Эцгийн эрхт ёс хязгааргүй ноёлсон Монголыг манай хувьсгалчид 1921 онд хүлээн авснаас эхлэн түүх дэлгэх гэсэн санаа эл нийтлэлд байхгүй. Гэвч уруудсаар уруудсаар эхийн эрхт ёс руу бүрэн шилждэгийн даваан дээрхи өнөөгийн нийгэм рүү хандъя гэлээ. Хатуудсан бол уучлаарай, бас зөвлөлгөө гэж бүү ойлгоорой!

Ардын засгийн жилүүдэд нийгмийн дэвшлийн үр шимийг Монголын эмэгтэйчүүд хангалттай амсаж, тэс өмнөө болтлоо өөрчлөгдөн шинэчлэгдэж, манай нийгмийн тэргүүлэх хэсэг болтлоо дэвшин гарч ирсэн нь ХХ зууны Монголын түүхэн ололтын нэг гэдэгтэй маргах хүн нэг ч байхгүй. Социализмын бүтээн байгуулалтыг гар бие хийлцэн, оройлон оролцож ирсэн мянга мянган эмэгтэйчүүдийг бид бахархан ярьсаар буй.

ХХ зууны Монголын нийгмийн шинэчлэлийн давалгаа болгон харин эрчүүдэд нь адил тэгш тусаагүй, зарим талаар халгаатай, харамсмаар үйл явдлууд тохиож байсныг, одоо ч тохиосоор байгаа энд бас үгүйсгэж болохгүй. Төрийн террор хэмээн нэрлээд буй коммунист хядлагад өртөгсдийн бараг 99 хувь нь эрчүүд байсан. Хүрээ хийдэд шавилан сууж, хийж бүтээх, нөхөн үржихүйн үйлсээс хол хөндий байгсад нь тэр чигтээ эрчүүд, 1932 оны “Эсэргүү бослого”, Халхын голын, чөлөөлөх, баруун хилийн гээд олон дайнуудад эрчүүд л явж амиа өргөсөн.



Их бүтээн байгуулалт, нэгдэлжих хөдөлгөөн, атрын аян, “Сэхээтний төрөгдөл”, “Намын эсрэг бүлэг” гээд  кампаничлсан нийгэм-эдийн засгийн хөдөлгөөний манлайд эрчүүд л явж, бас ч үгүй хохирогсдын ихэнхи нь эрчүүд байсан. Маоистуудын эсрэг цэрэг-дайны бэлтгэлд эрчүүд дайчлагдаж, цэрэг-армийн мөрдэстэнгүүдийн лав 90 хувь нь эрчүүд байсныг би өөрөө ч бие дээрээ мэдэрсэн. Нийгэм хөгжихийн хэрээр хотжиж, хотын соёл сахилгыг сөрсөн гэмт үйлдлүүдийн ихэнхийг эрчүүд үйлдэж, нэг үе Монголын эрүүгийн шоронгууд эрчүүдээр дүүрч, тэр нь одоо ч хэвээрээ шахуу байна. Монголын эрчүүд ямар үйлтэй улс вэ? 

Зовлон нь барагддаггүй монгол эрчүүд 1990 оны “Цагаан морин жил”-ийн хувьсгалыг оройлон эхлүүлж, анхны ардчилсан парламентыг байгуулж, парламентын үнэмлэхүй олонхийг бүрдүүлсээр өнөөтэй золгосон. Бас 1990 оноор эхэлсэн нийгэм-эдийн засгийн хос шилжилт гээч нийгмийн туршилтын золиос нь эрчүүд голлосон. Энэ шилжилт эхэлмэгц Монголд жендерийн (хүйсийн тэгш байдал гэдэг байх аа) асуудал босч ирсээр 23  дахь жилдээ явж байна.

Би МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд 12 жилд багшлахдаа хүйсийн тэгш байдлыг хамгийн ихээр мэдэрч, бас түүнд зовж шаналж явсны хувьд ингэж мэдэмхийрч байгаа хэрэг л дээ. Дипломат албаны ирээдүйн боловсон хүчнийг  бэлтгэхээр байгуулагдсан эл сургуулийн нийт оюутан, магистрантын (элсэгчдийн) 90 гаран хувь нь ямагт охид эмэгтэйчүүд байж ирсээр өнөөг хүрсэн хэрэг. Төрийн тусгай алба, тангарагтай, хатуу хуультай, цолтой (дэлхийн зарим улсад бол хагас цэргийн, цэрэгжсэн) энэ албанд орохоор олон аавын охид сэтгэл шулуудан гоцлоод ирмэгц би эргэцүүлж эхэлсэн, асуулт хайсан, одоо ч хариултыг нь хэлж чадахгүй. Учир нь ГХЯ-нд элссэн миний шавь нарыг хүйсээр ялгавал 90 гаран хувь нь эрчүүд, охид 10 хувь хүрэхгүй байна. Итгэл тээж сэтгэл шулуудсан охид маань энэ яамны хаалгыг бөөнөөрөө татаж чадаагүй л байна.     

