Хятад
ХЭНРИ КИССИНЖЭР
VII БҮЛЭГ
Хямралын Арван жил
VII БҮЛЭГ
Хямралын Арван жил
Сульдаж доройтсон Хятадыг эзэлж авсан шинэ удирдлага нь БНХАУ-ын оршин тогтносон эхний 10 жилд түүнийг хатуу гараар залж олон улсын хүрээнд томоохон гүрний тоонд оруулсан юм. Удаах 10 жил нь дотооддоо үргэлжилсэн хувьсгалыг эрчимжүүлэх гэсэн Маогийн оролдлогод идэгджээ. Ёс суртхууны болон үзэл суртлын хүчин чадал нь биет чадавхыг давах ёстой гэсэн зарчмыг Мао баримталж байсан нь мөнөөх мөнхийн хувьсгалын хөдөлгөгч хүч байжээ. Тэдгээр 10 жил нь Хятадын өөрийнх нь удирдагчдын захиалсан дотоодын үймээн самууны дунд эхэлж, бас дууссан аж. Энэ хямрал нь бүх нийгмийг хамран гүнзгийрсний улмаас Хятадыг бүх дэлхий нийтээс тусгаарлан хаасан байдаг. Гадаадад сууж байсан бараг бүх дипломатуудаа Бээжин рүү эгүүлэн татжээ. Хятадын дотоодод хоёр томоохон өөрчлөлт оржээ: Эхнийх нь эдийн засагтай холбоотой. Тэр нь уг 10 жилийн эхэнд тохиосон Их Үсрэлт. Хоёрдахь нь бол нийгмийн дэглэмтэй холбоотой. Тэр нь сүүлд гарсан Соёлын хувьсгал.Дипломат үйл ажиллагаа моодноос гарч, дайн хэвээр үлджээ. Өөртөө зовлон хураасан хүнд хэцүү цаг үе байсан ч үндэснийх нь эрх ашиг хөндөгдсөн гэж Мао үзсэн учраас Хималайн нурууны хамгийн бөглүү баруун хязгаарт дайн хийхээр Хятад улс дахин босчээ.
Агуу Их Үсрэлт
Хрущёвын “нууц илтгэл”-ээс болж Хятадын удирдагчид коммунист улс төрийн хууль ёсны байдлын асуудлаар санаа зовниж эхэлжээ. Тэр нь бурхан шиг өөгүй Намын Даргын асуудлаас тусдаа байж. 1956 оны 2-р сарын илтгэлээс хойшхи саруудад тэд өөрсдийн засаглалыг ил тод болгохыг зорьсон юм шиг дүртэй харагдаж байсан нь завхралыг засахтай холбогдох үе үеийн шоконд орох зовлонг тойрохыг хичээж байсан гэлтэй. Мао Зэдунг тахин шүтэхтэй холбогдсон ишлэлүүдийг Коммунист Намын дүрмээс авч хаяжээ. Намаас тусгай тогтоолууд гаргаж эдийн засгийн салбарт “түргэвчилсэн дэвшил” үл хийхийг анхааруулж байснаас гадна “ангийн тэмцэл”-ийн гол үе шат нь одоо дуусах дөхөж буйг сануулж байв. Гэвч ийм энгийн байр суурь нь дорхноо Маогийн мөнхийн хувьсгалын үзэлтэй зөрчилдөж эхэлжээ. Хэдхэн сарын дотор Мао улс төрийн засвар хийх өөр замыг санал болгожээ. Тэр нь ХКН өөрийнхөө арга барилыг авч хэлэлцэх, шүүмжлэх санаачлага гаргах, бас Хятадын оюун санааны болон соёлын амьдралыг дэлгэн нээж “Зуун цэцэг дэлгэрэх, зуун ухаан уралдах” уриалга гаргасантай холбоотой байв. Энэхүү уриалгыг Мао гаргасан жинхэнэ шалтгаан нь одоо хүртэл маргаантай хэвээр байгаа аж. “Зуун Цэцэг”-ийн кампанит ажлыг нэг бол Намын хувьд хүнд суртлын хэрмийг нурааж ард түмэнтэй шууд харьцах нээлттэй уриалга байсан, үгүй бол дайснуудыг өөрсдийгөө илчлэх зам руу урхидах арга мэх байсан гэж хожим нь тайлбарлажээ. Ямар шалтгаантай байснаас үл хамаарч олон нийтийн шүүмжлэл нь тактикийн шинжтэй засвар хийх санал санаачлагаас дорхноо хол давж коммунист системийн шүүмжлэл болж хувирчээ. Оюутнууд Бээжинд “Ардчиллын хэрэм” босгов. Шүүмжлэгчид орон нутгийн дарга нарын дарангуйлал ба Зөвлөлт маягийн эдийн засгийн бодлогын уршгаар бий болсон хомсдолыг эсэргүүцэж байв. Зарим нь коммунист дэглэмийн эхний 10 жилийг түүний өмнөх Националист үеийнхээс дор байгааг харьцуулан шүүмжилж байв.
