Өнөөдөр хотын төр­сөн өдөр болж байна. Өндөр гэгээн Занабазар Ширээ цагаан нуурын хөвөөнөө ханаа дугуйлж, хүрээ сууснаас хойш 371 намар улирчээ. Эртний Хар Хорумаас хойш төв Азийн нүүдэлчдийн дунд олон зуун жилийн дараа анхны томоохон суурин амьдралын шав тавигд­сан нь  өдгөөгийн бидний Улаанбаатар хот юм би­лээ. Дэлхийн улс орнуу­дын хот балгадтай харь­цуулах юм бол манай хот харьцангүй  залуу, дөнгөж дөрвөн зуу шүргэж яваа ч дөрвөн улиралд дөрвөөс доошгүй ачаалдаг нүү­дэлчдийн хувьд хүрээ суурьшина гэдэг гай­хам­шиг.  Малчдын хот малын бэлчээрээ дагаж олон удаа бууриа сэлгэсээр одоогийн Туулын хар бур­­гасны хойд энгэрт төвх­нөснөөс хойш дахиж хаашаа ч нүүгээгүй суу­рьшсан.

Монгол Улсын нийс­лэл байх хувь тавилантай Улаанбаатарын нутаг  та­ван хошуу малаасаа илүү таван хэлийн хүн зоны ая тухыг хичээн сон­гож шинжилж тогтоосон гэж хууччуул ярьдаг. Мөн баруун аймаг хүний, зүүн аймаг малын мөргүй болох цагт  Да Хүрээнд цөм ирж төвхнөнө гэсэн домог үе үе сэртхийтэл санагдуулдаг.  

Хүрээ хийдийн шав­хай­тай гудамж бүхий их бөөгнөрлөөс гараагаа эхлэн дэс дараатай стату­саа ахиулсаар ардчил­лын жилүүдэд Улаанбаа­тар гурав дахь их өөрч­лөлтөө хийлээ. Одоо Улаан­баатар барууны том хотуудтай улам адил­хан болсоор л байна. Монголын уудам нутагт хот байтугай сумын төв төвхнүүлж чадахгүй бай­хад энэ дөрвөн уулын дунд бүх юм аяндаа бүтэх нь гайхалтай бөгөөд учир жанцантай. Утаатай, хул­гай дээрэмтэй, аль л муу бүхний үүр уурхай гэж хичнээн их ухуулдаг ч  энэ нутгийг бараадсан хүү­гийн ухаан санаа хэрсүү­жиж, хүүхний царай төрх гоо үзэсгэлэнг олдог бо­ло­хоор ирсэн хүн буц­даггүй. Газар газарт  өөрийн ямар нэгэн онц­лог хэв маяг тогтсон бай­даг. Нэг саяас дээш хүн амтай дэлхийн том хотууд дундаа манайх ганган гоё бүсгүйчүүдтэй ганц ч гуйл­гачин байдаггүй хоёроо­роо гайхуулдаг юм билээ. Энэ бас сайхан үг шүү. 

