Чих дөжрүүлсэн нүргээнт Нью-Йоркоос сугаран гарч Нью Жерси рүү  давхиулж явлаа. Шинэ газар, шинэ төлөвлөгөө гэгч угаасаа сэтгэлд хөнгөн агаад хөгжимлөг агаар бүрдүүлдгээрээ үргэлж сонирхолтой байдаг биш гэж үү. Өчигдөрхөн л НҮБ-ын чуулганы халуухан төвд  бусдаасаа илүү мэдээлэл олоод авчих санаатай, тэр нь жаахан бэрхшээлтэй байнгуут учир утгагүй бухимдаж явснаа ор мөргүй арилгачихаад машины цонхоор дундаж америкчуудын гаднаасаа атаархаж үхмээр амгалан үзэгдэх амьдралын дүр зургуудыг харж явлаа. Тэгснээ төд удалгүй уйдаж, за даа, өөрөөс бусад нь л жигтэйхэн амар амгалан санагддаг болж дээ гэсэн шүү бодол орж ирнэ.

Очих гэж зорьсон газар маань Нью Жерси мужийн  Ховел хэмээх тойрогт байх “Ницан” буюу америкийн монголчуудын нэршсэнээр Дилов Хутагтын сүм билээ. Монгол туургатнууд анх америк хэмээх мөрөөдлийн газарт хөл тавьж эхэлснээс хойш Дилов хутагтын сүм хэмээх энэ газар луу чимээгүйхэн зорьцгоох болсоор олон жилийг үджээ. Монгол туургатнууд гэдэг маань үндсэндээ манайхнаас гадна Халимаг, Өвөр монгол, Буриад, Тувачууд гэсэн үг. Мэдээж хөлгүй их далай мэт Америк оронд хөлөө олох гэж хэдэн жил тэд маань түжигнэж таарна. Дараа нь жаахан учраа олоод ирэхээрээ очоод сэтгэлээ ариусгачих, зам мөрөө даатгах газрыг эрэлхийлнэ биз дээ. Тэр л жамаар элэг нэгтнүүдийн маань цуваа ийшээ чиглэсэн байж таарна. Бас цуутай Хутагтын хайр энэрэл, уй гуниг, бартаат амьдрал, зул мэт зольж амьдарсан зориг төгөлдөр цадиг нь чангааж таарна.
 
Үнэндээ бол монголчууд бидний хувьд халхын их хувилгаан Дилов хутагт Жамсранжавын сүүлчийн гэрээслэлээр шүншиглэгдэж, үлдээсэн өв дээр нь суурилан боссон, алхаж явсан мөрөн дээр нь чимээгүйхэн ургасан “Ницан” гэх энэ сүм сэтгэлийн дуудлагатай газар билээ. Эл сүмийг Дилов Хутагтын шавь, бүхий л амьдралынхаа турш түүнд шадарлан зүтгэж амьдарсан Жамбалдорж гуай босгожээ. Энэ агуу буурал 104 насыг зооглоод диваажингийн орноо залран буй их Хутагтынхаа дэргэд очихоор даруй хоёр жилийн өмнө одсон юм. Жамбалдорж гуайн тухай би олонтаа сонсч байсан. Харин Дилов хутагтын тухай юу мэдэхээ дотроо тоймлох гэж оролдон явав.

