07 дугаар сарын 15

Коммунист нэр


Нэг зүйлийг тогтмоор юм. Үнэндээ БНАСАУ-ын удирдагчдын нэрийг буруу хэлж, бичдэг улс манайх л юм билээ. Яагаад гэвэл Орос дуудлагаар баримжаалдаг. Оросуудад солонгос дуудлага төвөгтэй байх л даа, харин бидэнд ёстой төвөггүй. Үнэндээ бол аливаа гадаад нэрийг тухайн орны дуудлагад хамгийн ойроор бичих дүрэмтэй ч яг умардын удирдагчдын нэрийг бичихдээ үүнийгээ барьдаггүй, “санаатай алдаа” хийдэг. Бид өөрийн хэл, дуудлагатай, тэр ч байтугай дорнын үндэстэн учраас илүү амар дуудаж чадах Солонгос нэрийг яагаад одоо болтол Монголоор биш Оросоор дуудаад байна аа? гэдгээ бодож үзмээр.

Оросоор Пхеньян гэж “я” дээрээ ударение буюу уртаар дуудах тэмдэгтэй бичдэгийг Пенъяан гэж болж л байна. “Пх” гэдэг нийлмэл авиа бол манай “Лх”-тай л адил, цохилттой “П”. Ялгаатай нь манай хуучин бичигт “Лха”-г тусгай галигаар тэмдэглэсэн байдаг учраас л одоо ч “Лхагва” гэхчлэн бичдэг. Харин “Пх” авиа байхгүй ч Пенъяан гэж бичихэд дуудлага нь илүү ойр болж байна. Орос дуудлагаар бичихдээ манай “Ж”, “З”-г “Дж”, “Дз” гэж бичдэгтэй л адил “Пх” гэсэн авиа бичиж байгаагаа анзаарахгүй байна. Манай цагаан толгойд гийгүүлэгч хавсарч авиа үүсгэх дүрэм байхгүй, уламжлалыг эс тооцвол. Огт хэрэглэдэггүй “Ишчэ” гэж нэг үсэг бол бий.

Үүнээс гадна “өвөө” Ким Ир Сен удирдагчийн нэрийг яг дуудлагаар нь буулгавал Ким Иль Сунг. Төгсгөлийн “н” бол манай инхэлиг, орчин үеийн цагаан толгойд инхэлиг байхгүй тул “Сунг” гэж бичих ёстой гэж болох ч шаардлагагүй. Хэлний угийн “н” гэдэг маань л инхэлиг. “Нгуен” гэж биш “Нуен” гэж бичих ёстойтой ижил, угийн “н” авиа зөв дуудагдана. “Иль” гэх ч шаардлагагүй, орос хэлэнд л “Л” авиа зөөлөрч дуудагдана, ер нь Солонгос дуулагад “Иль” гэж зөөлөрч сонсогддог ч манайд эм үг зөөлөрдөггүй дүрэмтэй. Тэгэхээр Ким Ил Сун гээд л болох мэт. “Эцэг” Ким Чен Ирийг яг өмнөхийн дагуу Ким Жон Ил гэж бичих нь зөв, дуудлага нь ч тийм юм билээ. Хүүг Ким Жон Ун гэвэл зөв дуудагдах юм билээ. Манайх л умардынхныг коммунист уламжлалаар оросоор, өмнөдийнхнийг нь англи дуудлагаар дуудаад байгаа нь бараг л дүрмийн тусгай заалт болох шахуу хэвшчихэж.  

Коммунист нэр гэж байж болох уу даа? Надад үйлчилж байсан орчуулагчийг орчуулах зуур сонсож байгаа би хольж хутгах янзтай, учир нь тэд яг англиар буулгасан дуудлагаар нэрийг хэлж байхыг анзаарсан, тэгээд асуухад англиар буулгасан дуудлага нь зөв шүү дээ гэж хэлсэн. Үүнийг журамлачихмаар л юм. Би бол дуудлагаар нь бичихээр шийдлээ, бид хэлний хараат байлаас гараад удаж байгаа биз дээ?

1.    Бээжингээс Пенъяан хүртэл

13 цаг 00 минутад Бээжингийн нисэхийн Т-3 буудалд миний паспортыг хараад онгоцны тасалбар олгогч жаахан эргэлзэв, “Монголын дипломат паспорттай хүн Хойд Солонгост визгүй зорчдог” гэж хэлсний дараа тасалбар өгч байна. Явахын өмнө жаахан үндэсний үзэл гаргаж, нэгэнт явж байгаа бол ядаж Улаанбаатар-Бээжингийн ирэх очих чиглэлд үндэснийхээ авиа компанид мөнгөө төлмөөр санагдаад нэг өдрийн өмнө нисэж, Бээжинд хоносон хэрэг. Ер нь ийм жишиг хаа сайгүй л юм билээ, баян Америкчууд хүртэл шүү.

III терминалиас Пёнъяан хүрэх нисэх онгоцонд суухын тулд нисэх зурвасд автобусаар хүргүүлэв. “Чайна эрлайнз”-ын жаахан бохирдуу “Боинг 737” байв. Онгоцны маркийг нарийн мэдэхгүй тул суудлыг нь тоолбол 180 орчим, Улаанбаатар-Бээжингийн чиглэлд нисдэг манай онгоцтой яг адил загварынх юм. Арваад суудал хоосон, лав л миний дэргэдэх хоёр суудал эзгүй.

Дэлхийн коммунист системийн хамгийн үнэнч улсад хүрэхийн тулд цаг орчим ниснэ. Хойд Солонгосын талаарх надад байгаа мэдээлэл нь голдуу сүүлийн үеийн барууны эх сурвалжаас авсан, хамгийн сүүлд Барбара Демик гэгч Америк сэтгүүлчийн “Атаархах зүйл үгүй” нэрээр орчуулсан номыг уншсан, гэхдээ түүнд нь нэг их итгэхгүйгээ мэднэ, бас бус Хойд Солонгост очоод ирсэн хүмүүсийн үлгэр домог шиг яриа. Ийм яриа голдуу пивоны ширээний ард өрнөдөг учраас бас л давс хужиртай байлгүй яах вэ. Бээжингийн буудлын E62 хаалга нь хүзүүвчгүй, автобусаар онгоцондоо хүрдгийг хараад өнөөх л сэтгүүлчийн хардах зөн сэргэж, “Яахаараа хүзүүвчгүй хаалгаар үйлчилдэг билээ, цаад талын хүсэлт үү, эсвэл...”? гэхчилэн элдвээр бодож үзлээ. Гэвч буудлын нислэгийн зохицуулалт л юм билээ, буцахдаа бид хүзүүвчээр буусан. Тэр ч байтугай буцаж ирсэн онгоц гайхалтай цэвэр цэмцгэр үйлчилгээ сайтай онгоц байлаа, тэгэхээр онгоцны багийнхнаас л их зүйл хамаардаг бололтой юм. Пенъян руу Бээжингээс өдөр бүр онгоц нисдэг, гэхдээ Хойд Солонгос, Хятадын авиа компаниуд ээлжилдэг гэнэ.

