Сулрах учиргүй тусгаар тогтнол, сульдах эрхгүй МАН
Энгийн амьдралд улстөр шиг хэрэггүй юм алга. Бохир, талцуулна, тархи угаана. Гэтэл монголчууд бидний эрхэмлэн дээдэлдэг төрийг намуудаар дамжуулж байгуулдаг. Ардчилал адгийн, гэхдээ үүнээс сайныг нь олоогүй явна гэдэгтэй адил төрийг намаар дамжуулж байгуулах, засгийн эрхийг намууд барихаас өөр сайн хувилбар одоогоор аль ч улс оронд байхгүй.
Илүү амжилтад хүрье гэвэл улстөрийг улс орны хэмжээнд, нам дотроо ч багаар л хийдэг. Энэ бол дэлхийн улстөрийн түүхэнд тухайн улс орныхоо алдаа оноогоор бичигдсэн, батлагдсан түүх. Монгол Улсын төлөөх улстөрийн багийн тоглолт бол хамгийн том МАН, АН-ын хамтын ажиллагаа. Энэ том зургаа харж чаддаг л бол эдгээр намууд ганц ганцаараа “од” явах боломжгүй. Үнэхээр л эх орноо хөгжүүлье, ард түмнээ амгалан, илүү сайхан амьдралтай болгоё л гэвэл энэ хоёр нам нэг тэрэгний хос дугуй шиг хамтаараа урагшаа зүтгэж байж улсаараа амжилтад хүрнэ. Үүнийг л багийн тоглолт гэх бөгөөд энэ нь мэдээж эрүүл хамтын ажиллагаа. Баг болно гээд засагт хамтрах албагүй. Нам дамжсан олигархиуд хуйвалдах боломж бол бүр биш. Харин нэг нь эрх баригч шиг засаг барьж, нөгөө нь сөрөг хүчин шиг цөөнх байх нь оновчтой хувилбар. Аргалдаг бус ажил хийдэг эрх баригч, сөрдөг биш шахдаг сөрөг хүчний хамтын ажиллагаа бол баг болохын хамгийн сайн хослол. Түүнээс бус, фракцуудын тэнцвэрийг хадгалах нь хөөсөн эв нэгдэл, хиймэл тогтвортой байдлыг тодорхой хугацаанд хүчээр барьдаг сайн талтай ч, ажил явах, амжилтад хүрэхдээ багийн тоглолтыг гүйцэхгүй. Фракцуудын тэнцвэрийг хадгална гэдэг бол эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн тулд өөх ч биш, булчирхай ч биш болгож байгаа л хэлбэр. Жишээ нь, өнөөдөр фракцуудын тэнцвэртэй засгийн ажил сайн явж, ийм хуваарилалттай МАН хүчтэй сөрөг хүчин байж чадаж байгаа билүү. Сүүлийн үед танхимаа захирч дийлэхгүй Ерөнхий сайд, намаа зангидаж болдоггүй намын дарга нар л гарах болов. МАН-ын сүүлийн хоёр дарга Сү.Батболд, Ө.Энхтүвшин нар өөрийн хүслээр ажиллахаас илүүтэй фракцуудын хүлээсэнд хавчигдаж явсан. Одоогийн Ерөнхий сайдаас ч ийм зовлон харагддаг. Харин фракцууддаа хүлээн зөвшөөрөгдсөн лидер тамга атгавал өөр хэрэг. Өнөөдөр энэ шалгуурт дөхөх, улстөрийн пирамидын оройд ойртох лидер гэвэл АН-ынхаа бүх фракцад хүлээн зөвшөөрөгдсөн ганц Ц.Элбэгдорж л байна.
МАН-ын хувьд лидер тодруулах Их хурлаа хийх гэж байна. Манайд л засагт эвсэх зориулалттай жижиг намууд олон бий болохоос ямарч улстөрийн намын эцсийн зорилго нь засгийн эрх барих. МАН энэ зорилгынхоо төлөө багийн тоглолт, “фракцуудын тэнцвэрийг хангах” хоёрын алинаар явахаас лидер “төрөх” бэлтгэл эхэлнэ. Хэрвээ зөв зам, гарцаа олбол алхаад ч болов зорьсондоо хүрнэ. Харин буруу зам, буруу аргаа сонговол хэчнээн гүйгээд ч нэмэргүй. Энэ нь буруу замаар хурдан гүйснээс зөв замаараа алхсан нь дээр гэсэн үг л дээ. Зам сонгох нь лидерийн шийдэл.
