Социалист нийгэм феодализмыг элдэв хоёроор муулахад би малчин эцэг эхээ дагаад зөвшөөрдөггүй байлаа. Малчин эцэг эх минь албан журмын мах, сүү, ноос, ноолуур зэрэг малаас гарах ашиг шим, түүхий эдээ засагт гүйцээж тушаах гэж ёстой хуруу хумсаа хуйхалж, эс биелүүлбэл орон шоронд орчих гээд үнэхээр зовж буйг би харж өссөн хүн. Хар шар феодал, нударган, ардын дайсан, японы тагнуул гэх их дайчилгаанд төрөл төрөгсдөө нудруулаад арваадхан жил болж байхад, өөрөөр хэлбэл, аймшигт 37-38 оноос хойш би 47-48 онуудад мэдээ орсон хүүхэд байна. Элэг бүтэн үлдсэн айл өрх бараг байсангүй. Тэдний нулимс миний дотор нэг юм хийжээ янз нь. Дараа нь нэгдлийн ялтай мал гэдэг үг залгасан. Аав ээж, тэдний үеийнхэн “Урьд малаа дураараа маллаад айх юмгүй амар байсан. Одоо хэцүү цаг иржээ” гэж үглэж гасалдаг байв. Би тэднийг үнэн үг ярьж байна гэх үзлээр хүмүүжжээ. Энэ үзлээ дарга даамалд ил гаргахгүй шүү дээ. Социализмд монгол хүн жинхэнэ эрх чөлөөгөө олоод коммунизмыг байгуулахаар жаргаж явна. Урьд феодализмд ард түмэн тамлагдаж байсан гэж өөрийнхөө бодлоос тэс өөрийг худал ярьдаг аав ээжийнхээ барилаар бойжсон хүүхэд юм би. Товчдоо би хоёр нүүртэн болжээ. Бүгд л хоёр нүүртэн байсан даа. Хоёр нүүртний дүрд би тийм сайн жүжиглэж чадаагүй хүн шиг байгаа юм. Нам засаг намайг социализмын давуу чанарыг гүйцэт ухамсарладаггүй, эргэлздэг этгээд гэж ил далд хардана. Энэ хардлага хэдийд ил гардаг вэ гэвэл намайг албан тушаалд тавих, шагнах, гадаадад сургууль курст явуулах тухай яригдсан хурал дээр илэрдэг байв. Ингэлээ гээд би дутагдлаа ил худал хүлээнэ үү гэхээс доторх үзлээ сольж чаддаггүй байв. Яагаад гэвэл, бодоод байхад миний доторх үзэл зөв санагдана. Надад бол албан тушаалд тавигдах, шагнагдах, гадаадад мэргэжил дээшлүүлэх зэрэг нь доторх нууц нулимсаа зохиол бүтээлдээ далд утгаар шингээхийн дэргэд юу ч биш байв. Энэ бол миний эцэг эхээс өвлөсөн өширхөл. Хэлмэгдсэн удам судраа өрөвдсөн харуусал. Үүнийг өөрчилж яагаад ч болохгүй чулуу шиг юм билээ. Миний энэ унаган үзлийг Москвад оюутан байхад социализмд тэрслүү үзэлтэй орос багш нар болон тийм үзэлтэй орос найзууд маань дэврээж өгсөн дөө хөөрхий. Оросууд биднээс хамаагүй илүү зовлон эдэлсэн улс юм билээ.