Демикийн номын талаар мэргэжил нэгтнүүдтэйгээ ярихад “За даа, нэг их бодитой нь юу л бол, өөрөө очиж үзээгүй хүн сургаар л бичсэн ном, гагцхүү Пулитцерийн шагнал нь нэлээд өргөсөн юм шиг билээ” гэлцэнэ. Яагаад нүдээр үзэлгүй бичсэн номд “Пулитцер” өгөх болов оо? Суртал нэвтрүүлгийн бас нэг арга л даа. Тухайн улсын талаарх ойлголтыг (имижийг) олон нийтэд бүрдүүлэхийн тулд зарим бүтээлд улстөрийн зорилгоор шагнал өгөх ёс бий. Номноос хэд хэдэн зүйл анзаарагдсан нь хүйтэн дайны үеийн эсрэг талаа харлуулах зорилгодоо хэрэглэдэг уламжлалт аргууд тэр чигээрээ л байв. Коммунист орнууд дахь өлслөнгийн сэдэв бол хамгийн гол шугам. Дараа нь хараат байдал.

Цагтаа 1980-аад онд Монгол бол өлсгөлөнд автсан орон, монголын малчид самнаагүй тав гэзэгтэй, хиртэй нэхий дээлтэй, урт хутга зүүж явдаг, зуднаар нь мал нь үхэхээр бүгд жалга судаг дагаж, малынхаа сэг зэмээр хооллохоос аргагүйд хүрдэг гэхчилэн бичдэг байсан. Бүх хот суурингуудад оросууд суудаг, улс орныг нь оросын зөвлөхүүд удирддаг, Монголчууд боловсролгүй бүдүүлэг хар царайтай, туранхай малчид хэвээрээ гэнэ. Төсөөлөл нь Эндрюсийн экспедицийн авсан хар цагаан зураг. Хаалттай Монголд барууны сэтгүүлчдийг оруулдаггүй учраас бас л сургаар бичиж байгаа нь тэр. Энэ бол хар суртал нэвтрүүлэг. 1980-аад онд Америкийн нэгэн сэтгүүлч ирээд ийм мэдээллээс бүрдсэн өөрийн нь төсөөлөл буруу байсан тухай бичсэн цуврал өгүүллийг уншиж байсан. Одоо миний ээлж болов бололтой.

Хойд Солонгост их өлсгөлөнгийн үе байсан гэхдээ одоо тэр цаг үе өнгөрсөн гэж манай тулхтай мэргэжилтнүүд хэлж байв. Өлсгөлөнгийн үе бол манай лангуун дээр бор давс, гоймон хоёр л байсан тэр үетэй давхцаж эхлээд хожуухан төгссөн юм байна. Систем задарсан, коммунизмд үнэнч үлдэгсэд нь илүү зовсон. Хойд Солонгост хуучин нөхөдтэйгээ харилцахад тэр зовлонгийн гоморхол байж магадгүй.

БНАСАУ-д очиж үзэхийг удтал мөрөөдсөний эцэст нэг талаас хувийн мөрөөдөл биелж байна. Нөгөө талаас өнгөрсөн оны эцсээр ажлаа авмагцаа “МонЦаМэ” агентлаг Солонгосын Мэдээллийн Төв Агентлагтай тогтоосон уламжлалт харилцааг сэргээж, нэг шат ахиулах улсын ажил бүтэх болсонд бас ч сэтгэл хангалуун явлаа. Ялалтын 60 жилийн ойгоос урьтаж ирвэл сайн байна гэсэн урилгын дагуу наадам өнгөрөнгүүт ниссэн хэрэг.

Хоёр агентлагийн хооронд хамтран ажиллах санаачлага бүр 1954 оноос гарч эхэлсэн ба 1959 оны 7 дугаар сард “Мэдээ солилцох ба хамтран ажиллах хэлэлцээр” байгуулсан. 1970 оноос гэрээг шинэчлэх санал тавигдаж, 1971 оны 7 дугаар сард хэлэлцээрт боловсон хүчний солилцох, туршлага судлах гэсэн нэмэлт оруулсан. 1990 оны эхээр Монгол улсад суугаа БНАСАУ-ын элчин зөвлөх Ли Хэн “МонЦаМэ” агентлагийн орлогч дарга Санжийн Баяртай өөрийн хүсэлтээр ирж уулзан сурвалжлагч солилцох талаар санал солилцсон. С.Баяр тухайн оны хавар хоёр сурвалжлагчаа явуулах бодолтой байгаагаа илэрхийлсэн ч Монголд Ардчилсан хувьсгалын үйл явц өрнөж харилцаа бараг зогсонги байдалд оржээ. 1995 оны эхээр СМТАгентлаг хуучин ашиглаж байсан мэдээлэл солилцох шугам хэвээр байгаа тул мэдээ солилцооны ажлыг сэргээх тухай санал тавьсан нь хоёр агентлаг 1990 оныг дуустал “ТАСС” агентлагийн шугамыг түрээслэн мэдээлэл солилцдог байсан хэрэг. Гэвч тэгсгээд ажил хэрэг бололгүй зогсчээ.

Энэ удаад манай талаас хэлэлцээрийг шинэ нөхцөлд, ялангуяа мэдээллийн технологийн шинэ орчинд шинэчлэн байгуулах санал тавьж, БНАСАУ-ын тал хүлээн авч хагас жил хэлэлцсэний дараа гэрээг шинэчлэх болсон юм. Уламжлалт гэрээнүүд их өндөр түвшнийх учраас бид энэ удаад төвшнөөс нь буулгахгүй болж өгвөл нэг шат ахиулах эрмэлзэлтэй байсан тэгээд ч ахиц дэвшил гарсанд олзуурхав. Хэлэлцээрийг байгуулахад БНАСАУ дахь манай ЭСЯ-ны ажилтнууд, ялангуяа гуравдугаар нарийн бичгийн дарга Д.Энхсайхан хичээл зүтгэл гаргасан талархаж байна.

Онгоцонд Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Баабар, Мо дарга нартай таарав. Мо дарга гэдэг нь УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр. Мо дарга хажууд сууж, ашгүй хэдэн үг солив, олон удаа Хойд Солонгост очсон хүний хувьд хэлж зөвлөх юм ихтэй хүн. Удалгүй битүү модоор эмжсэн өргөн, булингартай мөрөн гүн ногоон өнгөт тал үзэгдэж, удалгүй онгоц буух гэж байгааг зарлав.

