-    Энэ бол ердөө л түүх, үүнд хэн ч эмзэглэх хэрэггүй!

Кубын коммунист дэглэмийн талаар дэлхий амаа цангатал ярьдаг бичдэг. Үхширсэн коммунистууд байдаг мэт их хөрш Америк нь хараадаг. Ах дүү хоёр Кастро, одоогийн Төрийн тэргүүн дүү Рауль Модесто Кастро Русын мөхөл сөнөлийг коммунизм судлаачид өдөр судраар нь бараг гаргаад тавьчихсан. Рауль Кастро бол олон арван (49 жил) жил ахынхаа тэргүүн дэд байгаад 2008 оноос БНКУ-ын Төрийн Зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч болжээ. Эдүгээ 82 насыг зооглон буй энэ эрхэм ялалт бэлгэдэн хоёр хуруугаа гозойлгон зураг дээр харагдаж байна.



Энэ тухай, энэ хүний улс төрөөр өгссөн түүхийг энд өгүүлэх гээгүй. Харин магтан сайшаах гэж байна. Түүхэн үнэнийг уншигчид, монголчууддаа хүргэх гэж байна. Энэ бол аль социализмын үед, 1960-1970-аад онд болоод өнгөрсөн түүх. Тухайн үед социалист Куба улсаас, манай улсад төрийн дээд хэмжээнд айлчилсан, ерөөсөө Монгол-Кубын түүхэнд айлчилсан ганцхан тохиолдол нь Команданте Рауль Кастрогийн айлчлал байсан юм. Тэрээр 1970 оны хавар Улаанбаатараас тун өндөр сэтгэгдэлтэй Кубадаа буцаж очжээ. Монголын талаар бөөн мэдээлэл тээж нутагтаа очоод  ахынхаа тархийг цэнэглээ биз. Куба-Монголын харилцаа ч тэр үеэс оволзоод эхэлжээ. Манай талаас Ерөнхий сайд Ю.Цэдэнбал Кубад айлчлав. Харин хариу айлчлал нь Фиделийн том ах Роман Кастро болж шат буурчээ. Роман нь хөдөө аж ахуйн чихрийн нишэнгийн аж ахуйн дарга байж таарчээ. Ерөнхий сайд, чихрийн нишэнгийн аж ахуйн дарга, арай ч авцалдамгүй.



Монголын талаар өндөр сэтгэгдэлтэй болсон Рауль Кастро Гавана дахь манай Элчин сайдын яаманд нэг өдөр хэл чимээгүй гэнэт айлчилжээ. Хундага тулгангаа сэтгэгдлээ хуваалцаж ярьж хөөрч сууя гэж л дээ. Халуун оронд байдаг хэвийн үзэгдэл. Халуун орны хүмүүс тэгтлээ цаг бариад ажиллаад оволзоод байдаггүй тул ажлын цагаар ангаа цангаагаа гаргах гэж хөргөгчтэй тасалгаанд тухлахыг алийг тэр гэхэв.

Манай Элчин  сайдын яаманд цэргийн хоёр хүн орж  иржээ.  “Команданте Танай яаманд зочлох гэж байна. Одоо ирж явна” гэж хэлжээ. “Команданте” гэх цолтой Фиделийг л ард түмэн тэгж нэрлэдэг тул Фидель ирэх нь гээд манайхан бажигдчихаж. Гэтэл дүү нь ороод ирэв. Найрсгаар мэндлэнгээ тоглоом шоглоомоор “Монгол водка ууя” гэж гэнэ. Элчин сайдын яам түргэн авчээ. Гэнэтийн ийм өндөр зочинд хөл алдав. Элчин сайд Ө.Сүх-очир гуай зочноо дайлав. Архи дарс, идээ умдаа болов. Хундага өргөцгөөжээ. Зочлогч эзэн эхлээд хундаганы үг хэлэв.

Нэгд нэгэнгүй энд буулгах шаардлагагүй. Өмнөх нийгмийн үеийн нөгөөх л хэвшмэл хэллэг. Дэлхийн социализмын ялалтын төлөө, Кубын баатарлаг ард түмний төлөө, шалгарсан манлай Кубын Коммунист Намын төлөө, шалгарсан удирдагч Фидель, Рауль нарын эрүүл энхийн төлөө гэж ирээд л нуршуу үг хэлжээ.

Ө.Сүх-очир гуайг сонсож сууснаа Рауль Кастро үгийг нь гэнэт таслав. Догматик коммунист биш гэдгээ харуулахаар шийджээ. Хундаганы үг нь ерөө энэ:

-    Юу яриад байна. Тэгж ярих юм бол Монголын ард түмэн бол үнэхээр баатарлаг.
-    Хоёр мангасын дунд эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалсаар ирсэн Монголын ард түмэн баатарлаг!
-    Ийм баатарлаг ард түмний төлөө хундага өргөе!
 