Ийнхүү хуучнаа далдуур өмөөрч, шинэ үедээ далдуур гомдож насыг барсан хүн би бээр 1990 оноос хуучнаа шүүмжилж, шинээр үүссэн тогтолцоог дэмждэг хүн болжээ. Өөрийн дур хүслээр бус унаган үзлээрээ социализмд дургүй явсан байр суурь маань хувирсангүй, харин шинээр үүссэн ардчиллыг дэмждэг этгээд хар заяандаа болчихов. Үүнд ясны хуучин архаг үзэл минь дэвсгэр болсон нь мэдээж. Гэхдээ ардчилсан намыг бус ардчиллыг дэмждэг этгээд гэдгээ тодруулахгүй бол хүмүүс хооронд нь хольж гутгаад байх юм. Хүн аяараа амар жимэр амьдарч асан Монголын феодализмыг бичвэл надад юм байдагтай адил надад социализмын хүн төрөлхтөний жам ёсны хөгжлийн зүй тогтлоос гажууд бүтэшгүй чанаруудыг бичвэл бас юм бий. Феодализм социализм хоёрын зааг дээр ад болж байсан миний тэнэг толгой эдүгээ социализм капитализм хоёрын зааг дээр бас ад болж байна. Би аль ч нийгэмд хөлөө олсонгүй.

Төгцөг зөнөгөө дуудуулан интернетээр уншигчидтайгаа харьцдаг учир шалтгаан маань дээрх үзэл бодлын зөрөлдөөнд байгаа юм. Зохиолч нэр зүүж, номоороо уншигчдын хэд гурван төгрөгийг авч, дажгүй амьдарсан хүний хувьд уншигч нартаа өртэй хэмээх үзэл надад гүн шингэжээ. Энэ бол өндөр албан тушаал биш, энэ бол алдрын титэм биш. Зүгээр л хүмүүс хоорондын жирийн харилцаа юм. Би уншигчиддаа үнэнч байхыг хичээдэг зохиолч аж. Намайг магтдаг нь ч миний уншигч, хараадаг нь ч миний уншигч. Би өөрийнхөө үзлийг тулгадаггүй, зөвхөн авч хэлэлцэхэд л зориулдаг. Өөрийнхөө энэ чанарыг би өөрөө олж хараагүй юм. Баабар миний тухай ингэж бичсэн нь бий. Баабар айхтар гярхай судлаач зантай л даа. Би түүнийг орь залуугаас нь тоож, хүндэлж явна. Түүний соён гэгээрүүлэх гэсэн эх оронч зөв сайхан сэтгэл рүү би хараалын бузар үгс цацаж чадахгүй. Түүнд зөв буруу үг бичсэн нь бий л байх. Баабар ямар бурхан биш. Хамгийн гол нь тэр бээр ард түмнийхээ мэдээгүйг мэдүүлэх гэж хараал зүхлийн бай болж яваа нь хөгшин зохиолчид таалагддаг юм. Баабар Цэнддоо хоёр миний амжуулах гэж насан турш мөрөөдсөн ард түмнээ соён гэгээрүүлэх (өөрсдөд нь ашиггүй ч ард түмэнд аажуухан хүчтэй нөлөөлөх) нөр их зорилгын төлөө яваад нь би баярладаг хүн. Улс төр албан тушаалын замаа орхиод ард түмнээ соён гэгээрүүлэх замд орж буй аваас хэн ч баярлана. Энэ зам бол миний замнах гэж насан турш оролдож буй даруухан атлаа буяны харгуй. Гишүүн-сайдын сэнтийнээс унац нь ирээдүйд жинтэй тусна даа. Та хоёрыг ийм хүмүүс болно гэдгийг хар багаас чинь тантсандаа би урамтай сууна. Та хоёрын ижил соён гэгээрүүлэгч нар ирээдүйд улам хүчжиж, та хоёрыг харааж зүхдэг, атаархдаг өчүүхэн амьтад хөгжлийн алхам бүрээс сугаран хаягдсаар цөөрөх тавилантай. Тиймээс энэ зам чинь зөв зам. Намайг одоо та хоёрын захиалгаар үүнийг бичлээ гэж жиргэцгээнэ. Харж л байгаарай. Яахав тэд жиргэж л байг. Уран бүтээлч хүн ирээдүйн үр дүнгээ л харах ёстой. Үр ашиг нь та хоёрт бус хойч үеийнхний боловсролд тусна. Иргэд хүчирхэг болно. Энэ чинь жинхэнэ буян.