Эхнээсээ чухам ямар эрмэлзлэлтэй байснаас үл шалтгаалан, Мао өөрийнхөө нэр хүндэд удаан хугацааны сорилт учруулахыг үл тэвчжээ. Тэрбээр дорхноо эсрэг дүрд хувирч түүнийг өөрийнхөө диалектик байр суурийн нэгэн чиглэл болгон засварлав. “Зуун Цэцэг”-ийн хөдөлгөөн нь “Баруунтны эсрэг кампанит ажил” болон хувирч чөлөөт мэтгэлцээний уриалгын хэм хэмжээг ташаа ойлгосон хүмүүстэй тэмцэх хэрэгсэл болов. Үй олноор хэлмэгдүүлэх үйл ажиллагаа нь олон мянган сэхээтнүүдийг шоронд хорих, давтан хүмүүжүүлэх буюу дотооддоо цөлөх зовлонд учруулжээ. Дээрх үйл явцын эцэст Мао өөрийнхөө шүүмжлэгчдийг замаасаа цэвэрлэснээр Хятадын өрсөлдөгчгүй удирдагч хэвээр үлдсэн юм. Мао өөрийнхөө давуу талыг мөнхийн хувьсгалаа эрчимжүүлэхэд ашиглаж улмаар түүнийг Их Үсрэлтийн үйл явц руу шилжүүлжээ.
Социалист намуудын 1957 оны Москвагийн бага хурал дээр Мао Хятадын эдийн засгийн хөгжлийн асуудлаар нэгэн хөгийн тунхаглал хийсэн аж. ЗХУ нь эдийн засгийн хувьд АНУ-ыг 15 жилийн дотор гүйцэж түрүүлнэ гэж Хрущёв зөгнөж хэлсний хариуд Хятад нь гангийн үйлдвэрлэлээр Их Британийг мөн тийм хугацаанд гүйцэж түрүүлнэ гэж Мао шууд тунхаглажээ.
Энэхүү тунхаглал нь тэр дорхноо албан ёсны тогтоолын зиндаанд хүрчээ. Арван таван жилийн зорилт нь хэд хэдэн удаагийн томоохон илтгэлийн дараа гурван жил хүртэл буурч, бас түүнтэй ижил төстэй хөдөө аж ахуйн томоохон зорилтуудтай давхцсан байдаг. Мао нь Хятадын мөнхийн хувьсгалыг түүний хамгийн идэвхтэй үе шатанд шилжүүлэх, мөн Хятадын ард түмнийг хамгийн хүнд сорилттой нь хамт зүдрээх бэлтгэл хийж байлаа.