Намайг тэр сургуульд багшилж ахуйд онц сурлагатануудын ихэнхи нь, зарим хичээлийн жилд бүр 100 хувь нь охид байсан ба  хөвгүүдээс ганц нэгхэн гоц авьяастай нь бүр дунд сургуулиасаа бэлтгэгдээд ороод ирмэгц манай багш нар “Өөрийн шавь” гэж нэрлүүлэхээр булаацалдан гүйлддэг нь өнөө ч үргэлжилж байна. Зөвхөн энэ сургуулиар жишээлэн Монголын дээд боловсролыг төсөөлөхөд хангалттай. Ерөөсөө их, дээд, улсын, хувийн гэлтгүй бүх сургуулийн нийт оюутны ихэнхи нь охид. Тэнцвэр нь даан ч харамсмаар. Бүр ямагт 70 хувиас дээшээ гээч. Яачихваа нөгөө эрчүүд маань?  Дунд сургуульд ч ялгаагүй, онцсайн, гайгүй сурлагатан нь дан охид байх юм. Хаа нэг гоц авьяастай банди байвал тэр сургууль толгой дээрээ тахиж, амьд үзүүлэн болгох жишээтэй.



Нэгэн үе ардын хувьсгалын партизан нэн ховордож байсантай эгээ адил “Таван онцын эзэн” хөвгүүдийн эрэлд элсэлтийн өмнөхөн бүх их, дээд сургууль мордож байна. Дунд сургуулийн сурагчдад сатаарах юм мундахаа больсон, их сургуульд ороод ирмэгц оюутны нэртэй баар цэнгээний газар тоогоо алдсан ба энэ бүхэнд эрчүүд нь золиослогдож байна. Их спортыг аваад үз чөлөөт бөх, жүдо, самбо, буудлага  гэхэд л ихэнхи нь охид.

Нийгэм-эдийн засгийн шилжилтэд хэрчигдээд пянгий нь даахгүй бүдэрч унагсад,  их хотын гэмт хэргийн ертөнц, хөдөөд малын хулгай, шоронгийн ялтнууд, онц хүнд гэмт хэрэгтэн бараг тэр чигтээ эрчүүдээс бүрдэж, эдний онгойлгоод орхисон орон зай дээр эмэгтэйчүүд орыг нь бөглөж байгаа нь тэр дээ. Хар ухаанаар төсөөлөөд үзэхэд шүү дээ. Ганц боловсрол гэлтгүй,  бизнес, арилжаа наймаа, алт ухах, өрх толгойлох, харьд мордох гээд дан бүсгүйчүүл нь гоцлоод, ингээд бодохлоор эрчүүдгүй Монголын нийгэм урагшилж  яваа ч юм шиг.

Гэвч зөрүүлээд эрчүүдийг гялтайлгах юм байна аа. Төрд алба хашиж яваа нэр төртэй эрхмүүд, японы сумогийн ертөнцөд “Монгол хүн” нэрээ дуурсгаж яваа бөхчүүд, даян дэлхийд энхийг сахиулж яваа, эх орныхоо төлөө алтан амиа өргөгсөд, хэдийгээр эндээ хэн ч биш ч аз нь гийсэн гадаад дахь хүргэнүүд гээд бас бий нь бий шүү. Жишээ нь орчин цагийн сонин гэрлэлт гэмээр холимог гэр бүлд манай эрчүүдээс аз нь шовойсон баримт байнаа. Тээр жилийн зун Элсэн тасархай дахь жуулчны баазад болсон хэрэг. Японы жуулчдад морь, тэмээ унуулж хэдэн бор юм олдог хөдөөгийн малчин айлын халтар хөвгүүн эдүгээ японы толгой баячуудын нэг болчихоод яваа баримт юуг хэлнэ вэ?  Мөн л жуулчны баазад юмдаг, түлээ хөрөөдөж гал зуух хавиар юухан хээхэн хийдэг мах бэлтгэгч хөдөөний нэг залуу япон зочин бүсгүйтэй дэр нийлүүлэн одсон түүхийг би санаж байна.

Энэ бол зах зээлийн нийгмийн хайчинд хэрчигдээд пянгий нь даахгүй бүдэрч унан, тэнэж яваа мянга мянган эрчүүдийн хорыг малтаж, хорхойг хүргэж, тэгснээрээ тэднийг босгож ирэх хар ухаанаа гаргаж байгаа минь энэ. Монгол эрчүүд минь, Та нар манай нийгэмд хаана явна даа?

-о0о-