Миний үеийн МАН-ын ахмад гишүүн намайг социализмын үед нам засгийг магтаж амьдарчихаад одоо шинэ үеийнхэнд долигнож, өнгөрснөө мууллаа гэв. Би магтаж яваагүй ээ. Та цээжнийхээ бангаар намайг өөртэйгөө адилтгаж байна. Социализмыг магтан дуулаачдын нүргээн дундаас аль ч нийгэмд байх, одоо ч байгаа, монгол хүний сул талыг шүүмжилсэн миний солгой хоолой дэндүү ганцаардмал байсан. Шог хошин зохиолын нэрээр би магтаалаас бултсан хүн. Хэдэн халтар цаасанд болж байгаа ч гэх шиг өчүүхэн юм ярьж. Мөнгөний нөлөөнд автахгүй зохиолоо бичихэд тэтгэвэр минь хүрдэг. Энэ нь их тэтгэвэртэй гэсэн үг биш. Настай хүнд юу ч орохоо больдог юм байна гэсэн үг. Би одоо тэтгэврээ хүртээд үхлээ хүлээгээд сууж байна. Идэж уух эдлэж хэрэглэх талаар урьдын лам нарын хямгатай занг би дээдэлдэг. Ийм дадлыг би бага балчиртаа лам ахаасаа сурсан хүн. Шуналтай болж өтлөх муу ёр.    

Тийм л зоригтой шүүмжлэгч юм бол тэр үед нь шүүмжлээд Чойном шиг хэлмэгдэх нь яасан юм бэ гэх хүн ч байна. Монгол хүнээс салдаггүй залхуу, залхаг, худалч, хуурамч, хуулиа сахьдаггүй гэх олон муу авир араншинд ясны дургүй миний үзэл “Тоншуул” сэтгүүлийн нийтлэлийн бодлоготой яв цав нийлсэн нь аз таарсан юм. “Тоншуул”-д бага сага шүүмжлэл нийтлүүлдэг болсноор миний хар багын өширхөл жаахан саармагжсан байх. “Тоншуул” байгаагүй бол би хэрэгт орсон ч байж магадгүй. Би болоод “Тоншуул”-ын редакци шүүмжлэлийнхээ тунг тааруулж аюулгүй байдлаа хангаж байлаа. Харин уран зохиолдоо юуг яаж шүүмжлэх сонголтыг миний үзэл шийддэг байв. Аль нь зөв бэ, аль нь буруу вэ гэсэн миний дотоод шүүлт зохиол бичихэд намайг жолоодож ирлээ. Социализмын үед миний бичсэн “Улаан орхимжны давалгаа”, “Цагийн өнгө”, “Тэнгэр дуугарахын өмнө”, “90 хонгогийн оргодол”, “Ээж нь уйлмаар байна”, “Модон өвгөн”, “Олон хоньт Чойен”, “Овчарка”, “Бурхан ба депутат”, “Хөшөөнд хорогдоогүй сүнс” зохиолуудаас өнгөрсөн нийгэмд биеэ хэрхэн авч явсан минь төсөөлөгдөнө байх. Би Чойном шиг хад мөргөж үхэх замаас зайлж явав. Гэвч үзэл бодлоосоо урвасан нэг ч мөр миний зохиолууд дотор байхгүйг бардам хэлж чадна.         

