Батаар ба Баатар

Амьд, араг яс гэдгээрээ л ялгаатай болохоос адилхан нь л “Баатар” гэдэг нэртэй. Ийм нэртэй нохой ч олон бий. Амьд Баатар харин араг ясан Батаараас дорд үзэгдээд байна уу даа?

2013 оны 6 сарын 12
Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрээр Батаар өвөг В.И.Лениний музейд тухлахаар болов. Сүхбаатарын талбайд 8 м өндөртэй, 12x24м харьцаатай “түрээсийн байранд” хоргодож байгаа Батаарын араг яс байртай болох нь тодорхой болчихлоо.

2013 оны 5-р сарын 30
Засгийн газар орон сууцны нийт үнийн дүнгийн 10-30 хувийн урьдчилгаа төлбөрийг төлсөн иргэдийг жилийн 8 (-,+1) хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах журам батлав. Батаартай нэгэн адил түрээсийн байр, гэр хороололд амьдарч буй мань мэтийн олон олон Баатарыг орон сууцжуулах зорилготой хөтөлбөрийг засаг санаачилж, Монголбанктай хамтарсан нь олны анхаарлыг татлаа.

2013 оны 6-р сарын 14
Өмнөх 100 мянган айлын орон сууц, зургаан хувийн хөнгөлөлттэй зээлийн журмыг бодвол энэ удаагийн Монголбанкны нарийвчилсан журам сонгуулиас урьтах гэж түргэн шуурхай батлагдаж, зургадугаар сарын 17-ноос эхлэн арилжааны 14 банкуудаар дамжуулан олгогдохоор болов.

2013 оны зургадугаар сарын 3
Demparty Mongolia-гаас бэлтгэн youtube-д тавьсан “Эв нэгдэл №13” нэвтрүүлэгт оролцсон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөдөр иргэддээ сайхан мэдээ дуулгая. Монголбанк Засгийн газар хамтарч анх удаагаа 800 орчим тэрбум төгрөг санхүүжилт хийх эх үүсвэрийг бүрдүүлсэн. Дээр нь эрхзүйн орчин бүгдээрээ бүрдлээ. ...Одоо ажиллаж байгаа, цалин авч байгаа, Монгол улсын иргэн бүр орон сууцны зээлд хамрагдах боломжтой болсон” хэмээн ярьсан нь гоё сонстов. Сонгуулиас өмнө зээл олголтыг эхлүүлэх гээд Ерөнхий сайдын араас байн байн өшиглөж байснаа ийн нотлов. Сонгуульд ялагдвал, суудлаа түүнд алдах эрсдэлтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг бөгс рүүгээ байнга өшиглүүлж сандрахдаа процессын алдаа гаргажээ. Батаар байртай, Баатар мэтийн залуус байргүй хоцорч мэдэх нь.

***танхуягийн бантан

Засгийн газар өнгөрсөн тавдугаар сард гаргасан орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журамдаа “өмнө нь зээлтэй байсан иргэдэд орон сууцны зээл олгосноос хойш 7 сарын дараагаас эхлэн 8 хувийн хүүтэй зээлд шилжиж болно” гэж заасан байлаа. Өөрөөр хэлбэл одоо байгаа 950 орчим тэрбум төгрөгийн ипотекийн зээлтэй, 31 мянга гаруй иргэн дунджаар жилийн 15.1 хувийн хүүгээ 8/±1/ хувьд шилжүүлэх боломжтой, зээлийн зөрүү хүүг банкинд засаг төлнө гэж хялбархнаар ойлгочихож болох юм. Гэхдээ энэ журамд зургадугаар сарын 17-ноос 7 сарын дараа буюу ирэх оны нэгдүгээр сарын 17-ноос хойш хэрэгжиж эхлэхээр байсан нь барилгын компаниудад ч, орон сууцны зээл хөөцөлдөх санаатай иргэдэд ч таатай санагдсан юм. Харин зургадугаар сарын 11-нд Засгийн газраас орон сууцны урт хугацаатай зээлийн талаар “Шинэчилж шийдье-222” ээлжит хэлэлцүүлгээр ярилцаж, Ерөнхий сайд Н.***танхуяг “Өмнө зээл авсан иргэд 8/±1/ хувийн хүүтэй зээлд шилжих боломжтой. Энэ зээлийг олгож эхэлснээс 7 сарын дараа шилжүүлэхээр яригдаж байсан ч иргэдээ ялгаварлахгүй байх зарчмыг эн тэргүүнд тавьж, зээл олгож эхлэх өдрөөс шилжүүлэх боломжтой байхаар шийдвэрлэлээ” гэв. Сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үү, сонгуулийн пиар хийх шаардлага гарсан уу, ямартай ч дэмжигдэж, Монголбанкнаас гаргасан нарийвчилсан журамд ч шинээр зээл авагчийг, хуучин зээлдэгчид ч нэг хугацаанаас эхлэн бага хүүтэй зээл олгох, шилжүүлэх юм ярьж бантагнуулав. Ерөнхий сайдын энэ үг гэр хорооллоос орон сууцанд шилжихийг хүссэн иргэдээ гадуурхаж орхилоо.