2. Пенъяанд хөл тавив.

16.20 минутад буусан Сунаны олон улсын нисэх буудлын цардмал талбай манай Буянт ухаанхтай төстэй. Нисэх талбай дээр оросын загварын иргэний агаарын тээврийн 10 гаруй том жижиг онгоц зогсож байна. Онгоцноос буутал цельсийн 27 градус халуун, 90 хувийн чийглэг агаар пүнхийв. Овоо урдуур суусан тул түрүүлсгээд гарлаа. Өмнө маань хоёр гартаа лут том хар гахай барьж, нэгийг үүрсэн жижигхэн эмэгтэй зүтгэж байна. Хаалгаар гармагц албаны жижиг тэргүүд нисэхийн талбайгаар давхин ирж, нэгэн хөх саарал хүрэмтэй түшмэл манай төлөөлөгчдийг угтан мэндэлж, гар бариад дагуулан одов. Буудал руу алхах зуур эргэж харвал манай хэдийн өмнө камер, аппарат, микрофон барьсан тав зургаан сурвалжлагч эргэлдэж харагдана. Хүзүүвчгүй ч онгоц буудалд ойрхон зогссон байв.

Онгоцны буудал нь нэг том ангар агаад нисэх зурвас руу харсан шилэн ханатай хаалганд цэрэг ногоон хувцастай хүмүүс деклораци үзээд оруулж байна. Цааш алхсаар мебельдсэн модон хийцтэй, шилэн хаалттай гаалийн өндөр бүхээгт бүртгүүлээд хил нэвтрэв. Элчингээс Д.Энхсайхан тосч, ангарын голд байгаа урсдаг дамжлагаас ачаагаа аваад гарав. СМТАгентлагийн орлогч дарга Ри Чун Гын, гадаад харилцааны хэлтсийн ажилтан, мөн гадаад хэргийн яамнаас нь томилсон орчуулагч тосож, мэндчлэхийн зэрэгцээ гэрэл зургийн гурав, телевизийн хоёр баг орлогчтой гар бариулж байгаад, дараа нь ганцааранг маань зогсоож байгаад зураг авлаа. Телевизийн хүн болохоор камер хэрэгслийг анзаарвал манайхаас нэг үе хоцорч байгаа бололтой. Гэхдээ тэр камер хөл, фотокамерийг одоо ч манай хувийн телевизүүд студиуд өргөн ашиглаж байгаа. Хэдэн жилийн өмнө Хойд Солонгост Р.Амаржаргал Ерөнхий сайдыг очиход дагалдаж явсан манай зураглаач телевиз нь нэлээд хуучирсан мэргэжлийн “Betacam” форматын камер ашигладаг гэж байсан. Одоо бол тоон системд шилжжээ.

1980-аад оны загварын “Мерседес бенз” машинд суулгаад хотын зүг хөдлөв. Гүйлтийг нь харвал 297 000 км. Зам дагуу ялалтын баярыг угтсан бүтээн байгуулалт, их засварын ажил өрнөж байгаа бололтой. Зам засаж, зүлэг тэгшилж, зэрлэг түүж, цэцэрлэг тохижуулж бужигнаж байна. Эсвэл дандаа ийм байдаг юм болов уу? Тэр зуур зарим зүйлийг лавлав. “Энд уг нь нэг л телевиз байх ёстой ус уу, эсвэл Пенъяаны суваг гэж тусдаа байна уу, хоёр камер явж харагдлаа” гэвэл хоёр суваг бий, нэг нь албан ёсны мэдээлэл бүхий, нөгөө нь концерт, урлагийн тоглолт голдуу дамжуулдаг гэв.

“Корё” буудлын энгийн өрөөнд буулаа. Өмнөд Солонгосыг “Коrеа” гэж бичиж дууддаг, харин хойдууд өөрсдийгөө “Koryo” гэж бичдэг юм байна. Буудал 44 давхар, орой дээрээ дугуй хэлбэртэй эргэдэг ресторантай, үлгэрлэвээс Малайзын “Петронас” цамхагтай төстэй, хүзүүвчээр холбогдсон. Ресторанаас Пенъяаныг бүхэлд нь харж болно. Томоохон буудлууд нь бүгдээрээ ийм эргэдэг ресторантай юм. Бараг л өндөр зэрэглэлийн имиж бололтой.

Замд, буудлын гадаа иртэл машин цөөн ч үзтэл сүүлийн загварын автомашинууд зогсож байна. “Лексус 350”, “Прадо 150”, “Хайландер” гэх мэт. Хятадын “Great wall”, “Haval” жийп, “HAYACE” маркийн микроавтобуснууд, машинжих гэж буй газрын бэлгэ тэмдэг “өвөө бенз”-үүд олон. Буудлын тав хоногийн мөнгө 420 ам.доллар төлөв. Бүхэл 500 ам.доллар (100 долларын дэвсгэрт 5 ширхэг) өгтөл хариултыг нь еврогоор, задгайг нь юаниар өгч байна. Хариулт дутуу өгнө гэж ёстой байхгүй, хүмүүс нь маш үнэнч, шударга.

Энэ жилийн төсөвт суугаагүй тул зардлаа өөрөө олох хэрэг гарсан, хэлэлцээ ийм хурдан амжилттай бүтэх юм чинээ санасангүй л дээ. Тэгээд ч ажил авч байхад төсвийн төсөл нэгэнт явчихсан байсан, хэнхэглэсэн хүн шаварт унасан шарын эзэн болно биз дээ. Яая гэх вэ? Мэдээллийн агентлагийн ажил бол цэвэр гадаад хэлхээ холбоо, хуулиар “МонЦаМэ” дотоодод мэдээлэл түгээх хязгаартай, “манипуляцдаад” хаявал яана.

“Ассошейтэд Пресстэй” мэдээлэл солилцох гэрээ байгуулах санал тавьсанд мэдээгээ манайд худалдана гэнэ, нэг мэдээг хэд худалдаж авах вэ дээ, “Ройтерс”-тэй ийм гэрээтэй. Гэхдээ бас “АП” санал тавьж Азийн бүс нутаг дахь “Ассошейтэд Пресс”-ийн дистрибютер болж болно гэсэн. Харин бид “Үгүй дээ, мэдээлэл солилцъё” л гэсэн. Германы “АДН” агентлагтай бас л өмнөх туршлага давтагдав. “Франц пресс” ч мэдээгээ шахчих гээд л. Харин бид солилцох л сонирхолтой. Гэтэл СМТА хүлээн аваад байна. Ямар боловч хагас жилд “Киодо цусин”, “ИРНА”-тай мэдээлэл солилцох гэрээ байгуулсан, “Синхуа”-тай харилцаагаа өргөжүүлэхээр хэлэлцэж тохирсон. Дэлхий нийт чухамхүү Иран, Хойд Солонгосын мэдээг сонирхож байна, тэр мэдээг нь бид гуравдагч этгээдээр дамжуулалгүй шууд авч эхэлбэл мэдээллийн чанар талаасаа үнэтэй бус уу?

