“Eagle”, “MNC” ТВ-ийн сурвалжлагчдын асуултад хариулж
Украины талаар ярьснаа товчлон дор буулгав

Украинд болж өнгөрсөн үйл явдал 2011 оны Египетийн хувьсгалыг яг давтах шиг. Египетэд өрнөсөн бослого тэмцлийн 18 хоногийн явцыг би нэгтгэн дүгнэж “Тахрирын хувьсгал” номдоо хэд хэд үелсэнсэн. Ерөнхийлөгч Мубарак огцортол Египетийн хувьсгал 12 үе шатыг дамжсан  байдаг юм. Тэгвэл Украиных нь яг түүн шиг өрнөлөө. Янукович яг Мубаракийн эхний хувь заяаг давтлаа.

Майданд 2013 оны 12 дугаар сард эхний тэмцэл өрнөж, бяцхан бужигнаан үүсэхэд эрх баригчдад сануулга дохио огтхон ч болоогүй. Эхний томхон жагсаал. Цагдаатай ширүүн мөргөлдсөн, эхний энэ том дохио сануулгыг эрх баригчид тоогоогүй. Тэмцлийн хурц үе залгасан. Майданд жагсагчид цагдаагийнхантай өдөржингөө мөргөлддөг болсон. Хотын төв хэсэгт нэн аюултай нөхцөл байдал үүссэн, цагдаа хяналтаа алдсан, эрх баригчид нэмэлт хүч оруулсан. Ерөнхийлөгч В.Янукович олонтаа үг хэлсэн. Засгийн газраа огцруулсан. Шинэ Засгийн газар нь хэдхэн хоногийн настай. Баруун Украинд байдлыг хяналтаасаа алдаж эхлэв. Майдан дахь эсрэг жагсаал. Талцаж хуваагдан маш ширүүн мөргөлдөөн. Эрх баригч Бүс нутгийн намын орон нутгийн байрууд халдлагад өртөж, ихэнхи нь үнс нурам болов.

Жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэндээ, цус урсгасандаа В.Янукович уучлал гуйж үзсэн ч нэгэнтээ оройтсон байлаа. Хүч хэрэглэж хүний амь сүйтгэсэн ялд Дотоод хэргийн сайд нь унаж, Жанжин штабын даргадаа ял үүрүүлсэн. Халсан сольсон. Эрх баригчид болон сөрөг хүчнийхний хоорондын хэлэлцээ - зарим асуудлаар тохиролцсон ч яг тэр үед  тэмцлийн эрч суларснаас тэмцэл дуусаагүй. Майданы үйл явдлыг гадаадын зарим ТВ, хэвлэлүүд “хувьсгал” гэж шууд нэрлэв. “Янукович огцорч мададгүй” гэсэн мэдээлэл цацагдаж дэлхий дахинд хүлээлт үүсгэв. Гэвч огцорсонгүй. Эцэст нь түүнийг Украины Дээд Рада огцруулав, олон арван хүний амь сүйтгэсэн хэрэгт Янукович унав гэхчлэн жагсааж бичээд байж болно. 

Киевт нэгэнт гол цамхаг нурсан учраас одоо дэглэм нурах үйл явц цаашаа гинжин урвалаар хөвөрч эхэлж байна. Энэ бол жам ёсны үзэгдэл юм. Гэхдээ улс төрийн эл тэмцлийн төгсгөлийн шат нь энэ хавар зарлагдаад буй Ерөнхийлөгчийн сонгууль болж таарах болов уу. Үгүй ч байж бас мэднэ.
 
Оросоос гадна хуучин Зөвлөлтийн хамгийн их хүн амтай, хамгийн чухал бүгд найрамдах улс болох Украинд ийнхүү хоёр дахь хувьсгал ялжээ. Хөндлөнгөөс судлаачийн өнцгөөс ажвал энэ бол ардчилсан гэхээсээ илүүтэй геополитикийн хувьсгал юм. Европын Холбоо руу Украиныг хөтлөх хувьсгал гэдэг чинь өөрөө Оросын нөлөөний хүрээнээс гарна гэсэн үг. Тэр талаас нь би хэлж байна.   