Харин олон түмэн МАН-ын Их хурлаас гурван шийдлийг хүлээнэ, хүснэ.
1. Олон нийт маргаашийн өөхнөөс өнөөдрийг уушгийг илүүд үзнэ. Их хурлынхаа дараа эрх баригч АН-ын алдаа бүрт сануулга өгч чаддаг, яг цагтаа дуугардаг “сэрүүлэг” болж шинэчлэгдэхийг МАН-аас хүснэ. Магадгүй, тооноос чанар гэдэгтэй адил өнөөдрийн олонхид ажил хэрэгч цөөнх илүү хэрэгтэй.
2. МАН, АН-ынхан саналыг нь авах гэж ард түмнээ, хүчийг нь ашиглах гэж гишүүдээ сонгуулиар л нэг санадаг. Тэгснээ сальфетик шиг нэг удаа ашиглаад дараагийн сонгууль хүртэл таг хаядаг. Энэ жишгийг халж, фракц дарга нарын намаас эргээд гишүүдийнхээ нам болж мартагдсан улстөрийн соёлыг буцаахыг хүснэ. Хэдэн даргын “МАН” хэмээх ХХК \хязгаарлагдмал хувьцаат компани\-аас чадвал олон түмний, эс чадвал ядаж гишүүдийнхээ нам болж хөрсөндөө буухыг хүлээнэ.
3. Монголын улстөрд МАН гавьяатай ч, бас олон муу жишээг эхлүүлсэн балагтай. Буруу жишгээ буцааж баллуурдах хэрэгтэй. Тухайлбал, улстөрд карьерийн зарчим гэж бий. Энэ бол ялсан нь дээшээ явдаг, багаасаа их рүү өгсдөг энергийн хууль. Үүнийг эсрэг дараалалд оруулах жишгийг МАН эхлүүлсэн. УИХ-ын сонгуульд уначихаад улам дээшээ явж сайд болдог, намаа ялагдуулсан дарга нь УИХ-ын дарга, Ерөнхийлөгч болдог. Хамгийн сүүлд гэхэд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас дотроо дөрвөн хүн өрсөлдөж байх жишээтэй. Дур эзнээ голдоггүй ч тэдэн дунд “арай ч дээ” гэмээр хүмүүс байснаараа МАН доторхи төрийн тэргүүн-улсын Ерөнхийлөгчийн зиндаа хэтэрхий доошоо орсон юм. Карьерийн зарчимд улстөрийн туршлага, туулсан зам, цаг хугацаа ч бас хамаарна. Гэтэл мөнгөтэй юмуу, хэн нэгэн даргын халаасны хүн шууд лифтээр, эсвэл крандуулж дээшээ гараад байхаар анхан шатнаас нь бор зүрхээрээ явсан жирийн гишүүдийнхээ, цаашлаад олон түмний итгэлийг яаж хүлээх юм. Улс төрөөр дамжиж төрийн албыг мөнгө, намыг гэмт хэргээс хамгаалдаг “хоргодох байр” болгоход МАН үнэтэй хувь нэмэр оруулсан шигээ эргэж баллуурдахад ч их үүрэг гүйцэтгэхийг нийгэм хүлээж байна. Хэрвээ карьерийн зарчим зөв эрэмбээр үйлчилж эхэлбэл түүнийг дагаад одоо тээр дор, шалан дээр хэвтэх улстөрчийн ёс зүй, хүн чанар, хариуцлагаа хүлээх ухамсар ч сэргээд ирэх болов уу.
Энэ гурваас бусдаар МАН-ын хурал олон нийтэд төдийлөн сонин биш. Ө.Энхтүвшингөө М.Энхболдоор солих, шинэчлэлийн дууг хуучин цагийнхан дуулах, үгүй нь энэ намын л асуудал.