Олон орон цөөн сууц

Статистик мэдээллээр арилжааны банкууд барилгын компаниудад жилд 600-700 тэрбум төгрөг, моргейжийн зээлд жилдээ 400-500 тэрбум төгрөг зээлдэг юм байна. Ийм хэмжээний зээл өгөхөөр жилд дунджаар 11 мянган өрхийн орон сууц шинээр ашиглалтад ордог гэнэ. Засгийн газар, Монголбанкнаас оруулж ирсэн энэхүү ипотекийн хөтөлбөрт барилгын компаниудад 370 тэрбум, моргейж буюу иргэдэд зориулан 800 тэрбум төгрөгийг зээлдүүлэх бодлого гарсан. Нийлүүлэлтийг дэмжин 370 тэрбум төгрөгийг барилгын компаниудад нэмж зээлүүлснээр ашиглалтад орох орн сууцны тоо 15 мянгад хүрэх боломжтой гэсэн судалгаа хийгдээд байна.

Эрэлтийг дэмжиж байгаа 800 тэрбум төгрөг энэ ондоо бүгд орж ирвэл нийлүүлэлтээс давсан эрэлт ихсэж, улмаар үнэ өсөх ч аюулд хүргэх нь тодорхой гэж нэр бүхий банкны нэрээ нууцлахыг хүссэн эдийн засагч хэллээ. Түүний хэлснээр энэ жил 800 тэрбумаас 250 тэрбум орчим төгрөгийг л орон сууцны зээлдэгчид олговол үнэ хөөрөгдөхгүй аж. Тэгэхээр 800 тэрбум төгрөгийг гурван жилийн хугацаанд зарцуулах нь. 800 тэрбум төгрөг бол тийм ч их мөнгө биш. Ойролцоогоор 50 м2-тай байрны м2-ын үнийг хамгийн багаар буюу нэг сая 500 мянгаар бодоод үзэхэд ойролцоогоор 10 мянган өрхийг л хангана. Гурван жил хэрэгжинэ гэхээр Засгийн газрын ипотекийн зээлээр энэ ондоо 3 000 гаруй өрх л шинэ байранд орох төлөвтэй.



Бүгд биеийн амрыг харна

Зургадугаар сарын 17-ноос бүгд пархийгээд банк руу гүйлдэх нь. 31 мянган иргэн зээлийн хүүгээ бууруулахаар шинэ орон сууцны зээлдэгч нарын урдуур дайрах нь тодорхой. Дайрах боломжийг нь банкууд ч олгоно. Жилийн 15-18 хувийн хүүгээ төлж чадах бэлээ аль хэдийнэ банкаар шалгуулаад нотлуулчихсан, сар бүр зээлээ найдвартай төлдөг, тус бүртээ эдийн засагчтай 31 мянган иргэн мөнөөх 250 тэрбумын ихэнхийг авах нь тодорхой. Нэг орон сууц зээлдэгчийн материалыг шалгаж нотлоход банк 3-5 ажлын өдөр зарцуулдаг. Дараалал ихтэй бол бүр их удна. Цоо шинэ зээлдэгчийн материалыг цаг зав гарздан ухаж төнхөж явснаас хуучин найдвартай зээлдэгчийнхээ хүүг бууруулаад зөрүүг нь засгаас “цохичихоод” суух нь банкинд ч амар.