Түүхийн янз бүрийн үед Украин нь тусгаар тогтносон улс байсан. Гэхдээ орчин үеийн түүхийн ихэнхи үед Украин нь Москвагаас удирддаг улс төрийн байгууламжийн нэг хэсэг байсан билээ. Гэтэл Украин нь хоёр өөр соёлтой, хэрэг дээрээ хуваагдмал маягийн улс юм. Өрнө ба ортодоксын хоорондын иргэншил, соёлын хиймэл шугам энэ улсын зүрхэн тус газраар дайрч өнгөрдөг бөгөөд хэдэн зууны туршид ийм байж ирсэн. Түүхэндээ баруун украинчууд украин хэлээр ярьж, гадна талдаа бол үлэмж үндсэрхэг байж ирсэн. Харин зүүн Украины хүн амын ихэнхи нь үнэн алдартны шашинт ортодоксчууд бөгөөд тэд оросоор ярьдаг.

Баруун, Зүүн Украины хоорондын ялгаа нь тэдгээр ард түмний үзэл бодол, улс төрийн хандлагад тод илрэн харагддаг. Баруун–зүүнийн хуваагдлыг 1994 онд явагдсан Ерөнхийлөгчийн сонгууль анхлан маш тод гэрчилсэн. Энэ сонгуульд оросуудтай ойр хамтарч ажиллаж байсан ч өөрийгөө үндэсний үзэлтэн гэж тодорхойлсон тухайн үеийн Ерөнхийлөгч Леонид Кравчук Баруун Украины 13 мужид 90-ээс дээш хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Леонид Кучма Зүүн Украины 13 мужид харьцангуй олонхийн санал авч, Кучма нийт сонгогчдын 52 хувийн саналаар ялсан.

Энэ хуваагдлын үр дүнд Украин нь гурван янзын сонголтын өмнө тулж очсон нь саяхны түүх билээ. Учир нь ийм хуваагдлыг нөлөөний хүрээгээ тогтоосоор байх хүсэлтэй Орос хүлээн аваагүй. Хоёр улсын харилцаанд цөмийн зэвсэг, Крым, Украин дахь оросуудын эрх ашиг, Хар тэнгисийн флот болон эдийн засгийн харилцаа гээд нэн чухал асуудлууд бугшиж байсан ба зэвсэгт мөргөлдөөн дэгдэх хувилбар бодитой тулгарсан байв. Энэ бол эхний хувилбар нь.    

Гэсэн хэдий ч иргэншлийг нь тооцож үзэх юм бол Орос, Украины хооронд мөргөлдөөн гарахгүй. Маргаантай нэлээд асуудлаа шийдэж, хоёр талын хэт үндсэрхэг үзэлтнүүдийн дарамтыг үл хайхран хоёр орны удирдагчид маш дайчин, амжилттай ажилласан. Украинд Оросын талыг илт баримталсан Ерөнхийлөгч Кучма хоёр удаа сонгогдсоноор хоёр улсын хооронд зөрчил даамжрах магадлалыг бууруулсан.  

Хоёр дахь болон арай илүү магадлалтай хувилбар нь Украин иргэншлийнхээ шугамын дагуу хоёр тусдаа хуваагдаж дорнод хэсэг нь Оростой нэгдэх явдал байв. Салан тусгаарлах асуудал эхлээд Крымтэй холбогдож гарч ирсэн. Хүн амын 70 хувь нь оросууд байдаг Крымын олон нийт 1991 онд санал асуулгаараа Украиныг СССР-ийн бүрэлдэхүүнээс гаргаж тусгаар тогтнуулахыг дэмжсэн. Тэгснээ 1992 онд Крымын парламент Украинаас салж тусгаар тогтнолоо зарлахаар санал хураахаар завдсан. Хэрэв тэр нь бүтсэн бол Крым гэж дараагийн Нагорно-Карабах, эсвэл Абхаз болох нь гэдэг асуудал тавигдсан. Гэсэн ч Орос, Украины удирдагчдын шахалтаар энэ асуудлыг унтраасан, Оросын талыг баримтлагч Кучма Ерөнхийлөгчөөр сонгогдсноор Крымын салан тусгаарлах санаархал нэг хэсэгтээ замхарсан. Крымыг дарж авснаараа Украины баруун хэсгийн салан тусгаарлах асуудлыг давхар намжаасан.

