Энэ жилээс ЕБС төгсөгчид ЭЕШ-д өгөхийн тулд монгол хэл, бичгээр заавал шалгуулах боллоо. Уг шалгалтад муу дүн авлаа ч энэ жилдээ ЭЕШ-д нөлөөлөхгүй. Гэхдээ БШУЯ үүгээр монгол хэлний хэрэглээний түвшинг тогтоох, чанарын үнэлгээ хийх, ЕБС-уудын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах бодлогоо тодорхойлох гэнэ. Харин тусгай хөтөлбөрөөр явж ирсэн Баян-Өлгий аймагт арай өөр нөхцөл хэрэгтэй юу?!


Маргааны нөхцөл байдал

БШУ-ны сайд Л.Гантөмөр УИХ-ын чуулган дээр “Баян-Өлгий аймагт монгол хэлний сургалт маш муу. Сургалтын хөтөлбөрт нь монгол хэл заах тухай оруулъя гэхээр аймгийн удирдлагууд нь дургүй байдаг. Монгол хэлийг их, дээд сургуульд сурна гэсэн ойлголттой байдаг юм билээ” гэж хэлээд нэг хүний эгдүүг хүргэжээ. Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн А.Бакей “Монгол хэлний сургалт ганцхан Баян-Өлгий аймагт муу байгаа юм биш, нийт Монгол Улс даяар муу. Ийм нийтлэг дутагдлыг нэг хэсэгт наадуулж ярих нь их буруу” гэжээ. Мөн өөрөө их сургуульд орсон хойноо монгол хэлийг илүү сайн сурсан гэсэн байна. Харин Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын Монгол хэл, уран зохиолын боловсрол хариуцсан мэргэжилтэн А.Еркегүл “Бусад аймаг шиг монгол хэлний сургалт нь жигд цагтай биш. Түүнийгээ дагаад сурах бичиг нь ч өөр. Хүүхдүүд монгол хэлэндээ сайжрахгүй байгаа учраас яаманд хандаж монгол хэлний цагийг нэмэгдүүлсэн” хэмээн ярив.

Тус аймгийн 42 ЕБС-ийн 37 нь төрийн өмчийнх бол, Өлгий хотын II дунд сургууль хэзээнээс “монгол сургалт”-тай явж иржээ. Мөн сумдаар “холимог сургалт” ч гэж байх бөгөөд казах сургуулиуд монгол хэлийг хоёрдугаар ангиас, монгол бичгийг долдугаар ангиас үздэг. Харин уран зохиолыг 10, 11 дүгээр ангидаа заалгадаг аж. Монгол хэлний хичээлийн цаг нэмэгдсэн, “Гэтэл сурах бичиг байдаггүй. Одоохондоо тухайн сургууль өөрт буй нөөцөөр л зааж байгаа” гэж А.Еркегүл ярилаа. Өлгий хотод байдаг Ховд их сургуулийн салбар Багшийн коллеж 2004 он хүртэл монгол хэлний багш бэлтгэж байсан ч элсэгчдийн тоо эрс буурсан учир тэр анги хаагджээ. Бага ангид ангийн багш нь монгол хэл заадаг байна. Гэхдээ багш нарын төвшин сайн биш гэдгийг А.Еркегүл онцлоод, хичээлийн цагийг нэмлээ ч “үр бүтээлтэй ашиглах талаар дутмаг” гэж байлаа. Тэгээд ч “Чадвартай багш бол хичээлийн цаг дөрөв байна уу, дөч байна уу адилхан, хүүхдэд юмаа ойлгуулж дөнгөнө” гэв. Монгол хэл, уран зохиолын сургалт улс даяар тун тааруухан байгаа нь үнэн, Баян-Өлгий аймгийн багачууд монгол хэлэнд маарухан байгаа нь бас л үнэн. А.Бакей ямар ч монгол хүнээс дутахгүй монголоор бичиж, найруулдаг гэсэн ч түүний энд хүрэхгүй төрийн ажилтан тус аймагт олон бий.