Буудалдаа ачаагаа оруулж тавиад амсхийх зуур тамхилж авав. Тамхийг ёстой харин ч нэг чөлөөтэй татна. Манай өрөөнд бүр тамхи татах зориулалтын хоёр буйдан сандалтай голдоо үнсний сав бүхий ширээтэй тусдаа хагас өрөө байсан гээч. Эрхбиш олон нийтийн газар, цахилгаан шатан дотор татуулахгүй юм.

3.    Гар утас, интернет, телевиз, ресторан

Манай сүржин нөхдийн ярьдагчлан нэг дагуул нөхөр тавьчихаад, тэр нь миний алхах гишгэхийг хянаж, дагаад байх юм бодтол тийм юм алга. Онгоцны буудал дээр нь гар утас хураадаг гэсэн тэгсэнгүй, тэр ч байтугай муу “ipone4S” утсаараа машины цонхоор, буудлын үүднээс эхлээд түүх дурсгалын газар, гудамжаар явж байхдаа хэчнээн ч зураг авав, хэн ч утас “булаасангүй”. Амихандаа болгоомжлоод “Зураг авч болох уу?” гэж дандаа асууна, хариуд нь гайхсан байртай “Ямар ч асуудалгүй” гэнэ. Тус улсын хоёр сая иргэн гар утас барьж байна. Оператор нь үндэсний компани, залгасан минут нь 1 ам.долларын үнэтэй гэнэ. Гагцхүү гадаадын иргэд дотоодын иргэдтэй гар утсаараа ярих боломжгүй. Барьж буй аппарат нь Умард Солонгосын үйлдвэрийнх ажээ. Арай ч ухаалаг утас биш л дээ, гэхдээ тусгай хэрэгцээний ухаалаг утас хийдэг гэсэн. 

Эхний өдөр хэлэлцээрийнхээ төслийг хэвлэж гаргах ажилтай ЭСЯ-нд цаг шахам болов. Улс хоорондын гэрээг гэрээний цаасан дээр хэвлэнэ. Манайх улаан цэнхэр зураасаар эмжсэн А4 хэмжээтэй шохойтой цаас. Умардынх бүдүүвтэр, нарийн хоёр улаан канттай юм. Уйдаж магадгүй гэж “Непко” хэвлэсэн “Брежнев” номын I дэвтрийг авч явсан юм. Орой нь уншихад ЗХУ-ын үед гэрээ хэвлэх гэж овоо ажил болдог байж. Гэрээг Зөвлөлтийнхөн бичгийн машинаар цохих агаад нэг л алдаа гарвал хуудсыг дахиж эхэлнэ. Харин Америкчууд компьютертэй учраас дэлгэцэн дээр засаад нэг л хэвлэнэ. Бид “Америк маягаар” нь монгол, солонгос, англи хэлээр хэвлэж бэлэн болгов. Интернетээр дэлхийтэй чөлөөтэй холбогдож байна. Харин Солонгосын иргэдэд дотоод сүлжээ нь нээлттэй гэнэ.    Хэлэлцээрээ хэрэг болгож авч явсан хавтсандаа хийлээ. Маргааш гарын үсэг зурна. Орчин үеийн хөгжингүй орны иргэдийн хэрэглээний нэг гол үзүүлэлт болсон технологиудын хэрэглээ нэг ийм түвшинд байна.

Тэндээсээ гарч “Пенъяан” зочид буудлын ресторанд хооллов. Нэг сайхан нь түгжрээ байхгүй. Элчингийн хорооллоос очиход ердөө таван минут. Литр бензиний үнэ манайхтай тун дөхүү сонсдов. 1,1-1,2 долларын хооронд хэлбэлздэг гэнэ. Рестораны дотоод засал энгийндүү. Манай ресторануудад байдаг л хоолны цэс. Ази, европ, хятад, япон солонгос хоол, сонголт арвин, порц боломжийн. Цаанаас өгсөн хоол бол зохион байгуулчихаж гэх юмсанж, гэвч өөрөө Монголчуудтайгаа олж идэж байгаа хоол шүү дээ. Юун өлсгөлөн. Таван өдөр ийм л хоол хүртэж явсан. Будаа нь их амттай, сөжү нь 30 градус. Харин кимчи нь гашуун нясуунгүй зөөлөн амттай. Хойд нутаг сэрүүн учраас архи нь хатуу, хоол нь зөөлөн юм байна гэсэн дүгнэлт хийв. Ийм сайхан амттай кимчи байх гэж. “Манай хоёр улс жаран жил найзлахад кимчигээ биш Ким даргаа л сайхан таньж, гэтэл өмнөдтэй харилцаа тогтоогоод хорин жил болоход кимчи бараг л хоолны гол амтлагч болж дээ” гэвэл, “Хөдөө кимчигүй бууз  идэхээ байсан гээ биз?” гэсэн хариу сонсов.

Коммунизмын жилүүдээс “Хон Гиль Дон”, шувуутай янжуур, мөөгтэй цуу, бас овоо чанартай өнгө алддаггүй сорочка цамц нь л санаанд үлдэж. Тэр үеийн цагаан цамц гэж хиртэнэ гэж найгүй, индүүдлэг авахгүй, өнгө алдаж шарлахдаа амархан байж билээ. Харин Хойд Солонгосын цамц сайн байсан нь химийн технологи сайн хөгжиж нийлэг утас гаргаж авдаг байсанд юм уу даа. Ким Ил Сун дарга 1988 онд сүүлийн удаа ирэхдээ манай Таван толгойг хамтран ашиглах, нүүрснээс нийлэг утас гаргах үйлдвэр байгуулахаар тохирч, цөөнгүй оюутныг шинжлэх ухаан-үйлдвэрийн томоохон төв Хамхун хот дахь химийн технологийн сургуульд сургасны зарим нь одоо ЭСЯ-нд ажиллаж байгаа ажээ.

