэмжлэгийг нь олгож, гачигдал зовлон тохиолдоход олгодог нэг удаагийн тэтгэмжийн мөнгөн хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлсэн. Энэ жил хүмүүсийнхээ унаа, хоолны мөнгийг нэмэгдүүлж, улирал тутам ур чадварын нэмэг­дэл олгох хэмжээний цалин­гийн санг нэмж батлуулсан. Эхний улирлын ур чадварын нэмэгдлийг сая гуравдугаар сарын цалин дээр олголоо. Гадаад улс оронд дадлага хийх, уралдаан тэмцээнд оролцох уран бүтээлчдэдээ цалинг нь бүтэн олгох боломжтой болсон. Театртаа засвар хийж дууссан, цэвэрлэгээг сайжруулж ажиллах дотоод орчныг нь ч таатай болгох гэж хичээж байна. Ажилтнуудаа орон сууцжуулах хөтөлбөр гэж боловсруулаад хөөцөлдөөд л байна. Ямартай ч оны өмнө нэг орон сууцны компанитай тохиролцоонд хүрснээр манай арваад ажилтан зах зээлийн үнээс 8-12 сая төгрөгийн хямд үнээр шинэ байранд ороод байна. Хийх гээд зорьж төлөвлөж байгаа ажлууд их байна даа. Ямар ч байсан эхнээсээ ажил хэрэг болоод явж байгаад баяртай л байгаа шүү.