Бодит орчин ахуй

Баян-Өлгий аймгийн Боловсролын газрын дарга К.Имаммагзам “Казах хүүхдүүдэд монгол хэл бол үнэндээ гадаад хэл” гэсэн нь дэгсдүүлсэн хэрэг огт биш. Тус аймгийн иргэдийн 93.7 хувь нь казах учир тэр бүр монголоор ярих шаардлагагүй. Өлгий хотын иргэд бараг хуйгаараа Казахстаны телевизийн сувгуудыг үзэх бөгөөд МҮОНТ-ийн казах хэл дээрх нэвтрүүлгийг алдаг оног хардаг аж. Өлгий хотын номын сангийн захирал Т.Ермек “Монгол хэлэндээ муу байгаад орчин шууд нөлөөлнө. Би оюутан болж Улаанбаатарт очоод монгол хүүхдүүдтэй дотуур байранд орж монгол хэлэндээ эрс сайжирсан” гэв. Фонддоо казах, орос, монгол хэл дээрх 72 000 номтой Өлгийн номын сан ноднин зургаан сая төгрөгөөр дотоодоос ном авсан бол Казахстанаас 13 сая төгрөгийн үнэ бүхий ном өгчээ. Тэгэхээр Өлгий болон бусад сумдын жаалуудад монголоор уншчих юм хомс бололтой. Харин хаа очиж ЗДТГ-аас бусад албан байгууллага болоод хувийн хэвшлүүдийн хаяг гадаад хэлээр бус кирилл монголоор бичигдсэн нь Улаанбаатарын эрээлжилсэн гудамжнаас очсон хүнд содон харагдана. Бугат сумын иргэн Д.Алтангүл “Манай хүүхдүүд хотод очоод монгол залуустай холилдохгүй явсаар байгаад эргээд ирдэг болохоор бидний үеэс хэлэндээ муу” гэж ярилаа. Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт хобыз хөгжим тоглодог ахмад настан К.Берлестик “Гурван жил цэргийн алба хаахдаа хөгжмийн салаанд ганцаараа казах байсан, халагдаад ирэхдээ монголоор ус цас болсон. Одоо жаахан муудаж байна” гээд инээсэн юм.

Баян-Өлгийн өсвөр үе тэрчигтээ монгол хэлэнд таг гэвэл алдас болно. Өлгий хотын Монгол-Турк сургуулийн сурагчид аймагтаа битгий хэл улсад толгой цохидог. Манай редакциас хоёр жил дараалан гаргасан ЕБС-уудын чансаанд олон хичээлээр дээгүүр орсон тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багш В.Сүрэнхүү “Сургалт нь монгол хэлээр явдаг статустай сургууль” учир хүүхдүүд нь ийм амжилт үзүүлдэг гэв. 2013 оны Монгол хэлний багш нарын улсын олимпиадын алтан медальт, МУГБ В.Сүрэнхүү “ЭЕШ-д цөөн хүүхэд монгол хэлээр шалгалт өгдөг” учир өндөр оноо авдаг гэсэн бол А.Еркегүл “Шилж сонгож авсан учраас сурагчид нь сайн; тэгээд ч Увс, Ховдоос ирсэн хүүхдүүдтэй хамт сурдаг. Бас сурагчид нь хичээлийн бус цагаар байнга ном уншдаг” гэж байлаа. Энэ сургуулийг хоёр хүүхэд нь төгсөн гадаад, дотоодын дээд сургуульд сурч буй Б.Съезхан гуайтай бага хүүгийнхээ багштай уулзахаар ирэхэд нь таарсан юм. Тэрбээр тус сургуулийн сургалтын чанарт сэтгэл хангалуун явдаг гэж ярилаа. В.Сүрэнхүү багш “Казах хэлээр сургалт явуулдаг, ялангуяа хөдөө орон нутгийн сургуулиуд ахлах ангийн ерөнхий эрдмийн хичээлийг 9, 10, 11 дүгээр ангид монгол хэлээр явуулчих гэж би олон хэлсэн” гэв. Баян-Өлгийн багачууд дунд орчин нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл төрийн албан ёсны хэлээр өргөдөл бичих байтугайг туурвичих авьяастай нь бий гэдэгт огтоос эргэлзэхгүй байна.