Хооллох зуур телевиз үзлээ. Дашрамд бүх ресторан зоогийн газруудад нэлээд том хавтгай зурагтууд тавьдаг болжээ. Кино гарч байна, нэг офицер өөрийн талын царайлаг бүсгүйг алуулахаас нь өмнө өөрийгөө золиослож гар бөмбөгөөр Америкийн цэргийн бүтэн хуаран яйруулаад хаячихав. Америкт ч ийм хүн мундахгүй, Шварцнеггер, Сталлоне хэн хэн ч билээ, ингэдэг л биз дээ. За манайд ч гэсэн дээ. Дарьбазарын толгой дээр модны үзүүр эргэдэг планы арын хөгжимөрхүү уйлагнасан ая яваад кино төгсөв. Уран сайхаан гэж.

Дараа нь оройн мэдээ гарч байна. Та гарч магадгүй гэсэн гарсангүй. Гэтэл зөөгчид нь намайг зурагтаар гарсан хүн гэж таньж байна гэнэ, бас намайг харах гэж хүүхнүүд хаалгаар цухалзаж байна. Од ч боллоо л доо. Өчүүхэн миний бие одоогоор бол “Цагийн хүрд”, хуучнаар бол “Цаг үе, үйл явдалд” нь заларчихаж. Мэдээний дараалал нь манай коммунизмын үеийнхтэй адил. Эхлээд бүтээн байгуулалт, төлөвлөгөөний биелэлт, дараа нь армийн мэдээ, тэгээд тэргүүний хүмүүс, цаг үеийн зорилт, эцэст нь хоёр гадаад мэдээ. Тэгээд телевиз дуусав. Цагаа харвал 11.30 болж байна. Хэзээ эхэлдгийг нь асуувал 18 цагт гэнэ. Дундаа 20 цагт гол мэдээллийн хөтөлбөр, манай “Цаг үе, үйл явдал” гэсэн үг. Тэгээд нэг нэвтрүүлэг, уран сайхны кино, оройн мэдээ. Бага нас ч санагдаж байна шүү... Ялалтын баяр дөхөж байгаа тул албан хэллэгээр бол “цэрэг-эх орны” сэдэвтэй, хүүхэд бидний хэлдэгээр бол байлдаантай кино гарч магнай нь тэнийж байгаа байх нь.

Мэдээний дикторын арын фон нь цулгуй цэнхэр даавуу, түүн дээр нь нэг сүрхий диктор эмэгтэй мэдэгдэл уншдаг тэр төсөөллөөс огт өөр нь арын фон нь дажгүй дизайнтай, LED дэлгэцтэй байна. Харин тэр “Хойд Солонгосын Левитанка” тун чухал үед л гардаг гэсэн.

Сөөжүүнд халаад ахиад нэгийг авлаа. Кола захилаа, байж л байна. Тамхи чөлөөтэй тул гарч орж гүйхгүй, суунаглуулсан шиг суух нь амар юм. Орж ирэхэд сууж байсан 10 гаруй хүн явжээ. Цэргийнхэн голдуу байсан, тэд чинээлэг гэнэ. Яв барь ч гэсэнгүй, 12.30 хүртэл тухлаад гарав. Ялалтын баяр дөхөж байгаа учраас уртасгасан цагаар ажиллаж байж магадгүй, ажилчид нь тэр хавьдаа байрласан байдаг учраас оройтсон ч асуудалгүй гэсэн тул санаа амар л суулаа.
Тэндээс буудал руугаа явах замд хүмүүс нь автозамаар сугадалцаад алхаж явах юм. Коммунизмын жилүүдэд Монголд яг ингэдэг байсан, явган хүний замаар хойшоо урагшаа харж ярилцаж явснаас ингэж явахад хөгжилтэй байдаг. Машин ховор. Заримдаа зам дээр “тасарчихсан” хүн таардаг гэсэн. Дохио өгвөл нөгөө хүмүүс инээлдээд зам тавьж өгч байна. Урьд өмнө Солонгос хүн тааралдахад зам асуувал зугтчихдаг байсан бол одоо ирээд заагаад өгдөг болжээ. Цаг нэлээд тавигдаж байгаа юм болов уу?

Цэлийсэн өргөн гудамж гэрэлтэй, машин ховор. “Цахилгаан хязгаарладаг гэсэн хэзээ бол?” гэтэл одоо тийм юм байхгүй, гудамж байнга гэрэлтэй, дипломат хороолол, томоохон зочид буудал байнга цахилгаантай. Заримдаа шөнө дундаас хойш цахилгаан хязгаарладаг юм байна. Пенъяаны ойролцоо томоохон усан цахилгаан станц ашиглалтад оруулжээ, одоо хоёрдугаар ээлжийг нь барьж дуусаж байгаа талаар их мэдээлж байгаа гэнэ. Тэгвэл цахилгаан хангамжийн асуудал байхгүй болно гэлээ. БНАСАУ-ын сүлдэнд усан цахилгаан станц дүрсэлсэн байдаг, ер нь бол далайд ойрхон учраас голууд нь их устай тул УЦС барихад анхаардаг ажээ. Пенъяаны дундуур урсдаг Тэдон мөрөн л гэхэд шаргал өнгөтэй их устай, дөлгөөн урсгалтай.

Буудалдаа ороод гэрлээ асаалаа, дандаа 25 ваттын гэрэлтэй байдаг гэсэн шүү юм санатал тийм ч юм алга. Төсөөлөл өөрчлөгдсөөр л... Гэхдээ яг өсвөр насныхаа тухай баримтат киноны дундуур л яваад байгаа юм шиг. Ширээний гэрлээ, сэрүүцүүлэгчтэй нь асаагаад тэр үеийн тухай “Брежнев” гэдэг ном уншив. Манайхан яагаад “Цэдэнбал” гэсэн баримтат-уран сайхны ном бичдэггүй юм бол. Түүний тухай бичсэн номууд уран сайхны боловсруулалт байхгүй, нэг бол тахин шүтсэн намтар, магтаалын цуглуулга, эсвэл хараал зүхэл, судлаачид л биш бол жирийн хүн уншихаас залхмаар. Гэтэл Радзинскийн “Сталин”, Млечиний “Брежнев” салахын аргагүй. Монголоос нэг цаг түрүүлж явдаг учраас нойр хүрэхгүй юм. Өглөө нэг цаг эрт босох учраас буудлын өрөөний төв удирдлагад сэрүүлэг таарууллаа.

7 дугаар сарын 16

Хэлэлцээрт гарын үсэг зурав, СМТА


Өглөө сэртэл борооших янзтай. Буудлын үүдний танхимд очтол “манайхан” хүлээж байна. Их устай бороо орно, гамшигт үер болж магадгүй гэж анхааруулсан талаар ярьж байна. Элчингийхэн ч анхааруулж байсан. Хойд нутгаар үер болж хоёр хүн эрсэдсэн талаар СМТА-ийн ажилтан ярив. Уг нь ийм мэдээг нууцалдаг гээ биз дээ. Бас өглөөний цайгаа мартчихаж, өгдөг гэж санасангүй, гэтэл буудлын миний буусны нөгөө талын корпуст байдаг гуравдугаар давхарын ресторанд цайлж болох байж л дээ.