Тэр бол монгол оронд хэлмэгдүүлэлтийн аймшигт салхи дэгдсэн бэрх цаг дор, хутагт хувилгаадыг толгой дараалан буудан хороож байсан гучаад оны тэртээх үеийн шуурган дунд аюулаас хамгаалах албанд зүтгэж байсан цөөн эх орончдын далд зүтгэлээр амьд гарч чадсан жинхэнэ сартваахи хүн юм. Сүсэг бишрэл, шашин шүтлэгийн агуулгаас гадна нугаршгүй үзэл санаатан, болд мэт хатуу зоригтон, агуу тэмцэгч гэдгээр нь хүндлэн дээдлэх бодол илүүтэй төрдөг. Амь зулбан зугтаж гарсан ар халхын Дилов Хутагт Жамсранжав хэмээн түүний тухай бичсэн өгүүллүүд эхлэх нь бий. Гэхдээ амийг нь авч үлдэх ариун үүргийг хүлээсэн эх орончид тухайн үедээ л аргыг нь олж монголоос гаргаж чадсан байдаг. Тэгэхээр амь зулбан зугтах гэсэн үг түүнд ерөөсөө ч зохихгүй санагддаг. Нэг талаас тусгай даалгавар хүлээлгэн тагнуулаар илгээсэн гэх илтгэлийг коментернд тавихдаа өөрөө ч буудуулж магадгүй эрсдлийн өмнө л нэгэн монгол аавын хүү зогсч байсан байж таарна шүү дээ. Ийнхүү тагнуулын гэх үүрэг хүлээн эх орныхоо хилийг давсан Дилов Хутагт Хятад, Тайвань, Энэтхэг улсаар дамжин олон жилийн хатуу бэрх амьдралыг туулж явсаар Америк оронд арваад жилийн дараа анд Латтиморынхоо дэмжлэгээр ирж суурьшсан түүхтэй.

Түүгээд бодоод үзэхүйд Дилов Хутагтын тухай сонссон дуулсан мэдээллүүд маань энд тэнд нь гарсан, цэгцтэй системчлэгдээгүй мэдлэгүүд болон үлджээ. Түүхэндээ хайнга хандаж ирсэн мулгуу амьтан гэж өөрийгөө би зэмлэж явав. 

Манай сонины Бямбын Ерэнтэй абугайн омогшин хэлдэгчлэн хутагт хувилгаадын дэлхий дээрх цорын ганц өлгий нутаг (түүний хэлдгээр) Засагт хан аймаг буюу одоогийн Завханд хутагт Дилов Жамсранжав мэндэлсэн. Үнэхээр ч ар халхад арван дөрвөн их тамгатай хутагт төрсний ес нь Завханд мэндэлсэн байдаг. Шинэ монголын түүхэнд ч тодрон товойж гарч ирсэн олон эрдэм чадалтай, авъяас билэгтэй хүмүүс энэ нутгаас төрсөн нь учиртай ч юм билүү. Мөхөс миний бие хамгийн анх Дилов Хутагтын тухай дуулсан нь манай нутгийн алдарт  Хатанбаатар Магсаржавтай шадарлаж явсан, Дамбийжааг даран сөнөөх үйлсэд гардан оролцсон, онцгой ид шидийн эзэн гэх үлгэр домгийн юм шиг яриа байж билээ. Жаахан хүүхэд Дилов Хутагтыг байтугай Хатанбаатар, Дамбийжаа хоёроо киногоор нь л төсөөлнө шүү дээ. Ямартай ч хамгийн анх түүний нэр ой тойнд минь ингэж л орж ирсэн юм даг. Дилов Хутагтын тухай юу мэдэхээ ийнхүү дотроо цуглуулж жагсаах гэж оролдож эхэллээ. Хаа нэгтэйгээс олж уншсанаар бол Дилов Хутагтын аав эцгийнхээ 86 настайд төрсөн гэх. Их Хутагт өөрөө ч эцгийхээ 67 настайд, харин ээжийнхээ 48 настайд энэ хорвоод мэндэлсэн гэх. Түүний тухай хачирхах содон хачин баримтууд ингээд л эхлэдэг. Үнэхээр жигтэй сонин баримт биш гэж үү. Хутагт маань Засагт хан аймгийн Түшээ гүний хошууны Баян хошуу гэдэг уулын энгэрээр тунаран урсах Ойгон хэмээх нуураар нэрлэгдсэн “Ойгон баг”  гэдэг газар төрсөн юм билээ. Он цагийн хувьд өөрийнх нь хэлснээр Бадаргуулт төрийн есдүгээр он буюу 1884 оны бичин жилийн 10 сарын 8-нд луу цагт нар мандах үеэр мэндэлсэн гэдэг. Зуд хуй нүүрлэж, ядуус малаа барж байсан бэрх цагт их Хутагт төржээ. Түүнийг энэ хорвоод дуугаа хадаан ирэхэд гэрийнх нь тооноор гэрэл сацарч байсан гэх домог байдаг. Өөрөө энэ тухай ярихдаа “Намайг төрсөн тэр өвөл манай гэрийн тооноор гэрэл гарч байсан гэж олон хүн ярьдагсан. Тийм хачин их гэрэл гарч, настай айлд хүү төрсөн тул тэр өвөл ямар нэгэн шидтэй юм болж байна гэж хүмүүс бодсон гэдэг” хэмээн хүүрнэжээ. 

