Фрэнсис Фүкүяамагийн “Улстөрийн тогтолцооны сурвалж” номын хэсгээс

Инститүт бол тогтвортой, үнэ цэнэтэй, дахин давтагддаг хэв маягтай. Харин төр хэмээх инститүтийн тухайд гэвэл тодорхой газар нутагт ганцаараа хүчирхийлэх эрхтэй хууль ёсны байгууллага төдийгүй түүний орчин үеийн шалгуур нь мэргэшсэн ур чадварт үндэслэсэн хөдөлмөрийн хуваарьтай, иргэддээ ялгаваргүй ханддаг засаглалтай, төр нь ажилд авахдаа тал тохой татдаггүй гэх мэт. Үе залгамжилсан байдал хэмээх ойлголт нь хамаатан садан ураг төрлөө, эсвэл хариу тус авах замаар ажилд төрийн ажилд авч эрх мэдэл олгох явдал юм.

Орчин үеийн байгууллагууд бас өөр бусад шинж чанартай. Төрийг бүрдүүлдэг инститүтийн хөгжилд Хантингтон дөрвөн шалгуур тавьсан нь: дасан зохицол–хөшингө байдал; нарийн-энгийн; бие даасан- хараат; эв нэгдэлтэй – тархай бутархай. Өөрөөр хэлбэл хэдий чинээ дасан зохицомтгой, нарийн бүтэцтэй, бие даасан, эв нэгдэлтэй байна төдий чинээ илүү өндөр хөгжилтэй инститүт байх аж. Дасан зохицож чаддаг байгууллага өөрчлөгдөн буй гаднах орчинг үнэлж дүгнэж, дотоод горимоо түүнд тааруулж чаддаг. Орчин байнга өөрчлөгдөж байдгаас дасан зохицож чаддаг байгууллагууд л оршиж үлдэж чаддаг. Шүүгч нар нь Нийтийн хуулийг шинэ нөхцөл байдалд тааруулан байнга шинээр тайлбарлаж байдаг Английн Нийтийн хуулийн систем энэхүү дасан зохицогч инститүтийн анхны жишээний нэг мөн.

Хөгжингүй инститүт илүү боловсронгүй байдаг нь илүү нарийн хөдөлмөрийн хуваарь, мэргэшил үүссэнтэй холбоотой. Аймаг буюу эхэн үеийн төрд жолоодогч нь нэгэн зэрэг цэргийн жанжин, тэргүүн хамба, татвар хураагч, дээд шүүх болдог. Харин илүү боловсронгуй төрд тэр бүх үүргийг тусгай чиг үүрэгтэй, өндөр түвшинд мэргэшсэн тусдаа байгууллага гүйцэтгэнэ.

Инститүтчилэлийг хэмжих бусад хэмжүүр болох бие даасан байдал, эв нэгдэл хоёр хоорондоо нягт уялдаатай. Бие даасан байдал гэдэг нь тухайн инститүт хэр цул, нэг хамт олон болж, нийгмийн бусад хүчнээс ялгарч чадсаныг илэрхийлсэн ойлголт. Хууль ямар түвшинд төрийн эрх мэдлийг хянаж, тогтоож чадаж байгаа нь инститүтийн бие даасан байдлаас хамаарна. Бие даасан байдал нь мэргэшилтэй нарийн уялдаатай байдаг учраас илүү өндөр түвшний инститүтэд илэрдэг ажээ. Тиймээс жишээ нь генералууд нь улстөрийн үүднээс томилогддог юм уу, худалдаж авах замаар албан тушаалд очдог биш, харин тушаал дэвшүүлэлтээ өөрсдөө мэдэн шийдэх эрхтэй арми илүү хүчирхэг.

Эв нэгдэлтэй байдал гэдэг нь харин улстөрийн систем доторх янз бүрийн байгууллагын үүрэг зорилго ямар түвшинд тодорхойлогдож, зөвшилцөгдсөнийг илэрхийлдэг. Уялдаагүй улстөрийн системд, жишээ нь татвар цуглуулах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах олон байгууллага байдаг ч хэн нь хэнийгээ даргалж, захирч байгаа нь ойлгомжгүй байдаг. Бие даасан олон инститүттай төрийн аппарат хараат инститүттэйг бодвол илүү эвтэй байх хандлагатай. Үе залгамжилдаг нийгэмд удирдагчийн төрөл буюу омог нь төрийн янз бүрийн албан тушаалыг эрхлэх, зарим тодорхой хүмүүст зориулж тусгай албан тушаал санаачилах явдал гардаг. Тийм тохиолдолд олон нийтийн захиргааг удирдах ур чадвараас илүү үнэнч байдлыг илүүд үздэг нь өнөөгийн хөгжиж буй олон оронд ч ажиглагдсаар байна.