“Худалдаа хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболд www.news.mn сайтад “Өмнө нь жилийн 16-18 хувийн зээлтэй байсан бол одоо 8-10 хувь нь хөнгөрнө гэдэг их давуу тал шүү. Өмнө нь ипотекийн зээл авсан хүмүүсийн хувьд яарч сандрах зүйлгүй. Арилжааны банкууд зээлийг найман хувь руу хөрвүүлэх, гэрээг шинэчлэх гэхчилэн ажлуудыг хийж гүйцэтгэнэ” гэсэн нь үүний нотолгоо юм. 31 мянган хуучин зээлдэгч эдийн засагч руугаа яриад хүүгээ бууруулчихад ядах юмгүй тул шинээр орон сууц хүсэгчдэд олдоц ховор болох нь. Засгийн газар, Монголбанкны хөтөлбөрийн зорилго, агуулга ингээд буруу замаар орох төлөвтэй. “Орон сууцны нийлүүлэлтийг нэмэх биш, хүмүүсийн хэрэглээг нь дэмжсэн явдал боллоо” гэж орон сууцны мэдээллийн www.shinebair.mn сайтыг үүсгэн байгуулагч Б.Мөнхнаран халаглаж сууна. 7-14 хоногийн дараа зээл хүсэгчдийн материалыг авч гүйцсэн гээд банкууд хэлбэл гайхах зүйл алга.
 
Байрны үнийг барих уу?

Олон улсын жишгээр иргэдийн орлого хоёр дахин нэмэгдэхэд орон сууцны үнэ гурав дахин өсдөг эдийн засгийн хууль бий. Орон сууцны үнэ жил бүр 40 хувиар өсч байгаа ч найман хувийн зээлийн сургаар хэрхэн өөрчлөгдөхийг харах л үлдэж байна. Өнөөдрийн энэ зээлийн нийлүүлэлт хэрхэн ямар шат дамжлагатайгаар, ямар зээлийн нөхцөлтэйгээр, хэдэн удаагийн санхүүжилтээр, хэдийд гарахаас шалтгаална. Сайн хөрөнгийн менежмент шаардагдана гэсэн үг.

Өнөөдөр УБ хотод 317 мянган өрх байгаагаас 60 хувь нь буюу 190 мянга нь гэр хороололд амьдардаг. Эдгээр өрхийн дийлэнх нь шороо, утаа, нүүрснээсээ салахыг хүсч байгаа. Өрх тусгаарлах, зээлийн хүүгээ бууруулах, шинэ орон сууцанд орох гэх мэтчилэн орон сууцны хэрэглээ, эрэлт манай оронд дэндүү өндөр. Үүнийг хязгаарлаж буй зүйл нь санхүүгийн боломж, байрны үнийн өсөлт юм. Найман хувь болгоод зээлийн нөхцлийг бүр сулруулчихаар төлөх хэмжээ нь хоёр дахин буурч байна. Сая төгрөгөөр байр авч чадахгүй байсан бол 500 мянга болгочихоор энэ зөрүүгээр маш олон хүн нэмэгдэж эрэлт дийлдэхээ байж, байрны үнээ өсгөх эрсдэл маш өндөр боллоо.

Барилгын компаниуд 370 тэрбумын хөнгөлөлтэй зээл авчихлаа гээд үнээ өсгөхгүй байх үүрэг хүлээгээгүй. Тэгээд ч 370 тэрбум төгрөг бол хэдхэн компанийг хангах болохоор үүрэг хүлээсэн ч цөөн хэд нь хүлээж, зээл аваагүй нь дураараа үнээ өсгөнө.


Эх сурвалж: www.shinebair.mn


Өвөр түрийдээ орсон улс

Монголбанкны Ерөнхий эдийн засагч С.Болд “Орон сууцны ипотекийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх эхлэлийн санхүүжилтийг Монголбанк гаргаж байна. Энэ нь улсын төсвийн орлого, Чингис бондын хөрөнгө, арилжааны банкуудын эх үүсвэртэй огт хамаагүй гэдгийг зориуд хэлье” гэжээ. Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан “Манай Засгийн газар гадаад зах зээлд босгосон Чингис бондын хаялга ийм бололцоо бүрдүүлж өгч байгаа. Чингис бондыг босгож чадсанаар монголчуудын тулгамдсан олон асуудал шийдэж байна. Үүний нэг нь ипотекийн зээлийн тогтолцоо юм” гэж Өдрийн шуудан сонинд чанх эсрэг зүйл ярьжээ. Төвбанкны тухай хуулийн Монголбанкны үндсэн зорилго, үйл ажиллагаанд барилга барих, зээл олгох тухай юу ч алга. Мөнгөний хатуу бодлоготой байсан Монголбанк Засгийн газартай өвөр түрийдээ ороод эдийн засаг руу хоёр ихнаяд төгрөг гаргах нь ямар сюрпризийг бидэнд барих бол!?

