Гэмтлийн эмнэлэг тойрсон хийрхэл, дэгс мэдээлэл, улс төржилт хэрээс хэтэрлээ. Жирийн иргэн би тэсэхээ болиод үнэн үгээ хэлье гэж шийдлээ. Уг нь би “Эмч гэж тэнгэрийн амьтан, эмнэлэг гэж дээдсийн хүрээлэн” гэх нийтлэлдээ эмч нарт мялаалгын үгээ харамгүй урсгасансан. Гадаадын тансаг хөрөнгөлөг эмч нар шиг байгаасай гэсэн чин хүсэл маань хэвээрээ ч Гэмтлийн эмнэлэг тойрсон хийрхлийг өлгөн аваад шүүмжлэх дондоо хөтлөгдсөндөө хүлцсү!


Гэмтлийн эмнэлгээс халагдах өргөдлөө хэдэн арваараа, бараг зуугаараа өгсөн байтал тэгсэн нэгнийг нь “халчихлаа”, “халж эхэллээ” гэж дэвэргэн сурталчлах сэтгүүлчдийг гэгээрүүлмээр санагдлаа. Логикоор бодоод үз дээ, сэтгүүлчид минь, кабелийн зурагтынхан минь! Хүн наана чинь би халагдъя гээд өргөдлөө цагаан цаасан дээр хар, хөх бэхээр бичээд даргынхаа ширээн дээр тавьчихаж, дарга нь хушуу цорвойж хадаг сүү барьж үлдээч хэмээн зах зээлийн нийгэмд хормой дэвсээд гуйгаад суух хэрэг үү? Монголчуудын тунирхал дээр тэгж тоглох хэрэг сэтгүүлчдэд баймааргүйсэн.  “Монголчуудын тунирхал” чинь ардчилал, эрх чөлөө, зах зээлд огтоос тохирохгүй эд. Талын нүүдэлчний тэр араншин чинь хээр тал, малын бэлчээр, хот айлдаа л гүйлгээтэй эд.

Сэтгүүлчид Та нар Гэмтлийн эмнэлгийнхний харилцан тунирхал дээр тоглож байхын оронд төрөлхийн зүрхний гажигтай гээд солонгос эмч нар нь Улаанбаатарт үзлэг хийгээд сонгоод авчихсан хүүхдийг Солонгост явуулахдаа солиод явуулчихсныг олж сурвалжлаач. Солонгост очоод үнэгүй хагалгаанд орох тэр эмчилгээний хахууль 10 сая төгрөг гэсэн сураг Сөүлээс дуулдав. Түүнийг очиж сурвалжлаач.  Улаанбаатарт хэн нэгэнд нь 10 сая төгрөг өгөөд өмнүүр нь орох нь байна шүү дээ. Нялх үрсийн эрүүл мэндийг хахуулийн золиосонд хаяж буй эрүүлийг хамгаалахынхны ялт хэргийг илчлээч!

Эмч нарын улс төржилт хэрээс хэтрээд эрүүл ухааныг давж, хагас галзуугийн байдалд очсон 2009 оны гашуун жишээг нь энд дурдсу! Тэр үед би Египетэд эрхт улсаа төлөөлөн сууж, тэр явдлын гэрч болсон юм. Египетийн Сан гэж буянтай байгууллагыг хөдөлгөж шахан байж курс дамжаанд 450 орчим монгол иргэний хамруулсны (Монголоос ганц  ч төгрөг зарцуулаагүй)  салаа салбар нь эмч, эмнэлгийн ажилтнууд байсан хэрэг л дээ. 2008 оны зун очсон эм найруулагчдын курсыг энд дурдахгүй, тэд улс төржиж хийрхээгүй, гэхдээ гурвын гурван гэр бүл, бүр өвөө эмээ, 18-тай ач охинтойгоо, Эрүүл мэндийн их сургуулийн хоёрын хоёр проректор (төрийн шагналт, гавьяат эмч, академич, доктор, профессор гэх мэт цолтонгууд) очсон нь онцгой, өвөрмөц, бас марзан гэмээр үйл явдал байлаа.