СМТА-т очихоор хөдлөв. СМТА-ийн дарга нөхөр Ким Чан Гуан, гадаад харилцааны дарга Рим Ху Рён, орчуулагч гадаад хэргийн яамны ажилтан Чой Хё Сон (манайхан сайн танихаар барахгүй Чой гэж дууддаг) нар хоёр удирдагчийнхаа хөргийг залсан уулзалтын танхимдаа угтав. Албан уулзалт хийгээд хэлэлцээрт гарын үсэг зурж солилцов. Д.Баярхүү нийтлэлч гадаад харилцааны хэллэг, нэр томъёоны тухай толь гаргахгүй бол манай хэвлэл мэдээллийнхний орчуулга гэж найгаа алдлаа гэж байсан, очоод ажил хэрэг болгочих ёстой юм байна гэж бодов. Ким Чан Гуан дарга нэгдүгээр сард агентлагийн захирлаар томилогджээ. Баяр хүргэв. Нүдэнд дулаахан, ном эрдмийн маягтай хүн байна. 55 настай хүн юм, хаа газар очоод залуугаа мэдрэх юм даа. Өнгөрсөн өвөл Японд Ази номхон далайн агентлагуудын холбооны хуралд очиход ТАСС-ын Игнатенко л хань болсон. Залуу эрэмгий хүн байсан.

Дараа нь агентлагтай танилцлаа. Гадаад мэдээ, гадаадад мэдээлэх хэлтэс, телевизийн студид оров. Бүтцийн хувьд манайхтай адилавтар, гагцхүү манайх найман хэлээр мэдээлэл хүлээн авч, дөрвөн хэлээр түгээдэг бол СМТА дөрвөн хэлээр хүлээн авч, найман хэлээр түгээдэг ажээ. Телевизийн камер тоног төхөөрөмжийн  талаар эхэнд дурдсан, дууны студиэ нямбай, мэргэжлийн түвшинд тоногложээ. Микрофон, акустик сайтай юм. СТМА-гийн байр өмнөө уудам талбайтай, хуучны маягийн зэрэгцээ хоёр байшин, нэг нь манай ТӨХ-ны хэрийн. Гаднаа ч, дотроо ч шат, шатны чамин бариулаа чулуугаар хийжээ. Хэрмэн хашаатай, үүдэндээ цэргийн харуултай.

Пенъяаны гудамж, хүмүүс ба тэмдэг

Тэндээс гараад буудалдаа ирэв, хоолны цаг. Энэ цагт нь хаашаа ч явж, юу ч үзсэн болно. Монголчууд хоолонд цаг зарах биш, тэр зуур жаал жуул тэрхэн хавьдаа зугаалав. Холгүй вокзал байна, цайны цагаар ажилчид хоолны газруудад орж гарч байна. Корё буудлаас зүүн тийшх гудамжийг зоогийн газрын гудамж гэдэг аж. Тэнд хүмүүс цайны цагаар их цуглах юм. Харин ажлын цагаар гудамжинд хөдөлгөөн эрс багасдаг аж. Вокзалын өмнөх талбай трамвайн эцсийн буудал бололтой. Хөх, улаан өнгийн, цагаан судалтай тав зургаан хуучивтар трамвай эргэлээ. Автобус, троллейбус ч явж байна. Сүүлийн үед өөрсдөө үйлдвэрлэсэн шинэ троллейбуснууд шугаманд гаргажээ. Автобуснууд нь ихэвчлэн залгаатай, хуучивтар юм. Гадаадынхны зурагт хуучны “захын хорооллын задгай ногоон”  шиг автобуснууд харагддаг ч Пенъяаны гудамжаар арай орчн үеийн цэнхэр, улаан автобуснууд явж байна. Хөдөө, орон нутгийн хотуудад нь ямар юм бол? Такси үнэтэй гэсэн.

Бороо орж эхлэв. Яг бүлээн шүршүүрт орж байгаа юм шиг тийш их устай бүлээн бороо. Хувингаар цутгана гэдэг л тэр байх. Хүмүүс усны гуталтай алхаж явна, улсаас нь хангадаг ажээ. Бас өвөл зуны албаны хувцсаар хангадаг гэх. Тэр ч байтугай бүх хүүхэддээ ролик тараасан гэх яриа хальт сонсов. Пенъяаныхан хар хөх, саарал, бор ногоон өнгийн албаны хослолоо өмсөх нь цөөрчээ ажээ. Голдуу энгийн богино ханцуйтай цамц, костюм өмсөж байна. Бас нормын, нэг үе манайд хэт үйлдвэрлэлээс болоод офицерууд, оюутнуудад нормоор өгдөг байсан шиг шөвгөр хоншоортой ботинкоо ч цөөн өмсөх ба индүү ултай зөөлөн гутал моод болсон бололтой. Хувцаслах хэв маяг нь үлгэрлэвэл манай ерээд оны эхэн үеийг санагдуулна.

Харин тэр нормын хувцаснууд хаачдагийг би маргааш нь мэдсэн. Зах дээр. Манайд арай ч иргэддээ форм тараадаггүй байсан, гэхдээ дэлгүүрт байгаа гутал хувцас яг нэг ижил загварынх, размераараа л ялгардаг учраас кино тараад гадуур хувцсаа олж авах гэж бөөн юм болдог, хувцасныхаа суга, ханцуйн дотор далд газарт таних тэмдэг болгож улаан голдуу утсаар хонин холбоогоор “шаглаж” оёсон нэрийнхээ эхний үсгийг харж таньдаг байсан шүү. 

Тарган хүн алга, коммунизмын үед “хойноос” (ЗХУ, зүүн европын орнуудаас гэсэн үг) ирээд вокзал дээр буухад бор царайтай, туранхай хүмүүс л явж харагддаг байсан гэж ярьдаг дунд үеийнхний яриа санаанд оров. Нээрээ л тэр үед хойшоо явсан залуус цайрч таргалаад, өнгө ороод ирдэг нь илт ялгардагсан. 