Батаартай барьцана, яадгийн

Монголбанкныхан хөтөлбөрийг 20 жил үргэлжилнэ гэв. Эхлэлийн санхүүжилтийн зээлийн шугамуудыг шаардлага хангасан арилжааны банкуудад нээнэ. Банкууд тэр мөнгийг болзол хангасан иргэдэд зээл болгож өгнө. Үүнийг нь Монголын ипотекийн корпораци өөрийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасыг банкуудад зарах замаар авна. Тэр үнэт цаасыг банкууд Монголбанкинд худалдана. Эцсийн дүндээ Монголбанкны эхлэлийн санхүүжилтээр гарсан мөнгө явсаар байгаад буцаж, үнэт цаас болоод ирэх нь. Энэ үнэт цаасыг Нийгмийн даатгалын санд худалдах замаар төгрөгөө эргүүлж татна. Монголбанкны төлөвлөгөө энэ. Хэрэгжиж эсэхийг бүү мэд. Ямар ч гэсэн багагүй хугацаа шаардана. Засгийн газар мөнгө үйлдвэрлэдэггүй болохоор иргэд банкнаас зээл авахаар л зөрүүг нь Засгийн газар төлөөд явах нь тийм ч урт настай биш. Төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 17.8 хувь байгаа гэхээр Засгийн газар бараг 10 хувийг нь хөнгөлөөд явах юм биш үү. Монголбанкны төлөвлөгөө хэрхэх нь Баатар надад хамаа алга. Батаартай барьцаж байгаад ч болов байранд орчих юмсан. Сонгуулиас өмнө...

Батаар ойролцоогоор 70 сая жилийн настай, дуудлага худалдаагаар зарахаар бол нэг сая ам.доллар хүрнэ. Иргэн Баатар 80-иад оных, Батаарын хувьд бацаан ч биш гуч давсан эр. Үнэлгээний хувьд тодорхойгүй, дуудлага худалдаанд оруулбал биеэ үнэлэгчийн хоногийн хэмжээнд л дөхөх байх. Ялгаа нь нэг нь амьд, хүн, бас иргэн, татвар төлөгч. Батаарын араас 22 “ах дүү” нь ирнэ гэнэ лээ. Тэд ч бас байртай. Баатарт харин байр авах зээл олдох уу?

*Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийн эхний үе интернэт орчинд хэрэглэхийг хорьсон үгсийн жагсаалтад орсон юм.


2013 оны 6-р сарын 14
“Үндэстний ТОЙМ” сэтгүүл №175

Нэмэлт:



Орон сууцны зээлийн 3 хоногийн мэдээлэл



Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрийн хэрэгжилтийн мэдээг танилцуулж байна.

Хөтөлбөр хэрэгжсэн эхний гурван хоногт:

  • Өмнө олгосон ипотекийн зээлээс 526.2 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад иржээ. Үүнээс банкууд 3492 иргэний хүсэлтийг бүрэн шийдвэрлэж, орон сууцны ипотекийн 104.3 тэрбум төгрөгийн зээлийг дахин санхүүжүүлж, орон сууцны зээлийн хүүг 8 хувьд шилжүүлсэн байна.
  • Иргэд 63.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр авах хүсэлт гаргаснаас банкууд 26 иргэнд 1.1 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгожээ.
  • Банкууд иргэдийн 9.7 мянган утасны дуудлага, 113.1 мянган мессежэд хариу өгч, 8426 иргэнтэй биечлэн уулзах замаар лавлагаа, мэдээлэл өгсөн байна. Банкуудын цахим хуудаст орон сууцны ипотекийн зээлийн талаар хандсан нийт хандалтын тоо 486 мянгад хүрчээ.  

МОНГОЛБАНК

www.news.mn
2013 оны 6-р сарын 20.