Энд би 2009 оны хаврын курсыг нэрлэх гэж байна.  Гай таарч Ерөнхийлөгчийн сонгууль эх оронд маань өрнөж байлаа. “Гай таарна” гэдгээр эндхийг биш, Каирт монгол эмч нарын дунд өрнөсөн үйл явдлыг хэлж байна. Би ч би, 2008 оны төрийн шагналт, гавьяат эмч, академич, доктор, профессор, проректоруудаас залхаж сэрэмжлээд заавал хөдөөний, эсвэл хотын захын гэр хорооллын эмч нарыг явуулаарай хэмээн ЭМЯ-ын сайд нарт биччихсэн нь бүр ч гай дагуулжээ. Сайд С.Ламбаа, дэд сайд Ж.Цолмон нар миний албан тоотыг өлгөж аваад Архангай, Хөвсгөлийн эмч нарыг сонгоод авчээ. Хоёр эрхмийн сонгуулийн тойрог нь Архангай, Хөвсгөл аймаг юмсанж, Ингээд Архангайгаас АН-ын, Хөвсгөлөөс МАХН-ын (одоогийн МАН болов уу) эмч нар шилэгджээ. Би ч яахав, хөдөө орон нутгийн эмч нарт Африк, Араб ертөнцийг үзүүлээд, номын дуу сонсгочихно гээд маадгар хүлээж байлаа.

Эмч нар Каирт очлоо. Курс ном дүрмээрээ эхэллээ. Тэдний сэтгэлийг Монгол л соронздоод байх бололтой. Хөдөө орон нутагт эмч нар нэг гол сэхээтнүүд (цаана нь багш нар), толгой дараалан намын гишүүнчлэлтэй юм байна гэдгийг би Каирт л анзаарлаа. Тэд курсдээ суух боловч сэтгэл зүрхийг нь Монгол дахь Ерөнхийлөгчийн сонгууль эзэмджээ. Н.Энхбаяр ялбал Хөвсгөлийн эмч нар алтан аягнаас ус уух хувьтай юм байна. Ц.Элбэгдорж ялбал Архангайн эмч нар тэнгэрийг умдаг атгах бололтой юм, миний ажигласнаар. Монголд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампани өрнөх тусам Каир дахь монгол эмч нарын ааш араншин, харьцаа эвгүй болж байлаа. Тэд хэдэн биенээ хэмлэж байлаа. Үгээр идэх, утах, тавлах нь энүүхэнд. Хамтарч нэг ширээнд хоолоо идэж чадахаа болилоо. МАХН-ын эмч нар өрх тусгаарлалаа. Арай зочид буудлаасаа нүүж гарсангүй. Арван хэдүүлхнээ байж хамтарч хооллохоо больсонд египетийн зочид буудлынхан гайхаад л. Сонгуулийн дүн гардаг шөнө курсын эмч нар нойргүй хонолоо. Маргааш өглөө нь Архангайн АН-ын эмч нар Хөвсгөлийн МАХН-ын эмч нарын амыг аcууж тавлаж байлаа. Хөвсгөлийн эмч нар сэтгэлээр унажээ. Сүр сүлд нь үхчихэж. Хувьсгалт намын эмч нар хоолондоо! АН-ын эмч нар хоёрдугаар ээлжинд! Ийм л юм болсон юм даа!  Хэтрүүлэг биш!

2009 оны намар нь Каирт дахин улс төржив. Гэхдээ Бээжингээс Каир орох нисэх онгоцон дотор. Ерөнхийлөгчөөp сонгогдсон Ц.Элбэгдоржийн оронд УИХ-ын тойрогт нөхөн сонгууль явагдаж байлаа. Каирт Мубаракийн нэрэмжит Цагдаагийн академийн сарын курсэд суух 25 нөхөр, улс төр судлалын курсэд суух АН-ынхан голдуу 15 нөхөр, нийлээд 40 монгол тэр онгоцонд суужээ. Цагдаагийн академийн курсэд МАХН-ын хороо хорины намын дарга гэх хэдэн эрхэм орчихсон онгоцон дотор ил ухуулга хийгээд л, ам хамхихгүй болохоор нь АН-ын нөхөд эсэргүүцэж хэрүүл дэгдээсэн бололтой. Каирт газардахад тэд ёозгүй царайлаад бууцгаав... Нөхөн сонгуулийн дүн гаран гартал нойргүй хонож, Элчин сайдын яамнаас мэдээ шаардаж, намын ухуулга хийж явсан нэг хижээл нөхрийг нэрлээд яахав. Хамт явсан нөхөд нь бүрэн залхсан байж билээ. Энэ мөн хэтрүүлэг биш!