Энэхүү инститүтчиллийн дөрвөн бүрдэл хэсэг бүхий тодорхойлолтын цаана инститүт гэдэг бол тэдгээрийг тодорхой цаг үед удирдаж жолоодсон хувь хүмүүсээс ч урт настай давтагдсан хэв маяг, дүрэм журам юм гэсэн ойлголт оршдог. Мэдинаны омгуудыг зөнч Мухаммэд өөрийн өвөрмөц дайчин зангаараа амьд ахуйдаа хүчээр нэгтгэсэн ч хойноо өөрийгөө залгамжлуулах хаан үлдээгээгүй. Залуу шашин дараа нь хүчний төлөө тэмцэлд арай чүү эсэн мэнд үлдсэн ч одоо хүртэл тэрхүү анхны инститүтчилэлийн дутагдалтай тал нь суннит - шийтийн зөрчлийн улмаас хадгалагдсаар. Харин Хятадад эзэн хаан нь өөрийн буй болгосон захиргааны аппарат, ээдрээтэй дүрэм журмынхаа бараг хоригдол нь болсон. Тийнхүү зарим хувь хүмүүс инститүтийг тодорхойлж, дүр төрхийг нь өөрчилж байсан ч илүү боловсронгуй инститүт сул дорой удирдагч нарыг даван гараад зогсохгүй шинэ, илүү дээр удирдагч нарыг гаргаж ирэх системтэй болж байжээ.

Инститүт хоорондын өрсөлдөөн улстөрийн хөгжил авчирдаг ч мөн инститүтчилэл нь улам буурдаг ялзрал ч бас бий. Улстөрийн ялзрал тохиолддог хоёр процесс байна. Инститүт тодорхой орчны өөрчлөлттэй холбоотой сорилтыг давж гарах үүднээс анх байгуулагддаг. Тэр орчин нь газар нутаг, нөөц баялаг, цаг уур, газарзүй зэрэг байгаль орчны шинжтэй байх юм уу эсвэл дайснууд, өрсөлдөгч нар, холбоотон зэрэг нийгмийн шинжтэй ч байж болдог. Нэгэнт байгуулагдсан инститүт дээр дурдсан хөрөнгө оруулалтын дүрэм болон сэтгэл татагдах байдлаас болоод тэр чигтээ хадгалагдах хандлагатай. Үнэндээ нийгмийн хэм хэмжээ, хүлээн зөвшөөрөгдөлт, өөр бусад сэтгэл зүйн холбоос зэрэгт уягдсан инститүт “тогтвортой, үнэ цэнэтэй, давхин давтагдсан хэв маягтай” инститүт болж чаддаггүй. Инститүтүүд хадгалагдах нь зохицох чадварт тодорхой давуу тал үүсгэдэг: хэрвээ хүмүүст дүрэм журам, хэв маягийг даган нийцэх биологийн хандлага байгаагүй бол дүрэм журам цаг ямагт асар өндөр үнээр дахин дахин тогтоогдож, үр дүнд нь нийгмийн тогтвортой байдал байнга асуудалд орох байсан. Нөгөө талаар, нийгэм инститүтээ хадгалан, хэвээр нь байлгах хандлагатай байдаг нь анх инститүтийг бий болоход, гарч ирэхэд нөлөөлсөн нөхцөл байдал өөрчлөгдсөн ч инститүт шинэ нөхцөл байдалд тийм ч хурдан дасан зохицдогггүй гэсэн үг. Инститүт, гаднах нөхцөл байдал хоёр тийнхүү хоорондоо хэр зөрүүтэй байгаа нь улстөрийн ялзрал буюу инститүтгүйжилтийн түвшинг илэрхийлдэг ажээ.

Оршин буй инститүтийн сэтгэлээс уяатай байдал нь хуучирсан инститүтийг өөрчлөхөд саад болоод зогсохгүй инститүтүүд хоцрогдож байна гэдгийг ажиглах чадварыг бууруулдаг. Энэ үзэгдлийг нийгмийн сэтгэл зүйчид “танин мэдэхүйн үл нийцэл” хэмээн нэрлэдэг. Түүх ийм жишээгээр дүүрэн. Хэрвээ ямар нэг нийгэм илүү сайн инститүттэй ба болон цэргийн, эсвэл хөрөнгө чинээний хувьд улам хүчирхэг болж байвал түүнийг ялахыг хүссэн өрсөлдөх чадвар муутай нийгэм тэрхүү өрсөлдөгчийнхөө давуу талыг нь үүсгэж буй эх сурвалжийг зөв олж тогтоох хэрэгтэй болно. Гэсэн ч нийгмийн үр дүн маш олон шалтгаантай байдаг тул доройтол, сулралын тухайд итгэл төрөхүйц боловч буруу тайлбар гаргаж ирэх нь бий. Ромоос авахуулаад Хятад хүртэлх нийгэм цэргийн бүтэлгүйтлээ армиа дахин зохион байгуулж шинээр зэвсэглэж чадаагүйгээс болсон гэхийн оронд шашны үүрэг хариуцлагаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэн нөөц баялгаа янз бүрийн ёслол, тахилганд зарцуулж байж. Илүү сүүлийн үеийн нийгмүүд бүтэлгүйтлийнхээ шалтгааныг өөрийн инститүт дотроосоо хайхын оронд гаднаас болсон хэмээн жүүдүүд юм уу Америкийн империализмыг буруутгахдаа гарамгай болжээ.