Гэхдээ “мини гүзээ наасан” нөхөд үнэтэй “Ланд-200,105”-аас бууж байгаа л харагдана. Томоохон буудлуудын цахилгаан шатнаас хавтас сугавчилж, арьсан цүнх барьсан, яарсан царайтай хүмүүс тав зургаагаар гарч, орж, утсаар ярьж, дөмөгхөн хувцастай ази царайтай бизнес стилийн нөхөдтэй (Хятадууд бололтой) ярилцан гүйлдэх нь ирээдүйн Хойд Солонгосын Буянгийн Жагаа, “MCS”-ийн Оджаргал, “Цагаан шонхорын” Энхтайван нар бөлгөө. Илт ялгарах загварлаг хувцастай залуус, гоолиг хүүхнүүд сүүлийн үеийн “Бенз”-нд бууж суух нь дарга нарын хүүхдүүд гэлцэнэ. Таргалалт байхгүй хойно хүүхнүүд нь гоолиг байлгүй яах вэ. Тэд ганц л юмаар ижилхэн, бүгдээрээ хоёр удирдагчийнхаа зурагтай тэмдгийг зүрхэн тушаа зүүжээ. Би ч шохоорхож, СМТА-ийн ажилтнуудаас тэмдэг олж өгөхийг хүсэв. Их хэцүү, гэхдээ олж өгөхийг бодьё гэлээ. Тэр тэмдгийг нь зүүчихвэл над шиг ардчиллын буянаар ч цайраагүй хар нөхөр Солонгосчуудаас нэг их ялгараад байхгүй янзтай, гүзээгээ жаахан татчихвал ч.

Гурван янзын тэмдэг байна. Нэг нь хуучин зүүдэг байсан Ким Ир Сен даргын зурагтай, улаан фонтой, шар хүрээтэй жижиг тэмдэг, бас яг тийм Ким Чен Ир даргын зурагтай, гурав дахь нь улаан туган дээр хоёр удирдагчийн зурагтай нэлээд том ийм гурван тэмдэг байна. Тэмдэг нь зэрэг зиндаа илэрхийлдэг юм болов уу гэтэл үгүй юм байна. Хэзээ гардаж авснаас шалтгаалж өөр өөр ажээ. Энэ тэмдэг бол иргэний үнэмлэх л гэсэн үг. Тэмдэггүй гадагш гарч болохгүй, албан газар оруулахгүй. Заавал зүүх ёстой.  

25-ын Авираа ахад Ким Ир Сен даргын зурагтай нэг тийм тэмдэг байсныг ёстой яаж ч гуйгаад авч чадаагүй юм. Дэлхийн залуучууд Оюутны XIII их наадмыг сурвалжлахдаа овсгоотой, сэргэлэн хүн тулдаа манай 180 гаруй төлөөлөгчөөс хоёр хүнд өгөхөд мань хүн авчихсан юм билээ л. Монгол хоёрхон хүнд албан ёсоор өгсний нэг нь энэ, бараг л намын хурлаар оруулж, одон тэмдэг шиг гардуулж өгсөн гэж гайхуулдагсан. Би ч сая яаж ийгээд тэр тэмдгийг нь авчихсан шүү, авмагцаа “Байсансан бол Авираа ахдаа гайхуулахсан” гэх хөнгөн гунигтай бодол төрж билээ. Хийц, чанар нь бэлэг дурсгалын дэлгүүрт зардаг тэмдгүүдээс хамаагүй сайн юм.

Бүсгүйчүүдийн хувцасны тухайд банзлынх нь урт өвдөгнөөс нь дээш гарчихаж. Уг нь өвдөгнөөс доош байсан гэнэ. Өсгийтэй гутал өмсөж байна. Бас тэрүүхэндээ жорвойтол будчих юм гээч. Барууны хэвлэлийнхэн тэргүүн хатагтай л богино банзал, өндөр өсгийт өмсөхөөр дуурайдаг гэх мэтээр бичих. Улстөрийн өнцгөөр гэх үү дээ, манай нэг сэтгүүлд ч тэгсэн байсан. Үнэндээ бол “Мурамбон” хамтлагийн нөлөө гэнэ. Умардын хамгийн нэртэй хамтлаг нь “Мурамбон”. Ун даргын оролцсон хүндэтгэлийн хамгийн гол концертод тус хамтлаг тоглодог. Хамгийн хит тоглолт нь 2013 оны шинэ жилийн гала концерт ажээ. Энэ хамтлагийн бүсгүйчүүд богино банзал, задгайдуу энгэртэй хувцас өмсдөг юм уу даа. Тэгээд л залуус шуурчихаж. Хамтлаг 10 авъяаслаг бүсгүйгээс бүрдсэн, бүгд цэргийн цолтой, би бүр зурагтанд дөхөж байгаад цолыг нь харсан дэслэгч байсан. Бүгд дуулна, хэд хэдэн хөгжим гарамгай тоглодог байх.

Өнөөх зоогийн газрууд дахь том зурагтаар телевизийн хөтөлбөр гараагүй үед “Мурамбон” хамтлагийн тоглолтын бичлэг тавих дуртай бололтой юм. Хөнгөн хөгжмийн хамтлаг биш л ээ, гэхдээ л хамгийн хэмнэлтэй нь бололтой. Ер нь коммунизмын үед хөнгөн хөгжмийг ад үздэг. Манай эстрадын гавъяатууд ардчилсан хувьсгалаас хэзээ хойно, төр засаг нэлээд болгоомжилсны эцэст хөгширсөн хойноо л “төрсөн” юмдаг.

Коммунизмыг юу нураадаг гэлээ?

Аан тийм кола, бохь, жинс, битлз. Бохь бол хаа сайгүй байна аа, бүр мөнгөний хариултад өгч байсан. Кола уусан, зарим газар лааз кола 5 долларын үнэтэй гэсэн. Иргэд нь хоёр долларын цалинтай гэж бодохоор үнэтэй байгаа биз, гэхдээ л ууж л байна. Үүний учрыг ч хожим тайлбарламз.

Пенъяаны хамгийн үнэтэй “Сингапур” дэлгүүрийн гадаа нэг сайн чанартай жинс өмссөн бүсгүй орчин үеийн машин дотор суугаад л байсан, яагаад гарахгүй байгаа юм бол гэтэл жинстэй болохоороо гэж тайлбарласан. Арай ч жинс зөвшөөрөөгүй байж магадгүй юм. Биднийг дунд сургуульд байхад жинс өмсүүлэхгүй гэж үзэл суртал-хүмүүжлийн лут арга хэмжээ авдаг байсан. “Америкийн адуучны хувцас юунд шохоорхоов чи, элбэг дэлбэг баян тансаг орон амьдарч байгаа ирээдүйн ухамсартай сэхээтэн болох хүүхэд байж, америкийн хамгийн ядуу зүдүү хүмүүсийн хувцас эгэлдэргэлээд, косчоом өмс чи...” гэж ирээд л загнана. Бүтэн цаг хүмүүжлийн ажил хийхдээ жинсийг муулна.