Үндсэн хууль бол үндсэн хууль

Монгол Улсын Үндсэн хуулийн 8.2 дугаар заалтыг эшилж, хэлсэн үгэндээ хүч оруулсан А.Бакейг буруутгах аргагүй. Гэхдээ “үндэсний цөөнх” гэдэг томъёоллоор түрий барин өрвөлзөж суугаа нь харалган санагдсан. Тус хуулийн 8.1 дүгээр зүйлд “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж заасан. Тэгэхээр өргөдөл хүсэлтээс өгсүүлээд амрагийн хайрын захиа л биш бол аливаа бичиг баримт монгол хэлээр явах учир энэ талын сургалт орхигдвол нэг хэсэг битгий хэл, бүхэл үндэстэн хохирно. Харин хуучин жишгээр аймгийн Боловсролын газрын дэргэд казах хүүхдүүдийн монгол хэл дээрх сургалтын хөтөлбөрийг боловсруулдаг эрдэм шинжилгээний секторийг сэргээж ажиллуулбал амьдралд ойр мэт. А.Еркегүлийнхээр “сургалтын нөхцөл өнөөдөр харин ч сайжирсан” аж. Л.Гантөмөр сайд “Баян-Өлгий аймгийн нутгийн удирдлага хүүхдүүдийнхээ монгол хэлийг сайжруулъя гэдэг чин эрмэлзлэлтэй байх нь чухал. Түүнээс биш би эндээс мянган сайхан хөтөлбөр гаргаад тусаар бага” гэж ярилаа.

Баян-Өлгий аймаг багшийн илүүдэлтэй бөгөөд монгол хэлний хичээлийн цагийг нэмснээр бусад багш ч ажилтай болох сайхан боломж бүрдэх юм. Ухаан нь, сурах бичиг нь орчуулагдахгүй Хүн-нийгэм зэрэг хичээл нэмэгдсэнээр ажлын байр бий болохоос гадна казах жаалууд орчлон ертөнц хийгээд өнөөгийн нийгэм эдийн засгийн талаар цэгцтэй, зөв ойлголттой болно. Өлгийн Багшийн коллежийн Сургалтын албаны дарга Ш.Мөнхцэцэгийн хэлснээр Баян-Өлгийн ЕБС төгсөгчид зардал мөнгөө хэмнэх басхүү хэлний бэрхшээлээс эмээгээд тус сургуульд олноороо сурдаг байна. Тэгэхээр багш илүүдэх нь аргагүй юм. Харин ЕБС-ийн монгол хэлний сургалтыг сайжруулчихвал, тэр дундаа монгол багш нараар энэ хичээлийг заалгавал нийгэм судлалын бусад чиглэлээр их, дээд сургуульд дэвшин суралцах боломж илүү өргөн болно. Улстөрчид “үндэсний цөөнх”-өө цээжээрээ хамгаалж буй баатарлаг дүрд тоглохоосоо өмнө амьдралыг бодитоор хармаар байна. А.Еркегүл, Т.Ермек болон бусад багш нар ЭЕШ-д монгол хэл орсныг зөв хэмээн үзэж байлаа. Нэг хэсэг төр нь ч тоохоо больчихсон төрийн хэл сая нэг үнэ орж, хэн хүнгүй монгол хэлний хичээлийг анхаарахаас аргагүй боллоо. Ганц казах ч гэлтгүй, Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэлээ “гадарлахгүй” аваас төр биднээс төдий чинээ холдоно. Аливаа төр гагцхүү иргэдийнхээ сайн сайхны төлөө оршдог билээ.