Улстөрийн ялзралын хоёр дахь хэлбэр нь үе залгамжлал буюу албан тушаалаа өвлүүлэх явдал. Харилцан туслалцдаг садан төрлийнхөн юм уу найз нөхдөө дэмжих нь хүмүүсийн харилцааны хамгийн нийтлэг, үндсэн хэлбэр. Хүмүүсийн улстөрийн харилцааны хамгийн нийтлэг хэлбэр нь ивээгч-харилцагчийн харилцаа юм. Үүгээр удирдагч нь дагалдагч нарыгаа ивээсний хариуд тодорхой тус авдаг ажээ. Улстөрийн хөгжлийн зарим тодорхой үе шатанд ийм байдал дангаараа улстөрийн зохион байгуулалтын хэлбэр болж байсан юм. Гэсэн ч инститүт хөгжихийн хэрээр ур чадвар, үүрэг хариуцлагад суурилан ажилд авдаг Хятадын шалгалт, Түрэгийн девшир, католик сүмийн санваартнуудын гоонь байдал, орчин үеийн хууль тогтоогч нарын тал татахыг хориглосон хууль зэрэг арга замаар инститүт хувьсан хөгжижээ. Гэсэн ч системийг дахин үе залгамжлуулдаг болох гэсэн шахалт цаг ямагт тохиолдож байсан. Инститүтүүд стресст орох үед улстөрийн тэргүүн зорилго, чухал зүйлсээ хадгалж үлдэхийн тулд, эсвэл санхүүгийн хэрэгцээ шаардлагынхаа улмаас удирдагч нар тэдгээр шахалтад буулт хийх нь илүү.

Улстөрийн ялзралын энэ хоёр хэлбэрийн жишээтэй бид маш их таарсан. XVII зууны эхний хагаст Мин гүрний Хятад илүү сайн зохион байгуулалттай манж нарын зүгээс хойд талаасаа цэргийн шахалтанд өртөж эхэлжээ. Дэглэмийн оршин үлдэж чадах эсэх нь нөөц баялаг босгож, мэргэжлийн их цэрэг хуримтлуулан түүнийгээ зүүн хойд хил рүүгээ илгээж чадах эсэхээс хамаарсан. Гэсэн ч төр нь дургүйд хүчгүй байсан ба батлан хамгаалах зардлаа нөхөхүйц хангалттай татвар цуглуулаагүй зэрэг олон шалтгааны улмаас шаардлагатай ажлын аль нь ч хийгдээгүй.

Дахин үе залгамжилдаг болох гэх нь байн байн гарч ирдэг давтагддаг үзэгдэл. Хожмын Хань гүрний үед байгуулсан тал тохой татдаггүй захиргааны систем алгуур сурвалжит айлуудын гарт орсон нь төрийн чухал албан тушаалыг өөрсдийн ургийнхандаа хадгалж, хүмүүсээ суулгадаг болсон. Египетын мамлюкууд болон Түрэгийн жаниссадын аль алин нь эхлээд гэрбүлтэй болохийг, дараа нь хүүхдээ цэргийн инститүтэд оруулахыг шаардах замаар тал тохой татдагүй боолын элсүүлэлтийн системийг доройтуулсан юм. Мамлюкүүдийн тухайд гэвэл энэ хэрэг XIII зууны сүүлд монголчуудын заналхийлэл буурсантай болон худалдаа арилжааны нөхцөл байдал дордон, байн байн тахал болж байсантай холбоотой. Оттоманчуудын тухайд гэвэл үнийн инфляц, ноцтой төсвийн дарамтаас болон султан догшин Сэлим, Ялгуусан Сүлэйман нар жаниссадад мөн адил буулт хийсэн ажээ. Католик сүм харин санваартнууд, хамба нараа гэрбүлтэй болохыг хориглох замаар орчин үеийн захиргааны систем бий болгосон ч шашны мяндагтнууд нь яваандаа сүмийн өмчийг дахин өв залгамжлуулдаг болгожээ. Франц, Испанид санхүүгийн хүндрэлээсээ болоод арилжааны албан тушаал бий болгох замаар төрийн албыг зарж, өв залгамжлуулдаг болгосон.

Тийнхүү инститүтийн хатуу баригдмал байдал, дахин үе залгамжлал гэсэн улстөрийн ялзралын хоёр хэлбэр нь алдах зүйл ихтэй үе залгамжилсан түшмэд  системээ шинэчлүүлэхгүй гэж зүтгэдэгээс болоод ихэнхдээ нэгэн зэрэг тохиолддог ажээ. Түүнчлэн, хэрвээ систем эвдрэх юм бол ихэнхдээ гагцхүү үе залгамжилсан оролцогч нар ивээн тэтгэлгийн сүлжээтэйгээ хамт үлддэг юм.