Их Үсрэлт нь Маогийн бусад үйл ажиллагаатай ижил төстэй байсан учир тэр нь эдийн засгийн бодлого, үзэл суртлын шүтээн болон гадаад бодлогын чиг баримжааны нийлбэр байжээ. Маогийн хувьд эдгээр нь хүчин зүтгэлийн онцгой чиглэл биш, харин Хятадын хувьсгалын аварга том төлөвлөгөөний өөр хоорондоо уялдаатай гол чиг шугам байжээ.
Жинхэнэ утгаараа бол, Их Үсрэлт нь аж үйлдвэр болон газар тариалан,хөдөө аж ахуйн хөгжлийн талаарх Маогийн гарамгай үзэл санааг хэрэгжүүлэх ёстой байж. Хятадад үлдээд байсан хувийн өмч, бас хувийн секторын үндэс суурь нь тус улс “ардын коммун”-д шилжих хэрээр устан үгүй болж эд хөрөнгө, хоол унд, ажиллах хүчний төвлөрөл үүсчээ. Тариачид улсын хэмжээний асар том бүтээн байгуулалтын ажлуудыг гүйцэтгэхээр цэрэг армийн бригадын зохион байгуулалтад орж дийлэнх нь үгүйрэн ядуурчээ.
Эдгээр ажил нь олон улсад болон дотоодод сөргөөр нөлөөлж Москватай хүртэл зөрчилдүүлсэн юм. Хэрэв Их Үсрэлт амжилттай хэрэгжсэн бол зугуухан хувьсгалын тухай Москвагийн сургаалыг бут цохихоос гадна Коммунист ертөнцийн үзэл суртлын төвийг шууд Хятад руу шилжүүлэх учиртай байв. 1958 онд Хрущёв Бээжинд айлчлах үед Хятад нь коммунизмын төгс ялалтыг ЗХУ-аас түрүүлж байгуулна гэж Мао зүтгэсэн байдаг. Учир нь ЗХУ хөгжлийн илүү хүнд сурталтай, арай удаан бөгөөд хойрго замыг сонгосон гэжээ. Энэ нь Зөвлөлтийн хүний чихийг үнэнхүү цочроосон үзэл суртлын эсрэг үзэл байв.
Гэхдээ Мао дахиад л бодит байдалд үл нийцэх зорилт тавьсан нь Хятадын ард түмэн ч хэрэгжүүлж үл дийлэх нигууртай болжээ. Их Үсрэлтийн үйлдвэрлэлийн зорилтууд хэт өндөр байснаас болж эсэргүүцэх юмуу, эсвэл үл биелүүлэхээс айсан орон нутгийн дарга нар бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг засварлаж Бээжин рүү хий өсгөн мэдээлж байв. Тэдгээр тоо мэдээнд сохроор үндэслэж Бээжин хүнд аж үйлдвэрийн төхөөрөмж, зэр зэвсэг худалдан авахаар ЗХУ руу үр тариа экспортлосоор байв. Маогийн гангийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг ч бас яс хэрэгжүүлж тоо хэмжээг нь хангахын тулд гэр ахуйн эд хэрэглэлийг ч хүртэл хайлуулах учиртай болсон нь дээрх гамшигийг улам гааруулжээ. Гэлээ ч эцэст нь байгалийн болон эдийн засгийн хуулиудыг засварлах боломжгүй учраас Их Үсрэлт нь үнэн хэцүү үр дагаварт хүргэсэн юм. 1959-1962 онд Хятад нь хүн төрөлхтний түүхэнд тохиосон хамгийн хүнд өлсгөлөнд нэрвэгдэж 20 гаруй сая хүнээ золиосолсон байдаг. Мао Хятадын ард түмнийг уул нүүлгэхийг дахин уриалсан боловч энэ удаа мөнөөх уулс үл хөдөлжээ.
НЭПКО Хэвлэлийн газар
Гана
Зочин
Zss
Зочин
Зочин
Зочин
хужаа
Зочин
Зочин
хөөрхий миний монгол сүйрчээ
124546
boloroo
nara bul
katia
Mongol
aso
Зочин