Гэхдээ хот тойрсон мянга түмэн асуудал бий. Өмнөхөө шийдэж амжаа­гүй байхад таахын арга­гүй нөхцөл байдал мар­гааш өглөө гэхэд л бий болчихдог адармаатай нөхцөлд бид амьдарч байгаа. Хотын төрсөн өдрийг тохиолдуулан хэ­лэхэд манай хотод нут­гийн зөвлөл гэдэг гомд­моор байгууллагууд орш­дог. "Өөх идсэн ч өөрийм­шихгүй, мах идсэн ч ма­найхшихгүй" энэ зөвлө­лүүд дандаа элэг нь цаашаа үйл ажиллагаа явуулдаг. Тийм л их нутаг усаа санаад байгаа юм бол явчихаач дээ гэхээр чадахгүй хэвтэж  матрын нулимс худлаар дуслуу­лан элдвээр бичнэ, дуул­на, муулна. Наадам бо­ло­ход зөвхөн улаанбаа­тарчууд л барилддаг, уралддаг, түрүүлдэг бо­лоод удаж байна. Тэгсэн атлаа Улаанбаатарын нэг ч морь, бөх байхгүй болчихдог. Унасан газар угаасан усаа голж,  амь­дарч байгаагүй, очиж  үзээ­гүй өвөөгийн нутгаа­раа овоглох явдлыг бүр албан ёсжуулдаг. Жалга довны ийм жижиг шалт­гаан Улаанбаатар дахь чухал үйл явдлын уч­гаар тайлагдах нь олон­таа. Тэр газрыг тэр айм­гийн­хан эзэлчихсэн юм билээ. Дарга манай нут­гийнх болохоор на­майг татсан байхгүй юу. Манай нут­гийн зөвлөл хуралдаж орон нутгаа хөгжүүлэх тухай санаач­илга гаргав гэх мэтийн үгэнд бид бүр дассан. Улаанбаатарыг өөдтэй өнгөтэй байлга­хын төлөө харь холын Сөүл, Токио хүртэл гу­дамж засч, унаа өгч, цэцэг тарьж байхад  нутгийн зөвлөлийнхөн дөрвөн уулын дундаа ирээд сай­хан байна гэж ганц удаа баяр хүргэсэн удаа бий билүү. Хэл амгүй гудам­жаа цэвэрлэж гий­гүүл­дэггүй юмаа гэхэд усыг нь уусны хэрээр ёсыг нь дагаж заншмаар юм.

Өнөөдөр хотын төр­сөн өдөр. Сая сая монгол­чуудын бахархал Улаан­баатар мөн үү, биш үү?

Өөрөө, дараа нь үр хүүхэд нь хэдэн үеэрээ ч амьдарч магадгүй энэ нутгаа магтаж чаддаггүй юм бол ядаж битгий зүхэж байгаач. Уул усны минь, Туул голын минь заяа гомдоод байна шүү дээ. Амьд яваа насандаа ха­тан Туулынхаа уснаас ганц удаа амсаад үзэх юмсан гэж олон сая мон­гол туургатнууд мө­рөөддөг юм билээ.

Өөрийнхөө нутгийг хайрлалгүй орхиод ирсэн хүн өрөөлийн нутгийг хайр­лана гэж байдаггүй бололтой. Дамаа Улаан­баатарт ирсэн нөхөр танихгүй мэдэхгүй олны дунд яаж ч байсан ямар хамаа гэсэн сэтгэлээр хог цацаж, мод хугалж,  ма­шинаар хаазалж, явга­наар туучиж чадлынхаа хэрээр тийчилцгээнэ. Эн­дээс өөр газар нохой ч тоож хуцахгүй шаарнуу­дыг энэ том сав л ялга­варлалгүй өвөртөө баг­тааж авдаг шүү дээ. Дэлхий Монголын талаар саяхан болтол өөр бо­долтой байсан. Монгол гэхээр хир даг болсон малчид морь тэмээ унан, зөвхөн мах идэж, эсгий гэрт хонодог, Африкийн ядуу орноос ч дорд байд­лаар төсөөлцгөөдөг. Тэг­вэл Улаанбаатарын гу­дам­жинд хуучин нийг­мийн хоцрогдол, хэт хөгжлийн гажиг хоёрын аль нь ч харагддаггүй. Саяар хөлхөлдөх олон монголчуудыг гаднаас ажиглахад уранхай нө­хөөстэй дээл хөдөрсөн хүн ер нь байхгүй шүү. Мөн барууны хотуудад алхам тутамд ээрээд сал­даггүй цайчихсан янхан, хар тамхичин, гаж дон­тонг зориуд сураглаж хай­вал хаашаа гэхээс ил харагдахгүй. Хэт ша­шинж­сан мухар сүсгийн  арга хэмжээнүүд, үндэс­тэн хоорондын ялгавар­лал, террорист халдлага, аймшигт харх, шумуул, хумхаа, гүрвэлийг нь яа­наа гэх түгшүүр манай­хаас бусад том хотуудыг байнга шаналгадаг. Сай­хан хур бороо орсон ч хотын химийн хортой холилдон дээрээс бууж үс зумлан өвчин наадаг  зэрэг хэт хөгжлийн муу нь байхгүй мөртлөө сайн нь манай хотод бүгд бий. Энэ бол Улаанбаатарын бахархал юм.