Түрүүчийн Дилов Хутагтыг бие барснаас хойш өвөрмөц, жирийн бус байдалтай төрсөн 40-өөд хүүхдийг сонгон, тухай бүрд нь тайлбар таниулгыг нь бичин Бээжин дэх Манжийн эзэн хаанд өргөн барьсан гэдэг. Энэ үед бяцхан хутагт гурван настай байжээ. Бас нэг сонин домгоор бол өмнөх Дилов Хутагтын аав тэр үед нь бяцхан хөвүүнийд зорьж очжээ. Тэр хүнийг ирэхээс өмнө Хутагт гэнэтхэн "Манай гэрээс өнөөдөр хүн ирнээ" гэж хэлсэн гэдэг. Тэгээд Хутагтын эцэг цай уухаар өврөөсөө мөнгөн дотортой жижигхэн аяга гаргаж иртэл Хутагт "Яалаа гэж, наадах чинь миний аяга" гэж хэлэхэд нь ирсэн зочин ухасхийн тэврэн авч, хоймор суулгангаа өмнө нь сөхөрч гурвантаа мөргөөд нөгөө мөнгөн аягаа үзмээр дүүргэн барьсан гэдэг. Үнэн худлыг бүү мэд. Үлгэр домгийн эл яриа салхиар дамжин өртөөлж явсаар энэ хүртэл амьдарч иржээ. Юутай ч дээшээ өргөн барьсан мөнөөх хүүхдүүдээс Дилов Хутагтын тавдугаар дүрээр жаалхан Жамсранжав хөвүүн тодорч тавхан настайд нь гэрээс нь авч явсан түүхтэй.  Тэрбээр таван настайдаа төвд хэл сурч, зургаатайдаа 3000 шологтой номыг түвэггүй тогтоодог болсон гэдэг. Энэ бол буддын шашны гайхамшигт хувилгааны ном  эрдмийн их түүх албан ёсоор эхлэсэн үе биз ээ.