Польш Намжил гэдэг нэг “дамчин” анх “Нарын титмийн” урд жинс зарж, түүнийг нь цагдаа нар хураагаад, залуусыг хашраахаар мэдээ болгоод орхитол харин нөгөө Польш Намжил гэгчийг мэддэг болсноор барахгүй эрж сурж, гэр орноос нь жинс авдаг болж дэлгэрсэн юм билээ л дээ. Энэ магадгүй манай биенесийн анхны сурталчилгаа байсан байх шүү. Тэр үед жинс 850 төгрөгийн үнэтэй байсан нь дээд мэргэжилтэй удаан жилийн болон, анги даасны, хяналтын ажлын гэх мэт нэмэгдэл авдаг багшийн цалингаас ч давдаг байсан. Гэхдээ хамгийн ядуу гэгддэг оюутнууд хамгийн их өмсдөг байсан. Сүхбаатарын цалинтай оюутны дөрвөн сарын степенди шүү. Оюутны степенди 180 төгрөг, онц сурч Сүхбаатарын цалин авбал 220 төгрөг болно. Тэр жинс нь Оросын “Тверь”, тайлаад тавьчихад өглөө болтол зогсож л байхнаа сийхгүй. Өрөөний оюутан л өмсөөд явчихгүй бол шүү дээ.

Эрхбиш ЗХУ-д үйлдвэрлэсэн болохоор бас юу юугүй хорьчихож чадалгүй ухуулаад л байсан хэрэг. Радиогийн хөгжмийн редактор Ганбаатар гэдэг орчин үеийн сэтгэлгээтэй залуу радиогаар “Битлз” цацаад улстөрийн хэрэгт орох шахсан гэдэг. Коллегийн хурлаар хэлэлцэж байхад харин нэг ухаантай хүн “Хүүхээ наад пянзыг чинь хаана үйлдвэрлэсэн юм бэ?” гэж асуусан гэдэг. Зөвлөлтийн “Мелодия” пүүсийнх байж таараад ашгүй аврагдаж, ахиж нэвтрүүлэхгүй байх сануулга аваад салсан гэдэг. За түүх ч яахав, бодит ертөнц рүү орцгооё. Ингэж түүхчлээд байгаагийн маань учир нь Хойд Солонгосын нийгэм гэдэг ертөнцөд байшгүй хачин эд биш, бидний туулсан зам л юм гэдгийг харуулах гэснийх. Ийм ертөнцөд амьдарч байгаагүй юм шиг Хойд Солонгосын тухай хачирхан ярих нь л харин бүр гайхалтай санагддаг.

“Битлз”-ээс бусад нь байна, гэхдээ коммунизм нурчих нь юу л бол. Харин нийгэм нь алгуур боловч нээгдэж байна. Энэ магадгүй баруунд боловсрол эзэмшсэн залуу удирдагчийн бодлого байх. Тэр л иргэдээ кола уулгаж, “Муранбон”-ыг тэтгэж, бохь заруулж байна. Англид дунд сургууль төгссөн Ун дарга Битлзийг сайн мэддэг байж таарна. Бас энэ бүхнээс айх хэрэггүйг мэднэ байх.

Бороон дундуур


“Рынра” төвийн далайн гахайн тоглолт үзэхээр хөдлөв. Сайтар сургасан далайн гахай тоглолт үзүүлэх ба танхим дүүрэн хүнтэй. Надад бол далайн гахайн үзүүлбэрээс илүү тэдэнтэй хамт тоглож байгаа жүжигчдийнх нь ур чадвар гайхалтай санагдсан. Бүр яг лусын дагинас шүү. Усан дорхи үзүүлбэрийг камераар дамжуулж том дэлгэцээр үзүүлэв. Би гайхахдаа бичлэг бэлтгэчихээд тавьж байна гэж бодоод жүжигчид ба усан гахайн байршил, дэлгэцийн дүрсийг харьцуулж үзсэн, үнэхээр бодитоор гайхалтай тоглож байсан.

Далайгаас 18 километр хоолойгоор ус татаж байгуулсан. Дотор нь аквариум, тоглолтын танхим, бас далайн амьтдын чихмэл бүхий үзүүлэнгүүд. Сайхан л хийсэн байна, наймаалжны чихмэл байна гэж бодтол хийсэн байсан, бүр Ким Чен Ир дарга магтсан гэж тайлбарласан, үнэхээр магтахаас ч аргагүй лут хийсэн байна билээ. Аквариумынх нь өмнө хуримлаж буй хосууд зургаа татуулна.

Дараа нь “Хэдунхуа” үйлчилгээний төвтэй танилцуулав. Дан модоор дотор заслыг хь хийсэн тансаг зэрэглэлийн ресторан байв. Уг төвийг барьж байхад Ун дарга таван ч удаа ирж маш их анхаарал тавьсан учраас бахархдаг гэж тайлбарласан ч цаад учир нь иргэдээ “тансаглуулах” зорилгынх нь билгэдэл учраас л их үнэ цэнэтэй бололтой. Байгууламжийн хувьд их нүсэр биш л дээ, таван давхар цомхон шилэн байшин. Гэхдээ л Гэндэн сайдын “Баяжигтун” гэдэг уриа шиг энэ цомхон байшин ард иргэддээ “Тансаглагтун” гэж хэлж байгаа юм байна. Ийм юм ойлгодоггүй хүн бол үүнийг юунд үзүүлэв хэмээн гайхмаар.

Дотроо өндөр зэрэглэлийн ресторан, уламжлалт болон орчин үеийн засалтай тохилог хоолны танхимууд, усан сан, бас хоол хийх аргыг заадаг сургалтын төв. Дөрөвдүгээр давхарт Ким Чен Ир даргын хоол хийж байгаа маш энгийн сайхан зураг байв. Өмнө нь цэцгийн баглаанууд тавьжээ. Ёстой зөнгөөрөө зургийг нь авахыг завдтал харин хориглов. Зураг авахыг хориглосон цорын ганц тохиолдол тэр.

Чухам энд кола таван долларын үнэтэй, бас дороо брэндийн дэлгүүртэй. Хүн цөөн орж байгаа ч, иргэд нь хар захын ханшаар хоёр долларын орлоготой ч энэ бүх тансаглалыг зөвшөөрч, кола уу, усанд сэл, караокед дуул, сайхан хоол хийж зоогло, ресторанд ор гэж уриалж байгаа юм билээ. Энэ үлгэрээр улам олон иймэрхүү төвүүд байгуулагдах байх. Ким Ен Нам даргатай уулзаж байхад яг үүнийг хэлсэн. “Ард түмэн бэрхшээл, зүдгүүрийг давсан, одоо манай удирдагч ард түмнээ “баян тансаг” (яг ингэж орчуулсан) амьдруулахын төлөө ажиллаж байна”.   
              
Үргэлжлэл бий