Үйл явдлаас харвал Их хурлын үеэр энэ намд байгалийн гэмээр гэнэтийн үзэгдэл болдоггүй л юмбол М.Энхболд намын дарга болох нь тодорхой болжээ. М.Энхболд намын даргын тамгыг анх 2005 онд Н.Энхбаяраас гардсан бол одоо Ө.Энхтүвшингөөс авна. Бас энэ намын түүхэнд Ю.Цэдэнбалаас хойш завсарлаад хоёр дахь удаагаа намын дарга болсон анхны хүн болох юм. МАН-ынхан намаа лидерээр хахчихсан л гэдэг. Гэтэл Их хурлын “хамгийн том бялуу” болох намын даргын тамга атгах өрсөлдөөнд М.Энхболд бараг л өрсөлдөгчгүй өнгөлж явсаар санасан суудалдаа очиж, сарвайснаараа тамгаа атгах нь. Энэ нь МАН лидерийн хомсдолд орчихсон уу, лидерийн шалгуураар М.Энхболд бусдаасаа тохой илүү, толгой өндөр болчихсон хэрэг үү. Түүний тэргүүлдэг хотын бүлэг нам дотроо илүү хүчтэй, их мөнгөтэй учраас уу. Эсвэл бусад лидер нь энэ удаа хойшоо суусан учраас М.Энхболдод илүү боломж гарч ирэв үү. Энэ бүхэн тусдаа сэдэв бөгөөд шинэ даргын цаашдын улстөрийн тоглолт өөрөө хариулт болох биз ээ.
Нэгэнт намын даргад өрсөлдөгчгүй учраас гол “зодоон” хоёрдугаар хүн буюу генсек дээр болж байна. Энд хувь хүний амбийц гэхээсээ фракцуудын өрсөлдөөн илүү бий. Намын даргын өрсөлдөөнд ялах чадамжгүй, хотын бүлгийг дийлэхгүйгээ мэдэрсэн МАН-ын фракцууд энэ удаа хамаг бооцоогоо генсек дээр тавилаа. Генсект нэр нь гараад байгаа дөрвөн эрхэм өөрсдөө л дурандаа зүтгээд байна гэвэл үгүй. Хэвлэлд мөнгө төлж, мөнгө төлүүлж өөрийгөө PR-дуулж, бас хусуулж яваа нь тэдний хүсэл бас биш юм. Тэдний ард баадууг нь чангалж суугаа фракцуудын өрсөлдөөн л дөө. Харин эцсийн бүлэгт хэнтэй нь баг болох, хэний фракцыг түшихийг намын шинэ дарга санал болгож, Их хурлаас байгуулах Бага хурал хагална.
Аль ч намд “намын бодлого, бодлогын хүн” гэж бий. “Бодлого” ялах ёстой гэх сэтгэхүй, “бодлогын хүн”-ийг унагаж болохгүй гэсэн сахилга бат МАН-д бүр илүү. Ийм “халаасны оноо”-той нь ялах магадлал өндөртэй. Хэрвээ намын даргын “бодлогын хүн”-ийг өөрийнх нь байгуулсан Бага хурал унагачихвал ямар юмных нь лидер байх билээ. Одоо нэр нь гараад байгаа дөрвөн хүний алинтай ч хамтарч ажиллаж болно гээд дөрвүүлэнг нь оруулж, Бага хуралдаа даатгавал лидер биш, шийдвэр гаргаж чаддаггүй харин ч лойдор болж харагдана. Хоёр хүнийг бодлого болгоод оруултал нөгөө хоёр нь саналаа хувааж заалны нэр дэвшигч ялах ч боломжтой. Ер нь л их хэцүү. Дүрмийн өөрчлөлт зэрэг ямар нэгэн баримт бичгээс бус, дандаа томилгооноос болж нам хагарах шалтаг гардаг, фракцууд хорсч үлддэг, гомдогсод бэлтгэгддэг. Тийм учраас М.Энхболдын хувьд МАН-ын лидер байх нь генсект бодлогын нэр дэвшигчээ ялуулах, Удирдах зөвлөлөө санаснаараа байгуулж чадах эсэхээс эхэлнэ. М.Энхболд өөрөө олон жил, хэд хэдэн Ерөнхий сайдын шадар явсан туршлагатай учраас хэнтэй шадарлахаа ёстой долоо хэмжиж байж оруулах байх. Яагаад гэвэл өмнө нь намын дарга болохдоо гараанаасаа бүдэрсэн түүх түүнд бий. Тэрээр 2005 онд намын дарга болоод Ё.Отгонбаярыг “бодлогын хүн” болгож генсект нэр дэвшүүлсэн ч, заалны нэр дэвшигч С.Баяр ялж байлаа. Улмаар Удирдах зөвлөлийн гишүүдийг намын дарга бус, ерөнхий нарийн бичгийн дарга нь зоосон байдаг юм. Гэхдээ тухайн үед Ё.Отгонбаяр бол намын шинэ даргын хүсэл биш, суудлаа өвлүүлсэн хуучин даргын шахаа байсан л даа.