Ардчилал, зах зээл, ган зуд түүнээс шалт­гаа­лан баяжих, хоосрох гэх зэргээр өнгөрсөн хорин жилийн турш манай орны айл өрх бүрийг ер зүгээр суулгасангүй. Нэг дор удаан байх боломж олго­сонгүй. Одооноос хүмүүс байр байрандаа хэвшиж эхлэх төлөв харагдах боллоо. Хүнд хэцүү үед хөдөөдөө тэсээд үлдчих­сэн нэг хэсэг нь  тэндээ нөлөөгөө хадгалж заа­вал хот руу явах гэхээ боль­чихож. Их санаж хот ба­раа­даад модоо бар­сан нэгэн нутгаа тэмүүл­сэн байна. Зудны да­раахь зун шиг бөөн бөө­нөөрөө наа­шаа ирэх нүүд­лийн тоо хэвийн хэм­жээнд үр­гэлж­лэх байх. Өөрөөр хэлбэл амьсгаа дарагдаж нүүдэл татрах нь. Саях­наас л бид чинь хажуу айлаа хэнийх гэд­гийг мэдэж, манайх ийм хороо хоринд амьдардаг, хотод ингэж болохгүй гэд­гийн учрыг таньж, нэг хэсэгтээ төдийгүй цаашид ч үр хүүхэд маань эндээ л байх нь хамаагүй дээр гэдгийг олж харлаа. Ма­най орцны, манай гу­дамж­ны бахархал, сайн муу тал, найз нөхөд, дайс­наа танин мэдэх, хам­таараа юуг шийдэх зэрэг олон асуудал гэ­рийн минь гадаа хүлээж байгаа юм байна. Улаан­баатар бид­нээс хүний нутаг биш ми­ний өмч хө­рөнгө, ми­ний эрх ашиг, манай ая тух гэсэн өөриймсөг сэт­гэлийг нэхэж байна. Газар газ­рын хүмүүс нэг дор уда­хаараа ээнэгшин дасаж, хоорондоо улам адилхан хэл соёл, хүсэл мөрөө­дөлтэй болцгоодог нь орч­лонгийн жам билээ. Яваан­даа улаанбаатар­чууд гэх халхчуудаас олон хүн ам бүхий шинэ үндэс­тэн төлөвшинө. Аме­рик тивд олон үндэс­тэн цуг­лаж өөрийн хуулиа гаргаж дэлхийн хүчирхэг шинэ үндэстэн болсон тэр жиш­гээр талын Монголын сая хүн амтай Улаан­баа­тар хот замнаж байна. Энд манай хамаг авь­яаст­нууд, сод ухаант­нууд, хүчит бөх­чүүд бүгд сорогдон ирж улмаар бүр­мөсөн эндхийн иргэд болцгоо­лоо. Нэг хотод оногдох агуу хүмүүсээрээ дэлхийд тэргүүлэх тийм онцгой боломж зөвхөн Улаан­баа­тарт бий. Мон­голд Улаанбаатарын нэг дүү­рэгтэй дүйцэх хэмжээ­ний тийм хот суурин дахиж бий болохгүй.

Түмэн адууны дэл хөх­лийг дайчлан төрийн тугаа бүтээсэн эх орны минь голомт нийслэлд маань аймаг сум болгоны аль сор болсон охид хөв­гүүд ирцгээсэн. Та бол тэдний л нэг. Тийм хү­мүүсийн цугларал боло­хоор Улаан­баатар сай­хан бо­лох нь дамжиггүй, сайхан харагдах нь арга­гүй.

Өнөөдөр дэлхийд ганц­­хан миний хотын баярын өдөр.