Гуравдахь илүү боломжтой хувилбар бол Украин нь нэгдмэл, хуваагдалгүй, тусгаар тогтносон хэвээр үлдэх бөгөөд Оростой ойр хамтран ажиллана. Эрдэмтэн Жон Моррисоны тэмдэглэсэнчлэн Зүүн Европ дахь Орос-Украины харилцаа бол Баруун Европ дахь Франц-Германы харилцаа гэсэн үг юм. Сүүлийн хоёр улс нь Европын Холбооны цөм нь болдог бол өмнөх хоёр нь ортодокс ертөнцийн нэгдэлд нэн чухал цөм улсууд нь байх аж. 

Яг ийм сонголтуудын өмнө Украин орон шинэ зуунтайгаа золгосон билээ. Ийм сонголтуудын алиныг сонгох вэ гэдэг дээр  2004, 2010 оны Ерөнхийлөгчийн сонгуулиуд өрнөсөн. 2004 оны Украины анхны ардчилсан хувьсгал (“улбар шарын”) нөхцөлдсөн. 2004 онд украинчууд яг одоогийнх шигээ геополитикийн хувьсгал хийсэн. Хоёр Леонидын адил хоёр Виктор баруун, зүүн хоёр Украины хоёр төлөөлөл болж Виктор Ющенко нь Виктор Януковичаа ялсан. Баруун Украины төлөөлөл Ющенко Оросын нөлөөг сулруулах нь бүү хэл Тусгаар Улсуудын Хамтын нөхөрлөлийг нураах алхмуудыг хийж эхэлсэн.

2005 он– ТУХН-ийн зарим гишүүн орнууд салах санаархлаа мэдрүүлж, Ющенко, Саакашвили, Алиев, Воронин нар “ГУАМ” (Гүрж, Украин, Азербайжан, Молдова) хэмээх нээлттэй, бүс нутгийн олон улсын эвсэл байгуулан, ардчилал, тогтвортой байдал, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоо зарлав. “ГУАМ” нь ТУХН-ийг шууд сөрсөн, газар зүйг улс төртэй холбосон геополититикийн тэнхлэг маягаар (Прибалтика - Украин - Молдова – Гүрж) ийнхүү сууриа тавилаа. Өөрөөр хэлбэл Европ руу чиглсэн Оросын эрчим хүчний бодлого, түүний дамжин өнгөрөх хонгилыг бүсэлсэн шинжийг агуулав. Оросын нефть, хийн хоолойг  боймилбол Оросыг Европын улс гэж нэрлэхэд нэн түвэгтэй болно. Оросын нефть, хийн тээвэрлэлтийг (нийлүүлэлт) орлох альтернатив асуудлыг шийдчихвэл ГУАМ-ын зорилго биеллээ гэсэн үг хэмээн Ющенко айлдав. ГУАМ-ыг “Ардчилал, хөгжлийн төлөө байгууллага” (АХТБ) хэмээн нэрлэе гэсэн санал энэ хэдэн улсын дунд нэлээд ширүүн яригдав.

Молдовын Ерөнхийлөгч В.Воронины үзэж байснаар, АХТБ – ГУАМ-ын гишүүнээр эл 4 улсаас гадна Европын Холбооны зарим гишүүд болох Болгар, Румын байх ёстой аж. Үүнийгээ нөгөөх эрчим хүчний хонгил гэдгээр тайлбарлаж, энэ саналыг Украин дуун дээр дэмжив. ТУХН-ийг булшлах лут алхмыг ийнхүү 2005 онд хэсэг улс хийсэн ба тэр үед байгуулагдсан Сообщество демократического выбора (СДВ) буюу Ардчилсан сонголтын хамтын нийгэмлэг (АСХН) гэх эвсэлд ТУХН-ийн гурван гишүүн – Гүрж, Молдова, Украин орж, тэдэнтэй Польш, Латви, Литва, Эстони, Македони, Румын, Словени эвссэн түүх ийн үргэлжлээд байж байтал 2010 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Виктор Янукович өчүүхэн давуугаар Баруун Украины төлөөлөл Юлия Тимощенког ялж гарч ирэн бүх юмыг буцаан Кучмагийн эрин рүү эргүүлсэн билээ...