Арваад жилийн өмнө дундаж гуанзанд хуушуур 100 төгрөг байсан, одоо харин 600 төгрөг. Хуушуурны үнэ 6 дахин нэмэгдсэн. Арван жилийн өмнө 3 –р хороололд нэг өрөө байр 20 сая орчим байсан, одоо 50 – 60 сая орчим буюу “ердөө” гурав дахин л нэмэгдэж. Бензиний үнэ хоёр дахин нэмэгдсэн. Харин гайхал махны үнэ бараг арав дахин өссөн шүү. Эмч багшийн цалин ойролцоогоор дөрөв дахин нэмэгдсэн. Эдэнтэй харьцуулахад доллар 30 хувь л нэмэгдэж. Товчхондоо Монголд арван жилийн өмнө нэг доллараар 10 хуушуур авдаг байсан бол одоо нэг доллараар 2 хуушуур л авна. Эмч багшийн цалин 150 – 200 доллар байсан бол өдгөө 400 – 500 доллар болсон. Нэг килограм үхрийн мах ганц доллар байсан бол өдгөө бараг 8 – 10 доллар. Гадаадад харлаж 50 мянган доллар цуглуулж ирээд 3 өрөө байр, жийп машин авч хөөрхөн хадгаламжтай үлддэг байв. Өдгөө 50 мянган доллараар нэг өрөө байр л авна. 

Наадмын хуушуур энэ жил 1000 төгрөг байсан, харин 2006 онд 250 төгрөгт хүрч шоконд оруулж байлаа. 2000 төгрөгтэй гараад наймхан хуушуур авчирч найзуудаа “гомдоосон” учир их сайн санаад байгаа юм. Тэгэхээр ерөнхийдөө л юмны үнэ 2006 оныхоос 4 дахин өссөн гээд баримжаалчихад болно. Хуушуур өөрөө хүн бүрийн хэрэглэдэг, яг л зах зээлийнхээ зарчмаар үнэ тогтдог, баримжаа авч болохуйц хамгийн “тогтвортой” бүтээгдэхүүн. Монголын хаана ч дундаж гуанзны хуушуур өдийд 500 – 700 төгрөг байгаа. Бас бензин шиг долларын ханшинд савлаад байдаггүй цэвэр “дотоодын” бүтээгдэхүүн. Өөрийнхөө орлогыг хир өссөн, хэдэн доллартай тэнцэх вэ гэдгээр биш харин хэдэн хуушууртай тэнцэх вэ гэдгээр тооц. Хэрвээ олж буй мөнгөнд чинь ногдох хуушуурын тоо буурсаар байвал өөртөө л гомд. Учир нь Монгол улсад чиний хийж буй ажлаас чинь хуушуур илүү хэрэгтэй байна гэсэн үг. Доллар, юанийн ханш өссөн ч хуушуурын ханш бүүр ч илүү өсч байна. Ядаж хуушуур шиг хэрэгтэй зүйл хийвэл цалин чинь бүүр л өсөх юмсандаа. Юм бүхний үнэ өсөхийг хараад гутарч гонгинолгүй, харин ч далимдуулж өөрийнхөө үнийг өсгөхийг хичээсэн нь дээр. Авлига, хулгай, шударга бус бүгдийг түр мартаад Вьетнам засварчдыг саная. Тэднээс дор амбицтай байж болно гэж үү? Тэднээс илүү гэдгээ харуулна гэхээр очоод зодчих гээд байдаг улс даа.

Товчхондоо юмны үнэ цаашдаа ч өснө, дагаад өсч хөгжиж чадахгүй нь архичин болно, хулгай хийнэ, арай зальтай нь улс төр хөөнө. Хүссэн ч хүсээгүй ч өсч буй эдийн засаг гэж энэ. Тэгээд ер нь юмны үнэ хэдий болтол ийм хурдтай өсөх бол? Хуушуурыг ширхэгээр зарахаа болих хүртэл л байх даа. Яг л ТҮЦ, микро автобус, гудамжны цагаан утас алга болж буй шиг хуушуурыг ширхэглэж биш таваглаж зарах тэр цаг хүртэл. Жирийн гуанзны хуушуур өнөөгийн зарим үнэтэй рэстораны хуушуур шиг болох хүртэл. Яагаад гэрийн хуушуур баяр ёслолын тансаг хоол, гуанзны хуушуур хамгийн хямдхан нийтийн хоол болчихдог юм бол? Нэгийг нь идэх гэж, нөгөөг нь зарах гэж хийдэг учраас л тэр. Жинхэнэ капитализмд “зарах” гэж хийдэг хуушуур “идэх” хийдэг хуушууртай зах зээлийнхээ жамаараа ижилхэн болно, харин хэзээ тэр үе ирэх вэ?

PS: Айхтар мундаг эдийн засаг, статистикийн эмхэтгэлтэй тулгаад “2003 оны хуушуурны бодит үнэ бол...” гээд хуцаад байв. Зах дээр хуушуур зардаг хүмүүс ч хүнд хэцүү амьдралтай тухай мэдэмхийрэв. Аан бас инфляц, дефляцыг “онолын үүднээс” сүрхий тайлбарлаад унав. Аа бас микро автобус явж л байгаа ш д... гээд сануулаад байв. Гэх мэт юмнуудыг чинь би ч, чи ч, Намбарын Энхбаяр ч мэдэж байгаа.