С.Баяр саяхны ярилцлагадаа “лидер гараанаасаа тодордог юм” гэсэн байна лээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн өмнө С.Баяр МАН-ын дарга болмогцоо “хүлээх хариуцлагатай минь дүйх эрх мэдлийг надад өгнө үү” гэж хэлээд М.Энхболдыг Ерөнхий сайдаас нь ч давхар огцруулж байлаа. Үр дүнд нь МАН-ын 37 суудлыг 46 болгосон түүх саяхных. Энд байхгүй бол нэг хэсэгт нь үгүйлэгдэж, ирэхээрээ нөгөө хэсэгт нь үзэн ядагддаг С.Баяр одоог бодвол тэр үед сайн нэр нь илүү, сөрөг хүчиндээ хүртэл хүлээн зөвшөөрөгдсөн лидер байсан нь үнэн билээ. С.Баяр энэ түүхээ сануулах гэж дээрх үгээ намын шинэ даргадаа хаягласан нь тодорхой. Харин зөвлөсөн үү, шордсон уу, мэдэхгүй.
Ер нь АН анхнаасаа л лидер дагасан нэгдэл. Харин МАН олон жил нэгэн цул явсан, лидерт зангидагддаг нэгдэл. Энэ ялгаагаа мэдэрч чадвал МАН-ын энэхүү “босоо удирдлагын зарчим”-ыг сэргээхэд их л ойрхон доо, алдагдаад удаагүй учраас. Шинэчлэлийн нэг хэсэг нь энэ. МАН-ынхан шинэчлэл гэхээр том ярьж, сонгуулийн ялагдлын алдаагаа их холоос эрэх юм. Нэгэн суутны хэлснээр ялалт бол ямагт хамтынх байдаг. Тэгвэл хамтарч чадаагүй нь ялагддаг гэсэн логик эндээс гарна. МАН намаараа хамтарч чадаагүй, баг болж чадаагүй л хэрэг. Тэгэхээр намаараа хамтрах, нэг баг болохоос шинэчлэл эхэлнэ. Түүнээс бус, хэн нэгнийг дарга болгох, хэдэн хүнийг 2016 оны сонгуулийн листэнд багтаахын тулд шинэчлэл нэрийн доорхи “косметик хагалгаа” хэрэггүй. Яагаад гэвэл төрийн бодлогыг тодорхойлж, засгийн эрхийг ээлжилж барьж буйнхаа хувьд АН, МАН бол улсын тусгаар тогтнолын тулгуур багана. Хоёр баганын нэг нь буруу замаар будилбал, нэг илт муудаж нөгөөдөө хэт давуу байдал үүсгэвэл улсын тусгаар тогтнол сулрах ч аюултай. Тийм учраас л хамгийн том улстөрийн хүчин АН, МАН-ын аль нь дотоодын хямрал, дотор амбийцаасаа болж сульдах эрхгүй юм.
Гэрэл
зориг
Зочин
Өлзий
Зочин
Зочин
Монгол улсын тусгаар тогтнол ор нэр төдий үлдсэн!
Зочин
Зочин
МАНАН бол хоёр толгойтой нэг том мангас
Зочин
захиалга л даа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин