Бүрэн эрхээсээ түдгэлзэх биш, сайн дураараа чөлөөлөгдөх хэрэгтэй
Саяхан Засгийн газрыг огцруулья гээд гарын үсэг зураад явж байсан 27 гишүүний хорь нь дахин гарын үсэг зурж, "УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулахад бэлэн” гэж мэдэгдээд хоёр хонов. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдээс болж өөрсдийнх нь нэр хүнд гутаж, ард түмэн хялайн харах болсон тул ийм аргаар ч болтугай нэр төрөө цэвэрлэхийг хүссэн бололтой. Бас түдгэлзүүлэхгүй, шалгуулахгүй гээд байгаа зарим нэгнийг ичээх, шахалтанд оруулах арга ч байж мэдэх юм.
Харин нөгөө талд нь Засгийн газрын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөх шаардлага гардуулаад чуулгандаа суулгүй долоо хонов. Хоёр тал хайнцсан байдалтай гэх үү дээ. Товчхондоо манай улс төрийн нөхцөл байдал нэг тиймэрхүү, драмын театрын эргэдэг тайз шиг л байна. Дүрүүд нь солигдоод, үзэгдэл солигдоод байдаг, жүжигчид нь солигддоггүй. Энэ үзэгдэл лав МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Япон дахь айлчлалаасаа иртэл үргэлжлэх юм байна. Ирсэн хойноо тэр тайзыг аль зүгт эргүүлэхээ шийдэх биз.
МАН-ын даргын эзгүйд “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд УЕП асан Д.Дорлигжавт дөрвөн сая долларын авилга өгснөө илчлэв. Илчлэх ч гэж дээ, өмнө нь Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа түүний Д.Дорлигжавт өгсөн дөрвөн сая ам.долларын баримтыг жиргэж байв. Тэр үед ч ам нээгээгүй Т.Ганболд гэнэт яагаад өөрийгөө илчлэх болов? Ажиглагчид түүнийг “Номер нэг”-ийн “номер гурав”-т үзүүлж байгаа галын дэмжлэг хэмээн нэрлэж байна. Өөрөөр хэлбэл “жадны үзүүр” МАНАН-гийн гол толгойлогчид болох М.Энхболд, Ц.Элбэгдорж нар луу чиглэжээ гэж.
Харин УИХ-ын 20 гишүүний тухайд гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзлээ гээд нэр цэвэр болно гэж байхгүй ээ (ямар ч хүнийг хэдэн удаа гөвөхөд тоос гардаг гэж үгтэй). Тэгж “амиа хорлохын” оронд зүгээр л “Хууль тогтоох байгууллага нь дээрээсээ ингэж ялзарч болохгүй ээ. Ингэж дэлхийн шившиг болж байхаар УИХ нь таръя” гэж хэлээд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчих хэрэгтэй. УИХ-ын гуравны нэг нь (Гарын үсэг зурсан нь л 20 болохоос биш 27 гишүүн энэ санаачлагад нэгдсэн, гарын үсэггүйгээр дэмчих 40 гаруй гишүүн байна гэсэн биз дээ) чөлөөлөгдөх хүсэлт гаргачихаад байхад УИХ тарахгүй хаачих юм.
Тэгвэл ЖДҮ-гийн Засгийн газрыг ч унагаж, “60 тэрбумынхан” гэх нэрээс ч нэгмөсөн салах юм. Ер нь ч тэр лүүгээ явж байх шиг байна. Тэд үүнийг хүсээгүй гэж үү? МАН-ын дарга У.Хүрэлсүх ч гэсэн цагтаа “Эхнэрээ эмчлүүлнэ” гээд гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж байлаа. Жилийн дараа эргэж ирээд шууд Монгол Улсын Шадар сайд.
Irgen
зочин
Зочин