Гүйц ээ. Ө.Сүх-Очир сайд үхтэлээ айж балмагдав. Зочиндоо ая тал засах хэцүү, дуу шуугүй гөлөлзөөд байлтай биш. Элчин  сайдын яамныхан шооконд оров. Хамгийн түрүүн толгойд нь “НАХЯ” орж  ирэв. Бүгд амьд гэрч боллоо. Рауль Кастро ингэж хэлчихээд хундагатайгаа татчихаад гараад явчихав.

Талархал ёсорхол номоороо явагдаж манайхан яамандаа үлдлээ. Бүгдийнх нь сүр сүлд үхчихэж. Хүндэт зочныг үдэж өгөөд дээшээ хоёрдугаар давхар руу гарч хуралдав аа. Улаанбаатар руу ГЯЯ, улмаар МАХН-ын Төв Хороо, Ю.Цэдэнбал руу шууд мэдээлэхээр шийдэв. Раулийн хэлсэн үгийг хачирлан нууц шифр явуулаа биз, бодвол. Хурал дээр Элчин сайдын хэлсэн үг байна.
-    Кубын коммунистууд коммунист болох болоогүй байна.
-    Кубын коммунистууд коммунист биш юм байна.
-    Эд яагаа ч үгүй юм байна!
-    Ой ширэнгэд партизаны дайн хийсээр яваад бүр түүхий болчихож.
-    Зөвлөлтийн Элчин сайдын яамнаас асууя.

Ах дүү Зөвлөлт Холбоот Улс, Зөвлөлтийн баатарлаг ард түмнийг ингэж хэлэх гэж дээ.  Даан ч дээ. Очиж очиж мангас байх даа яахав дээ? Зөвлөлтөд, зөвлөлтүүдэд хир буртаг халдаахгүй манай ариун үйлс яалаа?  “Зөвлөлт Холбоот Улсын Баатар” цолоор энгэрээ мялаачихcан социалист Кубын жолоодогчийн Тэргүүн дэд, шууд залгамжлагч нь тэр үеийн гол тэжээгч ивгээгчээ хээв нэг мангас гээд нэрлэчихсэнд манайхны сэтгэлийн шарх бугласан хэрэг.


Зөвлөлтийг үл тоогч ширэнгийн партизанууд

Ийм л  байсан юм даа.

1986 оны нэг үйл явдал санагдчихлаа. МАХН-ын XIX их хуралдаж байсан цаг. Зуны эхэн сар. Их хурлын хүндэт зочдын дотор  “коммунист ажилчны” гэсэн нэр хаягтай зүсэн бүрийн нөхөд гадаадаас ирдэгсэн. Яг тийм нь мөн үү, биш үү хэн нягталдаг байсан бол? Гадаадын хүндэт зочдод Баянхошуунд дөнгөж ашиглалтад орсон Сүү, бүүн бүтээгдэхүүний үйлдвэр үзүүлэх болов оо. Монцамэ-д хариуцлагатай алба хашиж байсан намайг дагалдаж оч гэдэг юм байна, Төв Хорооноос. Би өмнө нь очоод бэлтгүүлэх давхар үүрэгтэй. Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд гэх нэг нөхөр хамт очив. Залуувтар хүн байна. Гадаадын зочид гэсээр дуут дохио хангинуулсан машинтай тав зургаан нөхөр очдог юм. Ажваас “коммунист ажилчны” намын төлөөлөгч гэхэд эргэлзээтэй. Одоо манай улсаар зундаа аялаад явдаг жуулчид шиг л залуувтар хэдэн нөхөр байна. Австрали, Шинэ Зеланд, Аргентины гэнэ үү коммунистууд юм гэнэ. Үйлдвэрээ танилцуулах уулзалт эхэлтэл Хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны орлогч сайд нөхөр маань оросоор яриад эхлэв ээ. Гайгүй ч орос хэлтэй юм. Бодвол Зөвлөлтөд төгссөн инженер байх. Би тэссэнгүй яриаг нь зогсоов.

-    Яагаад оросоор яриад байгаа юм бэ, наад улс чинь орос биш, ЗХУКН-ын төлөөлөгчид биш байна. Хэлмэрч (Д.Сүхжаргалмаа) дагалдаж явна шүү дээ гэв.

Хариулж байнаа.
-    Дэлхийн коммунистуудын хэл чинь орос хэл биз дээ? Дэлхийн аль орны коммунист хүн орос хэл мэддэг биз дээ?

Надад хэлэх үг олдсонгүй...