Эдүгээ ардчилсан нийгэмд “дотроосоо ариусах” тухай захын хүний амнаас гарах болж. Сайхан хэрэг. Бурхан шашны онолыг сонирхдог болсны шинж. Ийм бусармаг нийгэмд дотроосоо яаж ариусах вэ? Согтуу хөрш чинь гэргийгээ зодож, орилуулж чарлуулж буй чимээ гарахад дотроосоо ариусаж буй хүн та яах нь зохилтой вэ? Тэднийд гүйж ороод зодуулж буй хөөрхий хүүхнийг өмөөрвөл агсан нөхөр нь тантай үзэлцэнэ. Дотроосоо ариусаж буй хүн зодолдож таарах уу? Эсвэл зодуулж буй эмэгтэй яаж ч орилж чарлаж бай гэртээ дотроосоо ариусаад сууж байх уу? Энэ түвэгтэй бүрхэг асуудлыг нэг оюунлаг уншигч надад хаягласан комментээрээ санаандгүй хөнджээ. “Настай хүн та болж бүтэхгүй зүйлийг бичээд яах нь вэ. Хорвоогийн өргөсийг түүж барахгүй учир гутлынхаа улыг сайн зузаал” гэж сануулсан байна. Баярлалаа энэ уншигчид.

Асуудал одоо үүнд л тулаад байна. Нийгэм, хувь хүн өдгөө тэмцэх үү, гутлынхаа улыг зузаалах уу? Дотроосоо ариусах сургаал нийт олныг зовоогоод буй даварсан луйвар, хэтэрсэн хүчирхийллийг яах ёстой гэж сургасан юм бол? Нэг ч гэсэн иргэн өөрөө өөрийгөө ариусгавал нийгэмд ашигтай. Зөвхөн өөрийгөө ариусгах уу, ариусгалаа гадагш тараахын тулд тэмцэх үү. Би үүнийг хариулж мэдэхгүй байна. Залуус минь хараал зүхлээ орхиод энэ асуудал руу ухаанаа уралдуулаач. Энэ асуудлын зөв хариулт, бичих хоббитой төгцөг өвгөний амыг таглахад ч хэрэг болно. Тэр нам энэ нам, бөгс долоогч, хужаагийн шээс гэх мэт хараал асуудлын зөвийг олоход огт хэрэггүйг хүн бүр мэднэ. Маний багад настай хүнээс үг сонс гэдэг байсан. Одоо танай намууд юу гэж сургадаг болсон юм бол? Ер нь АН, МАН хоёрт сургаал гэж байна уу? Эсвэл нөгөө намаа гүтгээд ч хамаагүй нэрийг нь баастаж дөнгөвөл баатар болох онолтой юм уу. Ялзарсан хар шар феодлуудыг устгаснаар Монгол хөгжсөн гэх үг цухалзах болж. Хөрөнгөтний замыг сонгох гэсэн язгууртан, сайд, сэхээтэн, олон малтай нударган нарыг даран сөнөөснөөр Монгол үндэстний хувьд тэсэж үлдсэн гэх хүн гараад ирж.  ХХ зууны эхээр шинжлэх ухаанд нээлт гарч дэлхий нийтээрээ тэмбүүнээс салсан юм биш үү? Үүнд эцэг эх удам судраа гадныхантай ам нийлж заавал шившиглэх гэж зүтгэх нь ямар үрсийн чанар вэ? Намайг өнгөрсөн үеэ шүүмжлэхийн оронд тийм сүрхий юм бол пиндийгээд байгаа олигархиудыг шүүмжил гэж нэг эрхэм загнав. Сонгуулийн үр дүнд ээлжлэн пиндийгээд буй хоёр тал олигархийн алийг шүүмжлэх нь зөв бэ. Хоёр пиндгэрийн нэг нь нөгөө пиндгэрийнхээ гэдсийг хагалах баримт олоогүйдээ тэтгэврийн өвгөнийг тэдний гэдсийг хагал гэж зандрах ичгэвтэр баймаар. Хүчирхэг сөрөг хүчний хажуугаар тэтгэврийн өвгөн эсгий хийхэд нохой хэрэггүй гэгч бус уу. Гишгээд мөрөө хар гэдгээр өнгөрснөө сайн муугаар нь ялгах хэрэгтэй байх аа.  

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэсэн дээдсийн захиасаар интернет гэгч энэ сайхан багажийг зөв ашиглаж, мэдлэг боловсролоо хөгжүүлж сурах сан.   
                                                                                                                      2014-02-20