Миний цэгцгүй мэдээлэл энэ хүрээд шууд гучаад насны Хутагт руу оччихов. Дилова Хутагт Богд хааны тусгай зарлигаар Хятадын албаны хүмүүс болон хаа холын Америкийн төлөөлөгчидтэй уулзаж, Монголын автономит эрхийг сэргээхтэй холбоотой асуудлаар Бээжин явжээ. Харин энэ бол түүний үзэл санааны их зам харгуйн эхлэл үе байсан биз ээ. Богдын төлөөлөгч дөрвөн хүн шөнөжин сууж Монголын автономыг сэргээх үндэслэлийг тодорхойлж байсан.  Богд хааны өргөн барих тэрхүү бичгийг үйлдсэн мөнөөх дөрвөн хүний хоёр нь Дилов Хутагт, Жалханз Хутагт нар байсан байдаг.  Хожмоо их хэлмэгдүүлэлтийн шуурганд өртсөн Дилов Хутагт жилийн турш байцаагдан хоригдсон. Түүнтэй хамт Егүзэр хутагт, Манзушир хутагт нар ч хоригджээ.  Эцэст нь Егүзэр хутагт нарын долоон том ламд буудан алах ял оноож, Манзушир Хутагтад 10 жил, Дилов Хутагтад таван жил оноон  хорих ялыг тэнсэн харгалзсан байна. Чингэсэн нь олон түмний дунд үймээн үүсэхээс сэргийлэн түр хуурсан бодлого байж. Дараа нь Манзушир Хутагтыг эсэргүү Гэндэн, Дэмид нарын сүлбээтэн гэх хэргээр дахин баривчилж хороосон байдаг. Дилов Хутагтыг ч ижилхэн тавилан хүлээж байсан нь дамжиггүй.
Ийнхүү хэсэгхэн зуурын бодол хөвөргөж явах зуур Нью Жерси рүү ороод ирлээ. Түм түжигнэсэн Нью-Йоркоос залхсан сэтгэлийг минь намуун дулаан, амар тайван энэ газар ховсдох мэт булаав. “Ницан” сүмийн орших Ховел тойргийн амьдрал нам гүм ажээ. Хоёроос гурван давхар ижилхэн шахам энгийн л хэв загвартай байшингууд, гаднаа тавьсан энгийн л нэг хуучин машин, хашаан доторх юм бүхэн нь нүдэн дээр ил, хаалганы нь хавьд намхан төмөр шонд гагнаж хийсэн шуудангийн хөөрхөн хайрцагнууд. Энд манайхан шиг сондгойрох, илүү тансагт тэмүүлэх, илүү өндөр хашаа хэрэм барих ямар нэгэн уралдаан байхгүй. Учир нь энд зүгээр л амьдрал байдаг. 

Ийм амгалан газар, ийм даруухан саарал байшинд амьдарч, эгэл жирийн энэ сараалжин хашаанд хөл нүцгэн алхалж, зүлэг усалж, нохой тэжээж, ном бичиж, цамц нэхэж амьдрахсан. Өглөө гарч ирээд шувууны үүр шиг хөөрхөн энэ шуудангийн хайрцгийг онгойлгож насаараа хүлээж амьдарсан хэн нэгнээс захиа авч, баярласандаа болоод явган хүний цардмал нарийхан замаар залуу бүсгүй шиг гараа алдлан, эргэлдэн гүйхсэн.

“Ницан” сүмийн гадаа ирж зогсон зогстол би ийн мөрөөдөлдөө автаж явав. Мөрөөдөх “өвчин” маань яах ийхийн зуургүй  сэдэрсэн байлаа. 

Сүмийн хашаанд бас нэгэн жижиг байшин байх. Биднийг машинаас буутал 40 орчим насны нэгэн хувраг дотроос гарч ирэн амар мэнд мэдэв.

Бүртийх ч үүлгүй цэлмэг тэнгэр, Нью-Жерсигийн налгар тайван намар. Нов ногоон зүлгэн дундуур яг л уран зураг мэт урсах горхитой, горхин дээгүүрээ жижигхэн модон гүүртэй, модон гүүрээр алхан ормогц гадаа нарлан суудаг дугуй цагаан төмөр ширээ, тойруулж тавьсан хашлагатай дөрвөн сандал. Энэ ширээний ард, энэ сандлууд дээр Дилов Хутагт сууж байсан. Ухаалаг, тодорхой харцандаа  гуниг гүйлгэн хашааны урдуур зурайн өнгөрөх замыг ширтэж суусан. Энэ зам бодолд нь зурайсаар Ойгон нуурын тунгалаг хөвөө рүү одож, ядуу тарчиг ч гэсэн цангинаж өссөн гэрийнх нь бараатай сүлэлддэг байсан.

“Ницан” сүм рүү орон ортол би ийн төсөөлөлдөө автаж зогсов. Төсөөлөх “өвчин” минь яагаад ч юм ийнхүү хөдөлсөн байлаа.

 Шувууд жиргээд л, харин тагтан дээр нэгэн муур биднийг ширтэн их зантай нь аргагүй цомцойн суух. 

Бодол ч зогсох мэт тийм дагшин нам гүмийн дунд би ирсэн байлаа. 
            
Үргэлжлэл бий...